Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 653

 

         

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

            улсын яллагч М.Хэрлэнчимэг,

            шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:  

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1960 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ....

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0078 70408 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

            Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

     С.Б нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 88 настай төрсөн эх Ц.Адъяадолжинг гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

    2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 88 настай төрсөн эх Ц.Адъядолжингийн 288.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ээжийн гэрт очиж таксины мөнгө өг гэж хэлсэн. Манай ээж таксины мөнгө өгч жолоочийг явуулсан. Би гэрт түлээ, нүүрс байхгүй мөнгө өгнө үү гэж гуйсан. Ээж мөнгө өгөөгүй. Тэгэхээр нь ээжийн түрийвчнээс 200.000 төгрөг авсан гэв.  

            Талуудын  хүсэлтээр хавтаст хэргээс:

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.Адъяадолжингийн өгсөн:...Би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад 13 цагийн орчим хаалга тогшсон. Тэгэхээр нь чагнахад манай дунд охин шиг байхаар нь хаалгаа онгойлгоод өгсөн. Тэгтэл гайгүй байх шиг байсан. Хажууд нь нэг хар хүү байсан. Тэгтэл энэ хүнд таксины мөнгө өгчих гэсэн. Би 3000 төгрөг өгсөн. Тэгтэл чи өөрөө аваачиж өг гэхээр нь би тэр хүнд аваачиж өгөөд эргээд ирэхэд гарт байсан мөнгөний цүнхийг булаагаад авсан. Би өгөхгүй гэхэд намайг түлхэж унагаад булаагаад авчихсан. Тэгээд энд зөндөө мөнгө байна шүү дээ, чи мөнгөөр яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд гарт байсан гар утас булаагаад авсан. Тэгээд миний толгой руу цохисон. Тэгтэл халуу оргиод цус урсаад ирсэн. Тэгээд намайг босооч чи гээд өшиглөсөн. Би босох гэсэн боловч босч чадахгүй байсан. Миний нурууны судас дарагдсан учир би босч чаддаггүй юм. Тэгээд намайг нилээн олон удаа өшиглөсөн. Мөн үснээс зулгааж байгаад ингээд үх гээд шал мөргүүлж байсан. Тэгээд чи босч  нүүр гараа угаагаач гээд сармайгаад суугаад байх юм гээд чирсэн. Тэгэхээр нь би өөрөө босъё гээд арай гэж босоод гар нүүрээ угаачихаад буцаад ирсэн. Тэгтэл чи мөнгөнийхөө хойноос үхлээ юу гэсэн. Тэгэхээр нь би чи бүгдийг нь аваад яах вэ, талыг нь ав гэхэд үгүй май гээд салаавч гаргасан. Тэгээд чи цагдаагаа дуудаарай, чамайг эхэлж алаад дээд талын чинь хүүхдүүдийг чинь ална, хэрчинэ шүү гээд гараад явчихсан. Миний толгой зүүн талд хагарсан. Нүд, нүүр болон шанаа хөхөрсөн, хоёр гар болон зүүн хөл хөхөрсөн байсан. Намайг унасан байхад дээрээс өшиглөж байсан. Би зарим хэлсэн үгийг нь сонсохгүй болохоор аан гээд тодруулахаар миний хоолой өвдчихөөд байхад чи албаар тэгээд байна уу гээд зодсон. Урьд нь ийм байдал нилээн олон удаа давтагдаж байсан. Би өөрөө цагдаад хэлж байгаагүй, манай хажуу айлын хүмүүс бол дуудаж өгч байсан. Цагдаа нар ирээд авч яваад буцаагаад гаргаад явуулчихдаг байсан. Урьд нь манайх төмөр замд байдаг байсан юм...цагдаа намайг дуудаж уулзаад та энэ хүндээ өргөдөл гаргаад өгчих гэж хэлж байсан юм. Тэр үед би өргөдөл гаргаж өгөөгүй юм. Учир нь эргэж гарч ирээд намайг бүүр сүйд хийнэ гэж боддог байсан юм. Үнэхээрийн болохгүй байна. Тийм болохоор тэр хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна...

...Би зодуулснаас болж компьютер томографын зураг 130.000 төгрөгөөр авахуулсан, эм тариа, эмчилгээний зардалд бол маш их мөнгө зарлагадсан. Надад эмчилгээний зардалд гарсан мөнгөний талаар цуглуулсан баримт байхгүй байна. Тухайн өдөр Баясгалан миний түрийвчинд байсан 288.000 төгрөгийг булааж авсан. Би тэр өдөр тэтгэврийн 300.000 төгрөгийг хүүхэд явуулж аваад энэ мөнгөнөөсөө сүү, боов л худалдаж аваад үлдсэн мөнгө нь байсан. Би эмчилгээний зардал болон алдсан 288.000 төгрөгөө нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-н 12-13, 53-54 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1582 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Адъяадолжингийн биед зулай, баруун, зүүн нүдний дунд хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун шуу, сарвуу, зүүн гуя, өвдөгний цус хуралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Амгалангийн өгсөн: ...Өнөөдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим ээж Адъяадолжин над руу утсаар яриад Баясгалан ирээд намайг зодоод мөнгө булааж аваад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ээжийн гэрт очих замдаа би цагдаа болон түргэн дуудсан. Намайг очиход дуудлаганд цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд түргэн дараа нь ирсэн. Намайг гэрт очиход ээжийн шанааг дагаад цус урссан, тархи нь хагарсан, зүүн талын гарын шуун дээр хөхөрч няцарсан, зүүн талын гуя, эрүү зэрэг нь хөхөрсөн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ээж охин Баясгалан согтуу орж ирээд 3000 төгрөг нэхсэн, тэгэхэд нь ээж 3000 төгрөг өгсөн гэсэн. Тэгтэл гаралгүй нэмж мөнгө өг гээд гарахгүй байсан гэсэн. Тэгээд цүнхийг нь булааж аваад цүнхэнд байсан 300 орчим мянган төгрөгийг нь авсан. Тэгээд ээжид чи энэ мөнгөө аваад үхэх үү гээд л зодож эхэлсэн гэсэн. Зодохдоо цохиж газар унагаад, нүүр рүү цохиж, өшиглөж, үсдэж шал мөргүүлсэн гэж ярьсан. Түргэний эмч ирж үзээд жижиг язарсан байх тул манайх авч  явах шаардлагагүй гээд цусыг нь тогтоож боолт хийж өгөөд явсан. Миний хувьд Баясгаланг бариулж, хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах шаардлагатай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Уянгын өгсөн: ...Ерөнхийдөө жаахан ширүүн зан төрхтэй, архи уусан үедээ бол улам ширүүн болдог. Өмнө нь бид нарыг ч зоддог байсан. Тухайн үед эмээ болон ээж, би дүү нар хамт амьдардаг байсан учир зодоод бид нарыг хөөгөөд гаргачихдаг байсан. Энэ талаар тухайн үед бид нар Төмөр замд байсан бөгөөд тэндхийн цагдааг дууддаг байсан боловч өргөдөл гаргаж өгч байсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн С.Бгийн: ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би ээжийн гэрт очсон. Урьд өдөр нь шөнөжингөө архи уугаад такси бариад очсон. Таксины тооцоонд өгөх мөнгө байхгүй байсан учир би жолоочийг дагуулж гэрт нь орсон. Ээж хаалгаа тайлж өгсөн ба гэрт нь өөр хүн байгаагүй. Тэгээд ээж таксины жолоочид 2000 төгрөгийг өгч явуулсан. Би ээжээс дахиад мөнгө нэхэхэд байхгүй гэхээр нь түлхэж унагаад гартаа барьсан байсан түрийвчийг нь булааж аваад түрийвчнээс мөнгийг нь авсан. Түүний түрийвчинд 200 гаруй мянган төгрөг байсан бөгөөд уг мөнгийг нь бүгдийг нь авсан. Би одоо яг тодорхой санахгүй байгаа ч гэсэн ямар ч байсан ээжийг зодоогүй гэж бодож байна. Тэгээд л мөнгийг нь аваад гараад явсан. Мэдэхгүй, би гараараа савчихсан байх. Урд өдөр нь шөнөжингөө архи уугаад жаахан унтчихаад ээжийн гэрт очсон, архи гүйцэд гараагүй байсан. Ер нь бол болсон явдлыг орон гаран санаж байгаа. Би согтоод уурлахаараа жаахан ухаанаа алдчихаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,

        Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 194 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Б нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байна. С.Б нь хэргийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. С.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3. С.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.

Комиссын дарга О.Баатаржав, гишүүн П.Долгор, илтгэгч Я.Ганхүү гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/,

  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10 дугаар тал/,
  • Шүүгдэгч С.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28, 29, 31 дүгээр тал/,
  • Хохирогч Ц.Адъяадолжингийн хүсэлт /хх-ийн 45 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар  хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

     Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс дүгнэхэд: С.Б нь согтуугаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 88 настай өөрийн төрсөн эх Ц.Адъяадолжинг гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн  эх Ц.Адъяадолжингийн тэтгэврийн мөнгө  болох  288.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйл баримт болсон байна.

     Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2-д ... тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн үрчлэн авсан эцэг, эх, ах  эгч, дүүг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж үзэхээр хуульчилжээ. Иймд С.Бгийн хохирогч болох түүнийг төрүүлсэн эх Ц.Адъяадолжин нь түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна. Иймд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодийн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна.

Мөн С.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №1582 тоот дүгнэлтээр тогтоодож байна. /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Иймд түүнийг хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан хүч хэрэглэн   түүний тэтгэврийн орлого болох 288.000 төгрөгийг дээрэмдсэн гэж үзэх үндэстэй байна.

     С.Б нь согтуугаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 88 настай төрсөн эх Ц.Адъяадолжинг гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэргийг,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 88 настай төрсөн эх Ц.Адъяадолжингийн 288.000 төгрөгийг бие махбодид гэмтэл учруулан хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Бгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

     С.Б согтуугаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 88 настай төрүүлсэн эх Ц.Адъяадолжинг гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эдийн засгийн болон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 36 дугаар байрны 3 тоотод 88 настай төрсөн эх Ц.Адъяадолжингийн биед гэмтэл учруулан 288.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн шунахай сэдэлттэй, хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Прокуророос түүний гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч С.Б нь хохирогчийн 288.000 төгрөгийг хүч хэрэглэн авснаар бусдад учруулсан гэм хорыг төлөх үүрэг үүссэн байна.

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Адъяадолжингоос дээрэмдэн авсан 288.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул хохирлыг хохирогчид гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүх  баривчилсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 26 хоног цагдан хоригдож байгаа болох нь  яллагдагчийг  цагдан хорих тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул  эдлэх  ялд нь оруулан тооцох үндэстэй байна. /хх-н 61-62-р тал/

            Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэж заасан байна.

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногт шилжүүлэн тооцоход 75 хоног болж байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Монгол  улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь  хэсгийн 2.2-т тус тус зааснаар С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногт шилжүүлэн тооцоход 75 хоног буюу  2 /хоёр/ сар 15 /арван тав/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 4  /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Боногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Бгийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Бгаас 288.000 /хоёр зуун наян найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Цэвэл-Аръяагийн Адъяадолжинд /РД:ЦЖ30041006/ олгосугай.

           8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ