| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/01253/И |
| Дугаар | 191/ШШ2025/08795 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/08795
2025 10 16 191/ШШ2025/08795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
88,209,403.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хариуцагч ******* ХХК-иас 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд дулаан эрчим хүчний хэрэглээний төлбөрт /халаалт/ 59,778,981 төгрөг хэрэглээний цэвэр, бохир усны төлбөрт 28,430,422 төгрөг нийт 88,209,403 төгрөг нэхэмжилнэ.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд нэхэмжлэгч байгууллага бол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд. Энэ үйлчилгээг үзүүлж байсан нэг хуулийн этгээд нь ******* компани. ******* компанийн хувьд 2012 оноос хойш энэ үйлчилгээг авч ирсэн. Энэ үйлчилгээг авч байхдаа төлбөр мөнгийг цаг тухайд нь төлж байсан зүйл ерөөсөө байдаггүй. Дандаа төлбөрийг дутуу төлдөг. Ингээд төлбөр мөнгөө төлж барагдуул, нийт хооронд гаргасан тооцоо, өр авлага энэ бүх зүйлээ нэгтгэх хэрэгтэй гэдэг байдлаар талууд харилцан тохиролцоод тооцоо нийлэх актыг үйлдсэн. Тухайн тооцоо нийлэх акт дээр нэхэмжлэлд заасан дүнгээр ******* компани ******* ******* компанид өр төлбөртэй юм байна гэдэг харилцан тохиролцоог хийж байгуулсан. Компанийн холбогдох хүмүүс гарын үсгээ зураад, санхүүгийн тамга тэмдэг дарагдсан. Гэтэл тооцоо нийлснээс хойш төлбөр төлсөн зүйл огт байдаггүй. Хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа энэ тооцоог тооцоо нийлэх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй учраас төлөхгүй гэсэн. Гэхдээ энд тухайн компанийн тамга тэмдэг дарагдаад нягтлан гэдэг хүн нь гарын үсэг зураад явж байгаа тохиолдолд бид тэр хүний тооцоо нийлэх эрхтэй, эрхгүй байсан этгээд гэдгийг мэдэх боломжгүй. Компани бол өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа тамга дардас, тэмдэг ашигладаг. Энэ дарагдаад холбогдох хүн нь гарын үсэг зураад ирж байхад бид үүнийг дахин нягтлах ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ байхгүй. Түүнээс гадна тухайн тооцоо нийлсэн хүн бол ******* компанид ажилладаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Түүнээс гадна тухайн ******* гэж хүн нь нэхэмжлэгч ******* ******* компанид төлбөр мөнгө тушаадаг байсан үйл баримт ч гэсэн байдаг. Тийм учраас тооцоо нийлсэн. Энэ тооцооны дагуу бид үйлчилгээ үзүүлсэн. Үзүүлсэн үйлчилгээгээ баталгаажуулж, төлбөр тооцоо нийлсэн. Тийм учраас тооцоо нийлэх гэрээний дагуу 88,209,406 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч болон түүний өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байгаа. Хариуцагч компани нь дүүрэгт байрлах орон сууцны 75 дугаар байрны ашиглалтыг Даваадорж захиралтай ******* компани нь 2013 онд барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэж, улсын комисст бүрэн хүлээлгэж өгсөн байдаг. Үүний дараа орон сууцыг иргэдэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тэдгээрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд нь шилжүүлж бүрэн дууссан. 2014 оноос хойш одоог хүртэл ******* компанийн нэр дээр нэг ширхэг орон сууц, нэг метр квадрат өмчлөл эзэмшилд нь бүртгэлтэй байдаггүй. Гэтэл нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын холбогдох албан тушаалтнууд нь Орон сууцны болоод Эрчим хүчний тухай хууль болон Усны тухай хуулийн дагуу орон сууцны ашиглалттай холбоотой зардал, төлбөр тооцоог тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулан ажиллах талаар олон удаа уулзаж ярилцсан боловч 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нэмэлт өөрчлөлтийг гэрээ байгуулж ажиллаагүй. Зөвхөн хариуцагч ******* компаниас төлбөрийг шаарддаг байсан. Энэхүү айл өрх болгон дээр гэрээ байгуулахгүй, ******* компаниас төлбөр нэхэмжилж байгаа үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс юу гэж тайлбарладаг вэ? гэхээр тухайн орон сууцны шугам хоолойг энэ байгууллагад хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл үүнийг хүлээлгэж өгье өө гээд удаа дараа уулзалт хийж байсан. Гэвч айл өрхүүдэд тоолууртай байх ёстой гэдэг ийм шаардлагыг тухайн үедээ тавьсан байгаа. Тэгвэл тэр тоолуурыг нь яаж тавих ёстой юм, яах ёстой юм, яаж тавиулдаг юм бэ? гэхээр нэхэмжлэгчийн зүгээс тэрийг манайх өөрөө хариуцаад хийчихнэ, үүнтэй холбоотой зардлыг төл гэсэн гэсний дагуу тухайн үеийн ханш буюу ажлын гүйцэтгэл буюу 500,000 төгрөгийг төлсөн гэж хариуцагчийн зүгээс ярьсан. Энэ нь удаа дараагийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр хариуцагчийн байр суурь тэмдэглэгдсэн байгаа. Гэсэн ч өдийг хүртэл нэхэмжлэгчээс гаргадаг тайлбараар 2023 оноос айл өрхүүдийг тоолууржуулаад явж байгаа гэж тайлбарладаг. Тэр хүртэл ямар нэгэн байдлаар айл өрхүүдийг тоолууржуулахгүй, гэрээ байгуулахгүй, үндсэн тэр байранд усыг нь, дулааныг нь ариутгах татуурга, бохир усыг нь татан зайлуулах үйлчилгээг нь авч байгаа иргэд болоод нэг аж ахуйн нэгж байдаг. Тэр нь Тэнүүн төгөл цэцэрлэг. Тэдгээрээс нэхэмжлэхгүйгээр тухайн байрыг анх барьсан, их засвар хийсэн , хороонд байрлаж үйл ажиллагаа явуулдаг ******* компаниас нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн үедээ зөвхөн хариуцагч компани хариуцаж төлөх ёстой гэдэг шаардлагыг тавиад хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол энэ үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжгүй гэдэг зүйл яригдсан учраас оршин суугчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулаад ******* компанийн нэр дээр нэхэмжлэх ирэхээр нь түүнийг нь айл өрхүүдэд тарааж өгөөд тэр айл өрхүүд нь 1-2 төлөөлөгчөө сонгоод тэдгээр хүмүүсийн данс руу хийгээд, ингээд төлбөр нь биелэгдээд өдий хүртэл явсан ийм процесс байна. Түүнээс биш ******* компани тэр хүмүүсээс дансаараа бүх мөнгийг нь хурааж авчхаад ийшээ төлөөгүй, үлдээчихсэн ч юм уу? ийм зүйлүүд огт байхгүй. Компанийн дансаар нэг ч төгрөг орж ирсэн үйл баримт байдаггүй. Хууль зүйн хувьд Хот суурины ус хангамж, ариутгах, татгуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.13 дээр хэрэглэгч гээд, 3.1.14-т хангагч гэдэг ийм нэр томьёонуудыг хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр 3.1.13-д "хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно гэж байгаа. ******* компанийн хувьд өмнө нь хэлсэнчлэн тухайн 77 дугаар байранд нэг метр квадрат ч эзэмшиж, өмчилдөггүй. Энэ талаар маргаангүй гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараагийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл нэг литр ус хэрэглээгүй, нэг ч дулаалт, халаалтын үйлчилгээ аваагүй, нэг литр бохир ус татан зайлуулах үйлчилгээ аваагүй компаниас яагаад энэ хэмжээний төлбөр нэхээд байна вэ гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээг гэрээнд үндэслэж нэхэмжилж байгаа гэдэг байдлаар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлсон байдаг. Үүний баримт нь тооцооны үлдэгдлийн баталгаа гээд нэг баримт хэрэгт авагдсан байгаа. Тэрийг үндэслэж 88,209,406 төгрөгийг нэхэмжилсэн. Энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа буюу төлбөр тооцоо нийлэх гэрээ гэж ярьж байгаа зүйл нь өөрөө эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн. Түүнчлэн бичигдсэн тооцооллын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаас зөрүүтэй буюу хуульд нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Түүн дээр бичигдсэнээр бол 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тооцоог 88 сая төгрөг төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа дээр дурдсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан байгаа 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цогтхүүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тодруулж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна гээд энэ баримтад дурдсанаар 88 сая төгрөг бол 2017-2020 оны хоорондох тооцоо гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаад үндэслэлдээ тодорхойлчихсон байгаа. Энэ 88 сая төгрөгийн тооцоо яаж гарсан нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан дээр дурдсан байгаа. Халаалтыг айл өрхийн тарифаар тооцсон. Харин бусад хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон гэдэг ийм зүйлийг дурдсан байдаг. Тэгэхээр эдгээр харвал тооцоо нийлэх гэрээ гэж нэрлээд байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэдэг энэ баримт нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл холбогдох этгээдийн зөвшөөрөлгүй, түүнчлэн хуульд нийцээгүй. Энэ үндсэн шинжээрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж байгаа. Энэ хэргийг хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар буцаасан байгаа. Энэ дээр тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлэх гэрээний дагуу шаардаж байгаа бол тооцооллын талаар тодорхойгүй байна гэдэг агуулгаар дүгнэлт хийсэн байна. Гэвч хэрэг анхан шатны шүүх дээр бараг бүтэн жил болж байхад нэхэмжлэгчийн зүгээс энэ талаараа тайлбар тодруулга өгдөггүй. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ийм баримт байна гэж үзэж байна. Манай хариуцагчийн зүгээс магадлалтай холбоотой тайлбар, үндэслэлүүдээ бичгээр гаргаж өгсөн байгаа. Харин нэхэмжлэгчийн зүгээс гаргуулъя гэдэг хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч өөрөө үүнийгээ тодорхойлох ёстой гэдэг үүднээс шүүх хүлээж аваагүй. Гэхдээ нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн байдаг. Нэмж хэлэхэд айл өрх болгоныг тоолууржуулах асуудал, түүнээс болоод одоог хүртэл айл өрх болгоноороо гэрээ хийдэггүй ийм асуудал яригддаг. Тэгвэл энэ асуудал нь хэний буруу юм бэ? гэдгийг тогтоох шаардлагатай гээд өмнө хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал дээр дурдагдсан байдаг. Энэ асуудал ч гэсэн мөн сүүлд дурдагдсан байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэлэхэд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13, 14, 15, 19 дүгээр зүйлүүд, мөн Эрчим хүчний тухай хууль, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм гээд нийтэд илэрхий, тодорхой байж байдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны А156 дугаар тушаалаар батлагдсан ийм журам байгаа. Энэ журмын нэр нь Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам гэж байгаа. Энэ журамд зааснаар тоолууржуулах үүргийг хэн хүлээх юм бэ? гэдгийг энэ дээр маш тодорхой дурдсан байгаа. Энэ журмын 2.2, 3 дугаар зүйл тэр чигээрээ хангагч байгууллага буюу нэхэмжлэгч компани энэ айл өрхийг хангаж байгаа бол энэ айл өрхөө тоолууржуулаад гарсан төлбөрийг нь нарийн тооцож нэхэмжлэх өгч төлбөрийг барагдуулна гэж ингэж үүрэгжүүлээд журамд заачихсан байна. Тэгээд эцэст нь хэлэхэд 77 дугаар байрны оршин суугч, хэрэглэгчийг болоод нэхэмжлэгч ******* ******* компани хоёрын хооронд дулаан нийлүүлээд усаар хангаад бохир усыг нь татан зайлуулж байгаа үйлчилгээ үзүүлээд байгаа үүнийг харвал эрх зүйн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байгаа. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж харахаар хариуцагч компанийн хувьд энэ компаниас юу худалдаж авсан юм, литр ч ус аваагүй, нэг ч бохир зайлуулаагүй, дулааныг нь хэрэглээгүй гэж байхад худалдан худалдах авах гэрээний дагуу төлбөр төлөх ёстой гээд хариуцагчаар тодорхойлоод байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компани хариуцах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 88 сая төгрөгийн тооцоолол нь өөрөө хариуцагчтай холбогдуулж нэхэмжилж байхдаа нэг бол айл өрхөөр, нэг болохоор аж ахуйн нэгжээр тооцоод, тооцооллын хувьд алдаатай, асуудалтай гэж үзэж байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/00587 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/02861 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актын хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тогтоолын хуулбар, ******* ХХК-д 77 дугаар байрны оршин суугчдаас 2013-2020 оны хооронд төлбөр төлж байсан баримтууд бүхий санхүүгийн анхан шатны баримт, ******* ХХК болон ******* ******* ******* нарын хооронд тооцоо нийлсэн акт, ******* ******* *******-ын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ХХК-ийн төлбөрийн дэлгэрэнгүй баримт, итгэмжлэл, дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн З.Болдбаатарын албан үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалын хуулбар, 2017-2020 он хүртэлх хугацааны ******* ХХК-ийн сар болгоны хэрэглээний төлбөрт явуулж байсан нэхэмжлэх, ******* ХХК-ийн 2017-2020 оны хооронд шивсэн төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банкны 2021 оны сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, Хас банкны 2021 оны сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Хас банкны 2021 оны сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай Батлан даалтын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Учрал трейд ХХК-ийн худалдан авсан 2021 оны тооцооны хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* компанийн хувьд 2012 оноос хойш энэ үйлчилгээг авч ирсэн. Энэ үйлчилгээг авч байхдаа төлбөр мөнгийг цаг тухайд нь төлж байсан зүйл ерөөсөө байдаггүй. Дандаа төлбөрийг дутуу төлдөг. Төлбөрөө төл, нийт хооронд гаргасан тооцоо, өр авлага энэ бүх зүйлээ нэгтгэх хэрэгтэй гэдэг байдлаар талууд харилцан тохиролцоод тооцоо нийлэх актыг үйлдсэн. Тухайн тооцоо нийлэх актад ******* компани ******* ******* компанид өр төлбөртэй юм байна гэдэг харилцан тохиролцоог хийж байгуулсан. Тус тооцоо нийлэх актад компанийн холбогдох хүмүүс гарын үсгээ зураад, санхүүгийн тамга тэмдэг дарагдсан. Тийм учраас тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу 88,209,406 төгрөгийг хариуцагч компаниас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Манай компани нэг литр ч ус аваагүй, нэг ч бохир зайлуулаагүй, дулааныг нь хэрэглээгүй, хэрэглэгч биш байхад худалдан худалдах авах гэрээний дагуу төлбөр төлөх ёстой гээд хариуцагчаар тодорхойлоод байгаа нь өөрөө үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 88,209,406 төгрөгийн тооцоолол нь өөрөө хариуцагчтай холбогдуулж нэхэмжилж байхдаа нэг бол айл өрхөөр, нэг болохоор аж ахуйн нэгжээр тооцоод, тооцооллын хувьд алдаатай, асуудалтай. Тухайн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь өөрөө хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан гэж тайлбарласан.
4. Хариуцагч ******* ХХК нь дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 айлын орон сууцны 77 дугаар байрны их засвар, шинэчлэлтийн ажлыг 2010 оны 06 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 137/2013 дугаар актаар байнгын ашиглалтад оруулан бусдад худалдан одоо 56 айл өрх амьдарч, нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
5. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд хангагч, хэрэглэгч этгээдийг тодорхойлон зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ыг хангагч гэж үзэх үндэслэлтэй бол, харин хариуцагчийг хэрэглэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-д зааснаар хангагч нь хэрэглэгчтэй гэрээ байгуулж, гэрээний нөхцөлөөр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг авах, түүнтэй холбоотой харилцааг зохицуулахаар хуульчилсан.
Гэвч нэхэмжлэгч ******* ******* ******* нь тухайн орон сууцыг ашиглалтанд оруулж, техникийн комисс хүлээн авсанаас хойш хариуцагч ******* ХХК тай дээрх хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй байна.
6. Тодруулбал, хариуцагч компани тухайн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн, нэхэмжлэгч байгууллагаас дулаан эрчим хүч, цэвэр ус авч, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ авдаггүй, харилцан гэрээ байгуулаагүй тохиолдолд түүнийг хэрэглэгч гэж үзэх боломжгүй юм.
7. дүүргийн 5 дугаар хорооны 77 дугаар байранд амьдарч буй оршин суугчид дээрх үйлчилгээг авч тухайн үйлчилгээний төлбөрийг ******* ХХК-ны ажилтан, тухай байранд оршин сууж байсан Ч.*******гийн хувийн дансанд шилжүүлж, Ч.*******гаас ******* ******* *******-т төлдөг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд зохигч дээрх үйл баримтуудын талаар маргаагүй болно.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.******* нь хариуцагч ******* ХХК-ны ажилчин, хоёр байгууллагын тооцооны үлдэгдлийг нийлж баталгаа гарган, байгууллагынхаа санхүүгийн тэмдгийг дарсан гэж, хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс Ч.******* нь ******* ХХК-нд санхүүгийн ажил эрхэлдэггүй, 77 дугаар байрны оршин суугчидтай ус, дулаанаар хангагч байгууллагатай гэрээ хийх хүртэл Ч.******* нь өөрийн дансанд төлбөрийг авч нэхэмжлэгч байгууллагад төлж байсан, манай байгууллагын өмнөөс тооцоо нийлэх, санхүүгийн тэмдэг ашиглах эрхгүй этгээд гэж маргасан.
Харин Ч.******* нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ******* ХХК-ны оффист ажиллаж байсан хүмүүс айлуудад нэхэмжлэх гаргаж өгдөг, тэрийг айлуудаар тараагаад мөнгийг миний хувийн дансаар хурааж аваад, ******* ******* *******-т тушаадаг байсан /2хх 50-55/ гэж мэдүүлжээ.
9. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь тус орон сууцыг ашиглалтанд орж, иргэд худалдан авсан үеэс ус, дулаан нийлүүлж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлэн ******* ХХК-тай төлбөр тооцоог хийж ирсэн гэж тайлбарласан. Гэвч ******* ******* ******* нь тэдний хооронд тухайн байранд оршин суугч иргэд эсвэл байрыг ашиглалтад оруулсан аж ахуйн нэгж болох хуулийн этгээд хэрэглэгч үү гэдгийг тодорхойлж хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж буй үнэ тарифыг тодорхойлоогүй, хэмжих хэрэгсэл, нэгжийг байрлуулаагүй зэрэг холбогдох хуулиудад заасан үүргээ ******* ******* ******* биелүүлээгүй байна.
10. Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, түүнийг заавал бичгээр үйлдэх шаардлагагүй боловч талууд гэрээ, хэлцлийн гол нөхцөлийг тохироогүй болох нь тогтоогдож байх тул ******* ХХК-ийг хэргийн хариуцагч гэж үзэх үндэслэлгүй байна.
11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2017 оны 01 сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ны өдөр хүртлэх хугацаанд дулаан эрчим хүчний хэрэглээний төлбөрт 59,778,981 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 28,430,422 төгрөг нийт 88,209,403 төгрөг нэхэмжилнэ /2хх 57/ гэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгосон тооцооны үлдэгдлийн баталгаанд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх өгч, авалцсаныг нийлэхэд 88,209,403 төгрөг гэж /1хх 19/ хугацааг зөрүүтэй нэхэмжилсэн.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжилж байгаа төлбөрийг ямар тарифаар, хэрхэн тооцсон талаарх задаргаа хэрэгт авагдаагүй, тодруулбал тухайг орон сууцанд хийт 56 айл, нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байхад дулааны болон хэрэглээний цэвэр бохир усны төлбөрийг ямар нэгж тарифыг үндэслэн хэрхэн тооцсон буюу тоолуур хэмжүүрийн заалт тодорхойгүйгээс нэхэмжлэлийн шаардлага болох 88,209,403 төгрөг чухам юунд үндэслэгдсэн болохыг тодруулах, ******* ХХК-нь ямар үндэслэлээр айл өрхөөс ус дулааны үнэ гэж нэхэмжлэл гаргаж байгаа зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэжээ.
12. Анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирсэн 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь магадлалд заагдсан баримтуудыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2012-2021 оны хооронд ******* ******* *******-т мөрдүүлэхээр шийдвэрлэж байсан хэрэглэгчид худалдах дулаан буюу халаалтын үнэ тарифыг тогтоосон шийдвэрүүд, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос 2012-2021 оны хооронд ******* ******* *******-т мөрдүүлэхээр шийдвэрлэж байсан цэвэр усны тарифыг баталсан шийдвэрүүдийг тус тус нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Өмнө хариуцагчийн өмгөөлөгч мөн гаргаж байсан. Шүүх хүсэлтүүдийг хангаагүй. Энэ нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй баримт биш буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шүүх бүрдүүлэх баримт биш юм.
13. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг. Мөн зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуулинд заасан байдаг.
Иймд ******* ******* *******-н нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох 88,209,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,997 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримтлан ******* ХХК-иас 88,209,403 төгрөг гаргуулах тухай ******* ******* *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР