Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2022/00055

 

О.............ын нэхэмжлэлтэй,  

хариуцагч Ш............., П............. нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/00289 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш............., П............. нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 18.065.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.............гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П............., нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

О............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О............. нь 2014 оны 09 сарын 19-ний өдөр миний танил Адъяа овогтой ............гаар яриулж хүүхдийн хурим болох гэж байна, мөнгө хэрэгтэй байна, манай найз энэ 2 найдвартай хүмүүс байгаа юм. Чи туслаач гэж гуйсаар байгаад авсан. Уг шалтгаан нь худлаа байсан бөгөөд ............, ............ нар нь худлаа хэлүүлж байсныг дараа нь мэдсэн. Ингэж худлаа хэлж надаас мөнгө аваад ............ нь ............д өртэй байсан бөгөөд надаас худлаа хэлж авсан мөнгөө өрөндөө өгсөн байсан. Ингээд энэ цагаас хойш 3 удаа хүү гэж 500.000 /таван зуун мянга\ төгрөг өгөөд утсаа ч авахгүй, гэрт нь очихоор үүдээ онгойлгохгүй алга болцгоосон. Иймд ............г мөнгө олж өг гэж шаардахад 2015 оны 09 сарын 21 хүртэл хүлээчих гээд энэ хугацааны хүүний хамт нийт 15.750.000 төгрөг өгнө гэж тухайн үед тохиролцсон боловч юу ч өгөөгүй. Гэвч энэ цаг үеэс хойш бас л сураг тасарсан бөгөөд арга буюу 2016 оны 12 сарын 13-нд хөөцөлдөж байж уулзахад яг одоо тохиролцъё, би танд 14.500.000 \арван дөрвөн сая таван зуун мянга\ төгрөг өгөөд салъя уг мөнгийг 2017 оны 12 сарын 13-нд буюу нэг жилийн дотор төлж дуусгана" гэж тохиролцсон. Уг мөнгийг үндсэн зээлсэн 10.000.000 төгрөг болон банкны зээлийн хүү болох 2,5 хувиар буюу сарын 250.000 төгрөгний хамт сар бүр төлөөд дуусгана гэж тохиролцоод хэрвээ тохирсон гэрээг зөрчвөл үндсэн мөнгөний дүн 10.000.000 төгрөгнөөс 0,5 хувийн алданги төлнө гэж бас тохиролцсон боловч мөн л худлаа болсон. Хүү гэх 4.500.000 төгрөгөө ч өгөөгүй. Хугацаа хожиж байнга худлаа гэрээ хийж ирсэн. Тэгээд дахин хөөцөлдөж явж аптек ажиллуулж байгааг олж сонсоод өдөр өнжихгүй нэхэж байж 2.000.000 төгрөг дансаар мөн эм тариа болон бага багаар 2.435.000 төгрөгийг 2020 оны 07 сарын 27-нд өгсөн боловч үүнээс хойш мөнгө өгч чадахгүй гэж хэлээд үлдэгдэл мөнгөө өгөхгүй болсон. Нийт 4.435.000 төгрөг авсан. Иймд үндсэн мөнгө болох 10.000.000 төгрөг, өмнө нь өгөх ёстой хүүний үлдэгдэл 4.500.000 \ төгрөг, 2016-2017 оны гэрээнд тохирсон хүү болох 3.000.000 төгрөг, үндсэн мөнгөний алданги болох 5.000.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгнөөс 4.435.000 төгрөг хасаад 18.065.000 төгрөг одоо авахаар байна. ............ нь үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт өгнө гэдэг байснаа эвлэрүүлэн зуучлалд хандахад өгч чадахгүй байна, энэ мөнгө П.............д хамааралгүй би хариуцна гэж хэлсэн. Иймд иргэн Ш............., П............. нараас 18.065.000 \ төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.
            Хариуцагч Ш............., П............. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

           Эхнэр Ш............. нь 2014 оны намар анх 10.000.000 төгрөг ............ эгчээс авсан. Тэр үед үйлчилгээний төвд ажилладаг Ганчимэгээс мөнгө авах ёстой байсан тэрийгээ аваад өгнө гэсэн. Тэр Ганчимэг манайд өгөх 120.000.000 төгрөгийг намар, өвөл, хавар, зун гэх мэтчилэн 3, 3 сараар хойшлуулсаар ............ эгчийн мөнгийг өгч чадалгүй эхний 9 сарын мөнгийг сар бүр 500.000 төгрөгийг өөрт нь 2 удаа дэлгүүрийн худалдагч болон банкаар дамжуулан өгсөн тэрнээс хойш цувуулаад нийтдээ 13.800.000 төгрөг өгсөн. Манай авах ёстой 120.000.000 төгрөгийг шүүхээр орсон хүү алданги юу ч тооцоогүй үндсэн мөнгөө гүйцэт авч чадаагүй мөн тэрнээс хойш өдий хүртэл өр зээлнээс гарч чадаагүй байна. 2021 оны 11 сарын 22-нд эхнэр маань ажил дээрээ сууж байгаад харвалт өгөөд БОЭТ-ийн мэдрэл уламжлалтын тасагт эмчлүүлж байгаад одоо Улаанбаатар хотын 3-р нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх А13 маягт өгөөд үргэлжлүүлэн хэвтэх шаардлагатай гэсэн. Эхнэрийг маань тайван байхгүй бол дахин харвах магадлалтай гэсэн учир Ш.............ийг төлөөлж гэр бүлийн нөхөр болох П............. оролцоно, өргөдлийн хариуг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/00289 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш............., П.Хандарагчаа нараас 8.799.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.265.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.275 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш............., П............. нараас 155.746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П............. шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

2014 оны 09 сараас О............. эгчээс 10.000.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг өгөхдөө дансаар 6.238.900 төгрөг, гарын үсэг зуруулж бэлнээр 1.485.000 төгрөг, сэм тан 918.500 төгрөг, бусад хэлбэрээр 3.868.000 төгрөг нийт 12.555.400 төгрөг өгсөн. 2014 оны 10, 11, 12 сарууд, 2015 он 1, 2, 3 дугаар саруудад тус бүр 500.000 төгрөг 6 удаа Намсан дэлгүүрийн худалдагчдад аваачиж өгсөн. О.............ын 94188103, 94994255 утас руу залгаж хэлсэн тэр утасны яриаг шалгуулж өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ дээр 10.000.000 төгрөг гэрээг шинэчилж өгөөд хуучин гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгэхэд хүү, алданги гэж хэлж зуруулаагүй. Тэр хуудас бүр дээр гарын үсэг зуруулаагүй, хуудсыг сольж хийсэн байна. Бидэнд гэрээгээ өгөөгүй, өөрөө 1 хувийг авсан. Ингээд анхан шатны шүүхээс 8.799.750 төгрөг төлүүлэх шийдвэр гарсан ба нийт төлсөн төлбөр 12.555.400 төгрөг байгаа тул үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Талуудын хооронд 10.000.000 төгрөгний зээлийн гэрээ нь 2014.09 сарын 19 ны өдөр байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацааг удаа дараа хойшлуулсаар байдаг бөгөөд уг хойшлуулах хугацаанд буюу 2020 оны 07 сар хүртэл гэрээний үүргийг өөрийн боломжоор төлсөн гэх баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл зээлдэгч гэрээний үүргийг удаа дараа хойшлуулахдаа буюу 2015.09.18-ны өдрийн байдлаар 15750000 төгрөг төлөхөө илэрхийлж гарын үсэг зурсан,уг үнийн дүнг 2016.12.13-ны өдөр 14500000 болгон бууруулж төлөхөө илэрхийлж гарын үсэг зурсан байдаг. Үүнээс хойш өөрийн орлого буюу эмийн сангийн орлогоос цувуулан маш бага хэмжээгээр 2020.07 сар хүртэл өгсөн байдаг. Энэ төлөлт нь 3 жил орчим болсон байдаг. Энэхүү гэрээ байгуулснаас хойш цувуулан авсан мөнгө нь 6950000 төгрөг болсон нь талуудын тайлбар болон бичгэн нотлох баримтаар нотлогдож байгаа болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.25 өдрийн 142/ШШ2022/00289 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Зээлийн гэрээний мөнгийг буцаан өгөх дургүй маш олон удаа араас гуйлган нэхүүлдэг өгөх болохоор өөрийн эрхэлж байгаа бизнес буюу эмийн сангийн эмнээс авахыг тулгадаг, зах зээлийн үнээр буюу ашиг орлогоо тооцсон үнээр эмээ өрөөс тооцон өгдөг , 1000 төгрөгийн эм өгсөн ч заавал гарын үсэг зуруулж авдаг байсан атлаа үндэслэлгүй хүн гүтгэж, их хэмжээний төлбөр авсан мэт гүтгэж байна Сүүлдээ авсан зээлээ бусад хүнд өгөөд алдчихсан, уг хүнээс олж ав гэх зэргээр авирласан. Эмийн сангийн үйл ажиллагааг олон жил явуулж хангалттай орлоготой байдаг атлаа орлого байхгүй эм ав гэж шахаж элдэвлэдэг, арга буюу эм авч өрнөөс нь энэ олон жил хасч тооцсон байхад хүн чанаргүй муухай үйлдлийг удаа дараа гаргаж, аваагүй мөнгийг авсан болгож гүтгэсэн. Сүүлдээ энэ бүх нь баригдахаар элдэв арга хэрэглэн , дайрч доромжилдог. Өгсөн хүн арван тамтай авсан хүн ганц тамтай гэгч болж энэ олон жилийн өгнө гэж итгэл үнэмшил төрүүлж , хуурч худлаа ярих зэрэг нь хэрээс хэтэрсэн учир шүүхэд хандсан. Хариуцагч нарын эрхэлж байгаа бизнес нь амжилттай яваа атлаа хүний мөнгийг өгөхгүй гэсэн атгаг санаанаас болж өнөөдрийг хүртэл бусдыг муу хүн мэт ойлгуулах гэж хичээж , сүүлдээ баримт бичиг хуурамч хийсэн мэт гүтгэсэнд гомдолтой байна. Мөнгөө төлөхгүй гэхдээ янз, янзын бичиг хийж өгч намайг тухайн үед аргалж хуурч байсан үйлдлээ мушгиж, элдэвлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдааны тов авсан боловч шүүх хуралдаан давхацсан учир хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул тайлбарыг бичгээр гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Нэхэмжлэгч О............. нь  хариуцагч Ш............., П............. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 18.065.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш............., П............. нараас 8.799.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.265.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан  зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч П............., Ш............. нар нь нэхэмжлэгч О.............аас 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлжээ. Тохирсон хугацаандаа хүү төлсөн боловч, үндсэн зээлээ төлөөгүй байна.

2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн боловч өгөөгүй тул 2015 оны 09 дүгээр сарын 15-нд өгч дуусгахаар аман хэлцэл хийснийг үндэслэж хувийн гэрээ хийж, тус гэрээнд  хүүг нөхөн төлөхөөр тохиролцжээ. Зээл нь 2015 оны 07 дугаар сараас хойш төлөгдөөгүй. Тус хугацааны хүүг тооцов. Одоо өгөх дүн 11.575.000 төгрөг байна. Төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцно гэсэн баталгааг хариуцагч П............., Ш............. нар гаргажээ.

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, түүний хүү 2015 оны 09 дүгээр сарын 18-ны байдлаар 15.750.000 төгрөг төлөх нь үнэн. 2015 оны 10 дугаар сарын 21 хүртэл түр хүлээж тусална уу гэсэн баталгааг Ш............. нар гаргасан, зохигчид 2016 оны 12 дугаар сарын 13-нд зээлийн гэрээг 14.500.000 төгрөг төлөхөөр  байгуулжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчид 13.800.000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 6.950. 250 төгрөг авсан гэж маргажээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа 2014 оны 09 дүгээр сард үүссэн боловч хариуцагч нар 2014 оны 09 дүгээр сарын 19, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний , 2015 оны 09 дүгээр сарын 21-ний , 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  зээл төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж, зээлийн гэрээг нөхөж байгуулах зэргээр зээл төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч талаас нэхэмжлэгч О............. болон түүний охин Номинзул нарт бэлнээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтыг үнэлж тооцоо хийхэд 1.037.650 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож байх тул анхан шатны  шүүхийн шийдвэрээр хасагдсан 6.950.250 төгрөгийг нэмэгдүүлж 7.987.900 төгрөгийг 15.750.000 төгрөгнөөс хасч үлдэх 7.762.100 хариуцагч П............., Ш............. нараас гаргуулж нэхэмжлэгч О.............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.302.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч П.............гийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.............гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П............. нь шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа 5 хуудас нотлох баримт хавсаргаж өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар дээрх баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 155.746 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2022/00289 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш............., П.Хандарагчаа нараас 8.799.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.265.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ш............., П............. нараас 7.762.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.302.900  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж,  

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.275 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш............., П............. нараас 155.746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.275 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш............., П............. нараас 139.144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 155.746 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР