Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00789

 

                                      ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                          тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00188 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00720 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, Л.Одгэрэл нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл,  нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан орлогын албан татварт төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00720 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “хариуцагч Нийслэлийн ,,,,,,,,,,,,,,,,,, дүүргийн Татварын хэлтсээс 1,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, Л.Одгэрэл нар 2022.05.11-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.30-ны өдрийн 001/ШХТ2022/00590 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж, Л.Одгэрэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201/МА2022/00720 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.15-ны өдрийн 720 дугаар магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэсэн нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварыг сайн дураараа үнэн зөв тодорхойлж төлсөн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр татвар төлнө” гэж заасан бөгөөд “энэ нь тухайн худалдах-худалдан авах гэрээнд заасан нийт үнийн дүнгээс буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд заасан үнийн дүн буюу 85,000,000  төгрөгийн 2 хувиар тооцож 1,700,000  төгрөгийн татвар төлсөн байна”.

5.2. 2021.03.30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” гэж заасны дагуу 2 хувийн татвараа төлж 2021.04.05-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан нь хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогын албан татварыг төлөх үндэслэл болж байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрх бүрэн шилжсэн, эд хөрөнгө борлуулснаас хойш тодорхой хугацааны дараа гэрээний талууд хоорондоо маргаснаас болж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь байраа буцаан шилжүүлэн авсан. Энэ нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Татварын хэлтсээс татвараа буцаан шаардах үндэслэл болохгүй. Гэрээний талуудын хариуцлагагүй, буруутай үйлдлээс болж үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлж байгаа тул холбогдон гарах зардлыг буруутай тал хариуцах үндэслэл болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.15-ны өдрийн 201/МА2022/00720 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан орлогын албан татварт төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан байна.

9. Нэхэмжлэгчээс “... Би 2 өрөө орон сууцаа иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т 85,000,000 төгрөгөөр худалдах зорилгоор 2021.03.30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварт 1,700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, дүүргийн Татварын хэлтсийн дансанд урьдчилан төлж, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн... Гэвч би худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул төлсөн мөнгийг нь буцаан шилжүүлсэн... 2021.05.08-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай уулзаж, гэрээнээс татгалзсан тухай акт үйлдэж, орон сууцаа өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авсан. Би 2021.03.30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 85,000,000 төгрөгийн орлого олоогүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татварт 1,700,000 төгрөг төлөх үүрэггүй болсон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагчаас миний төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү...” гэснийг,

 хариуцагч эс зөвшөөрч, “... Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 2021.04.02-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс 2 хувиар тооцож 1,700,000 төгрөгийн татвараа төлж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэр дээр шилжиж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн орон сууц өмчлөх эрх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т шилжсэн учир ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т тушаасан татварын 1,700,000 төгрөгийг буцаан нэхэмжлэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгчийн хувьд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө бусдад худалдан борлуулсан талаар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, хэлцлийн хамт гаргаж өгсний дагуу хариуцагч байгууллагаас хуульд заасан хэмжээгээр татвар ногдуулсан нь хуульд нийцсэн (Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт) байх ба нэхэмжлэгчийн төлсөн татварыг буцаан олгох үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх, цаашлаад төлсөн татварыг буцаан олгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

11. Харин давж заалдах шатны шүүх “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар.... нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлого олоогүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын татварт төлсөн 1,700,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй...”  гэж дүгнэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна.

12. Дээрхээс үзвэл, хоёр шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг зөрүүтэй хэрэглэсэн, тодруулбал анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь хуулийн дагуу татвар төлсөн тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хувьд татвар төлөх үүрэггүй болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим нь дуусгавар болсон бол хөрөнгөө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэсний дагуу төлсөн татвараа буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

13. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэв.

13.1. Нэхэмжлэгч нь татварын байгууллагаас төлсөн татвараа буцааж авахаар шаардаж буй нь нийтийн эрх зүйн шинжтэй маргаан байх боловч тэрээр шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэж тодорхойлсон байх тул энэхүү хуулийн үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх зорилгоор анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэснийг буруутгахгүй, хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхээргүй байна.

13.2. Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу холбогдох татварыг төлсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхгүй буюу хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь, татвар төлөгч болон татварын байгууллага хооронд үүсэх татвар ногдох орлогыг тодорхойлох, татвар ногдуулах, хураах, буцаан олгох, хөнгөлөх, чөлөөлөх зэрэг харилцаа нь зөвхөн Татварын хууль тогтоомжоор зохицуулагдах нийтийн эрх зүйн харилцаа. Харин Иргэний хууль бол ижил тэгш эрхийн үндсэн дээр үүсэх иргэд (хуулийн этгээд) хоорондын эдийн болон эдийн бус харилцааг зохицуулах зорилготой хувийн эрх зүйн хэм хэмжээ юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү хуулийг үндэслэн төлсөн татвараа буцаан авахыг шаардаж буй нь үндэслэлгүй.

13.3. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараа өөрөө тодорхойлж зохих хувь хэмжээгээр төлсөн, ийнхүү төлснөөр хууль ёсны захиргааны акт хэрэгжиж дууссан байх тул хариуцагчийг хууль бусаар, эсхүл үндэслэлгүйгээр татвар авсан гэж үзэхгүй. Нэгэнт хуулийн дагуу төлсөн татварыг хууль тогтоогч хуулийг хүчингүй болгосон, өөрчилсөн (хувь хэмжээг бууруулсан), өршөөсөн, эсхүл татвар төлөгч нь (татвар төлсөн) үйл ажиллагаа, гэрээ, хэлцлээ хожим нь дуусгавар болгосон, татгалзсан, цуцалсан зэргээр “үүрэг дуусгавар болсон” гэх үндэслэлээр буцаан шаардах боломжгүй. Харин татвар төлөгч төлөх ёсгүй татварыг төлсөн, эсхүл илүү төлсөн зэрэг үндэслэлээр татварын байгууллагаас буцаан шаардах, төлөх ёстой татвартаа нөхөн суутгуулах зэрэг боломжтой ч энэ нь зөвхөн Татварын хууль тогтоомжоор зохицуулагдах юм.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “төлсөн татварыг буцаан авах хуулийн зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардаж байгаа” гэсэн тайлбар өгсөн нь үндэслэлгүй, учир нь хэрэв энэ талаар Татварын хууль тогтоомжоор зохицуулаагүй л бол буцаан олгох боломжгүй.

15. Гэтэл давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

16. Иймд, “... давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, ... гэрээний талууд хоорондоо маргаснаас болж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь байраа буцаан шилжүүлэн авсан нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй бөгөөд татвараа буцаан шаардах үндэслэл болохгүй... магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00720 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2022/00188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД