Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00694

 

ХААДСАА-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00114 дугаар шийдвэртэй

ХААДСАА-нынэхэмжлэлтэй

“О.А” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 216,251,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Орос Ах” ХХК нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн харъяа Мал хамгаалах сантай Оросын холбооны улсаас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2018/Ү/33 дугаартай 400,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг харилцан тохиролцож байгуулсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 7,536,000 төгрөг төлснөөс хойш зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 171,899,800 төгрөг, алданги 85,949,900 төгрөг, нийт 257,849,700 төгрөг гаруулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд 41,597,920 төгрөг төлсөн учир энэ үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Орос Ах” ХХК нь 400,000,000 төгрөгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлж авсан. Манай компанийн гол үүрэг бол Оросын холбооны улс руу бүх санхүүжилтийг шилжүүлж малын тэжээл оруулж ирэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлж ажлаа хийсэн. Бүх мөнгийг дэс дараатай шилжүүлж, импортлон оруулж ирсэн баримт нь гаалийн жагсаалтаар нотлогдож байгаа. Гол асуудал нь 171,899,800 төгрөгийн үндсэн төлбөр, 85,949,900 төгрөгийн алданги нэхэмжилсэн бөгөөд 41,597,920 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ талаар тооцоо нийлсэн акт байгаа. Мөн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын албан тоотоор 1,656,000 төгрөгийн ноосны урамшууллын 11 малчдын төлбөр тооцоо байсан. Үүнийг манайхаас хасаж тооцоогүй бөгөөд үүнийг хасаж тооцвол анз гэх 85,949,900 төгрөг илүү тооцсон байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 128,645,880 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд уг мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хэцүү цаг үе байсан болохоор нөхцөл байдлыг ойлгоод хасч тооцож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Орос Ах” ХХК-аас 216,251,780 төгрөг гаргуулан ХААДСААнд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар 1,239,209 төгрөгийг хариуцагч “Орос Ах” ХХК-аас гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

            4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ХХААХҮЯамны төрийн нарийн бичгийн дарга П.Баяртулга, Мал хамгаалах сангийн захирал Т.Цэдэндамбаа, “О.А” ХХК-ийн захирал Д.Жаргалсүрэн нарын хооронд өвс тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний 1.2.а-д “Энэхүү гэрээ нь аж ахуйн нэгжийн мал хамгаалах сантай байгуулах зээлийн гэрээний салшгүй хэсэг болно”, 2.1 дүгээр зүйлд “Малчид фермерүүдийн санал хүсэлтийн дагуу хууль тогтоомж, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай баримт материал, мэдээллээр хангана”, 2.3 дугаар зүйлд “Өвс тэжээл импортлох ажлыг нэгдсэн нэг цонхны бодлогоор зохион байгуулна”, 4.13 дугаар зүйлд “Гэрээний 2.8-д заасны дагуу өвс тэжээл импортлох, нийлүүлэх үйл ажиллагааны талаар мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж сурталчлах зардалд зориулан зээлийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болмогц шилжүүлнэ”, 2.7 дугаар зүйлд “Өвс тэжээл импортлох аж ахуйн нэгжүүд, худалдах аймаг сумд болон цэгүүдийн талаархи мэдээллийг нэгдсэн журмаар олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна” гэж талууд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зуржээ. Иймд ХААДСАА дангаараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргажээ.

4.б. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн маргааныг хянан шийдвэрлэхдээ өвс тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ болон ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах зээлийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч талаас хэрхэн биелүүлсэн талаар огт дүгнэлт өгөөгүй, зөвхөн хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, өвс тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээний 2.1., 2.3, 2.7, 2.8, 4.13 дугаарт зааснаар импортоор орж ирж байгаа тэжээлийг зарж борлуулахад мэдээллээр хангах, нэг цонхны үйлчилгээгээр зарах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бичиг баримт гаргах зэрэг үүргээ биелүүлээгүйн улмаас тэжээл зарах үйл ажиллагаанд доголдол үүсч гэрээний маргаан үүсэх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байна.

4.в. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 171,899,800 төгрөг, алданги 85,949,900 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас 41,597,920 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч талаас 1,656,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байна. Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн тооцоог буруу хийсний улмаас гэрээний дагуу алдангийг буруу тооцож гаргасан байна. Үндсэн нэхэмжлэл нь бидний тооцоогоор 128,645,880 төгрөг байжээ.

4.г. Өвс тэжээл импортлон нийлүүлэх үйл ажиллагаанд баримтлах бодлогын гэрээ /зээлийн гэрээний салшгүй хэсэг/-ний 6 дугаар зүйлд гэрээний хариуцлага гэсэн хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алдангийг тохиролцоогүй бөгөөд харин гарч болох хохирлыг гэм буруутай тал нь  гаргахаар тохиролцсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч ХААДСАА хариуцагч “О.А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 216,251,780 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 128,645,880 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан болон “О.А” ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-аас малын өвс тэжээл импортлон оруулж ирэх аж ахуйн нэгжтэй байгуулах 2017/Ү/33 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагджээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалаар Мал хамгаалах сангийн авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ. Мал хамгаалах сан нь шаардах эрхээ Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлсэн байхад ХААДСАА шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх тодруулаагүй байна.

4. Хариуцагч нь шүүхэд “11 малчдын ноосны урамшууллын 1,656,000 төгрөгийг Мал хамгаалах сантай тооцоо нийлж тооцооноос хасуулах хүсэлт хүргүүлсэн байхад манайхаас хасаж тооцоогүй” гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаар энэ мөнгө хасагдаагүй байна. Иймд дээрх 1,656,000 төгрөг нь Хөдөө аж ахуйг дэмжих санд төлөгдсөн эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.   

5. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00114 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О.А” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,239,209 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

 

                             ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

  

                                                                          Д.БЯМБАСҮРЭН