Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 659

 

                                                     Д.Д-ид холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Тэнгис

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д-ид холбогдох эрүүгийн 1706009580236 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Зундуй овгийн Д.Д-, 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Централ Товер”-т тогооч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Д.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Үе” хотхоны 103 дугаар байрны гаражид бэхэлж байрлуулж тавьсан байсан иргэн Б.Энхтөрийн унадаг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлж бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Д-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Д.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие унадаг дугуйг паарнаас тросоор бэхэлсэн байсныг хөлөөрөө жийж салгаад авч явсан нь үнэн. Ямар нэгэн багаж хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл огт хэрэглээгүй. Анх байцаалт өгөхөд намайг цагдан хорино гээд байхаар нь айж сандарсандаа “тросыг бахиар таслаад унадаг дугуйг авч явсан” гэж мэдүүлсэн. Дараа нь Нарантуул захаас бахь худалдаж аваад байцаагчид өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Д.Д- нь 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “унадаг дугуйны бэхэлгээг тасдагчаар тасалсан” гэж, харин 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “өөрт байсан бахиар тасалсан” гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд энэ нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл гаражийн гаднах хяналтын камерын бичлэгт дугуйг унаад явж байгаа нь бичигдсэн болохоос дугуйны бэхэлгээг тасалж байгаа нь бичигдээгүй. Иймээс Д.Д- зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг үйлдэж, уг тогтоолыг мөн 23-ны өдрийн 21 цаг 35 минутад цагдан хорих 461 дүгээр ангийн 209 тоот өрөөнд түүнд танилцуулж, байцаалт авсан. Үүнээс үзэхэд Д.Д-ийн хэлсэнчлэн “хорино, цагдана” гэж айлган сүрдүүлж мэдүүлэг аваад “бахь” гэдэг зүйлийг шинээр яриулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн байх боломжтой. Учир нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авахад “бахь” гэдэг шинэ үг гарч ирсэн бөгөөд  2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр бахийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон байдаг. Хэрэгт хураагдсан бахь нь үнэхээр тухайн трос төмрийг тасдаж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь хураан авсан тэмдэглэлд уг бахийг зэвэрсэн гэсэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Д-ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хууль хэрэглээний хувьд өмгөөлөгчийн зүгээс эргэлзээ бүхий байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн хэмээн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож дүгнэсэн. Шүүгдэгч Д.Д- нь хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байдаг. Бахийг хөдөлмөрийн багаж гэж үзэхээс биш тусгайлан бэлтгэсэн зэвсэг гэж үзэхгүй байх. Шүүгдэгч Д.Д- нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Мөн тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдаг. Иймд дээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Үе” хотхоны 103 дугаар байрны дулаан зогсоолын төвлөрсөн халаалтын шугамаас бэхлэн байршуулж тавьсан байсан Б.Энхтөрийн 336.000 төгрөгийн үнэ бүхий “Аlton T55” загварын унадаг дугуйг хулгайлан авч, улмаар эд ангийг нь худалдан борлуулж, өөр нэр төрлийн унадаг дугуйгаар сольсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Энхтөр нь эд зүйлээ алдсан цаг хугацаа, газар байршил, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлог, өртөг үнийн талаар /хх-ийн 12-15, 37/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Ж.Эрдэнэболд /хх-ийн 39/, шүүгдэгч Д.Д- /хх-ийн 18-20, 36, 103/ нарын мэдүүлэг, “Шинэ Үе” хотхоны 103 дугаар байрны дулаан зогсоолын гаднах хяналтын дүрс бичлэг, түүнээс бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 30-31/ зэргээр нотлогдсон байна.

Харин шүүгдэгч Д.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт “паарнаас бэхэлсэн төмөр түгжээг хөлөөрөө жийж салгаад унадаг дугуйг авч явсан. Ямар нэгэн багаж хэрэгсэл огт хэрэглээгүй. Мөрдөн байцаалтын явцад айж сандарсандаа тросыг бахиар тасалсан гэж мэдүүлсэн. Дараа нь Нарантуул захаас бахь худалдаж аваад байцаагчид өгсөн” хэмээн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар маргах бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх бахийг хэргийн газраас хураан аваагүй ба хэрэг болсон өдрөөс 7 хоногийн дараа тодорхойгүй эх сурвалжаас хураан авсныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл хэмээн дүгнэх боломжгүйн гадна, тухайн эд мөрийн баримт гэх биетэд гэмт хэргийн ул мөр үлдсэн, түүнийг өөртөө агуулсан шинж тэмдэг илрээгүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн аргаар нь хүндрүүлэн зүйлчлэх нь тухайн зүйл, хэсэгт хамаарагдахгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Д-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйлд зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /55х8=440/ эдлэх ялаас нь хасаж /720-440=280/, түүний эдлэх ялыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос Д.Д-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зундуй овогт ДавааД-ийн Д-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Зундуй овогт ДавааД-ийн Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ДавааД-ийн Д-ид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ДавааД-ийн Д-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Д-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх ялыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Д-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Д-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                     Н.БАТСАЙХАН