Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 680

 

   Ц.Д, Б.Б нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор С.Солонго,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 759 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д-н гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Д, Б.Б нарт нарт холбогдох 1706026730217 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Ц-н Д, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ........... төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2-3 насны 2 хүүхдүүдийн хамт ........ дүүргийн .... дүгээр хороо, .......... дугаар хороолол, ....... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../

2. С овгийн Б-ны Б, 19.... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... аймгийн .......суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо, ......... дугаар байрны ..... тоотод оршин суух албан ёсны хаягтай, ........дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны … тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../

Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед ..... дүүргийн ... дүгээр хороо, 11 дүгээр байрны ...тоотод байх өөрийн гэртээ цуг архи, пиво ууж байсан иргэн Б.А-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед ..... дүүргийн ... дүгээр хороо, 11 дүгээр байрны ... тоотод оршин суудаг иргэн Ц.Д-н гэрт нийлж, архи, пиво ууж байхдаа түүнтэй маргалдан зодолдож, Ц.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ц.Д-г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Ц.Д-н хүүхэд болох хүү Т, охин С нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар иштэй том хутга 1 ширхэг, хар иштэй жижиг хутга 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зүйл ангитай санал нийлэхгүй байгаа тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Болсон үйл явдал болон хэрэг үүсэх болсон шалтгааныг дахин нягтлуулах хүсэлтэй байна. Тухайн үед хохирогч Б.А-г Т, Б.Б нар дуудаж манайд ирсэн бөгөөд би таньдаггүй байсан. Над руу залгаж, мессеж бичиж ирсэн юм. Би Т, Б.Б нарт найз нөхдийн хувиар хүндэтгэл үзүүлж, гэртээ ирэхийг зөвшөөрч, нөхөр нь бөөлжихөд зүй ёсны шаардлага тавьсны дагуу Б.Б нь хүндээр хүлээн авч танхай балмад зан гаргаж, ёс бусаар хэлэн доромжилж зодуулаад зогсохгүй, уйлж айсан охиныгоо ч авах боломж олгохгүй боож унагааж, шоконд орж сэтгэл санааны хувьд цочрон давчидсанаас болж биеэ хамгаалах зорилготой байсан байх гэж үзэж байна. Миний тавьсан шаардлагаас болж эсэргүүцэн уурлаж, зодож дарамталж, ална гээд хоолой боосноос болж хэт их шоконд орж гэмт хэрэг үйлдэх болсон нь үнэн. Би өдийг болтол А-г гэмтсэнд маш их харамсаж, гэмшин ял эдлэн хоригдож байна. Хохирогч А-г өвчтэй байх хугацаанд эмнэлэгт эргэн очиж, өөрт нь мөн ар гэрийнхэнд нь харамсаж байгаагаа илэрхийлж, мөнгөн болон өөр зүйлээр тусалж байсан. Би тухайн үед бас зодуулж, үс хуйх ил гарч хавдсан, хүзүү боолгосноос болж хумс нь шигдэж шархалсан, нүүр нүд хавдартай болсон байсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсан. Гэвч Б.Б, Т нар нь огт харамсаж, гэмшээгүй, холбоо бариагүй бөгөөд А-н эмчилгээний зардалд туслаагүй. Би нөхөргүй бөгөөд 3 нас 8 сартай том хүү, 2 нас 1 сартай охины хамт амьдардаг... Хүчирхийлэл дарамтын улмаас аргагүйн эрхэнд хүүхдүүдээ ганцаараа өсгөх болж сэтгэл санааны хувьд хүнд амьдарч байсан... Би бага байхаасаа тархины даралт ихтэй байсан бөгөөд цахилгаан менегит тусаж, үлдэцтэй болж эмчийн хяналтад байдаг. 2013 оноос хойш зүрхний зүүн ховдлын гажиг, бөөрний архаг үрэвсэл, олон үе хавсарсан үрэвсэл оноштой ба хааяа унаж татдаг, байнгын хяналтад байдаг... Ар гэрийн байдлын хувьд ээж Н.Алтанцэцэг нь даралт ихэсдэг, савны хавдартай, том эгч маань нурууны яс барьцалдсан ховор төрлийн өвчтэй тул группэд байдаг... Хүүхэд харах хүн тэр бүр олддоггүйгээс эрхэлсэн тодорхой ажилгүй, тус хорооны амьжиргааны түвшин доогуур өрхөд хамаардаг, өрх толгойлсон эмэгтэй юм. Би хоёр нялх хүүхдийнхээ өсөж торних, хүн болж хүмүүжих балчир насанд нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаадаа маш их харамсаж гэмшин, олон зүйлийг ухаарч сууна. Та бүхэн энэрэнгүй зөөлөн хандаж, болсон процесс, хэрэг үүссэн шалтгааныг сайтар нягталж, миний биеийн байдал болон ар гэр, нялх хоёр хүүхэд, өмнө нь ял эдэлж байгаагүй зэргийг мөн үсдүүлж зодуулж боолтонд орсны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүй хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирол бүрэн барагдуулсан байдлуудыг харгалзан үзэж, зүйл ангийг өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүлээж аваагүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Ц.Д нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон ар гэрийн байдлаа гомдолдоо тодорхой дурдсан. Ц.Д-н хоолойг боосны улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж, А-г Б.Б байна гэж обьектоо андуурсан. Хохирогч Азбаяр нь зүй бус үйлдэл гаргаагүй. Ц.Д-н хувийн байдлын хувьд маш хүнд байдалд байдаг, гэр бүлийн хүчирхийлэлд байсны улмаас нөхрөөсөө салаад удаагүй байхдаа уг гэмт хэрэгт холбогдсон. Одоо Ц.Д-н биеийн байдал сайнгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Ц.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ийм хэрэг болсонд маш их харамсаж гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрт оногдуулсан ял шийтгэл нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдалд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ц.Д, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед ... дүүргийн ... дүгээр хороо, 11 дүгээр байрны ... тоотод өөрийн гэртээ цуг архи, пиво ууж байсан иргэн Б.А-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед .......дүүргийн ... дүгээр хороо, 11 дүгээр байрны ... тоотод оршин суудаг иргэн Ц.Д-н гэрт нийлж, архи, пиво ууж байхдаа түүнтэй маргалдан зодолдож, Ц.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.А-н “... Би хүүхдийг нь тэврээд унтуулах гэж байхад Ц.Д, Б.Б хоёр хоорондоо зууралдаад, үснээсээ зулгаалцаж байгаад унасан. Газар унасныхаа дараа ч зууралдаад тавихгүй болохоор нь би “Доогий болиоч, наадах чинь жирэмсэн хүн” гээд Доогийг салгах гэсэн. Салахгүй байхаар нь Т-г дуудаж сэрээгээд салгасан. Би Доогийг босгоход гал тогооны өрөө лүү “ална аа” гэж орилоод гүйсэн. Миний хажууд хүүхэд нь байхаар нь би тэврээд гал тогооны өрөөнд ороход Доогий шургуулганаасаа хоёр хутга гаргаж ирээд баруун гартаа барьсан. Би хүүхдийг нь тэврээд “чи наад хутгаараа яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд дөхөөд очиход миний өөдөөс далайсан. Хүүхэд нь өртөх гэж байсан учир би эргэж хартал миний нуруунд хутгалсан. Би орилоод хүүхдийг нь тэврээд гүйсэн...” /хх 1-н 23-24/,

Ц.Д-н хохирогчоор “...Би зодуулсандаа гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлүүдийг миний биед Б.Б үсдэж, хоолой боох үедээ учруулсан...” /хх 30/,

гэрч А.Т-н “... Хүүхэд нь сэрээд уйлж байсан учир А очиж хүүхдийг нь тэврээд Ц.Д-г аваад гал тогооны өрөө лүү явж байхад Ц.Д “би ална аа” гэж орилоод түрүүлж гал тогооны өрөө лүү гүйгээд орсон. А хүүхдийг нь тэврээд араас нь орсон. Удалгүй түс тас хийх чимээ гарсан ба А гал тогооны өрөөнөөс гүйгээд бид хоёр дээр ирээд “найз нь хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Манай эхнэр А-н цамцыг тайлахад нурууны баруун хэсгээс цус их гарч байсан. Гал тогооны өрөөнөөс Ц.Д баруун гартаа том жижиг 2 ширхэг хутга барьж гарч ирээд “одоо ална та нарыг” гээд эхнэр лүү далайгаад дайрсан...” /хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А-н биед нурууны баруун доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн тохойн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг болно...” /хх 44/ гэсэн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13095 дугаартай дүгнэлт,

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-12/, хутга болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 10, 13/, өвчний түүхийн хуулбар /хх 58-65/ зэрэг мөрдөн шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д-г хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байх ба Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Д-с “...Би Б.Б-д үсдүүлж, боолтонд орсны улмаас санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Д нь Б.Б-тай харилцан зодолдож байгаад салсны дараа Ц.Д нь “ална аа” гэж хэлээд гал тогооны өрөөнд ороход нь араас нь Б.А түүний хүүхдийг тэврээд орсон. Гэтэл Ц.Д нь маргаанд ямар нэгэн хамааралгүй Б.А-г хутгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх байдлаас үзэхэд харилцан зодолдоод дууссан байхад Ц.Д нь галын өрөө рүү “ална аа” гэж орон, хутга авч, Б.А-г хутгалж байгаа үйлдлийг болгоомжгүй үйлдэл, мөн боолтонд орсны улмаас аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Д-г бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

             Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 759 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.