Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2017/0503

 

 

 

 

 

 

 

 

Т.Наранцэцэг нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий  шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баднайсүрэн, С.Эрдэнэбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одонхүү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Наранцэцэг нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Наранцэцэг нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Т.Наранцэцэг, Ц.Тунгалаг, Я.Зина, Ч.Мөнгөнцэцэг, Г.Чулуунцэцэг, Г.Дашмаа, Ш.Баатар, Т.Уртнасан, П.Энхтуяа, Д.Ариунтуяа, Б.Дунгармаа, Л.Гүнсэн, М.Далайхүү, Н.Наранцэцэг, Д.Эрдэнэхүү, Д.Оюунчимэг, Р.Баттулга, Д.Дашдулам, Л.Уртнасан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Соёлоог хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй гэсэнд гомдолтой байна. Учир нь өмгөөлөгч би гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдөр бодит байдал дээр өвчтэй халуураад хэвтэж байхад нь өглөө түүн дээр очсон ба Ч.Соёлоо нь өрхийн эмчийн өрөөний ажлын утсыг 19001109-өөс лавлаж түүнтэй утсаар ярьж би босч чадахгүй халуураад байгаа тул манай өмгөөлөгчид намайг өвчтэй болохыг нотолсон баримтыг бичээд явуулаач, шүүхэд өгөх юм гэж байсан ба би түүнд тус болж өрхийн эмнэлэг дээр нь очиж өөрийг нь үзсэн гэх эмчтэй нь уулзахад хэрэгт авагдсан шаардлага хангахгүй гээд байгаа магадлагааг бичиж өгсөн юм. Би хуралдаан эхлэхэд  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй байна, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангаж, хуралд заавал оролцуулна гэсэн хүсэлтээ амаар гаргасан атал гуравдагч этгээд хуралд биечлэн оролцох хүсэлтээ өөрөө гаргаагүй гэх үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одонхүүг өөрөө хурлын товоо мэдэх үүрэгтэй гэж үзээд хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах боломжийн хугацаанд мэдэгдээгүй. Манай байгууллагын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 тоот албан бичгээр “....тус төвийн тайлан, балансад бүртгэлтэй 25 багш, ажилчдын байр нь нийслэлийн өмчид 1982 оноос өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байх бөгөөд тус ажилчдын байрны доор байрлах газрыг хууль бусаар хувийн өмчлөлд шилжүүлсэн байна” гэсэн гомдлыг Засаг дарга хүлээн авч нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтыг үндэслэн 2015 оны  12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар Т.Наранцэцэг нарын 38 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон байсан. Нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн фото зургууд, газрын үзлэгийн тэмдэглэл болон зураг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны зохион байгуулагч Б.Чагцалын тодорхойлолт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн. Гэтэл тухайн маргаан бүхий газрыг нэр бүхий иргэдэд эзэмшүүлэх захирамж 2007 онд анх гарахдаа л тухайн байгууллагад манай байгууллагын үндсэн хөрөнгөнд 1982 оноос эхлэн өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байгаа багш, ажилчдын зуслангийн 25 зуслангийн байшин байрлаж байсан гэдгийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарлаж, холбогдох бичгийн болон бусад баримтуудыг хэрэгт өгсөөр байхад шүүх энэ нотлох баримт, тайлбарт ач холбогдол өгч үнэлээгүйд гомдолтой байна. Б.Чагцалыг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргахад шүүгч Ц.Мөнхзул нь хэрэгт ач холбогдолгүй гэж хангахаас татгалзаж байсан шүүгчийн захирамж гаргаж байсан атлаа түүний тодорхойлолтыг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үнэлсэнд гомдолтой байна. Шийдвэрт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/539 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад гуравдагч этгээдийн өмгөөлөгч дүүргийн Засаг даргын 2007 оны 200 дугаар захирамж гарсан үндэслэлийг хамаатуулан тайлбарлах боломжгүй гэж үзсэн. Энэ нь манай байгууллагын бие даасан шаардлага гаргах эрхийг хязгаарлаад зогсоогүй, маргааныг түргэн шуурхай, нэг мөр, шударгаар шийдвэрлэх нөхцөлийг хязгаарлаж чирэгдэл учруулах болсонд гомдолтой байна. Хариуцагчийн буруутай, бичиг баримтаа зохих журмын дагуу хадгалаагүй үйлдэлд гуравдагч этгээдийг буруутгаж байгаа нь буруу гэж үзэж байна. Маргаан бүхий газруудын эзэмших эрх хүчингүй болсоны дараа тухайн газрыг хамарсан 4 хэсэг бүхий газарт Сүхбаатар дүүргийн Газрын албанаас “Өнөр бүл хүүхдийн төв” дахин шинээр кадастрын зураг хийлгэж, газрын төлбөрийг төлүүлж газар эзэмших гэрчилгээ гаргаж өгнө хүлээж байгаарай гэх явцад нэр бүхий иргэд хүчингүй болгосон захирамжид Нийслэлийн Засаг даргад болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж улмаар  маргаан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг шүүгч Ц.Мөнхзул ойлгоогүйд харамсаж байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч намайг тухайн шүүх  хурал дээр ямар ч хүсэлт гаргахад шүүгч Ц.Мөнхзул нь миний гаргасан удаа дараагийн хүсэлтийг сонсож байхдаа дотроо нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай шүүхийн шийдвэрээ аль хэдийнээ гаргачихсан бололтой намайг ярих болгонд үл тоож, анхаараагүй, чи юу ч хэлээд ямар ч хүсэлт гаргаад нэмэргүй хуралдаан үргэлжлэх л болно гэсэн өнгө аясаар над руу үргэлж инээмсэглэсэн харцаар харж, эвгүй харцаар дарамталж ямар ч хүндэтгэлгүй, басан доромжилсон өнгө аястай харьцаж байсан нь уг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэхэд эргэлзээг бий болгож байсан учраас би хуралдаан үргэлжлэхээс өмнө шүүгчээс татгалзсан ба шүүгч миний өөрөөс нь татгалзаж байгаа татгалзлыг хурал эхлэхийн өмнө шийдвэрлэсэн тул одоо хүлээн авах боломжгүй гэж хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байгаа. Иймд а нхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайт, Хараацай зусланд иргэн Т.Наранцэцэгт 179 м.кв, Ц.Тунгалагт 268 м.кв, Я.Зинад 297 м.кв, Ч.Мөнгөнцэцэгт 187 м.кв, Г.Чулуунцэцэгт 708 м.кв, Г.Дашмаад 205 м.кв, Ш.Баатарт 191 м.кв, Т.Уртнасанд 310 м.кв П.Энхтуяад 182 м.кв, Д.Ариунтуяад 162 м.кв, Б.Дугармаад 329 м.кв, Л.Гүнсэнд 400 м.кв, М.Далайхүүд 162 м.кв, Н.Наранцэцэгт 263 м.кв, Д.Эрдэнэхүүд 174 м.кв Д.Оюунчимэг 163 м.кв, Р.Баттулгад 161 м.кв, Д.Дашдуламд 172 м.кв, Л.Уртнасанд 301 м.кв газрыг тус бүр  15  жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байх ба мөн засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн Д.Ариунтуяа, Ц.Тунгалаг, Л.Гүнсэн, Д.Оюунчимэг, Т.Наранцэцэг нарын газрын хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн үйл баримтууд нотлогджээ.

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэр бүхий 19 иргэнд газар эзэмших эрх олгосон 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 , 40.1.6 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6 дахь заалтууд, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1391 тоот, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 8/775 тоот албан бичгийг тус тус үндэслэл болгосон байх ба дээрх үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв, маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлгүй гаргаснаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.           

Хэдийгээр гуравдагч этгээд Өнөр бүл хүүхдийн төв нь “маргаан бүхий газарт байрлах 25 багш, ажилчдын зуслангийн байр нь Нийслэлийн өмчид 1982 оноос хойш бүртгэлтэй байсныг хариуцагч шалгаж тогтоолгүй нэхэмжлэгч нарт газар олгосон, ийнхүү нэр бүхий 19 иргэнд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн талаар хүргүүлсэн тус төвийн албан бичигт үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарлах боловч энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй, үндэслэл болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй төдийгүй хариуцагч нь гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтэд үндэслэн А/539 дүгээр захирамжийг гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул нэхэмжлэгч нарт анх газар эзэмших эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамж хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Түүнчлэн, шүүх хуралдааны товыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Соёлоо, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Урангэрэл нарт мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Соёлоод олгосон эмнэлэгийн магадлагаа холбогдох журмыг зөрчсөн, шаардлага хангахгүй баримт байх тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “шүүх хэргийн оролцогчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “шүүгчээс татгалзсан татгалзлыг хүлээн авч шийдвэрлээгүй” гэх  гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба гуравдагч этгээдээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжтай холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр болон магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх  хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                           

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН