Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 569

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: М.Е-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Л.Б-д холбогдох,

 

            Хохиролд 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2019 оны 01 дүгээр сарын 02-нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан /онлайнаар/, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, иргэдийн төлөөлөгч З.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                       

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Е-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжанаас гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 1991 оноос хойш  Баян-Өлгий аймгийн Хөгжмийн драмын театрт тасралтгүй 27 жил ажиллаж байгаад саяхан ажлаас гарсан.  Болсон үйл явдал нь М.Е нь тус театрт ажиллаж байгаад Соёл урлагийн их сургуулийн эчнээ ангид дээд боловсрол эзэмшихээр  суралцсан бөгөөд энэ үед нь ар гэрийн гачигдал гарч, өндөр настай  ээжийг нь асрах хүнгүй болсон тул үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон. Соёл урлагийн их сургуулийг ямар нэг байдлаар төгсөөд диплом авах шаардлага байсан ба хамт суралцдаг байсан Ц.Ганчулуунд учир байдлаа ярихад “сургалтын төлбөрөө төлөөд явах юм бол зайнаас сураад диплом авах боломжтой” гэсэн байдаг. Ингэснээр М.Е нь Соёл урлагийн их сургуулийн төлбөр болгож 6 000 000 төгрөгийг шилжүүлэхээр болж Ц.Ганчулуунд хэлэхэд “миний эхнэр болох Л.Б-ын данс руу шилжүүлчих” гэж хэлсний дагуу 6 000 000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Улмаар 2016 оны 06 дугаар сарын үед Л.Баас “энэ диплом бэлэн болсон аваарай” гэж хэлсний дагуу М.Е нь Улаанбаатар хотод байдаг төрөл садны хүнээрээ дамжуулан авсан.

Энэ дипломыг бакалаврын диплом гэж ойлгон  ашиглаад явж байхад,  хэн нэгэн этгээд тус дипломыг хуурамч байна гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг асуудал гарсан. Ингээд цагдаагийн байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол” гарч М.Е шалгагдсан.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Соёл урлагийн их сургуулийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/34 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлтээр энэхүү диплом нь хуурамч болох нь тогтоогдсон. Энэ эрүүгийн хэрэгтэй холбогдуулан М.Е цагдаагийн байгууллагад 2018 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 28, 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Прокурор яллагдагчаар татсаны дараа 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар 2 дахь удаа мэдүүлэг өгсөн. Энэ хэргийн явцад  М.Е нь бусдад хууртагдсан, залилуулсан байна гэдгийг мэдсэн.

Хариуцагч нь 6 000 000 төгрөгийг тухайн үед сургалтын төлбөрт тушаагаагүй, хувьдаа завшаад оронд нь хуурамч дипломыг өгсөн байна гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна.  Энэ асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагад хандаж бусдад залилуулчихлаа гэж гомдол гаргах байсан боловч хүн чанар гаргаж, иргэний журмаар нэхэмжлээд мөнгөө олж авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан учиртай.

Хариуцагч нь М.Е-ын зүс царайг огт харж байгаагүй, гэрч Ц.Ганчулууны гуйснаар өөрийнхөө дансыг ашиглуулаад 6 000 0000 төгрөгийг бусдад гаргаж өгсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь М.Е Л.Быг огт танихгүй бөгөөд түүгээр бусдад мөнгө дамжуулах ямар ч шаардлагагүй. Төрөл садны Б.Гулжан гэх мэт хүмүүс Улаанбаатар хотод байхад заавал Л.Бын дансаар дамжуулаад бусдад мөнгө өгөх ямар ч шаардлага байхгүй. Тиймээс энэ нь яах аргагүй сургалтын төлбөрт зориулагдаад Л.Б руу шилжүүлсэн мөнгө гэдэг нь нотлогдож байна.

Л.Б нь 6 000 000 төгрөгийг 40 гаруй насны хүнд өгсөн гэж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн татгалзлыг нотолж чадахүй байна. Дипломыг 2016 оны 06 дугаар сарын үед М.Е Б.Гулжанаар дамжуулан авсан. Түүнийг шүүхэд гэрчээр асуулгасан бөгөөд Л.Б гэдэг хүнтэй утсаар нь холбогдож байгаад Монголын Үндэсний их сургуулийн хашаанд очиж уг дипломыг авсан, тухайн үед хальт харахад шар өнгийн дугтуйтай, гэртээ ирээд үзэхэд М.Е гэсэн бичигтэй байсан, тэгээд замын унаагаар явуулсан, Л.Б тухайн үед нүдний шилтэй, алчууртай байсан гэсэн байдлыг гэрчилсэн.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Л.Бын цагдаагийн байгууллагад өгч байсан гэрчийн мэдүүлэгт  биеийн байцаалттай холбогдох хэсгээс үзэхэд гар утасны дугаар нь 99948616,  мөн “Сэтгэмж цогцолбор” сургуульд багшаар ажилладаг,  гэрийн хаяг нь Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Дэнжийн 1-1 тоотод оршин суудаг гэсэн мэдээлэл байдаг. “Сэтгэмж цогцолбор” сургууль бол Монголын Үндэсний их сургуулийн яг хойд талд нь байрладаг юм билээ. Эдгээр нь Б.Гулжантай энд уулзсан гэдэг нь нотлогдсон  үзэж байна. Гэрч Ц.Ганчулуун болон хариуцагч Л.Б нар нь эхнэр нөхөр бөгөөд эрүүгийн хэрэгт бие биенээ хамгааалсан байдлаар мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Тийм учраас 6 000 000 төгрөгийг сургалтын төлбөрт тушаагаагүй, хувьдаа завшсан, дипломыг хуурамчаар үйлдээд М.Ед шилжүүлсэн үйл баримтууд нотлогдож байна. Эрүүгийн  хэргийн дараа  М.Е нь Л.Баасаржаргалтай утсаар ярьсан, мессежээр харилцсан байдаг. М.Е нь чиний явуулсан хуурамч дипломоос болоод би хохирлоо, ажлаасаа халагдлаа, бараг ял шийтгүүлэх дөхлөө, 2015 онд батлагдсан хуулийн ачаар үлдлээ гэх мэтээр харилцсан байдаг. Энэ нь бусад байдлаар буюу нотариатчийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Л.Б нь би таны мөнгийг авсан, бусдад өгсөн юм, ингэж диплом гарсан нь үнэн юм, чи тэр дипломыг ямар ч байсан нэг жил ашиглачихаад өнөөдөр юу яриад байгаа юм бэ гэдэг асуудлыг хариулж бичсэн байдаг. Энэ бүгдээс дүгнэж харахад хариуцагч нэхэмжлэгчийг 6 000 000 төгрөгөөр хохироож, нөгөө талаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна, иймд 6 000 000 төгрөгийг буцаан авах үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Л.Б-аас  шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч надаас 6 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Уг мөнгийг  дамжуулж өгөөч гэсний дагуу би өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан мөнгийг авч өгсөн. Өгсөн гэдгийг холбогдох баримтуудаар нотолсон. М.Е  гэдэг хүний бакалаврын дипломын тухай би анхнаасаа мэдээгүй. Сүүлд 2018 онд цагдаа дээр эрүүгийн хэрэг үүссэн гээд надаас гэрчээр асууж байсан. Хэрэв би энэ дипломыг би хуурамчаар хийсэн юм уу, эсхүл би өгсөн гэдгийг  ямар нэг байдлаар нотолж өгөх ёстой.

Нөгөө талаар би  Соёл урлагийн их сургуулийг төлөөлж диплом гаргаж өгөх эрхтэй этгээд биш, тийм мэргэжил боловсрол надад байхгүй. Тийм учраас энэ дипломын асуудлыг би мэдэхгүй. Мөнгийг бол би аваад өгөөрэй гэсэн хүнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд ямар учраас яагаад надаар дамжуулсныг би мэдэхгүй. Тухайн үед ангийн хүүхэд гэдэг утгаар нөхөр Ц.Ганчулуун гуйгаад, би хэн нэгэнд тус боллоо гэж бодсон. Сүүлд нь ийм асуудал үүснэ гэж бодоогүй. Би 6 000 000 төгрөгийг хүнд гаргаж өгөөч гэж хэлснийх нь дагуу гаргаж өгсөн. Тухайн үед  М.Е нь надтай утсаар ярьж,  одоо ийм хүн очно, чи хаана байна гэж асуухад нь  би гэрийн хаягаа зааж өгөөд тэр хүн нь манай гэрээс ирж авч байсан. Ирж авахдаа 3 өөр хүн ирж мөнгийг нь авсан. 1 000 000 төгрөгөөр, 2 000 000 төгрөгөөр, 3 000 000 төгрөгөөр авсан. Сүүлийн 2 удаагийн мөнгийг гаргаж өгсөн гэдэг нь гэрч К.Ган-Оюуны мэдүүлгээр нотлогдсон. 1 000 000 төгрөгийг  бол би өөрөө гардаж бэлэн өгсөн. Тухайн үед дүү нь байсан бол тэд нараар дамжуулахгүй яагаад надаар дамжуулсныг нь би ойлгохгүй байна.

Нэхэмжлэгч сургалтын төлбөр өгсөн юм бол яагаад Ц.Ганчулуунаар дамжуулж өгөх болсон юм бэ. Одоо цагт диплом худалдаж авдаг зүйл байдаг юм уу, сургуулиас нь аваагүй байж,  ямар диплом хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна. Яг надаас тэр дипломыг авсан, би тэр дипломыг өгсөн гэдэг нь ямар баримтаар нотлогдож байна вэ, би мөнгийг нь гаргаж өгсөн нь үнэн.  Нэхэмжлэгч над руу утсаар ярихдаа баримт надад байгаа, чиний нэр дээр баримттай мөнгө өгсөн, баримттай тул надад тэр мөнгийг гаргаж өг гэдгийг удаа дараа хэлсэн. Би тэр мөнгийг дамжуулаад өгсөн байтал би яагаад өгөх ёстой юм, тэр мөнгийг авсан гэдгийг худалдаж авсан энэ дипломоороо нотлоод байгаа юм биш үү, тэрүүгээрээ тэр ажилдаа ороод бүтэн жил ажилласан юм биш үү гэж хэлж байсан нь үнэн.  Энэ нь 2018 онд болсон бөгөөд мөнгө өгсөн асуудал нь 2016 онд буюу 2 жилийн өмнө болсон асуудал.

Ингээд 2-3 жилийн дараа надаас мөнгө нэхэхэд нь би гайхаж байсан. Би нөхрийн найз юм чинь гэж бодоод сэтгэл  гаргасны төлөө хүнд мөнгө өгөх үндэслэл байхгүй гэж бодож байна. Ажлын байрны тухай хэлж байна. Өөрсдийнхөө таамгаар гүтгэж болохгүй байх. Би 2016 оны 09 дүгээр  сард Баянгол дүүргийн “Сэтгэмж цогцолбор” сургуульд ажилд орж байсан. Тэгэхэд энэ мөнгө шилжүүлж, диплом авсан гэх асуудал нь 06 дугаар  сард болсон. Би тэр  Монголын Үндэсний их сургуулийг мэдэхгүй бөгөөд хаана байдгийг нь гэрч Б.Гүлжаныг хэлэхэд нь сонссон.  Тэр дипломыг надаас авсан гэдгийг юугаар нотолж байна вэ, гэрч нь нүдний шилтэй, алчууртай эмэгтэй байсан гэсэн болохоос намайг гэж хэлээгүй шүү дээ. Нүдний шилтэй, алчууртай эмэгтэй хүн болгон Л.Б байна гэж байхгүй.  Өгсөн хүнээ нотолчихоод хүнийг гүтгэх хэрэгтэй байх гэж бодож байна.  Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Е  нь хариуцагч Л.Б-д холбогдуулан сургалтын төлбөр төлж диплом авах зорилгоор үндэслэлгүйгээр төлсөн 6 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардан нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч үл зөвшөөрч,  хүнд мөнгө гаргаж өгөөч гэж гуйсны дагуу 6 000 000 төгрөгийг дамжуулж гарган өгсөн, би СУИС-ийн бакалаврын диплом гаргаж өгөх эрхтэй этгээд биш,  6 000 000 төгрөгийг М.Еын өг гэсэн хүнд нь өгсөн, дилом гаргаж өгнө гэсэн тохирсон зүйл огт байхгүй, дипломын талаар мэдэхгүй  гэж тайлбарлан гэрч К.Ган-Оюун, Ц.Ганчулуун нараар гэрчлүүлэн маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч М.Е нь Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулиас түүнд удирдаач хорамаэстро мэргэжлийн бакалаврын зэрэг олгосон гэх D201617202 дугаартай, бакалаврын дипломыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт хорамаэстрын ажлыг гүйцэтгэж байхдаа дээрх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагджээ.

М.Е-ын дээрх үйлдлийг 2018 оны 06 дугаар сарын 21-нд  2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1.-д зааснаар зүйлчлэн шалгаж,  Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн 1813000550087 дугаартай, М.Ед холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай”, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолууд, D201617202 дугаартай, бакалаврын диплом, түүний хавсралт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 тоот шинжээчийн дүгнэлт, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/94 тоот албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Дээрх хэргийн баримтуудаас үзэхэд  нэхэмжлэгч М.Е нь Соёл урлагийн их сургуулийн бакалаврын дипломыг гаргуулж авах зорилгоор хариуцагч Л.Б, гэрч Ц.Ганчулуун нартай тохиролцон, 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 20-ны хооронд 3 удаа нийт 6 000 000 төгрөгийг ХААН банк дахь хариуцагч Л.Бын эзэмшлийн 5027349998 тоот данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, ХААН банкны орлогын мэдүүлгүүд, мөнгөн шилжүүлэг зэрэг баримтаар нотлогдсон байна.

 

Нэхэмжлэгч М.Е-аас хариуцагч Л.Б-ын эзэмшлийн 99948616 дугаарын утсанд  “...чам руу шилжүүлсэн баримт, банкны хуулбар бүгд байна. Хууль цагдаагийн байгууллагаар явах цаг алга, зээлээс зээл гээд хэцүү байна...энэ хуурамч юмнаас чинь болж би ажлаасаа халагдчихаад байна, мэдэж байна уу та. Одоо зүгээр чирэгдэл болохгүй наад асуудлаа хурдан шийдэж өг. Шилжүүлсэн юм...Хурдан буцаа мөнгө...хурдан шийдэж өг хохирлыг минь барагдуул...” гэх зэргээр цахим захидал бичиж, түүний  хариуд нь хариуцагч Л.Баас “...Би чамд хэлсэн чи материалаа өгч явуулахгүй байж би юу барьж хүнтэй уулзах вэ...Би өгөх ёстой бүхнийг нь дамжуулсан, яагаад чи надаас мөнгө нэхээд байгаа юм...Чи тэр баримт дипломоороо ажилд ороод бүтэн жил ажилласан би яагаад...яахаараа...” гэх зэргээр цахим захидал бичин, нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо М.Ед удирдаач хорамаэстро мэргэжлийн бакалаврын зэрэг   олгосон  D201617202 дугаартай, бакалаврын диплом  нь хуурамч байсан тухай, үүнээс болж ажлаасаа чөлөөлөгдсөн тухай, уг дипломоор ажилд ороод бүтэн жил ажилласан, уг дипломыг авахад шаардлагатай бүхнийг дамжуулсан тухай цахим захидлаар харилцаж байсан байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь зөвшөөрч маргаагүй, хариуцагч талаас хэрэгт авагдсан дээрх латин галиг бүхий цахим захидлуудыг үгүйсгэж баримт гаргаагүй байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай”, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолууд, D201617202 дугаартай, бакалаврын диплом, түүний хавсралт, хэрэгт авагдсан бусад баримтуудыг, гэрч Б.Гүлжан, М.Жанарыс нарын дипломыг М.Ед дамжуулан өгч явуулсан гэх мэдүүлгүүдтэй харьцуулан үзэхэд  уг дипломыг М.Е хүлээн авч түүнийг ажил олгогч байгууллагадаа танилцуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 03 дугаар сар хүртэл Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт хорамаэстроор ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл бакалаврын диплом олгох эрхгүй этгээд болох хариуцагч Л.Б, иргэн Ц.Ганчулуун нар нь нэхэмжлэгч  М.Еаас 6 000 000 төгрөг авч, хөгжмийн удирдаач хорамаэстро мэргэжлийн бакалаврын зэрэг олгосон дипломыг гаргуулж өгөхөөр хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасанчлан “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус  байх бөгөөд талуудын хоорондохь  дээрх тохиролцоо нь хожим  хүчин төгөлдөр бус болсон гэж үзэхээр байна.

Тодруулбал,  хариуцагч Л.Б нь  бакалаврын диплом олгох, гаргаж өгөх ямар нэгэн эрхгүй  атлаа нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөгийг шилжүүлж авснаар түүний эд хөрөнгө дээрх хэмжээгээр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Л.Б нь 6 000 000 төгрөгийг хүнд гаргаад өгөөч гэж нэхэмжлэгч М.Еын  гуйсны дагуу  шилжүүлснийг хүлээн авч  улмаар түүний  тодорхойлж заасан 3 хүнд 1 000 0000 төгрөгөөр, 2 000 000 төгрөгөөр, 3 000 000 төгрөгөөр, бэлнээр өөрийн орлогоос өгсөн гэж тайлбарлан гэрч К.Ган-Оюун, Ц.Ганчулуун нараар гэрчлүүлэн мэтгэлцсэн боловч,  нэхэмжлэгч, гэрч нар нь  хэзээ, хэн гэдэг хүнд 6 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй байх тул дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь хариуцагчийн татгалзлыг хангалттай нотлох үндэслэл болохгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэн, нэхэмжлэгч М.
Ерболаас  хариуцагч Л.Бд шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Л.Быг үнэдслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж  6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                            

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 6 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Е-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны   шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ж.БАЙГАЛМАА

 

                              ШҮҮГЧИД                                             И.АМАРТӨГС

 

                                                                                            Т.ЭНХТУЯА