Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 313/ШШ2025/00462

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД: *******/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, москвагийн гудамж, ******* дүгээр байрны ******* тоот.

 Хариуцагч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга /РД: *******/, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4-р баг, Урт.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол банкны мэдээллийн сангаас Д.*******г муу зээлийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулахыг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

                                  1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргатай гэрээ байгуулж тус сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 10 сая төгрөгийн зээл авсан. Хамтран төслийн зээлийн үйл ажиллагааг явуулах хүмүүстээ зээлийн мөнгийг шилжүүлсэн боловч хамтран үйл ажиллагаа явуулах хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ төлөөгүй. Зээлдүүлэгч тал зээлийн эргэн төлөлтийг надаас шаардаагүй өнөөг хүрсэн.

Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх зээлтэй холбоотойгоор иргэн Д.******* намайг “муу зээлийн ангилалд” оруулсан байсныг 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдөр миний бие мэдсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол аливаа субьектив эрхээ албадлагын журмаар хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул зээлдүүлэгч тал зээлээ шаардах эрхээ алдсан.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.8-д мэдээлэл нийлүүлэгч гэж ...зээлдүүлэгч байгууллагыг хэлнэ. Мөн хуулийн 18.1 дэх хэсэгт зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт өөрчлөлтийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ гэсэн байх тул Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас “муу зээлийн ангилалд” оруулсан мэдээллийг хасуулахыг хариуцагч талд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Д.*******гийн Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгч гэх ангиллаар бүртгэснийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч гэх ангилал байхгүй болсон. Онооны зарчмаар явдаг болсон гэж ярьж байгаа хэдий ч чанаргүй зээлдэгч гэх мэдээлэл бүртгэгдсэн учраас оноо доошоо унаад байгаа. Тиймээс зээлийн мэдээллийн сангаас 10 000 000 төгрөгийн зээлийн мэдээллийг хасуулах хүсэлтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр байгаа. Одоо Д.*******гээс танай байгууллага ямар нэгэн байдлаар шаардах эрх байхгүй. Одоо зээлийн мэдээллийн сан гэж байхаа больсон. Нэхэмжлэгч Д.******* одоо зээл авах гэхээр өмнө нь зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр орсон учраас оноо нь доошоо унаад, эрх зүйн байдал нь алдагдаад байгаа гэв.

2. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Сум хөгжүүлэх сан нь 2018 оны 09 дүгээр сараас Сум хөгжүүлэх сангийн мэдээллийн сангийн хяналтын сангийн программыг ашиглах болсон тус программ нь 20******* оны 05 дугаар сараас Монгол банкны зээлийн мэдээллийн сантай холбогдсон. Иргэн Д.*******гийн зээлийн мэдээллийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.1.4 дэх хэсэг /сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж, холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах/-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах/-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгтгэсэн. Тухайн мэдээллийн санд бүртгэгдсэн зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас муу зээлийн ангилалд оруулсан мэдээлэл засагдах болно.

Иймд дээрх мэдээллийг засах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага нь Монгол банк тул манай зүгээс хариуцагч болох боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд “Мак” дэд сан гэж байхад Д.******* хамтран зээлдэгчээр 10 000 000 төгрөгийн зээл авсан. Тэр сан нь Сум хөгжүүлэх сан, одоогоор Хоршоо хөгжүүлэх сан болсон. Д.*******гийн зүгээс тухайн үед авсан 10 000 000 төгрөгийн зээлийг огт төлж барагдуулаагүй. Тиймээс Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хасах ямар ч боломжгүй.

Нэгдүгээрт, Д.******* нь 10 000 000 төгрөгийн зээлийг огт төлөөгүй. Хоёрдугаарт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх бүхий этгээд биш. Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хасхын тулд эхлээд Д.******* 10 000 000 төгрөгийн зээлийг төлөх хэрэгтэй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “”-аас олгох 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, гэрээний хавсралтын хуулбарууд, итгэмжлэлүүд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар,

Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, ковид-19 шинжилгээний хариу, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ20*******/02476 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, “”-аас олгох 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, гэрээний хавсралтын хуулбарууд, subaru impresa маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн болон Б.*******н иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 345, 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 56, 20******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаартай албан бичгүүдийн хуулбар, Програмын нэвтрүүлэлт, ашиглалт, үйлчилгээний 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний хуулбар, гэрээт ажил хүлээлцэх актын хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай “Нэгтгэлийн программын зардал гаргах тухай”; 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/239, 20******* оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай “Хөрөнгө гаргах тухай” захирамжийн хуулбар, Програмын жигд ажиллагааг хангах 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 46-15 дугаартай гэрээний хуулбар, нэхэмжлэх, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/37, 20******* оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/492, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/24, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1-75  дугаартай албан бичгүүд, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэл, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдуулан “Монгол банкны мэдээллийн сангаас Д.*******г муу зээлийн ангилалд оруулсан мэдээллийг хасуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргатай гэрээ байгуулж “Сум хөгжүүлэх сан”-гаас 10 сая төгрөгийн зээл авсан. ...зээлээ төлөөгүй, мөн зээлдүүлэгч тал зээлийн эргэн төлөлтийг надаас шаардаагүй өнөөг хүрсэн. Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх зээлтэй холбоотойгоор иргэн Д.******* намайг “муу зээлийн ангилалд” оруулсан байсныг 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдөр мэдсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрийг үндэслэж Д.*******гийн Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлийн ангилалд оруулсныг хасуулах үндэслэлтэй. Тиймээс зээлийн мэдээллийн сангаас 10 000 000 төгрөгийн зээлийн мэдээллийг хасуулах хүсэлтэй байна” гэжээ.

3. Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга “...Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус программын мэдээллийн санд оруулж Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгтгэсэн. Тухайн мэдээллийн санд бүртгэгдсэн зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас муу зээлийн ангилалд оруулсан мэдээлэл засагдах болно.

Иймд Д.******* зээлээ төлөөгүй, мөн дээрх мэдээллийг засах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага нь Монгол банк тул манай зүгээс зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх бүхий этгээд биш” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1 Зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, “”, зээлдэгч Д.******* нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11 дугаартай “”-гаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 10 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.   

4.2 Талууд 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Марк 2 маркийн автомашин, Subaru impriza маркийн автомашин зэргийг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.

4.3 Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан ба зээлдэгч Д.******* зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 875 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4.4 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрээр “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр Д.*******гээс 11 875 000 төгрөг гаргуулах Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

5. Нэхэмжлэгч нь зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн мэдээллийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнтэй холбоотойгоор хариуцагч тал нь Д.******* зээлээ төлөөгүйгээс гадна Гурвантэс сумын Засаг дарга нь зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх бүхий этгээд биш гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

Зээлдэгч Д.******* зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн ангилалд бүртгэгдсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч Д.******* 20******* оны 07 сарын *******-ний өдөр мэдсэн болох нь түүний гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ үйл баримтыг няцаахгүй байна.

6. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, зээлийн төлбөрийн талаарх мэдээллийг ойлгох бөгөөд зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч буюу зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч этгээд магадалж, хариуцахаар байна.

Д.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 11 875 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын нэхэмжлэлийг “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа” өнгөрсөн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, талууд энэ талаар маргахгүй байна. 

Иймээс хариуцагч нь зээлийн гэрээний харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ алдсан болох нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул шаардах эрхгүй гэж үзнэ.

7. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч нь зээлдүүлэгч болох бөгөөд хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3-т зааснаар мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй болно. 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч шаардлагаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нь дээрх хуулийг зөрчөөгүй тул Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар Д.*******д Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон 10 000 000 төгрөгийн зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хассан мэдээлэл нийлүүлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар нэхэмжлэгч Д.*******г муу зээлдэгчийн ангилалд оруулсан мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас хассан мэдээлэл нийлүүлэхийг хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН