Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/01013

 

М.Е-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/00569 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Е-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-д холбогдох,

6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Л.Б-

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Барсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 1991 оноос хойш Баян-Өлгий аймгийн Хөгжмийн драмын театрт тасралтгүй 27 жил ажиллаж байгаад саяхан ажлаас гарсан.

М.Е- нь тус театрт ажиллаж байхдаа Соёл урлагийн их сургуулийн эчнээ ангид дээд боловсрол эзэмшихээр суралцсан бөгөөд энэ үед нь ар гэрийн гачигдал гарч, өндөр настай ээжийг нь асрах хүнгүй болсон тул үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон. Соёл урлагийн их сургуулийг ямар нэг байдлаар төгсөөд диплом авах шаардлага байсан ба хамт суралцдаг байсан Ц.Ганчулуунд учир байдлаа ярихад сургалтын төлбөрөө төлөөд явах юм бол зайнаас сураад диплом авах боломжтой гэсэн байдаг.

Ингээд М.Е- нь Соёл урлагийн их сургуулийн төлбөр болгож 6 000 000 төгрөгийг шилжүүлэхээр болж Ц.Ганчулуунд хэлэхэд эхнэр Л.Б-ын данс руу шилжүүл гэсний дагуу 6 000 000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Улмаар 2016 оны 06 дугаар сарын үед Л.Б-аас диплом бэлэн болсон аваарай гэж хэлсний дагуу авсан. Дипломыг бакалаврын диплом гэж ойлгон ашиглах явцад хуурамч байна гэж цагдаагийн байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Соёл урлагийн их сургуулийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/34 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлтээр диплом хуурамч болох нь тогтоогдсон.

Гэрч Ц.Ганчулуун болон хариуцагч Л.Б- нар нь эхнэр нөхөр бөгөөд эрүүгийн хэрэгт бие биенээ хамгаалсан байдлаар мэдүүлэг өгсөн. Тийм учраас 6 000 000 төгрөгийг сургалтын төлбөрт тушаагаагүй, хувьдаа завшсан, дипломыг хуурамчаар үйлдээд М.Е-д шилжүүлсэн үйл баримтууд нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг шалгагдаж дууссаны дараа М.Е- нь Л.Б-тай утсаар ярьсан, мессежээр харилцсан бөгөөд Л.Б- нь ..би таны мөнгийг авсан, бусдад өгсөн, ингэж диплом гарсан нь үнэн, чи тэр дипломыг ямар ч байсан нэг жил ашиглачихаад өнөөдөр юу яриад байгаа юм бэ гэж бичсэн. Иймээс хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учир 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Е- 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг мөнгийг дамжуулж өгөөч гэсний дагуу би өөрийн дансаар дамжуулан авч өгсөн.

2018 онд эрүүгийн хэрэг үүссэн шалгах явцад гэрчийн мэдүүлэг өгсөн, Соёл урлагийн их сургуулийг төлөөлж диплом гаргах эрх надад байхгүй, энэ дипломын асуудлыг би мэдэхгүй.

Би 1 000 000 төгрөгөөр, 2 000 000 төгрөгөөр, 3 000 000 төгрөгөөр мөнгийг данснаас авч хүнд өгсөн, К.Ган-Оюуны мэдүүлгээр нотлогдсон. 2-3 жилийн дараа надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. 2016 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуульд ажилд орж байсан. Тэгэхэд энэ мөнгийг шилжүүлж, диплом авсан гэх асуудал нь 06 дугаар сард болсон.

Дипломыг надаас авсан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 6 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Е-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Нэхэмжлэгч нь утсаар ярьж 6 000 000 төгрөгийг хүнд өг гэж хэлсний дагуу би өгсөн, нэг төгрөг ч аваагүй. Би диплом гаргах эрх бүхий этгээд биш, Ц.Ганчулуун, К.Ган-Оюун нарын мэдүүлгийг шүүх анхаарч үзэх ёстой байсан. Диплом гаргаж өгсөн хүнийг олж тэр хүнээс 6 000 000 төгрөгийг шаардах ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Е- хариуцагч Л.Б-д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныгхариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.Е- нь хариуцагч Л.Б-ын эзэмшлийн Хаан банк ХХК-ийн 5027349998 тоот дансанд 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх 26, 29-30/

Хариуцагч Л.Б- нь өөрийн эзэмшлийн дансаар 6 000 000 төгрөгийг дамжуулан авч М.Е-ын тодорхойлон заасан 3 хүнд өгсөн гэх тайлбараа К.Ганчулуун, К.Ган-Оюун нараар мэдүүлэг өгүүлэн гэрчлүүлсэн хэдий ч гэрч нарын мэдүүлгээр түүнийг хэнд, хаана, хэзээ 6 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Тэгэхээр Л.Б-ын дансанд М.Е-оос 3 удаагийн шилжүүлгээр 6 000 000 төгрөг шилжин орж ирсэн тул Л.Б-ыг энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч М.Е- нь хариуцагч Л.Б-аас буцаан уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ сургалтын төлбөрт 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагчийн диплом гаргах эрхгүй этгээд гэсэн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2019/00569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ