Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 582

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан Д.Мөнх-Очирын өмгөөлөгч Б.Наранцэцэг,

Хохирогч Б.Батзориг,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Л.Баатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Мөнх-Очирт холбогдох 201626010822 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайжуу овогт Дамирангийн Мөнх-Очир, 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 11-194 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП94070114/,

 

Д.Мөнх-Очир нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 12 дугаар гудамжны 21 тоот хашаанд хамт сагс тоглож байсан Б.Батзоригтой тоглоомоос болж маргалдан түүний толгойн тус газарт хүрзний ишээр цохиж бие махбодид нь “зүүн талын этмойд хөндийгөөс зүүн духны хөндий, нүдний ухархайн дээд хана дайран зүүн дух руу дээш үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, духны хэсгийн тархины эдэд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд шарх” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Мөнх-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайжуу овогт Дамирангийн Мөнх-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнх-Очирт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хүрзний модон ишийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  Д.Мөнх-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3.656.450 төгрөгийг Д.Мөнх-Очироос гаргуулж, хохирогч Б.Батзоригт олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй 557.067 төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Батзориг өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Батзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Б.Мөнх-Очир нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшээгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа анхнаасаа удаан явагдсан. Мөрдөн байцаагчаас асуухаар “удахгүй прокурорт шилжүүлнэ” гэдэг байсан. Би прокурорын шатанд хэргийн материалтай танилцахад Мөнх-Очир өөрийгөө сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй мэтээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлт өгсөн. Дүгнэлт гарахгүй байснаас мөрдөн байцаалтын явц удааширсныг мэдсэн. Их сургууль төгсөж байгаа хүн сэтгэцийн өвчтэй баймааргүй юм. Шинжээчийн дүгнэлтээр “хэрэг хариуцах чадвартай” нь тогтоогдсон байсан. Түүгээр барахгүй Мөнх-Очир дүүгээ хамгаалж, аргагүй хамгаалалт хийсэн мэтээр мэдүүлэг өгдөг.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан...” үндэслэл байхгүй. Би гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч, эмчилгээ хийлгэснээс болж цаг хугацаа алдаж, хичээл сургуульдаа явж чадаагүй маш их хохирсон. Намайг Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Б.Мөнх-Очирын ээж нь 6 хоногийн эмчилгээнд хэрэглэгдэх 540.000 төгрөгийн эм тариа авчирч өгсөн байсан. Мөрдөн байцаалтын шатанд /540.000 төгрөгийн эм тарианаас гадна/ нэхэмжилсэн 600.495 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх эмчилгээ болон бусад хохиролд 4.213.517, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийлээд 6.814.012 төгрөгийн хохирол учирснаас Б.Мөнх-Очир 2016 оны 7 дугаар сарын 29-нд 570.000 төгрөг өгсөн. Бусад хохирол одоо болтол төлөгдөөгүй.Мөнх-Очир урд нь надтай нэг ч удаа утсаар холбогдоогүй, миний эрүүл мэндэд санаа тавиагүй, хохирол төлбөр төлөх сэтгэл зүтгэл гаргаж байгаагүй.

3. Шүүхийн тогтоолд “... мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжлэх боломжтой байжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нь шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй байдалд хүргэснийг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхний шүүх хуралдаан товлогдоход миний өмгөөлөгч Б.Отгонцэцэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Би Орхон аймагт байсан учраас миний бие, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2, 42.3.9 дэх хэсгүүдэд “хохирогч нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд хохирлын талаарх баримт сэлт гаргаж өгөх, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу би 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хүртэлх гаргасан хохирлын 6.213.517 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн.

4. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2, 42.3.9 дэх хэсэгт заасныг зөрчиж, мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нэхэмжлэх боломжтой байсан гэж дүгнэснээр барахгүй, хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Надад учирсан гэмтэл одоо болтол бүрэн эдгэрээгүй, хохирол нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хэмжээгээр хорих ял оногдуулан, хохирогч миний эрх зүйн байдлыг хэт дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү…” гэв.

 

Хохирогч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх Д.Мөнх-Очирт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл буюу “...гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэгийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан...” үндэслэл тогтоогдоогүй. Б.Батзориг нь гэмтэл авсны дараа Гэмтэл Согогийн үндэсний төвд хэвтэж байхдаа эмчийн зөвлөснөөр хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх эм тариануудыг гаднаас авч эмчилгээ хийлгэж байсан бөгөөд Б.Мөнх-Очирын ээж 540.000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн байсан. Б.Батзориг нь мөрдөн байцаагчид анх удаа мэдүүлэг өгөхдөө тэр үе хүртэлх хохирлын баримтуудыг өгсөн. Удахгүй прокурорт хэргийг шилжүүлнэ гэж байсан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа их удааширч байсан учрыг прокурорын шатанд хэргийн материалтай танилцаад мэдсэн. Мөнх-Очир өөрийгөө сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй мэтээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгч, дүгнэлт гаргах явц удааширсны улмаас мөрдөн байцаалтын шат удсан юм билээ. Их сургууль төгсөж байгаа хүн сэтгэцийн өвчтэй байна гэж баймааргүй юм. Тэгээд ч шинжээчийн дүгнэлтээр “хэрэг хариуцах чадвартай” нь тогтоогдсон. Мөн хэргээс өөрийгөө мултлахын тулд дүүгээ хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн мэтээр мэдүүлэг өгсөн байсан. Анхан шатны шүүхийн тогтоолд “... мөрдөн байцаалтын шатанд хохирол нэхэмжлэх боломжтой байжээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нь шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй байдалд хүргэснийг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2, 42.3.9 дэх хэсгүүдэд “хохирогч нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд хохирлын талаарх баримт сэлт гаргаж өгөх, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан. Б.Батзориг нь хуульд заасан эрхийнхээ дагуу 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд гаргасан хохирлын баримт /эм тариа авсан, томографикт харуулсан болон эмнэлэг явж дусал, тариа зэргийг хийлгэх үедээ бензин авсан гэх мэт/-уудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан Д.Мөнх-Очирын өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 82 тоот шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан, хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирлыг яллагдагч тал төлсөн учраас шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн гэж ойлгож болохгүй. Хохирогч талын өмгөөлөгч Хөвсгөлд байдаг учраас би байнга утсаар ярьж байсан. Мөн хохирогчийн ээжтэй яриад “та нар нотлох баримтаа өгөөч, бид нар хохирлоо төлье” гэхэд “болоогүй байна” гэж хэлсэн. Боломжийн хэмжээгээр яллагдагч тал хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн учраас шүүх энэ хуулийг буруу хэрэглээгүй. Мөн хохирогч талаас Д.Мөнх-Очирыг хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцээ шалгуулъя гэж хүсэлт өгсөн гэж байна. Тийм зүйл хэрэгт огт байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Хүнд гэмт хэрэг учраас сэтгэцийг шалгуулдаг. Энэ бол процессийн ажиллагаа юм. Эцэст нь хэлэхэд Д.Мөнх-Очир өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Яагаад та хүн зодох болсон бэ гэдэг асуултад манай дүү бөөрний хорт хавдартай учраас дүүгээ зодоонд оролцуулахгүйн тулд энэ хэргийг үйлдсэн гэж ярьсан болохоос ямар ч аргагүй хамгаалалт гэж яриагүй. Өмгөөлөгч буруу ойлгосон юм шиг байна. Д.Мөнх-Очир хийсэн хэргээ ойлгож маш их гэмшсэн. Шийтгэх тогтоол хууль ёсны гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр Д.Мөнх-Очироос гаргуулах 3.000.000 гаран төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг өгч байя, үлдсэнийг нь боломжоороо барагдуулна гэж хэлсэн боловч хохирогч бөөнөөр нь авна гэдэг асуудал ярьсан. Бид хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахын тулд бүх хохирлыг төлнө. Д.Мөнх-Очирын эцгийн цалин мөн хүлээгдээд байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлттэй нийцүүлэн тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчид холбогдуулан яллах гэж буй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлага буй. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах ёстой. Гэтэл Д.Мөнх-Очирт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага  хангагдаагүй байна. Тухайлбал:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батзориг /хх-ийн 24/, насанд хүрээгүй гэрч Д.Намдаг /хх-ийн 14, 15/, У.Гэрэлт-Од /хх-ийн 28, 29/, Б.Энхтуул, гэрч Г.Наранчимэг /хх-ийн 34/, П.Оюунчимэг нар, түүнчлэн Д.Мөнх-Очирын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд Д.Мөнх-Очирын гэмт хэрэг үйлдсэн цаг, хугацааг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэж мэдүүлжээ.

Эдгээрээс гадна прокурорын яллах дүгнэлтэд  Д.Мөнх-Очир нь 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 12 дугаар гудамжны 21 тоот хашаанд хамт сагс тоглож байсан Б.Батзоригтой тоглоомоос болж маргалдан түүний толгойн тус газарт хүрзний ишээр цохиж бие махбодид нь “зүүн талын этмойд хөндийгөөс зүүн духны хөндий, нүдний ухархайн дээд хана дайран зүүн дух руу дээш үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, духны хэсгийн тархины эдэд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духанд шарх” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн дурджээ.

 

Гэтэл Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад А.Эрдэнэбаяр Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн, уг тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “…2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл...” /хх-ийн 47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4379 дугаар шинжээчийн дүгнэлтэд “…2016.03.2-ны КТГ-д…” гэснээс тус тус дүгнэхэд гэмт хэрэг гарахаас өмнө хохирогчид гэмтэл учирсан мэт ойлгогдохоор байна.

 

Дээрх цаг хугацааны зөрүүтэй байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, тэдгээр нотлох баримт хэрэгт болон хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болох тул мөрдөн байцаалтын шатанд тэдгээрийг зөвтгөж, ямар шалтгааны улмаас мөрдөн байцаагчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтэд цаг хугацаа зөрүүтэй бичсэн болохыг нарийвчлан тогтоох нь зүйтэй.

 

Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэх юм.

 

  Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Д.Мөнх-Очирын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх хохирогч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Эрүүгийн хуульд байхгүй “…551 дүгээр зүйлийн 551.1…” гэсэн зүйл, анги бичигдсэн, мөн анхан шатны шүүх ялтан Д.Мөнх-Очир гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тухай баримт хэрэгт авагдаагүй байхад хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: