Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 759

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

            улсын яллагч Ч.Алтансүх,

            иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,

            шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан ҮД:07-41,

            шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94

            хохирогч Б.Азбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Алаг адуут овогт Цэрэндоржийн Доржхандад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Баярсайханы Батзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0267 30217 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, ...

            Монгол улсын иргэн, ....

             Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

            Ц.Днь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 6 тоотод байх өөрийн гэртээ цуг архи, пиво ууж байсан иргэн Б.Азбаярыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Б.Бнь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 6 тоотод оршин суудаг иргэн Ц.Дгэрт нийлж архи, пиво ууж байхдаа түүнтэй маргалдан зодолдож, Ц.Дэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Батзаяагийн нөхөр Төгөлдөр над руу мессеж бичсэн. Тэгээд орой 19 цагийн үед Батзаяа, Төгөлдөр, Азбаяр нар манайд ирсэн. Би тэдэнд хоол, цай өгсөн. Тэгээд Төгөлдөр дэлгүүр рүү гарч архи, пиво  авчирч бид ууцгаасан. Тэгээд Төгөлдөр согтоод бөөлжөөд байхаар нь та нар ямар  буудалд байгаа биш ариун цэврийн өрөөнд очоод бөөлж гэснээс болж Батзаяа бид хоёр маргалдсан. Батзаяа босч ирээд ямар олон юм ярьдаг пизда вэ? гээд намайг үсдэж газар унагаагаад хоолой боосон. Би хэрхэн яаж хутга барьснаа санахгүй байна. Газар хоёр хутга хэвтэж байсан. Хохирогч Азбаярын хохиролд 1.300.000 төгрөгийг төлсөн. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна. Миний хоёр хүүхдийн хувь заяаг бодож надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед манай нөхөр Ц.Д руу мессеж бичсэн байсан. Энэ талаар манай нөхөр надад хэлэхээр нь би ойрд уулзаагүй юм чинь уулзъя гэж хэлсэн. Ц.Д тэгье би охинтойгоо байна гэж мессеж бичсэн. Манай нөхөр 18 цагийн үед хаалга янзлуулахаар Б.Азбаяр руу залгаж дуудсан. Б.Азбаяр завтай болчихлоо яваад очъё гэж хэлсэн. Б.Азбаяр 18 цаг 30 миниутын үед манайд ирсэн. Манайд манай нөхөр болон хүүхэд, Б.Азбаяр бид дөрөв байсан. Манай нөхөр бид хоёр дүүгээ дуудаж хүүхдээ үлдээсэн. Б.Азбаяр бид гурав Ц.Дынх руу явсан. Ц.Д руу яриад танайд очиж болох уу гэж асуусан. Ц.Д өнөө орой ээж ирэхгүй юм шиг байна. Манайд ирж болно гэж хэлсэн. Бид гурав Ц.Дынд очиж хоол цай идэж ууж ярилцаж суусан. Бид хэд ярилцаж уухаар болсон. Төгөлдөр, Б.Азбаяр хоёр дэлгүүр гарч архи, пиво авчирсан. Би жирэмсэн учир архинаас уугаагүй. Пивоноос жаахан уусан. Миний дотор муухайраад пивоноос уухаа больж, Төгөлдөр, Б.Азбаяр, Ц.Д нар уусан. Дахин дэлгүүр Төгөлдөр, Б.Азбаяр нар гарч архи, пиво авчирч уусан. Би нөхрөө бөөлжүүлчихээд орон дээр хэвтүүлсэн. Ц.Дын хүүхдийг унтуулах гээд Б.Азбаяр өргөөд жижиг өрөө рүү орсон. Ц.Д хүүхдээ хөхүүлнэ гээд араас нь өрөө рүүгээ орсон. Би нөхрийнхөө хажуугаар ороод хэвтэж байгаад зүүрмэглэсэн байсан. Ц.Д босож ирээд намайг босооч, яагаад хэвтчихсэн юм бэ, буудалд байгаа юм шиг гэж хэлсэн. Дахин дуудахаар нь босож Б.Азбаяр явъя гээд нөхрөө сэрээх гэтэл Ц.Д миний үснээс зулгаасан. Бид хоёр маргалдаж аль алиныхаа үснээс зулгаасан. Бид хоёрын дундуур Б.Азбаяр орж Ц.Даа чи жирэмсэн хүнийг болиоч гээд намайг авч өрөө рүү орсон. Бид хоёр дахин маргалдаж үснээсээ зулгаалцсан. Манай нөхөр бид хоёрыг салгасан. Ц.Д ална аа гээд гал тогооны өрөө рүү гүйсэн. Ц.Дын хүүхэд нь уйлаад Б.Азбаяр аваад араас нь гал тогооны өрөө рүү явсан. Нөхөр бид хоёр хувцсаа авах гээд жижиг өрөөнд нь зогсож байхад Б.Азбаяр Заяа би хутгалуулчихлаа гээд гүйж ирсэн. Би Б.Азбаярын цамцыг сөхөөд харахад хутгалуулчихсан байсан. Цамцыг нь тайлж хутгалуулсан хэсгийг боосон. Одоо явъя гэтэл Ц.Д хутгаа барьчихсан жижиг өрөө рүү ирсэн. Манай нөхөр Ц.Дын гарыг мушгиж байгаад гараас нь хоёр хутгыг нь салгаж авсан. Б.Азбаярыг гутлыг ч өмсгөлгүй шөнө бид хоёр авч Ц.Дын гэрээс гарсан. Би хоёр хутгыг нь авч хоосон хашаа руу шидсэн. Такси зогсохгүй байсан учир Жуковын зам дээр очиж такси барьж бид гурав шууд Гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэг орох хооронд Б.Азбаяр их цус алдсан. Б.Азбаярын шархыг оёулах гээд оруулсан. Эмнэлэг дээр цагдаа ирж бид хэдээс байцаалт авсан. Цагдаа Ц.Дыг олохоор Төгөлдөрийг дагуулаад Ц.Дын гэр рүү явсан. Тухайн шөнө манай нөхөр ирээгүй. Гэмтлийн эмнэлэгт би Б.Азбаярыг сахиж хоносон. Маргааш нь Б.Азбаярын ах нь эмнэлэгт ирсэн. Би ахад нь энэ талаарх бүх зүйлийг хэлж тайлбарласан. Б.Азбаярыг ахад даатгаж өгөөд явсан. Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэс дээр манай нөхөр Ц.Д олдоогүй гээд хоносон байсан. Байцаагчтай цуг Ц.Дын гэрт очиход өөрөө болон ээж, эгч нь байсан. Тухайн үед ийм зүйл болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Азбаяр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төгөлдөр над руу чат бичсэн. Манай гэрийн хаалга эвдэрчихлээ, ирээд хамт янзлаад өгөөч  гэсэн. Би завтай байна гээд яваад очсон. Намайг очиход Төгөлдөр, Батзаяа хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа байж байсан. Хаалгыг нь янзлах гэсэн боловч багаж байхгүй, хажуугийн айлаас багаж авах гэсэн боловч тэр айл нь байхгүй байсан. Тэгээд хаалгаа янзалж чадаагүй. Тэгээд хоол унд идчихээд манай найзын төрсөн өдөр болж байгаа хамт очих уу гэхээр нь би яасан ч яах вэ гэсэн. Тэгээд  бид гурав гарч яваад Төгөлдөр, Батзаяа нар Жуковт манай найзынх байдаг тэднийхээр ороод гаръя гээд Доржхандынд очсон. Доржхандынд ороход Доржханд хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Бид дөрөв суугаад юм яриад танилцаад хоол хийж өгөхөөр идээд юм яриад Төгөлдөр бид хоёр гараад нэг шил архи, 2 пиво худалдаж авч орсон. Хоёр эмэгтэй нь архи уугаад яах вэ, бид хоёр архийг нь ууя гэсэн. Бид нар архиа уугаад дууссан. Тэгээд Төгөлдөр бид 2 дахиж гараад 3 пиво авч орж ирсэн. Төгөлдөр жаахан муудаад, Доржхандын хүүхэд нь уйлаад байсан. Би хүүхдийг нь тэврээд унтуулсан. Жижиг өрөөнд хүүхдийг оруулж тавихад миний нойр хүрээд байхаар нь хажуугаар ороод унтаж байхад Доржханд орж хүүхдээ хөхүүлж байсан. Нэг харсан чинь Доржханд гараад явсан байсан. Тэгээд нэг сэрэхэд тэд  хоорондоо муудалцаад Батзаяа явъя гээд Төгөлдөрийг сэрээгээд байсан. Тухайн үед би ариун цэврийн өрөө ороод жижиг өрөөнд ороод утсаа хайгаад явж байхад Доржханд, Батзаяа хоёр муудалцаад газарт дээр доороо орчихсон үснээсээ зулгаагаад муухай орилоод байсан. Төгөлдөр ирээд Батзаяаг салгаад, би Доржхандыг татаж салгаж болиулсан. Доржханд гал тогооны өрөө рүүгээ орсон. Нэг харсан хүүхэд нь уйлаад босоод ирчихсэн байсан. Би хүүхдийг нь тэврээд Доржхандын араас ороод хүүхэд чинь уйлаад байна, хүүхдээ аваач гэсэн. Доржханд хутга барьсан байсан. Доржхандын нүүр ам, хоолой нь хачин, аймаар болчихсон. Тэгээд тухайн үед Доржханд далайх шиг болсон. Яг хутгалахыг нь хараагүй, миний бие бүлээн болоод явчихсан. Би хүүхдийг нь үлдээгээд Батзаяа руу очиж намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд гараад явсан таксинд суусан, гэмтэл дээр очсон. Доржханд тухайн үеийн эмчилгээний зардлыг төлсөн. Миний эрүүл мэндийн байдал гайгүй байгаа. Бид нар дөрвүүлээ буруутай. Доржханд 2 жаахан хүүхэдтэй байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Азбаярын: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ботаникт байх эгч Нямаагийн гэрт байхад найз Төгөлдөр фэйсбүүкээр андаа завтай юу, гэрт хаалга хийх хэрэгтэй байна, туслаад өгөөч гэхээр нь  би 18 цагийн үед завтай болохоор нь яваад очъё гэж хэлсэн. Би утсаар ярьж байгаад Төгөлдөрийн гэрт очиход Төгөлдөр, эхнэр Батзаяа болон хүүхдийн хамт байсан. Очоод хоол идсэн. Төгөлдөр хажуу талын айлаас багаж авах ёстой байсан боловч тэр айл нь ирээгүй учир хаалга хийж чадахаа больсон. Би харих гэхэд Төгөлдөр манай найз гэртээ дуудаад байна, цуг явах уу гэр нь ойрхон Жуковт байдаг юм гэж хэлсэн. Тэгээд Төгөлдөр, Батзаяа бид гурав гарсан. Батзаяагийн дүү нь ирээд хүүхдийг нь хараад үлдсэн. Жуковын хөшөөний баруун талд байх байрны  1-р орцны  2 давхарт байх айлд очиход Доогий гэх эмэгтэй нэг орчим насны эмэгтэй хүүхдийнхээ хамт хоёулаа байсан. Би нар гэрт нь ороод цай уугаад ойр зуурын юм ярьсан. Тэгээд ярьж байгаад архи уухаар болоод Төгөлдөр бид хоёр дэлгүүр орж 1 шил 0.5 литрийн Улаанбаатар архи, 2 ширхэг 2.5 литрийн савтай Нийслэл пиво, ундаа аваад ороод ирсэн. Батзаяа жирэмсэн болохоор архинаас уугаагүй. Төгөдөр, Доогий бид гурав архийг тэнцүү хувааж уусан. 2 савтай пивоо ууж дуусгаад Төгөлдөр бид хоёр дахиж гараад дэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн пиво авчирсан. 1 савтай пивыг ууж дуусч байхад Доогийгийн хүүхэд унтах гээд уйлагнахад Доогий тоохгүй байхаар нь би хүүхдийг нь аваад тэвэрч унтуулаад жижиг өрөөнд ороод хэвтүүлсэн. Би хажууд нь хэвтэж байгаад унтсан ба удаагүй сэрэхэд Доогий хүүхдээ хөхүүлж байсан. Хүүхдээ хөхүүлж дуусаад Доогий том өрөө рүүгээ явсан. Би босож ариун цэврийн өрөө ороход тэд нар пиво ууж байсан ба 3 дахь савтай пиво талдаа орсон байсан. Хүмүүс согтсон байхаар нь би үлдсэн пивыг нь аваад цонхны тавцан дээр тавьсан. Би сүүлд дэлгүүр гарахдаа өөрийн гар утсаа Доогийгийн хүүхдэд өгсөн ба миний гар утас олдохгүй байсан. Би дууг нь хаасан болохоор дуугарахгүй байсан. Доогий пиво хайгаад байхаар нь би гаргаж өгсөн. Би утсаа хайгаад пиво уугаагүй. Төгөлдөр согтож тасраад бөөлжихөд Доогий та нар буудалд байгаа юу гээд уурласан. Батзаяа юун сүртэй юм бэ, чи өөрөө дуудаж гэртээ ирүүлсэн, тэгвэл бид гурав явлаа гээд Төгөлдөрийг сэрээх гэсэн. Батзаяа намайг явъя гэхэд би утсаа хайгаадахъя гэж хэлсэн юм. Тэгэхэд Доогий хаачих гээд байгаа юм бэ, явуулахгүй гээд хоорондоо хэрэлдэж маргалдсан. Энэ чимээнээр хүүхэд нь сэрээд жижиг өрөөнөөс уйлаад хүрээд ирсэн. Би Доогийд хүүхэд чинь уйлаад байна, хүүхдээ унтуулаач гэхэд тоохгүй байхаар нь би хүүхдийг нь тэврээд унтуулах гэж байхад Доогий, Батзаяа хоорндоо зууралдаад, үснээсээ зулгаалцаж байгаад унасан. Унасаны дараа ч гэсэн зууралдаад тавихгүй байхаар нь би Доогий болиоч, наадах чинь жирэмсэн хүн шүү дээ гээд Доогийг салгах гэсэн. Салахгүй байхаар нь Төгөлдөрийг дуудаж сэрээгээд салгасан. Би Доогийг босгоход Доогий гал тогооны өрөө рүү “ална аа” гэж орилоод гүйсэн. Миний хажууд хүүхэд нь байхаар нь би тэврээд гал тогооны өрөөнд ороход Доогий шургуулганаасаа хоёр хутга гаргаж ирээд баруун гартаа барьсан. Би хүүхдийг нь тэврээд “чи наад хутгаа яах гээд байгаа юм” гэж хэлээд дөхөөд очиход өөдөөс далайсан. Хүүхэд  нь өртөх гэж байсан учир би эргэж харахад  миний нуруунд хутгалсан.Би “зайл” гэж орилоод хүүхдийг нь тэврээд гүйсэн. Миний нуруунаас цус гарч байгаа нь мэдэгдсэн. Учир нь би хүүхдийг нь том өрөөнд тавьсан. Батзаяа, Төгөлдөр нар жижиг өрөөнд байсан ба би очоод Доогий намайг хутгалчихлаа гэхэд Батзаяа миний цамцыг сөхөхөд цус их гарч байсан учир миний цамцаар шарх боосон. Доогий хутгаа бариад араас ирэхэд Төгөлдөр Доогийгоос хутгыг салгаж аваад гартаа барьсан байсан. Би цусаа хараад ухаан балартсан. Тэр хоёр намайг авч гарах үед би гутлаа өмсье гэхэд Төгөлдөр юун гутал вэ гээд аваад гарсан. Орцноос гараад Төгөлдөр намайг түшээд Батзаяа машин барих гээд явсан. Төв зам дээрээс машин бариад Гэмтлийн эмнэлэг орсон. Миний ухаан орж гараад байсан ба өөрийгөө үхлээ гэж бодоод таксины жолоочид намайг энэ хоёр хутгалаагүй шүү, жинхэнэ хэрэгтэн нь Доогий гэж хүн байгаа гэсэн. Төгөлдөр, Батзаяа хоёрт манай гэрийнхэнд хэлээрэй гэсэн зүйл хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч үзээд оёдол тавьсан. Цагдаа надаас мэдүүлэг авч байсан. Би хутгуулсанаас хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Би Доогийтой огт маргаагүй. Согтуу учраас шалтгаангүй хутгалсан. Би зүгээр байгаад хутгуулж биедээ гэмтэл авсандаа маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг / хх-н 23-24-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Төгөлдөрийн: ...2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Батзаяагийн хамт гэртээ байсан. Би гэрийн хаалгаа янзлах гээд 15.00 цагийн үед найз Азбаяр руу залгахад ажилтай явж байна, дуусаад залгая гэсэн. 17.00 цаг өнгөрч байхад Азбаяр утсаар яриад одоо завтай болчихлоо, яваад очъё гэсэн. 18.00 цагийн үед манайр гэрт Азбаяр ирсэн. Багаж байгаагүй учир хаалгаа янзалж чадаагүй. Хоол идчихээд Доржхандын /Долгион гэж танилцсан/ гэрт очих гэж гарсан. Доржхандтай би өдөр нь фэйсбүүкээр бичих үед гэрт хүрээд ир гэсэн байсан юм. Эхнэр Батзаяа, Азбаяр бид гурав 19.00 цагийн үед Доржхандын гэрт очсон. Очиход Доржханд гэртээ 1 нас 5 сартай охиныхоо хамт байсан. Ороод хоол унд идээд архи уухаар ярьцгаасан. Азбаяр бид хоёр дэлгүүр орж 0,5 литрийн Улаанбаатар архи, 1,5 литрийн савтай хоёр ширхэг “Нийслэл” пиво авсан. Тэгээд бид нар архи, пиво ууцгаасан. Эхнэр маань жирэмсэн учир архи бараг уугаагүй, пиво бага зэрэг уусан. Бид гурав авсан юмаа адилхан хэмжээгээр хувааж уусан. Авсан архи, пиво дуусаад 23.00 цагийн үед Азбаяр бид хоёр дахиж дэлгүүр ороод 1,5 литрийн савтай 3 ширхэг пиво авсан. Орж ирээд пиво уунгаа бүжиглэсэн. 2 дахь пиво дуусч байхад би согтож бөөлжөөд унтсан. Намайг унтахаас өмнө Азбаяр жижиг өрөөнд Доржхандын хүүхдийг нь унтуулах гэж байсан. Би том өрөөнд буйдан дээр унтаж байхад хүмүүс орилолдоод би сэрсэн. Харахад эхнэр маань Доржхандтай үсдэлцээд газар хэвтэж байсан ба Азбаяр салгах гэж байсан. Би босоод эхнэрээ татаад салгасан. Азбаяр Доржхандыг салгасан. Хүүхэд нь сэрээд уйлж байсан учир Азбаяр очиж хүүхдийг нь тэврээд Доржхандыг аваад гал тогооны өрөө рүү явж байхад Доржханд би ална аа гэж орилоод түрүүлж гал тогооны өрөө рүү гүйгээд орсон. Азбаяр хүүхдийг нь тэврээд араас нь орсон. Ороод удаагүй түс тас хийх чимээ гарсан ба Азбаяр гал тогооны өрөөнөөс гүйж бид хоёр дээр ирээд найз нь хутгалуулчихлаа гэж хэлсэн. Эхнэр маань цамцыг нь тайлахад нурууны баруун хэсгээс цус их гарч байсан. Гал тогооны өрөөнөөс Доржханд баруун гартаа том, жижиг хоёр ширхэг хутга барьж гарч ирээд одоо ална аа та нарыг гээд эхнэр рүү далайгаад дайрсан. Би Доржхандын баруун гарыг мушгиж хоёр хутгыг нь булааж авсан. Тэгээд Доржхандыг түлхэж холдуулаад Азбаярыг сугадаад эмнэлэг явъя гээд гарах болсон. Үүдэнд 2 ширхэг хутгыг нь тавиад хувцсаа өмсөөд гарах гэж байхад Доржханд ирээд эхнэрийг үсдсэн. Би Доржхандыг тавиулаад эхнэр болон Азбаярыг аваад гарсан. Гарах үед эхнэр маань энэ хутгыг нь авч гарахгүй бол болохгүй, Доржханд хүүхдээ яаж ч магадгүй гэж хэлээд хоёр ширхэг хутгыг аваад гарсан. Орцноос гарсны дараа эхнэр маань хоёр ширхэг хутгыг хашаа давуулаад шидсэн. 2 хүн явж байхаар нь утсаар нь 103-т залгуулсан. Нөгөө хүн цагдаа дуудсан юм уу гэж асуухаар нь яараад байсан учир яваад такси барих гэсэн 2 машин зогсоогүй учир би Азбаярыг үүрээд төв зам руу явсан. Эхнэр машин зогсоогоод бид нар Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Эмч нар үзээд оёдол тавиад дусал залгасан. Би Азбаярын ах, эгч нар руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би эхнэрийн хамт Гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаатай цуг Доржхандын гэрт очиход хаалгаа онгойлгоогүй. 16.00 цагийн цагдаагийн бүрэлдэхүүний хамт Доржхандын гэрт очиход Доржханд охин болон ээжийн хамт байсан. Цагдаа нар үзлэг хийсний дараа эхнэр бид хоёр явсан. Доржханд цагдаад хэлэхдээ өөрийгөө хутгалаагүй, эхнэрийг хутга барьж дайрсан гэх мэт зүйл яриад байсан. Би согтоод унтсан. Хэрэг 04.00 цагийн үед болсон. Би унтаад сэрсэн болохоор архи гараад гайгүй болсон байсан. Эхнэр уугаагүй болохоор эрүүл байсан. Азбаяр, Доржханд нар согтуу байсан. Би унтаж байсан болохоор эхнэр Доржханд нар юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Сүүлд асуухад Доржханд бид хоёрыг хүүхэдтэй болж яах гээд байгаа юм бэ, би наад хүүхдийг чинь ална гээд маргалдсан гэсэн зүйл ярьсан. Доржханд, Азбаяр нар юунаас болж яагаад хутгалсан талаар мэдээгүй. Гал тогоонд хэрэг болсон учир би хараагүй...Өмнө нь архи, пиво ууж байхад ийм хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Гэхдээ Доржханд архи уусан үедээ муухай зан ааштай болдог юм…гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Ц.Дын: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг өнгөрч байхад манай гэрт найз Батзаяа, Төгөлдөр, Азбаяр нар ирсэн юм. Бид нар 0.5 литрийн Улаанбаатар архи, Нийслэл 2 литрийн 5 ширхэгийг уусан. Тэгээд Төгөлдөр ууж байгаад хэвтээд өгсөн. Бид нар ууж байхад Төгөлдөр бөөлжсөн бөгөөд би буудал саванд байгаа биш ариун цэврийн өрөө рүү ороод бөөлжихгүй юу гэж хэлэхэд ямар яадаргаатай пизда вэ гэж уурлаад босоод ирсэн, тэгээд намайг үсдсэн бөгөөд би зөрүүлээд үсдээд хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд Азбаяр бид хоёрыг салгасан... гэх мэдүүлэг /хх-н 34-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Б.Бгийн: 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Төгөлдөрийн найз Азбаяр 17 цаг өнгөрч байхад манайд ирсэн. Нөхөр Төгөлдөр гэртээ хаалга хийлгэх гээд дуудсан байсан юм. Багаж олдоогүй учир хаалга янзалж чадаагүй. Бид нар манай гэрт хоол унд идэж байхад Доржханд Төгөлдөр рүү залгаад би гэртээ хүүхэдтэйгээ байна, манайд ирэх  юм уу гэж  асуусан. Бид нар хийх юмгүй болсон учир одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд Төгөлдөр, Азбаяр бид гурав гэрээс гараад Доржхандын гэрт 19 цаг өнгөрч байхад очсон. Очиход Доржханд хүүхэдтэйгээ хөгжим сонсоод сууж байсан. Доржхандын  ээж ирэхгүй учир тэднийд хонохоор болсон. Тэгээд хоорондоо ярилцаад Азбаяр, Төгөлдөр хоёр дэлгүүр яваад 0.5 литрийн нэг шил Улаанбаатар архи 2.5 литр савтай 2 ширхэг Нийслэл пиво авчирсан. Би жирэмсэн болохоор архи уугаагүй, пивоноос уусан. Нөгөө гурав архи, пивыг адил хэмжээтэй хувааж уусан. Авсан архи пивоо дуусаад 22:00 цаг өнгөрч байхад Азбаяр, Төгөлдөр хоёр дэлгүүр яваад 2.5 литрийн 2 сав боргио пиво, 1 сав Сэрүүн пиво авсан. Дотор муухай оргиод байсан болохоор нь би пивоноос уугаагүй ба хийж өгөхөөр нь асгаад байсан. Би согтоогүй эрүүл байсан. Нөхөр маань 2 дахь пиво ууж байгаад согтож бөөлжсөн учир би том өрөөний буйдан дээр унтуулсан. Жижиг өрөөнд Доржхандын хүүхэдтэй Азбаяр хэвтэж байсан. Доржханд араас нь очоод хэвтсэн. Би нөхөртэйгээ хэвтэж байхад Доржханд буцаж ирээд намайг босгосон. Азбаяр, Доржханд хоёр пиво уусан. Доржханд намайг пиво уу гэхээр нь би уугаагүй. Доржханд Төгөлдөрийг сэрээх гээд цээжийг нь цохиод байхаар нь би чи болиоч гэж хэлэхэд Доржханд та нар буудалд байгаа юм шиг манайд байлаа гэж хэлсэн. Би босоод куртикээ өмсөөд Азбаяраа явъя гэж хэлээд нөхрөө сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Доржханд битгий яв гээд миний куртикны араас татахаар нь би түлхэхэд Доржханд бөгсөөрөө унасан. Тэгээд босч ирээд намайг үсдсэн. Би зөрүүлж үсдээд зууралдаж газар унаад ноцолдсон. Азбаяр салгах гэж байхад Төгөлдөр сэрээд нийлж салгасан. Азбаяр Доржхандыг барьж байхад Доржханд бид нарыг зайл гээд хөөсөн. Би явах гээд жижиг өрөөнөөс куртикээ авах гэж байхад Доржханд Азбаяраас салаад гал тогоооны өрөө рүү гүйсэн. Азбаяр хүүхдийг нь тэврээд араас нь очоод удаагүй “Заяа” гээд намайг дуудаж орилсон. Тэгээд жижиг өрөөнд хүрч ирээд Заяа намайг Доогий хутгалчихлаа гэж хэлсэн. Би цамцыг тайлаад харахад нурууны баруун хэсэгт хутгалагдаад цус гарч байсан. Би цамцаар нь шархыг нь боосон. Доржханд гал тогооноос хүрч ирэхдээ 2 гартаа 2 ширхэг хутга барьсан байсан ба ална гээд над руу далайгаад дайрсан. Төгөлдөр хажуунаас Доржхандын гарыг барьж мушгиад хутгыг нь булааж авсан. Тэгээд Азбаярыг аваад гэрээс нь үүдэнд Доржханд намайг үсдсэн. Төгөлдөр Доржхандыг надаас салгахаар нь би хоёр хутгыг аваад бид гурав гарсан. Гадаа гарсаны дараа би хутгыг нь хашаа давуулаад шидсэн. Азбаяр гутал, куртикгүй гарсан учир такси барих гэхэд хоёр машин зогсооод аваагүй. Замаар явж байсан хоёр хүн таарахаар нь гуйж байгаад 103-т дуудлага өгүүлэхэд “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. Бид нар яарч байсан болохоор Төгөлдөр Азбаярыг үүрээд төв зам руу очсон. Би такси зогсоогоод бид нар Гэмтлийн эмнэлэгт очсон. Азбаяр их цус алдаж байсан ба эмч нар үзээд шарханд оёдол тавьсан. Тэгээд гэмтлийн эмнэлгийн цагдаад мэдэгдсэн ... гэх мэдүүлэг /хх-н 40-41-р тал/

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10  дугаар 18-ны өдрийн 9740 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Хар өнгийн иштэй том хутга дээр цус илэрсэн. Уг цус О/I/ бүлгийн харъяалалтай байна.

            2. Хар өнгийн иштэй жижиг хутга дээр цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

            Жич: Эд мөрийн баримтын хамт буцаав. Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргал гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10  дугаар 27-ны өдрийн 9739 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1.Цагаан ягаан өнгийн хөнжлийн даавуу, саарал өнгийн юүдэнтэй зузаан цамц дээр цус илэрсэн. Уг цус О/I/ бүлгийн харъяалалтай байна.

            2. Хар өнгийн нимгэн куртик дээр цус болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

            Жич: Эд мөрийн баримтын хамт буцаав. Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргал гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10  дугаар 23-ны өдрийн 5429 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

            - Хар хүрмэнд гарсан 7х5 мм хэмжээтэй гэмтэл нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлт байна.

            - Малгайтай саарал цамцанд гарсан 45х35 мм хэмжээтэй гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.

            - Дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь ямар байрлалаас болон ямар хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй.

            Жич: Шинжилгээнд ирүүлсэн объектыг дүгнэлт, зургийн үзүүлэлтийн хамт буцаав. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Солонго гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1716 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Азбаярын гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж гэх дүгнэлт /хх-ийн 140 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13095 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Б.Азбаярын биед нурууны баруун доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн тохойн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

            Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12341 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1.2. Ц.Дын биед зүүн чамархай, зулай, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, хүзүү, зүүн тохой, баруун дал, зүүн хөлийн шагайны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 46-48 дугаар тал/,

            - Шүүгдэгч Ц.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-75 дугаар/ тал,

            - Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-78 дугаар тал/,

            - Шүүгдэгч Ц.Дын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар./ хх-н 96-97-р тал/,

            - Шүүгдэгч Ц.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 81-87-р тал/

            - Шүүгдэгч Ц.Дын хохирол төлсөн баримт /хх-ийн 31 дүгээр тал/,

            - Хохирлын баримтууд /хх-ийн 25-28 дугаар тал/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Ц.Днь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 6 тоотод байх өөрийн гэртээ цуг архи, пиво ууж байсан иргэн Б.Азбаярыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 Б.Бнь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 6 тоотод оршин суудаг иргэн Ц.Дгэрт нийлж архи, пиво ууж байхдаа түүнтэй маргалдан зодолдож, Ц.Дэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч Ц.Днь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 6 тоотод байх өөрийн гэртээ цуг архи, пиво ууж байсан иргэн Б.Азбаярыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Бнь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны 6 тоотод оршин суудаг иргэн Ц.Дгэрт нийлж архи, пиво ууж байхдаа түүнтэй маргалдан зодолдож, Ц.Дэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  Ц.Д, Б.Б нарыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Ц.Дын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, Б.Бгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Ц.Д нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Бгийн бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Прокуророос шүүгдэгч Ц.Дын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, Б.Бгийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эршээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Д нь Б.Бтай маргалдаж зодолдоход тэр хоёрыг Төгөлдөр, Азбаяр нар салгасан байхад Ц.Д цааш гал тогооны өрөө рүүгээ орж хутгыг зориудаар авч өөрт нь ямар нэгэн байдлаар зүй бусаар харьцаагүй Азбаярыг санаатай хутгалж байгаа үйлдэл нь түүний санаа сэтгэлийг гэнэтийн  цочролд орсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Ц.Дын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг өөрчлөх үндэсгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Хохирогч Б.Азбаяр нь өөрийн биед учирсан хүнд гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх 200.033 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна./ хх-н 25- 28-р тал/

            Шүүгдэгч Ц.Д нь 100.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. /хх-ийн 31 дүгээр тал/

           Шүүгдэгч Ц.Д хохирогч Б.Азбаярын хохиролд 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Б.Азбаярын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хохирогч Б.Азбаярт одоогоор баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 233 дугаар тал/

Хохирогч Б.Азбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Хохирогч Ц.Д нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны  хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бага насны хоёр хүүхэдтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж буй нөхцөл байдлуудыг харгалзан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах нь боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч Ц.Д нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Төмөрбаатарыг, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр охин Сорхугтани-Үжин нарыг төрүүлсэн, өрх толгойлсон эмэгтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-н 81, 96-97-р тал/

Иймд шүүгдэгч Ц.Дын хүүхэд болох хүү Төмөрбаатар, охин Сорхугтани-Үжин нарын асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ц.Д3 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэст зааснаар Ц.Дад оногдуулсан  3 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.  

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Ц.Дын хүүхэд болох хүү Төмөрбаатар /РД:УА14290513/, охин Сорхугтани-Үжин /РД:УЛ16250249/ нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар иштэй том хутга 1 ширхэг, хар иштэй жижиг хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

         8. Хохирогч Б.Азбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ.

                                              ШҮҮГЧИД                            С.ӨСӨХБАЯР,

                                                                                       Т.ШИНЭБАЯР.