Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 640

 

                                                         С.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 1806007870408 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хан хөгшин овгийн С.Б-, 1960 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэгт оршин суух,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 340 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:/,

            С.Б- нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 3 тоотод 88 настай төрсөн эх Ц.Адъяадолжинг гэртээ ганцаараа байхад нь мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн түүний 288.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногт шилжүүлэн 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 4 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Б-гийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Б-гаас 288.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Адъяадолжинд олгож, С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Ээждээ болон ар гэрийнхэндээ учируулсан хохирлоо төлж барагдуулсан. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байж, ээжийгээ насан туршид нь асран халамжилж өргөн тэтгэж явах болно. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч С.Б- нь гэм буруугийн асуудалд маргадаггүй, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн өмнө хохирол төлбөрөө барагдуулсан. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

С.Б- нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар байрны 3 тоотод өөрийн төрсөн эх /88 настай/ Ц.Адъяадолжинг гэртээ ганцаараа байхад нь “Мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн түүний гар цүнхнээс 288.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Хохирогч Ц.Адъяадолжин нь төрсөн охин С.Б-д зодуулж биедээ гэмтэл авсан, мөн өөрийн гар цүнхэнд байсан 288.000 төгрөгөө түүнд булаалгасан талаар /хх-ийн 12-13, 53-54/ тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч С.Амгалангийн “...ээж надруу утсаар яриад “Б- ирээд намайг зодоод мөнгө булааж аваад явлаа” гэж хэлсэн...” /хх-ийн 14/, яллагдагч С.Б-гийн “...урьд өдөр нь шөнөжингөө архи уусан тул жаахан унтаж байгаад такси бариад ээжийн гэрт очсон. Ээжээс таксины мөнгө авсан. Дахиад мөнгө нэхэхэд байхгүй гэхээр нь түлхэж унагаагаад ... гартаа барьсан түрийвчийг нь булааж аваад дотроос нь мөнгийг нь авсан. Болсон явдлыг орон гаран санаж байна. Би гараараа савчихсан байх. Би согтоод уурлахаараа жаахан ухаанаа алдчихаад байдаг юм...” /хх-ийн 39/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1582 дугаартай “Ц.Адъяадолжингийн биед зулай, баруун, зүүн нүдний дунд хэсгийн шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүү, цээж, зүүн бугалга, шуу, баруун шуу, сарвуу зүүн гуя, өвдөгний цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 18-19/ гэсэн дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/ зэргээр нотлогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлүүдэд заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулж, нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                        Н.БАТСАЙХАН