Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/MA2018/0189

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0189

Улаанбаатар хот

 

 

 

 

Г.З-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.З нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэртэй, Г.З-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь энэхүү шийдвэрийг үндэслэх хэсэгт дурдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Г.З-г ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаал хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Гэтэл яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нь төсөөтэй чиг үүргийг хэрэгжүүлж болох хэдий ч хүлээх хариуцлага, шатлан захирах ёс, эдлэх эрх, цалин хангамж, зэрэг дэвийн хувьд бүрэн ялгаатай ондоо албан тушаал юм. Тухайлбал: Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар “яамны ахлах мэргэжилтэн нь ТЗ-8-д, мэргэжилтэн нь ТЗ-7 зэрэглэлд” хамаардаг болохыг тодорхой заасан бөгөөд. Одоо шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвших замаар томилогддог албан тушаал болж илүү тодорхой тусгагдсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг орон тоо нь хасагдсан учраас ажлаас чөлөөлжээ. Ийнхүү чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримталж зохих нэг удаагийн тэтгэлгийг олгосон. Ингэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийг 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан баталгаагаар хангасан.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нь ахлах мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан хэдий ч хариуцагч уг заалтын дагуу хамгийн илүү шаардлага хангасан албан хаагчдыг томилсон.

Тухайлбал Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.Э боловсролын магистрын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч тул Г.С, Г.З нараас давуу байсан. Харин Г.С нь Г.З-гаас ажилласан жил болон боловсролын түвшингээр илүү /магистр зэрэгтэй/ тул дотоод аудитын 2 орон тоонд ажлын байр нь хадгалагдаж үлдсэн М.Э, Г.С нарыг үргэлжлүүлэн томилсон. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 433 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4-д “...дотоод аудитор нь ... магистар болон түүнээс дээш зэрэгтэй байх” шаардлага тавигддаг бөгөөд /энэ нь ажлын байрны тодорхойлолтод туссан/ эдгээр шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь гуравдагч этгээдүүд болно.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгаруулалтыг хэрхэн яаж явуулах нь ажил олгогчийн бүрэн эрх бөгөөд үүнийг журамласан дүрэм, журам байхгүй учраас хариуцагч энэхүү шалгаруулах ажиллагааг төрийн албан хаагчдын хувийн хэрэг, төрийн албан хаагчдын нэгдсэн мэдээллийн системд тусгагдсан мэдээлэл, ярилцлагад үндэслэн хийсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй болно. Нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй учраас шүүх холбогдох гэрч нарыг асуугаагүй, нотлох баримтыг нэмж цуглуулаагүй гэж ойлгож байна. Энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтын хамт нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

Мөн хариуцагч нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангах шат дараалсан арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах асуудлаар яамнаас харьяа байгууллагуудад албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч ч уг шийдвэрийн дагуу холбогдох байгууллагуудад очиж уулзаж, хариу авч байсан. Тухайн шилжүүлсэн байгууллагуудад орон тоо байхгүй, ажлын байраар хангах боломжгүй, мөн тэтгэмжийг олгосны дараа л шүүхэд хандаж байгаа зэргээр нэхэмжлэгчийн хандлага байр суурь давхар нотлогдоно.

Нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлсөн бодит нөхцөл байдал нь ийм байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан шалгаруулалтыг хариуцагч өөрийн сонгон авсан хэлбэр, арга барилаар явуулж, яагаад гуравдагч этгээдүүдийг томилсон тухай хангалттай тайлбар үндэслэлээ илэрхийлсэн байтал “гэрч асуухаас татгалзсан” Энэ нотолгоог шалгаагүй байж шалгаруулалтын талаар нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх “зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй” гэж хариуцагчийг буруутгасан хэрнээ ямар журам байдаг тухай шийдвэртээ тусгаагүй учраас хариуцагч ямар журам зөрчсөнөө мэдэхгүй, буруутгагдаж буй үндэслэлээ ойлгохгүй байна.

Дээрх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг Г.З-г ажлаас чөлөөлөх тушаалдаа баримтлаагүй гэж шүүх хариуцагчийг буруутгасан.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь “Төрийн албан хаагчийн баталгаа”-г зохицуулсан хуулийн зохицуулалт билээ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд хэрэглэх биш энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Г.С, М.Э нарыг томилох тушаалд илүү хамаарах нэмэлт баталгаагаар хангасан зохицуулалт гэж үзнэ.

Учир нь уг хуулийн зохицуулалт, утга агуулга нь орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн үлдэж буй төрийн жинхэнэ албан хаагчдыг шалгаруулсны үндсэн дээр томил гэж ажил олгогчийг үүрэгжүүлэх хэлбэрээр төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангасан. Харин хуулийн бичилт, техникийн хувьд дээрх нөхцөл байдлын хувьд шалгараагүй үлдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлнө гэж Төрийн албаны тухай хуульд бичээгүй байна.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэсэн. Мөн ажлаас чөлөөлөхдөө төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж, тэтгэмж олгох зохицуулалт болох 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэсэн болно.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үед Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг нь батлагдаагүй буюу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдээгүй байсан юм.

Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгч Г.З-г ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн. /хуульд өөрчлөлт орохоос өмнөх байдлаар/ Учир нь нэхэмжлэгчийн ажлын байр цөөрсөн бөгөөд мэдлэг чадвар, мэргэшлийн хувьд хамгийн илүү шаардлага хангасан иргэдийг үлдсэн 2 ажлын байранд авч ажиллуулсан нь хууль зөрчөөгүй болно. Энэхүү гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтууд хоорондоо зөрчилдөөнтэй бодит байдал дээр хариуцагч хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй байна.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Энэ шүүхийн шийдвэрээр ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах шийдвэр гараагүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Тийм учраас “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг баримтлан ажиллаагүй хугацааны цалинг олгох” хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Энэ үндэслэлээр шийдвэрийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн үндэслэлийн дагуу шүүх хариуцагч яамны дотоод аудитын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон хасагдсан уу, байгаа юу, одоо байгаа албан тушаал буюу дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд гуравдагч этгээдүүд болох Г.С, М.Э нарыг томилоод Г.З-г чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх байтал шүүхийн хяналтын цар хүрээний хувьд шалгаж тогтоох бүрэн боломжтой асуудал байтал актын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Тухайлбал: шалгаруулалтыг дахин явуулсан ч Г.З тухайн 2 орон тоонд томилогдох боломжгүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу шалгаруулалтыг дахин явуулахад Г.З нь дахиад ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ тохиолдолд одоо хүчин байгаа Төрийн албаны тухай хуулийн дагуу 3 сарын тэтгэмж олгогдож, эрх зүйн байдал нь улам дордохоор байна.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал хариуцагчийн тайлбарууд, гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Иймд давж заалдах гомдлын хүрээнд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн яам нэгдэж бүтцийн өөрчлөлтөд орсонтой холбоотой Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар /Хавсралт/ нийт албан хаагчдыг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэхэд нэхэмжлэгч Г.З нь дотоод аудитын ахлах мэргэжилтний үүрэг ажлаас чөлөөлөгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ахлах мэргэжилтэн Г.З-г бүтэц өөрчлөгдөн албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгожээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “дотоод аудитын ахлах мэргэжилтэн миний орон тоо, цалингийн сан, ажлын байр хэвээр  хадгалагдаж, үр дүнгийн гэрээний биелэлт “В” буюу сайн гэж дүгнэгдсэн байхад ямар үндэслэлээр ажлаас халсныг шалган тогтоох шаардлагатай ...” гэж маргажээ.

Хэрэгт Г.З-ийн ажиллаж байсан “дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ий албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолт авагдаагүй байх тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцэд “дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд түүний ажиллаж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, эсхүл уг орон тоо хасагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. 

Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор дээрх байдлаар бүтэц өөрчлөгдөхөөс өмнө хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар бүтэц, орон тоог батлахдаа тус яамны Дотоод аудитын тасагт “дотоод аудитын албаны дарга 1, дотоод аудитын мэргэжилтэн 1” гэж заасан атлаа 4 дүгээр хавсралтаар ажилтан, албан хаагчдыг томилохдоо Г.З-г дотоод аудитын “ахлах” мэргэжилтний орон тоонд томилсон байх бөгөөд “ахлах” мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт тухайн үед батлагдсан эсэх, мэргэжилтэнгээс ялгаатай эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “ахлах” мэргэжилтний орон тоо хасагдсан гэх тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/06 дугаар тушаалаар яамны бүтцийн нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн хуваарийг баталсан байх бөгөөд 4 сарын өмнө 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Г.З-г чөлөөлөх үед тус яамны бүтэц, орон тоо хэрхэн өөрчлөгдсөн талаарх тушаал, шийдвэр байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй, нэгдүгээр хавтаст хэргийн 137-д шинээр батлагдсан гэх хариуцагчаас ирүүлсэн “дотоод аудитын мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолт хэзээ батлагдсан нь тодорхойгүйгээс “... ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан ч ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан албан хаагч нь хүсвэл мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэх ажиллах боломжтой, эрхтэй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... дотоод аудитын мэргэжилтний 2 орон тоонд шалгаруулалт явуулж, ажлын байранд тавигдах шаардлага илүү хангаж байгаа Хөдөлмөрийн яамны дотоод аудитын мэргэжилтэн М.Э, нягтлан бодогч Г.С нарыг Г.З-гаас магистрын зэрэгтэй илүү байсан тул томилсон ...” гэх тайлбар ирүүлжээ.

Хэрэгт авагдсан /хх-ийн 53-56/ 2012 оны дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзвэл “магистр” зэрэгтэй байх шаардлага байсан хэдий ч Г.З-г томилон ажиллуулсаар байсан, мөн уг албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг зэргээс үзвэл магистрын зэрэг зайлшгүй шаардлагатай гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

Харин Хөдөлмөрийн яаманд дотоод аудитын мэргэжилтний орон тоо хэд байсан, гуравдагч этгээд М.Э, Г.С нар уг албан тушаалд ажиллаж байсан эсэх, уг албан тушаалын чиг үүрэг ямар байсан, мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын ажиллаж байх үеийн үйл ажиллагааны үр дүн, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан шалгаруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д нийцсэн эсэхэд шүүх холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн “... Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар шалгаруулалт явуулсан ...” гэх тайлбар гаргасаар атал уг шалгаруулалтыг үндэслэлтэй явуулсан эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлгүй, “... зохих этгээдийг шалгаруулах эрх хэмжээ нь томилох эрх бүхий этгээдэд хамаарч байна” гэж үзэж, маргаан бүхий актыг 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. 

Иймд дээр дурдсан асуудлуудад холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ