Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 102/2021/02324/и |
Дугаар | 210/МА2022/00684 |
Огноо | 2022-04-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2022/00684
Д.Хийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/00134 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Хийн хариуцагч А.Ү, Ү.С, Ү.А нарт холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
6.а. Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь А.Ү, түүний эхнэр Б.Сарангэрэл, тэдний хүүхдүүд болох Ү.С, Ү.А нарт байх боловч 2009 оны 6 дугаар сард А.Ү нь Д.Х надтай 1,600,000 төгрөгөөр тухайн орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, орон сууцны үнэд нийт 1,600,000 төгрөгийг А.Үад төлж барагдуулсан. А.Ү болон түүний хүүхдүүд нь 2009 оноос хойш 2021 оныг хүртэлх хугацаанд буюу 12 жилийн хугацаанд нэг ч удаа орон сууцаа худалдахгүй, зөвшөөрөөгүй, орон сууц чөлөөлж өг гэж шаардаж, татгалзлаа илэрхийлж байгаагүй байхад, мөн 12 жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцыг би болон миний хүү Х.Мөнхбат, Э.Шинэчимэг нар бодитоор эзэмшилдээ шилжүүлэн авч, эзэмшиж ашиглан ашиглалтын зардлыг төлсөөр ирсэн буюу гэрээ бодит байдалд хэрэгжсэн байхад талуудын хооронд тохиролцоо хийгдээгүй буюу орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай нийцэхгүй, шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтын хурээнд 1,000,000 төгрөг Х.Хаддоржоос А.Үад шилжсэн, уг төлбөр нь орон сууцны үнэ бус дэнчин гэж дүгнэсэн нь талуудын хүсэл зориг, илэрхийллийг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Тодруулбал, Д.Х миний бие нь А.Үад 1,000,000 төгрөгийг бэлнээр, А.Үын ХААН банкин дахь 5029619499 тоот дансанд 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “байрны үнэ Хаддоржоос” гэсэн утгатайгаар 400,000 төгрөгийг, 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Х.Мөнхбатын 5365038502 тоот данснаас “Мөнхбат-с” гэсэн утгатайгаар 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. А.Ү нь мөрдөн байцаалтад өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 600,000 төгрөгийг бэлнээр авсан гэж мэдүүлсэн байхад А.Ү нь Х.Хаддоржоос 1,000,000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн А.Ү, Х.Хаддорж нар нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, нэг тал гэрээ байгуулах саналыг илэрхийлж нөгөө тал түүнийг хүлээн авч, орон сууц худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээний үүрэгт буюу орон сууцны үнэ гэж нэг талаас 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн байхад талуудын хүсэл зориг, илэрхийллийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
6.б. Хэрэгт нотлох баримтын зөрүүтэй хэд хэдэн баримт авагдсан бөгөөд нотлох баримтын зөрүү арилаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот албан бичгээр маргаан бүхий 23 дугаар катеж нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд орон сууц хувьчлалын хувьчлагдсан материал ирээгүй байна гэх баримт, мөн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 онд гэрчилгээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өмнө нь олгосон 2009 оны гэрчилгээг үндэслэн дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон гэх баримтууд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд эдгээр баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.
6.в. Нэхэмжлэгч надаар шүүх хуралдааны явцад нэг ч тайлбар хэлүүлэлгүй, энэ боломжоор хангаагүйн улмаас өнөөдөр хэргийн болсон явдал, үйл баримтыг шүүхэд танилцуулж, ойлгуулж чадалгүй, хуулиар олгосон миний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж туйлын гомдолтой байна.
Иймд дээрх нөхцөл байдлын хүрээнд хэргийг хянаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Х нь иргэн А.Ү, Ү.С, Ү.А нарт холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй” гэх үндэслэл заажээ.
4.а. Нэхэмжлэгч Д.Х нь А.Ү, Ү.С, Ү.А нарт холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Хийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
4.б. Д.Х, А.Ү нарын хооронд 2009 оны 06 дугаар сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр А.Ү нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, 23-01 тоот 37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, худалдан авагч Д.Х уг орон сууцны төлбөрийг тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.
4.в. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч үнийг нь төлөх үүрэгтэй бөгөөд худалдан авсан орон сууцыг эзэмшилдээ авч, төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн байна.
Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагатай. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуулиар тогтоосон дээрх хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус юм.
4.г. Хуулийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүрэг үүсэх боломжгүй. Иймд хариуцагчаас өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлгүй.
Энэ талаархи анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
5.а. Хариуцагч Ү.С, А.Ү нар нь нэхэмжлэгч Д.Хид холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардсан бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Орон сууцыг нэхэмжлэгч эзэмшдэггүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч нар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000188281 дүгээр гэрчилгээгээр, тухайн орон сууц Ж.Гансүх, У.Шинэчимэг гэх хүмүүсийн эзэмшилд байгаа нь хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээр тус тус тогтоогджээ.
Анхан шатны шүүх тухайн байр нэхэмжлэгчийн бодит эзэмшилд байхгүй талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн байна. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.
давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/00134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Хийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Хоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.БЯМБАСҮРЭН