Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

            улсын яллагч Э.Оюунтунгалаг,

            шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа ҮД:02-57 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Зундуй овогт Даваадоржийн Доржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0095 80236 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, /РД:УШ92091173/

             Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

           Д.Д нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хотхоны 103 дугаар байрны гараашид бэхэлж байрлуулж тавьсан байсан иргэн Б.Энхтөрийн унадаг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлж бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:  БиШинэ үе” хотхоны   103 дугаар байрны гражид паарнаас тросоор бэхэлсэн байсныг хөлөөрөө жийгээд тасалж дугуйг авсан. Гантулга байцаагч намайг анх дуудаад байцаалт авахдаа айлгаад үдээс тэлээгээ тайл, одоо чамайг хорилоо гэхээр нь айгаад би бахиар троссыг нь тайлсан гэж мэдүүлээд “Нарантуул” захын хуучин эд зүйл зардаг газраас бахь худалдаж аваад байцаагчдаа өгсөн. Би зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Дугуйг нь аваад  зах нь дээр зарах гэсэн боловч зарагдахгүй болохоор өөр дугуйгаар солиод зарж, мөнгийг нь авч писи тоглоом тоглосон. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллалгаанд хохирогч Б.Энхтөрийн: …2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шинэ Үе” хотхоны 103 дугаар байрны грашид өөрийн унадаг дугуйгаа паарнаас бэхлээд үлдээсэн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө граж руугаа ороод дугуйгаа авах гэсэн чинь унадаг дугуй байхгүй байсан. Тухайн үед шууд грашны камерыг шүүж үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд хар өнгийн хувцастай 25-30 орчим насны эрэгтэй хүн унадаг дугуй аваад явж байгаа дүрс бичлэг камерын бичлэгт үлдсэн байсан. Би өмнө нь тухайн хүнийг харж байгаагүй, миний таньдаг хүн биш байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. “ALTON T55” маркын цагаан цэнхэр өнгөтэй уулын зориулалттай дугуй байгаа. Үрүүлний бариул нь элэгдсэн байгаа. 2015 оны 03 дугаар сард буюу одоогоос 2 жилийн өмнө “Нарантуул” захаас 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо өөрийн дугуйгаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. Би саяхан 100.000 төгрөгөөр засвар хийсэн...

... Надад бол камерын бичлэг байхгүй. Тухайн үед алдсанаа мэдээд 103 дугаар байрны камер шүүж үзэхэд миний дугуйг хулгайлаад унаад явж байгаа бичлэг тод үлдсэн байсан. Би дугуй зардаг залуугааас хулгай хийсэн залуугийн  фото зураг, цахим үнэмлэхний зургийг утсаар дарж авсан байгаа хэвлээд өгье. Дугуйг зарахаар явж байсан этгээдийн зургийг харахад миний дугуйг хулгайлж байгаа этгээдийн камерын бичлэг нэг хүний зураг байсан. Би хохирлын мөнгө гэж 400.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 15, 37 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Ж.Эрдэнэболдын:... 2016 оны хавар нэг залуу “ALTON” нэртэй дугуйг худалдан авсан юм. Тэгсэн 2017 онд тэр дугуйг өөр нэг махлаг шар залуу зарна гээд явж байхаар нь жаахан сэжиг төрөөд  бичиг баримтыг нь зурагтай авсан. Дараа нь тэр Энхтөр гэх залуу дугуйгаа алдсан гээд хүрээд ирэхээр нь зургийг нь өгсөн. Тэр Энхтөр дугуйгаа надаар засуулдаг болохоор дугуйг нь хараад л шууд танисан. Тэр дугуйг хэдээр зарна гээд байсныг би санахгүй байна гэх мэдүүлэг  /хх-н 39-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Д.Дийн: … Би фитнесст явж байсан. Тэгээд найз болох Мишигсүрэнгийн гэрийн балкон дээр байсан “Приус-20” машины бүтээлэгний тросыг авч дээс тоглох гээд тасдагчтай очиж авсан. Авчихаад гараад явж байтал граж дотор нь унадаг дугуй байхаар нь тасдагчаараа цоожийг нь тасдаад унаж гараад “Нарантуул” зах ороод уг дугуйны тосон тормосыг өгөөд зөрүүнд нь өөр дугуй аваад унаад явсан. Би уул нь зарах санаатай очсон. Тэгээд бэлэн мөнгөөр авахгүй болохоор нь таньчих байх гэж бодоод өнгийг нь өөрчлөөд өөр дугуй болгосон. Мөнгө олох зорилгоор авсан. Автобусны мөнгөгүй яаралтай харих хэрэг гараад “Нарантуул” орж зарчихаад явах гэсэн авахгүй болохоор нь сольчихоод унаад гэр рүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Мөрдөн  шалгах  ажиллагаанд  яллагдагчаар өгсөн Д.Дийн: ...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ах Мишигсүрэнгийн гэрээс гараад доошоо граш руу буусан бөгөөд би тухайн үед жоохон архи уучихсан байсан болохоор архиныхаа халуунд доод грашийнх нь хаалганы хажууд паарнаас бэхэлсэн байсан унадаг дугуйны бэхэлгээг  нь жижиг бахиар тасдаад дугуйг нь унаж гараад “Нарантуул” зах ороод зарах гэсэн боловч бэлэн мөнгөөр авах хүн олдоогүй. Ингээд тэр хулгайлсан дугуйгаа “Нарантуул” зах дээр өөр өнгийн дугуйгаар сольчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мишигсүрэнгийн: ...Д.Д нь манай хамаатан учраас манай гэрээр байнга орж гардаг. Тэр 2017 оны 07 дугаар сард манайд ирчихээд явсан юм шиг байна лээ. Тэр үед манайд хүн байгаагүй юм шиг байна лээ. Тэгээд доошоо граш руу буугаад дугай авчихсан гэж Дорж сая цагдаа дээр шалгагдсаныхаа дараа хэлсэн. Тухайн үед бол надад огт дугуйны талаар яриагүй. Дорж ер нь дугуй сонирхдог бөгөөд дугуйны хоббитой хүүхэд байгаа юм. Дугуйны клубт нэгдсэн байдаг санаж байна. Дорж тийм хулгай хийх хүн биш байгаа юм. Хамаатан садан дундаасаа архи дарс хэрэглэдэггүй, хамгийн даруухан залуу байгаа юм.Аав, ээж нь ч гэсэн их хатуу чанга хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,

            - “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Д.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Д.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-43 дугаар тал/,

            - Хохирол төлсөн баримт, хүсэлт /хх-н 48, 55 дугаар тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан хохирогч, эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт зэргээс дүгнэхэд Д.Д нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хотхоны 103 дугаар байрны гражид паарнаас бэхэлж байрлуулж тавьсан байсан иргэн Б.Энхтөрийн унадаг дугуйг хулгайлахдаа бахийг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж бэхэлгээг салган авсан үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” хотхоны 103 дугаар байрны гараашид бэхэлж байрлуулж тавьсан байсан иргэн Б.Энхтөрийн унадаг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хулгайлж бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт болох фото зургууд, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтөрийн: …2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шинэ Үе” хотхоны 103 дугаар байрны грашид өөрийн унадаг дугуйгаа паарнаас бэхлээд үлдээсэн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өглөө граж руугаа ороод дугуйгаа авах гэсэн чинь унадаг дугуй байхгүй байсан гэх мэдүүлэг, паарнаас бэхэлгээтэй байсан дугуйг бахиар салгасан эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн бахь зэргийг няцаасан болон үгүйсгэсэн нотлох баримт  хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Д.Д нь дугуйг гражаас хулгайлан авахад учрах саад байсан өөрөөр хэлбэл дугуй паарнаас төмөр түгжээгээр бэхэлгээтэй байсан, энэ саад буюу  паарнаас уясан төмөр түгжээг бахь хэрэглэн арилгаж дугуйг авсан байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Д.Дийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Д.Дийн хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ гражийн паарнаас бэхэлгээтэй байсан бусдын дугуйг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулахын тулд бахийг зэвсгийн чанартай хэрэглэн дугуйг паарнаас салган авсан гэм буруугийн шунахай сэдэлттэй, санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.   

           Иймд Прокуророос шүүгдэгч Д.Дийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч Б.Энхтөр нь өөрийн унадаг дугуйг 400.000 төгрөгөөр үнэлсэн боловч хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК уг унадаг дугуйг 336.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Д нь хохирлын 400.000 төгрөгийг хохирогч Б.Энхтөрд хүлээлгэн өгсөн байх тул Д.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 48- 55 дугаар тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хоёроос найман жилийн хорих ял оногдуулхаар хуульчилжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.   

Шүүгдэгч Д.Д нь хүнд гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч Д.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...гэх хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зундуй овогт ДДг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Д.Д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч ДД оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.         

         4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

         6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Дид цагдан хорихооор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ