Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0643/З |
Дугаар | 221/МА2018/0185 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0185
2018 оны 03 сарын 21 өдөр Дугаар 221/МА2018/0185 Улаанбаатар хот
Н.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Т.Л, Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлоор Н.Г-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.7, 8.7, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хуулийн дагуу гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлын 60 хувь болох 33.279.700 төгрөгөөс үлдэгдэл 22.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Г-д олгохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, гадаад улсад эмчлүүлсний зардлын 22.500.000 төгрөгийг төсөвт оруулахыг хариуцагч Сангийн яаманд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0941 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1-д заасныг үндэслэн гомдол гаргах нь:
Нэг. Шүүхийн Н.Г-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан гадаадад эмчлүүлсний зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхгүй нь хууль бус болохыг тогтоож эмчилгээний зардлын 60 хувь болох 33,279, 700 төгрөгийг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт Сангийн яамыг хамтран хариуцагчаар татсан тул 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлэн оролцсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1. “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, “106.З. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гэж тус тус заасны даруу шүүхээс шийдвэр гарах ёстой атал тухайн хуралдааны шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй бол шүүх шийдвэрээ гаргаж болохгүй байна. Тухайн маргаанд хамтран хариуцагчаар Сангийн яам татагдан оролцсоор байхад нэхэмжлэгч яагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй байгаа бэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд бичээд өг гэж нэхэмжлэгчийн дэмжин шүүх хуралдааныг хойшлуулж нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бичих боломжоор хангаж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан нь шүүх процессын алдаатай буюу хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хоёр. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 119 дүгээр тушаал /2017 оны А/370 тушаал шинэчлэгдэн батлагдсан/-аар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлэгдэх 39 өвчний жагсаалтыг шинэчлэн батлан гаргасан бөгөөд уг жагсаалтад орсон Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх шаардлагатай болсон иргэн нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмын дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад материалаа бүрдүүлэн өгч шийдвэрлүүлэх журамтай. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж байхыг Сангийн сайдад үүрэг болгосон байдаг. Үүний дагуу жил бүр дээрх зориулалтаар шаардагдах хөрөнгийг жил бүр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгаж байгаа тул Эрүүл мэндийн яаманд хандан асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой байгааг шүүх буруу дүгнэж шийдвэр гаргажээ.
Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёрт “Сангийн яам нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэж үндэслэл болгосон нь буруу байна. Учир нь Сангийн яам тус зардалтай холбоотойгоор жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад тусгадаг тул хууль заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.
Иймд дээрх маргааныг Эрүүл мэндийн сайдын 2015 оны 119 дүгээр тушаал /2017 оны А/370 тушаал шинэчлэгдэн батлагдсан/-аар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлэгдэх 39 өвчний жагсаалтыг шинэчлэн батлан гаргасан бөгөөд уг жагсаалтад орсон Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх шаардлагатай болсон иргэн нь Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмын хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч Н.Г-ээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “... 33.279.700 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 24, 25 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардлагатай ажиллагааг хийх ёстой байна.
Учир нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй тусгай сангийн хөрөнгийн зарцуулах шийдвэр гаргах эрх хариуцагчаар тодорхойлогдсон Сангийн яаманд олгогдсон эсэх, эсхүл Засгийн газарт хадгалагдаж буй эсэхийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн гадаад улсад эмчлүүлсний зардлын 22.500.000 төгрөгийг төсөвт оруулахыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс “гадаад улсад эмчлүүлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгохыг хариуцагч Сангийн яаманд даалгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гадаад улсад эмчлүүлсний зардлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төсөвт тусгахыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах” бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”-аар тус тус зохицуулсан байна. Шүүх нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад эмчлүүлэх санхүүжилт шаардлагатай, эсхүл Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн хувьд баталгаагаар хангагдах ёстой гэж маргаж байгаа эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Учир нь нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар батлагдсан “Гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтад” миний эмчлүүлсэн өвчний онош ордог гэсэн үндэслэлээр шаардлага гаргасан боловч уг тушаал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын иргэний хувьд өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах харилцааг зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч иргэнд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг зохицуулсан дээрх журмыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа атлаа Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангаагүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтын удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0941 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ