Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 583

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Алтангэрэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Л.Цэндсүрэн,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулж,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2016 26030476 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жалайр овогт Цоггэрэлийн Алтангэрэл, 1994 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 9-176 тоотод оршин суух,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД: УЗ94030616/,

 

Ц.Алтангэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт сүлд” амралтын газрын авто зогсоолын орчим иргэн Б.Алтанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг баруун хөлөөрөө хавсарч газар унагаасны улмаас биед нь “гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархай, дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйнд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Алтангэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Алтангэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтангэрэлийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 3 ширхэгийг хохирогч Б.Алтанжаргалд буцаан олгож, онош тодорхойлсон 2 ширхэг хуудсыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.Алтангэрэл энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтанжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Ц.Алтангэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Алтангэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болсон энэ хэрэгт би иргэний үүргээ биелүүлж, өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан хүнээс найзыгаа хамгаалах зорилгоор хохирогч Алтанжаргалыг түлхэхэд тэрээр дээгүүрх хувцасаа тайлж “би Дарханых та нар намайг мэдэх үү” гэж орилон бид нар луу дахин агсарч дайрахад нь уг үйлдлээс нь өөрийгөө болон бусдыгаа хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийж газар хавсран унагаасан юм. Тухайн үед хохирогч Алтанжаргал их хэмжээний согтолттой өөрийгөө хянах чадваргүй байсан ба энэхүү агсарсан үйлдлийг таслан зогсоогоогүй бол цаашид ямар хэрэг гарах байсныг мэдэхгүй байна. Тухайн үед миний бие согтууруулах ундаа хэрэглээгүй, өөрийгөө бүрэн хянах, юу болж байгааг бүрэн ойлгох ухаантай байсан. Иймд энэхүү үйлдлийг өөрийгөө болон бусдыгаа болох гэж буй аюулаас аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа тул энэ хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Ц.Алтангэрэл нь Б.Алтанжаргалын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж байна. Ялтан Ц.Алтангэрэл өөрийгөө аргагүй хамгаалалт хийсэн ба агсарсан үйлдлийг таслан зогсоосон гэж гомдол гаргасан байна. Хэргийн материалаас харахад аргагүй хамгаалалт бодитоор илрээгүй. Зөвхөн Ц.Алтангэрэлийг л агсарч байсан тухай гэрч нар мэдүүлдэг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан эд мөрийн баримтыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.Алтангэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт сүлд” амралтын газрын авто зогсоолын орчим иргэн Б.Алтанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг баруун хөлөөрөө хавсарч газар унагаасны улмаас биед нь “гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархай, дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйнд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

ялтан Ц.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 3 дугаар сарын 19-ний орой ...найз Батбаяр, Золбаяр бид гурав хамт 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт сүлд” амралтын газарт очсон. Алтанжаргал, Мижид хоёр манай машины урд замын хашлаган дээр ганцаараа сууж байсан согтуу залуутай очоод юм яриад маргалдаж байснаа нэг цохиод авах шиг харагдсан. ...Найз Батбаяр, Золбаяр хоёр “бие засаад ирье” гээд машинаас буугаад явсан. Би машин дотроо үлдсэн. Хэсэг хугацааны дараа машины нэлээн хойд талд автомашины зогсоолын хойд талын хэсэгт хүмүүс дуугараад байхаар нь би арын цонхоор хартал манай хоёр найз Батбаяр, Золбаяр нартай Алтанжаргал, Мижид нар маргалдаад зогсож байсан. ...Алтанжаргал Батбаярыг нэг цохиод авсан. Би “чи боль л доо” гээд Алтанжаргалын гарыг тавиулаад хойш нь болгоход хохирогч Б.Алтанжаргал болихгүй, дахиад агсраад байхаар нь баруун хөлөөрөө хавсарч газар унагасан. Алтанжаргал газар унахдаа их хүчтэй унасан. Тэгээд босч ирэхгүй хэвтээд байсан. ...Би “Тоёотай Истима” загварын машиныг жолоодож ...Номинцэцэг, Мөнхцоож хоёр Алтанжаргалыг эмнэлэгт очоод үзүүлье гэхээр нь Гэмтлийн эмнэлэг орж үзүүлж толгойны зураг авхуулаад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд хэвтсэн...” /хх-ийн 67-68, 123/,

 

хохирогч Б.Алтанжаргал мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найзууд болох Зоригт, Мижид, Болд-Эрдэнэ, Ариунаа, хамаатны залуу болох Мөнхцоож, түүний эхнэр Номинцэцэг нарын хамт амралтанд явахаар болсон. ...Бид нар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэст сүлд” нэртэй амралтын газарт орой 18 цагийн үед очсон. ...Орой 21 цаг хүртэл сагсан бөмбөг тоглож байгаад би Мижидийн хамт сагсны бөмбөгийг нь хажуу гэрийн залуучуудад оруулж өгөхөд нэг залуу нь согтуу надад үг хаяад янз бүрийн юм яриад байхаар нь тоохгүй гараад явсан. ...Би тухайн үед хөзөр тоглоод хожигдоод арай илүү пиво уусан. Орой 23 цагийн үед Номинцэцэг гэрээс түрүүлж гараад амралтын газрын зогсоол дээр тавьсан миний машин руу явсан. Харин араас нь Мижид бид хоёр хамт гэрээс гараад автомашины зогсоол руу очих гээд явган хүний замаар алхаж байхад бөмбөг оруулж өгөхөд үг хаяад томроод байсан махлаг залуу нэлээн согтуу байдалтай тамхи татаад зогсож байсан. Бид хоёрыг хажуугаар нь гарахад тэр залуу миний өөдөөс тамхины утаагаа үлээхээр нь би тэр залуутай маргалдаж нилээн хэрэлдсэн. Мижид намайг салгаад цаашаагаа явсан. Машин дээрээ очоод Номинцэцэгийг хамаатны ах Болд-Эрдэнийн гурван найз машинтайгаа ирсэн байсныг сүүлд мэдсэн. Мижид бид хоёр тамхи авах гээд машиныхаа хажууд зогсож байсан, харин Номинцэцэг машин дотор сууж байсан. Нэг мэдсэн Болд-Эрдэнийн гурван  найзтай маргалдсан. Би эхлээд надтай маргалдсан махлаг залуутай андуураад тэр залуугийн найз нар байна гэж бодоод ­маргалдсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. ...Би их согтолттой байсан...” /хх-ийн 33-34, 118/,

 

гэрч С.Номинцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Эрхэт сүлд” амралтын газарт очсон. ...Би буцаж гэрээс гараад зогсоол руу очиж машинаас цүнхээ авах санаатай явсан. Миний араас Алтанжаргал, Мижид гэх хоёр найз гарч ирсэн юм байна лээ. Би машин дотор суугаад цүнхээ авах гээд хайж байхад машины ар талд манай найз нарын дуу гараад байхаар нь машинаас гараад хартал манай найз Алтанжаргалыг үл таних залуу хавсраад газар унагаж байсан. Би машинаас буугаад гүйж очоод “Алтанжаргалаа яасан бэ, зүгээр үү” гээд орилоод уйлсан чинь миний танил Батбаяр нар байсан. ...Алтангэрэл манай найз Алтанжаргалыг газар унагааж байсан. Миний харснаар хавсарч унагах шиг харагдсан. ...Алтангэрэл гэх залуу манай машиныг жолоодож ...Гэмтлийн эмнэлэг орсон...” /хх-ийн 35-36/,

 

гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...“Эрхэт сүлд” амралтын газарт орой 23 цаг 30 минутын үед очсон. ... Ц.Алтангэрэл машин дотроо суугаад үлдсэн. Намайг буцаад ирэхэд хохирогч Б.Алтанжаргал, Мижид хоёр нэлээн согтуу алхаж чадахгүй бие биенээ түшиж байгаад машиныхаа хойд талд ирээд газар унасан. ...Намайг машиндаа суух гэж байхад Алтанжаргал, Мижид хоёр босч ирээд “та нар энэ бүдүүн найзыгаа авах гэж ирсэн үү, яасан их найзыгаа өмөөрдөг юм бэ” гээд Мижид нь хүрч ирээд намайг шууд цохиод авахаар нь би бултсан. ...Алтанжаргал босч ирээд дээгүүрх хувцсаа тайлаад цээжээ нүцгэлээд “та нар Дарханы залуучууд гэж мэдэх үү” гээд орилоод хүрээд ирсэн. Машин дотроос найз Алтангэрэл бууж ирээд Алтанжаргалыг болиулаад салгасан. ...манаач ах надад хандаж ах нь машин барьж чадахгүй гээд байж байхад гэнэт пид гээд хүчтэй дуу гарсан. Намайг эргээд хартад Мижидийг газар бөгсөөр нь суулгаад ...харин Алтанжаргал газар унасан дээшээ харсан байдалтай урд нь Алтангэрэл хараад зогсож байсан. Би Алтангэрэлийг унагаачихлаа гэж бодоод гүйж очоод “яаж байгаа юм бэ” гээд бөгс рүү өшиглөхөд Алтангэрэл зүгээр чимээгүй зогсоод сандарсан байсан...” /хх-ийн 39-40/,

гэрч Э.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...Амралтын газрын манаач ах бид гурав дээр хүрч ирээд “та нар энэ махлаг согтуу залууг авах гэж ирсэн үү” гэж асуухад үгүй гэж хэлсэн. Цаанаас Алтанжаргал, Мижид гэх хоёр залуу согтуу алхаж ирээд нөгөө замын хажуу талын хашлаган дээр сууж байсан махлаг согтуу залуутай гэнэт маргалдаад эхэлсэн. ...Амралтын газрын манаач ах салгаад байх шиг байсан. Батбаяр машинаа хойшлуулж зогсоолын гол хавьд зогссон. Тэр үед би бие засаад буцаад ирэхэд Алтанжаргал, Мижид хоёр найз Батбаярыг хоёр талаас нь дайраад зодох гээд зогсож байхаар нь очоод Мижид гэх залууг нь салгаад найз Батбаяраас холдуулсан. Алтангэрэл машинаас бууж ирээд Алтанжаргал гэх залууг холдуулсан. Мижид гэх залуу нь намайг цохих гээд байхаар нь би гарыг нь барьж аваад урагш нь угзарсан чинь газар сөгдөөд унахдаа миний өвдөг рүү толгойгоороо цохиод бид хоёр хамт газар унаад босоод ирсэн чинь Алтанжаргал гэх залуу газар унасан хажууд нь Алтангэрэл зогссон байсан...” /хх-ийн 41-42/,

гэрч М.Мижид мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Эрхэт сүлд” амралтын газарт очсон. ...Номинцэцэг бид хоёроос түрүүлээд машин руу явсан, Алтанжаргал бид хоёр араас нь явсан юм. ...Өөрсдийнхөө машины хажууд зогсож байхад хоёр залуу хажууд ирсэн. Алтанжаргал тэр хоёр залуутай маргалдаж “та нар тэр залууг авах гэж ирсэн үү, найз нар нь юм уу” гээд бид хоёр тэдгээр залуучууд руу агсарч томорсон юм. ...Золбаяр гэх залуу миний хоёр гарыг хойд талд бариад газар өвдгөөрөө би дээшээ өндийх үед цаахан талд Алтанжаргал дээгүүрх хувцсаа тайлж шидээд “Дарханы залуучуудыг мэдэх үү” гэж орилоод тэнд зогсож байсан Алтангэрэл рүү гүйж очоод Алтанжаргал газар унасан. Би яг яаж газар унасныг хараагүй...” /хх-ийн 52-53/,

 

гэрч Д.Бүрнээбазарын мөрдөн байцаалтын шатанд: “…орой 23 цагийн үед байх цагаа сайн санахгүй байна. Амарч байсан Дарханы залуу гээд байсан гэр бүлийн автомашин жолоодож ирсэн залуу бас нэг найзтайгаа хойд автомашины зогсоол дээр хүрч ирээд замын хажууд сууж байсан өөр гэрт амарч байсан залуутай маргалдаад байхаар нь би очиж болиулаад салгаад явуулсан юм. Тэгсэн тэр 2 залуу өөрсдийнхөө автомашинд очоод суусан. Түүний дараа өөр нэг суудлын автомашинтай залуучууд ирсэн. Би та нар амрах юм уу гэж асуухад үгүй ахаа бид нар хүн авах гэж ирсэн юм гэхээр нь энэ залууг авах юм уу гээд замын хажуу талд сууж байсан залууг заахад үгүй ах бид өөр хүн авна гэж хэлсэн. 3 залуу явж байсан. Тэгээд би гэртээ ороод сууж байгаад эргээд гартал нөгөө сүүлд ирсэн 3 залуутай манайд амарч байсан Дарханы 2 залуу маргалдаад нэг залуу нь газар унасан хэвтэж байсан. Би гүйж очоод юу болов яав гэхэд уначихлаа гээд байж байсан ба Дарханы гэх залуучуудын сууж ирсэн автомашин дотроос нэг охин гүйж гарч ирээд газар унасан залуу дээр очоод тэвэрч аваад байсан…” /хх-ийн 45-47/,

 

шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын шатанд: “...Дээрх гэмтлүүдээс гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархайн дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь газар унах үед болон хүн түлхэн унагаах үед хоёуланд үүсэх боломжтой...” /хх-ийн 58-59/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…Алтанжаргалын биед гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархай, дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйд цус хуралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл…” болохыг тогтоосон 3983 тоот дүгнэлт /хх-ийн 55/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 112-117/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 6/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9-13/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтан Ц.Алтангэрэлийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Алтангэрэлийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Ц.Алтангэрэл “…би иргэний үүргээ биелүүлж, өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан хохирогч Алтанжаргалын агсарсан үйлдлийг таслан зогсоогоогүй бол цаашид ямар хэрэг гарах байсныг мэдэхгүй, тухайн үед миний бие согтууруулах ундаа хэрэглээгүй, өөрийгөө бүрэн хянах, юу болж байгааг бүрэн ойлгох ухаантай байсан. Иймд энэхүү үйлдлийг өөрийгөө болон бусдыгаа болох гэж буй аюулаас хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь аргагүй хамгаалалтын үндсэн нэг шинж бол өөрийгөө болон бусдыг аюултай халдлагаас хамгаалах зайлшгүй нөхцөл, тохиолдол учирсан байхыг шаарддаг бөгөөд аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай довтолгоо халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг. Хамгаалалт хийх нөхцөл байдал бодитой үүссэн тохиолдолд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь хамгаалалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Түүнчлэн аргагүй хамгаалалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тодорхойлоход дээрх тохиолдлуудаас гадна уг аюултай довтолгоо дууссаныг мэдэх боломж хамгаалагчид байгаагүй нөхцөлийг мөн адил хамааруулж ойлгодог.

 

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан хохирогч, гэрч, ялтны нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нь хэн нэгэнд аюултай, хохирол учруулахуйц бус агсамнаж согтуурахсан шинжтэй байх ба үүний хариуд ялтан Ц.Алтангэрэл нь хохирогчийг хавсарч унаган түүний биед гавлын суурь ясны зүүн дэлбэнгээс чамархай, дагз яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн сарвуунд зулгаралт, зүүн бугуйнд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

Хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан Ц.Алтангэрэлийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд ялтан Ц.Алтангэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасантай нийцжээ. 

 

Анхан шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ц.Алтангэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, түүнчлэн ялтны хувийн байдал, өмнө нь үйлдсэн гэмт хэргийн ялтай байдал арилсан, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал, хохирогч гомдол, саналгүй, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: