Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00664

 

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.У, М.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,758,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, хариуцагч М.Т, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.У, М.Т нар 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийн 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан ба мөн өдөр банк 8,000,000 төгрөгийг Н.Уын ХХХ дахь 00000 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор цалин болон түүнтэй адилтгах орлогыг барьцаалсан бөгөөд М.Т нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгч буюу нөхөх үүрэгтэй оролцсон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 3,692,436.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,468,311.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,786.81 төгрөг, нийт 5,168,534.95 төгрөгийг төлсөн ба төлбөрийн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1102 хоног хугацаа хэтрүүлсэн. Үндсэн зээлийн төлбөр 4,307,563 төгрөг, хүү 2,957,908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 492,761 төгрөг, нийт 7,758,232 төгрөгийг Н.У, М.Т нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагч М.Тгийн татгалзал, тайлбарын агуулга: Би хүүхдийнхээ гуйлтаар банкинд очиж уулзсан, зээлийн мөнгөнөөс огт аваагүй. Н.У өөрөө төлнө гэсэн. Энэ мөнгө, зээл нь надад хамааралгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         

          Хариуцагч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрөө хариуцаад төлнө гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.У, М.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 7,758,232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У, М.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 139,082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХ ХХК-д олгож шийдвэрлэжээ.                                                                                                                                                                                                                                                                           

          4. Хариуцагч М.Тгийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь “ХХХ” ХХК-аас зээл авч байгаагүй. Н.У “зээл авах гэсэн юм та тус болооч” гэж гуйхаар нь банкин дээр очсон. Гэрээнд банкны ажилтан болон хүү Н.У нар гарын үсэг зурчих гэсний дагуу гарын үсэг зурсан. Гэхдээ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, надад хамаагүй. Тэтгэврийн хүнээр зээл төлүүлэх шийдвэр гаргасан. Тэтгэврийнхээ мөнгөөр амьдардаг би хүний хэрэглэсэн мөнгийг төлөх боломжгүй. Гэрээг уншаагүй гарын үсэг зурсан нь миний буруу байсан. Н.У өөрөө хариуцлагаа хүлээж мөнгөө төлнө гэсэн болохоор энэ шийдвэрээс намайг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: М.Т нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаас татгалзаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Манай талаас түүнийг нь дэмжээгүй. Учир нь М.Т нь эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ХХХ ХХК нь хариуцагч Н.У, М.Т нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 7,758,232 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин хариуцагч М.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “ХХХ” ХХК болон Н.У, М.Т нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 00000 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 22,8 хувийн хүүтэй, зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй. /хх13-16/

 

3.а. Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

3.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч Н.Уын ХХХ дахь 00000 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 8,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэргийн 17-18 дахь талд авагдсан дансны хуулгаар тогтоогдсон байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.У, М.Т нар зээлийн үүргээ хугацаандаа төлөөгүй, зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, зээлийн гэрээний 3.2.1-д заасан зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна.

 

 4.а. Иймд нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч Н.У, М.Т нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

 

4.б. Анхан шатны шүүх үндсэн зээлийн төлбөр 4,307,563 төгрөг, зээлийн хүү 2,957,908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 492,761 төгрөг, нийт 7,758,232 төгрөгийг хариуцагч Н.У, М.Т нараас гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагч М.Тгийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4/

 

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн алинаас нь ч шаардах эрхтэй бол хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үздэг.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрч Н.У, М.Т нар гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу уг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Аливаа этгээд нь хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурснаар тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох уг гэрээний дагуу эрх зүйн үр дагавар үүсдэг байна. Энэхүү гэрээгээр М.Тд зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх үүрэг үүссэн байна.

 

5.а. Хариуцагч М.Т зээлийн гэрээг уншаагүй гарын үсэг зурсан” гэж маргаж байх боловч тэрээр дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Уг гэрээг хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн, төөрөгдлийн улмаас байгуулсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Зээлийн гэрээний зээлдэгч тал болох хариуцагч М.Т, Н.У нар нь төрсөн эх, хүү байх бөгөөд хариуцагч Н.У мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Банкнаас нэг зээлдэгч болох Н.Ут мөнгийг хүлээлгэн өгснөөр зээл олгогдсонд тооцогдоно.

 

Хариуцагч М.Т нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч “ХХХ” ХХК-аас шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг аваагүй, түүний хүү хамтран зээлдэгч Н.У мөнгийг хүлээн авсан гэх тайлбар нь зээлийн гэрээний зээлдэгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч М.Тгийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

6. Хариуцагч нарын хэн нь ч зээлийн гэрээний үүргээ биелүүлж болох бөгөөд хариуцагч Н.У гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд хариуцагч М.Т хуулийн дагуу гэрээний үүргээс чөлөөлөгдөх юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Тгаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ