Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00695

 

Д.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00122 дугаар шийдвэртэй

Д.Эгийн нэхэмжлэлтэй

О.Од холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагч О.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч О.О нь Д.Эгаас 2017 оны 07 дугаар сарын сүүлээр 15,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр 4,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,600,000 төгрөг, 2017 онд 1,500,000 төгрөг, нийт 21,700,000 төгрөгийг зээлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 21,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2017 оны 07 дугаар сард автомашин авахаар 15,000,000 төгрөгийг Д.Эгаас авсан. Гэхдээ Д.Э надад зээлдүүлээгүй, харин “олон жил ажил амьдралд минь тус дэм болж байсны хувьд автомашин авахад чинь тусалъя гээд 15,000,000 төгрөг өгсөн” нь үнэн. Миний хувьд найзын зүгээс өгч буй дэмжлэг туслалцаа гэж ойлгон хүлээн авсан. Гэтэл одоо зээлдүүлсэн гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас миний хувьд эргүүлж төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ зээлсэн бол Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байна гэж зааснаар Д.Эгийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Урьд нь зээлсэн мөнгөний үлдэгдэл 3,600,000 төгрөг дээр 15,000,000 төгрөг нэмж зээлээд 18,600,000 төгрөг зээлж авсан" гэжээ. 2017 оны 11 дүгээр сарын 06-нд би 4,000,000 төгрөг 2 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 12 дугаар сарын 27-нд 4,160,000 төгрөг болгон буцааж өгсөн бөгөөд 3,600,000 төгрөгийг зээлсэн асуудал байхгүй. Утай явахдаа өөрийнхөө болон нөхрийнхөө зардал болох 1,600,000 төгрөгийг зээлж дансаар төлүүлсэн" гэжээ. Манай нөхөр “МИАТ” ТӨХК-д онгоцны дарга болон 2-р нисгэгчээр тасралтгүй ажиллаж байна. Бидний хувьд хэн нэгнээр зардлаа төлүүлж буян номын үйл хийж байгаагүй. Нөхөр бид хоёр Д.Эгаас мөнгө зээлээгүй, харин түүнд 1,600,000 төгрөгийг бэлнээр өгч тушаалгуулсан. Иймд замын зардал гэх 1,600,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эргүүлж төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн вакум цонх үнэ 1,500,000 төгрөгийг төлөөгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Э н.Энхдаваа эгчийнхээ хамт манайд зочилж ирсэн. Тэр үед эгч нь манайхыг шинэ байшин барьж орсныг нь мялаагаад бэлэг болгож гадаа хаалганы салхины хаалтыг хийж өгье гэсэн боловч н.Энхдаваа эгчийн хүү н.Оргио гэх залуу хаалтыг суурилуулахаасаа өмнө төлбөрөө өг гээд би 3,300,000 төгрөг төлсний 1,500,000 төгрөгийг Д.Эд бэлнээр өгч явуулж байсан. Мөнгөө бүрэн авсныхаа дараа н.Оргио өөрөө салхины хаалтаа суурилуулсан. Д.Э нь Д.Энхжаргалаас зээлсэн мөнгөө буцаан төлөхийн тулд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний ихэр дүү О.Оюундарь, түүний нөхөр С.Баярхүү нараас 50,000,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлсэн. Уг зээлийг О.Оюундарь, С.Баярхүү нар нь үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж банк бус санхүүгийн байгууллагаас 70,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлээс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д.Э руу 50,000,000 төгрөгийг шилжүүлэх гэтэл тэрээр өөрийн бэр Э.Сайнбаярын ХААН банкны 5757008424 тоот дансаар дамжуулан уг зээлийг авсан. Тэгэхдээ О.Оюундарьд мөнгө хэрэг болсон тул 50,000,000 төгрөг биш 45,000,000 төгрөгийг зээлхээр болж 5,000,000 төгрөгөө буцааж бэлнээр авсан. Тэгээд үлдсэн 45,000,000 төгрөг дээрээ зээл төлөх графикаа гаргаж, харилцан тохиролцсон. Гэвч Д.Э нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нь зээлээ төлж байгаад 2019 оны 8 сараас хойш зээлийн үлдэгдэл нийт 20,454,000 төгрөгийг төлөөгүй. Д.Э нь миний ихэр дүү болох О.Оюундарь, түүний нөхөр С.Баярхүү хоёрын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавиулж 45,000,000 төгрөг зээлчихээд үлдэгдэл 20,454,000 төгрөгийг төлөхгүйн тулд л надаас 21,700,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Иймд Д.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эгийн нэхэмжлэлтэй О.Од холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 266,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

            4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч нь “15,000,000 төгрөгийг надад бэлэглэсэн, огт мөнгө зээлж байгаагүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэгч Д.Эгийн хариуцагч О.Оэс 21,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар гомдол гаргаагүй. Хариуцагч талаас нотлох баримтуудыг гаргаж өгч, мэтгэлцэж, оролцсон. Анхан шатны шүүх Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний талаар талууд аман хэлцэл байгуулаагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй байна гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Найз, нөхдийн журмаар тусалж, дэмжиж өгсөн мөнгөө зээлүүлсэн мөнгө гэх агуулгаар нэхэмжлэх эрх үүсээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэгтэй холбогдуулан 2 гэрчээс мэдүүлэг авсан. Гэрч н.Равсалын мэдүүлгийг хэрхэн үнэлэх нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал учраас уг мэдүүлгийг үнэлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Э хариуцагч О.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан үзлэг хийх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2021/16295 дугаар захирамжаар Д.Э, О.О нарын хооронд утсаар ярилцсан дууны бичлэгт үзлэг хийлгэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Үзлэгийн тэмдэглэлд “текстээр бичигдсэнтэй тохирч байна” гэж тэмдэглэн бичлэгийн тэмдэглэл гэх 2 хуудас баримтыг хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасан үзлэгийн тэмдэглэлд илэрсэн нөхцөл байдлыг бичнэ гэсэн заалтад нийцээгүй. Улмаар үзлэг хийх журам зөрчсөн, үзлэгээр илэрсэн хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тэмдэглэлд тусгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлээгүй гэж үзнэ.   

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн  байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 266,450 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

 

                              ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН