Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00772

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00535 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.М-ын хариуцагч Р.Н-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 14,175,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 6,450,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Р.Н-тэй 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 31,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний 2.7-д хугацаа хэтрүүлсэн бол хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 3 сарын хүү 1,860,000 төгрөг, зээл 4,590,000 төгрөг нийт 6,450,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 31,000,000 төгрөгөөс 6,450,000 төгрөгийг хасаж, 26,410,000 төгрөг, алданги 13,205,000 төгрөг нийт 39,615,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийг дараах байдлаар багасгаж байна. Үүнд үндсэн зээл 15,000,000 төгрөг, 3 сарын хүү 900,000 төгрөг, 15,900,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,450,000 төгрөгийг хасаж тооцохоор 9,450,000 төгрөг, алданги 4,725,000 төгрөг, нийт 14,175,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ё.М-аас дансаар болон бэлэн мөнгө авч байгаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ё.М-ын хүргэн дүү болох Б.Өгөөмөрөөс Р.Н- нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөг бэлэн авсан. Найз нөхдийн итгэлцлээр энэхүү мөнгийг авахдаа гэрээ баримт үйлдэлгүй бэлэн авсан. Б.Өгөөмөр мөнгө зээлдүүлсний дараа 2014 оны 08 дугаар сард шинэ байранд орох үедээ Ё.М-аас 15,500,000 төгрөг зээлсэн байсан. Түүнийгээ над руу шилжүүлж 60,000,000 төгрөгийг хоёр салгаад Б.Өгөөмөрт 45,000,000 төгрөг, Ё.М-д 15,500,000 төгрөгийг төлөхөөр зээлээ салгасан. Ё.М-тай нотариат орж Б.Өгөөмөрийн авсан гэх 15,500,000 төгрөг дээр хүү тооцон, нэг нугалаад 31,000,000 төгрөг бэлэн авсан гэж бичсэн. Энэ хугацаанд Ё.М-д 7,000,000 төгрөг төлсөн. Гэвч гэр бүлийн хоорондох авсан мөнгөн дүн зөрүүтэй байсан учир Б.Өгөөмөрт зээлээ төлж дуусгахаар тохироод үндсэн зээл болох 60,000,000 төгрөгийг 120,000,000 төгрөг болгож төлсөн. Гэвч Б.Өгөөмөр Ё.М-тай тохироогүй. Анх авсан зээлээ Б.Өгөөмөрт 120,000,000 төгрөг Ё.М-д 7,000,000 төгрөг төлж, нийт 127,000,000 төгрөгийг төлж барагдуулсан учир нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ё.М-тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч 31,000,000 төгрөгийг зээлээгүй, шилжүүлж өгөөгүй. Тухайн гэрээг хийх болсон шалтгаан нь Р.Н- нь өөрийн найз Б.Өгөөмөрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг төлж байсан хугацаанд Б.Өгөөмөр нь надаас авсан мөнгөнөөсөө 15,500,000 төгрөгийг Ё.М-д өгөхөөр гэрээ байгуулчих гэсэн. Б.Өгөөмөр, Ё.М- нар нь нэг айлын хүргэн бэр бөгөөд Ё.М-тай нотариат орж зээлийн гэрээ байгуулах үед үнийн дүнг 31,000,000 төгрөг гэж бичсэн, гэтэл Б.Өгөөмөрөөс авах 15,500,000 төгрөг дээр хүү, алданги нэмсэн байсан. Энэ талаар Б.Өгөөмөрт хэлэхэд “Ё.М-тай тооцоо зөрсөн байна, би өөрөө тооцоогоо дуусгая, чи надаас зээлсэн мөнгөө үргэлжлүүлэн төл” гэсэн учраас түүнд 60,000,000 төгрөгийг зээлийн хамт бүрэн төлж дуусгасан. Мөн Б.Өгөөмөр, Р.Н- нарын хооронд тооцоо дууссан талаар тайлбар гаргасан. Гэрээ байгуулсны дараа Ё.М-, Б.Өгөөмөр нар нь төрөл садангийн байдлаа ашиглаж, Р.Н-ээр нэг зээлийн гэрээний үүргийг хоёр удаа, хоёр өөр хүнд үүрэг гүйцэтгүүлэхээр шаардаж байгаа нь түүний эрхийг зөрчиж байна. Учир нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөг зээлүүлсэн үндсэн үүрэг гүйцэтгүүлэгч болох Б.Өгөөмөрийн өмнө хүлээсэн үүргээ Г.Наранчимэг нь зохих ёсоор гүйцэтгэсэн буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд Ё.М-д зээлийн гэрээний дагуу 6,450,000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул Ё.М-аас 6,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь 2014 оны 06 сард Б.Өгөөмөр Р.Н-т 60,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед Б.Өгөөмөр Ё.М-д 15,000,000 төгрөгийн өглөгтэй байсан. 2016 онд Б.Өгөөмөр нь энэхүү 15,000,000 төгрөг, хүү 16,000,000 төгрөг нийт 31,000,000 төгрөгийг Ё.М-д өгөхөөр тохиролцсон. 31,000,000 төгрөгөө Р.Н-т зээлүүлсэн 60,000,000 төгрөгөөс гаргуулахаар Ё.М-, Р.Н- нартай харилцан тохирч үүргийг сольсон. Тохиролцсоноор 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 31,000,000 төгрөг хүү, алданги тооцон зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед Ё.М-ын хадам дүү М.Ганчимэг, хариуцагч Р.Н-, түүний төрсөн эгч Р.Уранчимэг нар гэрчээр оролцсон. Гэрч нар зээлийн гэрээ байгуулах болсон үйл баримтыг мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 6,450,000 төгрөг нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 3 сарын зээлийн хүү 1,860,000 төгрөг, үндсэн төлбөрөөс 4,590,000 төгрөгийг хариу тооцсон. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Равдангийн Наранчимэгээс 8,550,000 төгрөг гаргуулж Ё.М-д олгож, нэхэмжлэлээс 5,625,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ё.М-аас 6,450,000 төгрөг гаргуулахыг хүссэн Р.Н-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,025 төгрөг, хариуцагчаас төлсөн 118,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Н-ээс 151,750 төгрөг гаргуулж Ё.М-д олгуулахаар шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 8,550,000 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

6.а.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нь Б.Өгөөмөрийн үүргийг Р.Н-ээр гүйцэтгүүлэхээр, хариуцагч нь Б.Өгөөмөрт гүйцэтгэх үүргээ Ё.М-д гүйцэтгэхээр тус тус тохирч зээлийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, хариуцагч нь үүрэг гүйцэтгэгч байна гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 31,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцоогүй буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх мөнгөн дүн нь тодорхой бус мөн хэргийн бодит нөхцөл байдал дээр нэхэмжлзгч Ё.М- нь Р.Н-ийн өмчлөлд нэг төгрөгийг шилжүүлэн өгөөгүй нь гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн фэйсбүүк мессенжер хаягт хийсэн үзлэгээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ё.М-, хариуцагч Р.Н- нарын хооронд 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн хариуцагч Р.Н- нь Б.Өгөөмөрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн 60,000,000 төгрөгөө зээлийн хүүгийн хамт буцааж төлж барагдуулсан нь Б.Өгөөмөр, Р.Уранчимэг нарын шүүхэд гаргаж өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогддог. Тодруулбал, хариуцагч Р.Н- нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч Б.Өгөөмөрийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл шүүхээс Р.Н-, Б.Өгөөмөр нарын зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргийг Р.Н-ийн зээл аваагүй гуравдагч этгээд болох Ё.М-ын өмнө үүрэг гүйцэтгүүлэхэзр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй буюу зээлийн гэрээний харилцаа болон талуудыг зөв тогтоогоогүй, мөн хариуцагчаас гаргаж өгсөн үүрэг гүйцэтгүүлэгч Б.Өгөөмөрт зээлээ төлж барагдуулсныг нотолсон баримтуудыг үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан.

6.б.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, талууд харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр хийж гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд 6,450,000 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлсэн, энэ хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэдийгээр талуудын хооронд 31,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч уг гэрээний дагуу талууд мөнгө төгрөг өгч аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Иймд Р.Н-, Ё.М- нарын хооронд зээлийн үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч нь 6,450,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Р.Н- нь Б.Өгөөмөрөөс 2014 онд 60,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед Б.Өгөөмөр нь нэхэмжлэгч Ё.М-д 15,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү 15,000,000 төгрөгөө хариуцагч Р.Н-ээс гаргуулахаар нэхэмжлэгч хариуцагч нартай харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь зохигчийн тайлбар болон гэрч Б.Өгөөмөр, Р.Уранчимэг нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэж гэрээг бичгээр хийж, талууд гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байдаг. Хариуцагч Р.Н- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлөхөө илэрхийлж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 6,450,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ё.М- нь хариуцагч Р.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 39,615,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг багасган 14,175,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,450,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.  

2.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Р.Н-т бодитоор 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 3 сарын хүү 900,000 төгрөг, нийт 15,900,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,450,000 төгрөгийг хасаж, алдангийн хамт нийт 14,175,000 төгрөгийг гаргуулна” гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч “би нэхэмжлэгч Ё.М-ын хүргэн дүү Б.Өгөөмөрөөс 60,000,000 төгрөг зээлсэн, Б.Өгөөмөр нь Ё.М-д өртэй байсан тул дээрх төлбөрөөс 15,500,000 төгрөгийг хүүгийн хамт Ё.М-д төлөхөөр тохиролцож, 31,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэвч тэдгээрийн хоорондын тооцоо зөрүүтэй байснаас хамааран Б.Өгөөмөрт өөрт нь бүх зээлийг төлж дуусгасан” гэж тайлбарласан байна. /хх-ийн 21-р тал/

            2.б.Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ё.М- нь 31,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Р.Н- нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөхөөр тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагдсан. /хх-ийн 5-р тал/

            2.в.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой.

            2.г.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Зохигчид 31,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч Ё.М- нь дээрх хуульд зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Р.Н-т хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын багасгасан үндэслэлд дурьдсанаар 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх байдал мөн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

            3.Нэхэмжлэгч Ё.М- нь Б.Өгөөмөрөөс 15,000,000 төгрөгийн авлагатай, харин Б.Өгөөмөр нь хариуцагч Р.Н-ээс 60,000,000 төгрөгийн авлагатай үйл баримт тогтоогдсон буюу энэ талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан, мөн уг үйл баримтын талаар гэрч Б.Өгөөмөр нь “би Ё.М-д 15,000,000 төгрөгийн өртэй, Р.Н- надаас 60,000,000 төгрөг зээлсэн, Ё.М-, Р.Н- нар нь бие биенээ танидаг, өр авлагын талаар ярьж байгаа бол өөрсдөө учраа ол гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 116-117-р тал/

            3.а.Хариуцагч Р.Н- нь Б.Өгөөмөрөөс зээлсэн 60,000,000 төгрөгөө хүүгийн хамт түүнд бүрэн төлж дуусгасан гэж “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргасан боловч дээрх баримтууд нь хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй нотолсон баримтууд биш байна. /хх-ийн 50-62, 98-105-р тал/. Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Н-ийн эгч гэх Р.Уранчимэгийн данснаас шилжүүлсэн төлбөрүүд нь Б.Өгөөмөрийн зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй, мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэг биелэгдсэн эсэх нөхцөл байдал тодорхой бус байх тул нотлох баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

            3.б.Дээрхээс дүгнэвэл Б.Өгөөмөр нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.М-д шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр нэхэмжлэгч Ё.М- нь хариуцагч Р.Н-т зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй байх боловч хариуцагч нь хүсэл зоригоо илэрхийлэн мөнгөн төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан, мөн тус гэрээний дагуу нийт 6,450,000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.М-д шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 87-р тал/

            Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч Р.Н- нь нэхэмжлэгч Ё.М-ын өмнө 15,000,000 төгрөгийн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нийт үүрэг 15,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 6,450,000 төгрөгийг хасч, хариуцагч Р.Н-ээс 8,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-д олгуулахаар шийдвэрлэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

            Нэгэнт зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1  дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгч Ё.М-д үүсээгүй гэж үзнэ.

            Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 6,450,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв. Учир нь хариуцагч Р.Н- нь нэхэмжлэгч Ё.М-ын өмнө Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Ё.М-ыг 6,450,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

   Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь ...” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Р.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                            Д.БЯМБАСҮРЭН                                                                                                                     Г.ДАВААДОРЖ