Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00720

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00720

 

 

 

Г.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00188 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Эгийн хариуцагч СХДТХт холбогдуулан гаргасан 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024606 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг иргэн Ц.Уламбаярт 85,000,000 төгрөгөөр худалдах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварт 1,700,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн дансанд урьдчилан төлж, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ц.Уламбаяр орон сууц худалдан авах төлбөрийн урьдчилгаа 30 хувь буюу 25,500,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний дансанд шилжүүлж, үлдэгдэл 59,500,000 төгрөгийг ХААН банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон. Гэвч би худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул Ц.Уламбаяр нь үлдэгдэл төлбөр болох 59,500,000 төгрөгийг надад өгөөгүй. Би Ц.Уламбаярын надад төлсөн 25,500,000 төгрөгийг, мөн дээрх гэрээг байгуулахад гарсан зардал 180,000 төгрөгийн хамт 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түүний дансанд буцаан шилжүүлсэн. Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би Ц.Уламбаяртай уулзаж, гэрээнээс татгалзсан тухай акт үйлдэж, орон сууцаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авсан. Би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 85,000,000 төгрөгийн орлого олоогүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны 2 хувийн татварт 1,700,000 төгрөг төлөх үүрэггүй болсон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас миний төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

 2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Э нь Ц.Уламбаяр гэгчтэй 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаа 30 хувь буюу 25,500,000 төгрөгийг Г.Эгийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 59,500,000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр СХДТХт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс 2 хувиар тооцож 1,700,000 төгрөгийн татвараа төлж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу худалдан авагч Ц.Уламбаярын нэр дээр шилжиж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон. Г.Эгийн орон сууц өмчлөх эрх Ц.Уламбаярт шилжсэн учир СХДТХт тушаасан татварын 1,700,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч СХДТХт холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

            4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүйгээс үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заасан 85,000,000 төгрөгийг хүлээн аваагүй буюу тийм хэмжээний орлого олоогүй. Зөвхөн урьдчилгаа 25,500,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээ дараа нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тул уг мөнгийг буцаан төлсөн. Иймд нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан орлогыг олоогүй тул түүнд татвар төлөх үүрэг үүсэхгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан орлого олсон эсэх талаар дүгнэлт хийлгүй, гэрээ хийгдсэн, татвар төлөгдсөн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Г.Э, Уламбаяр нар нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 30 хувь буюу 25,500,000 төгрөгийг Г.Эгийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 59,500,000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон. Үүнээс харахад бэлнээр, эсхүл зээлээр худалдан авахаас үл хамаарч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үнийн дүнгээс 2 хувийн татварыг төлж, улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлснээр Г.Эгийн өмчлөх эрх дууссан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр Г.Эгийн өмчлөх эрх Уламбаярт шилжсэн учир СХДТХт тушаасан 1,700,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Э нь СХДТХт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадралаас “шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй” гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргасан нь үндэслэл бүхий байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргажээ.

4. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх, цаашлаад төлсөн татварыг буцаан олгох үндэслэл болохгүй” гэжээ.

Гэвч Б.Нохойхүү, Г.Э, Ц.Уламбаяр, Ө.Мөнхжаргал нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1260 дугаартай худалдах-худалдан авах гэрээгээр Ц.Уламбаяр, Ө.Мөнхжаргал нар нь Б.Нохойхүү, Г.Э нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, Москва гудамж, 133/1 дүгээр байрны 99 тоот 66.86 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 25,500,000 төгрөгийг төлж орон сууцыг хүлээн авсан боловч худалдагч гэрээнээс татгалзаж, худалдан авагч 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг худалдагчийн нэр дээр буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Худалдан авагч орон сууцны өмчлөх эрхийг, худалдагч гэрээний урьдчилгаанд авсан 25,500,000 төгрөгийг тус тус харилцан буцааж өгчээ.

5. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.4-д “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна”, 10.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого”, Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим нь дуусгавар болсон бол хөрөнгөө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлого олоогүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын татварт төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч СХДТХт холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 1,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН