Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00768

 

“Э” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00266 дугаар шийдвэртэй

“Э” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч “Д-О к” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 67,666,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТООРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Угийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай компани барилгын гипсэн хавтан, хаалга, гадна хаалга авахаар “Д-О к” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19/0419 тоот бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний болон нэмэлт гэрээний дагуу “Д-О к” ХХК нь манайд нийтдээ 312,748,240 төгрөгийн бараа нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл нийлүүлэгч нь 123,939,200 төгрөгийн үнийн дүнд л бараа нийлүүлсэн бөгөөд манай зүгээс гэрээний урьдчилгаанд 55,000,000 төгрөгийн үнийн дүнд автомашин, 126,983,000 төгрөгийн үнийн дүнд м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 55,21 м.кв орон сууц, бэлнээр 15,400,000 төгрөг бүгд 197,383,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. Гэвч гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл үлдэх барааг нийлүүлэхгүй барилгын үйл ажиллагаанд саад учруулж улмаар барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулснаар манай компанид их хэмжээний хохирол учруулаад байна. Байнга шаардуулсны эцэст “Д-О к” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Джаргалтай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ хийж бараа материал нийлүүлэх хүгацааг шинэчилсэн графикийн дагуу нийлүүлэхээр тохиролцсон боловч мөн л хугацаандаа нийлүүлээгүй тул бид дахин уулзаж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тооцоо нийлэн манай компанид 67,666,200 төгрөгийн өртэй гарсныг харилцан тооцож баримт үйлдсэн ч уг өр төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд урьдчилан төлсөн төлбөр болон нийлүүлсэн барааны үнийн дүнгийн зөрүү болох 67,666,200 төгрөгийг хариуцагч “Д-О к” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-ний дагуу гэрээг тусгай нөхцөлтэй гэрээ байгуулж, гэрээ хийсэн. Гэтэл цаг үеийн онцгой байдлаас болж барааны нийлүүлэлт удааширч, хугацаа алдаад байгаа нь үнэн. Цаашид гэрээний нөхцөлөө хангуулахаар танай байгууллагатай эвлэрэх журмаар асуудал шийдүүлэх хүсэлтэй байна. Бидний тохиролцож хийсэн гэрээний нөхцөл нь 356-ийн 1, 2 дугаар заалтыг 1 биелүүлэх, нөхцөлтэйгөөр хийгдсэн гэрээ байгаа тул бид эвлэрэх саналыг тавьж байна. Бидний хувьд хэн хэн нь онцгой байдлын хувьд ажиллаж, амьдарч байгаа учир биднийг ойлгож, эвлэрлээр гэрээгээ хийж, дуусгавар болгохыг хүсч баина гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д-О к” ХХК-аас гэрээний үүрэг 67,666,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эсүтрейд” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,281 төгрөгийг улсын орлогО хэвээр үлдээж, хариуцагч “Д-О к” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 496,281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эсүтрейд” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цын давж заалдах гомдлын агуулга: ...Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Н.Ерөөлтөд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд хохирогч Ч.Чинзоригийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар засварлуулах” тухай хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл түр завсарласан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны явцад шүүгчийн туслахаас мэдэгдэх хуудас авч, улмаар шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгч авах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудас болох [email protected] хаяг руу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 17 минутад хүргүүлсэн. Түүнчлэн, тухайн хүсэлт болон нотлох баримтыг өөрийн сонгон авсан өмгөөлөгч Г.Амартүвшинд цахимаар өгсөн болно. “Эсүтрэйд” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан эхлэх цагаасаа өмнө эхэлсэн бөгөөд 10 цаг 15 минутад тухайн танхимд байсан шүүх хуралдаан завсарлахад “хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх” нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцээд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хаяг руу хүргүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд хавсаргасан мэдэгдэх хуудсыг дутуу хэвлэж, шүүх хуралдаанд зөвхөн гараар бичсэн хүсэлтийг хэлэлцүүлсэн болохыг хурал дууссаны дараа шүүгчийн туслахаас мэдсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсыг хүсэлтэд хавсаргаж өгөөгүй талаар асуухад ерөнхий шүүгчийн туслахаас ганцхан хүсэлтийг хэвлэж өгсөн гэсэн хариуг өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэхээргүй байна. ТОруулж хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад “Д-О к” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байсан. Гэтэл шүүхээс худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд нэхэмжлэгч түүний үр дагаврыг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д зааснаар үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Д-О к” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 67,666,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/01399 дугаар захирамжаар хангаж шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан, уг шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад талууд гарын үсэг зуржээ. /хх.57/

5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөр шүүх дээр хурал давхцсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгч Г.Амартүвшинг оролцуулах хүсэлтийг тов мэдэгдсэн баримтын хамт шүүхийн Тамгын газрын и-мейл хаягаар хүргүүлсэн байна. Шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2022/02051 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ “...итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр шүүхэд хурал давхцсан талаар холбогдох баримтыг хүсэлттэйгээ хамт ирүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзжээ. /хх.72/

5а. Анхан шатны шүүх өмнө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт товлосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан гэж үзнэ.

6. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өмгөөлөгч Г.Амартүвшинг шүүх хуралдаанд оролцуулах”  хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй байна гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг залруулж, нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас төлсөн 496,281 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолохО саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                     Ц.ИЧИНХОРЛОО