Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 574

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бямбадэлгэрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч C.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор П.Энхболд,

          Ялтан Ж.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

          Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Бямбадэлгэр, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Бямбадэлгэрт холбогдох эрүүгийн 2016 0100 0072 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бэсүд овгийн Жигжжавын Бямбадэлгэр, 1982 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, чөлөөт уран бүтээлч гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЮ82121138/,

 

Ж.Бямбадэлгэр нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидриканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Бямбадэлгэрын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Бямбадэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бямбадэлгэрийг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бямбадэлгэрт оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилан эдлүүлж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидриканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг уутны хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Ж.Бямбадэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, мөрдөн байцаагч Д.Нямрагчаагийн үйлдсэн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хас банкны эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 59-57 УНЛ улсын дугаартай автомашин битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Ялтан Ж.Бямбадэлгэр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах буруу зүйл хийснээ үнэн сэтгэлээсээ ойлгож, гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ үнэнээр хүлээж гэм буруугаа ойлгосон. Би бага насны хүүхэдтэй, мөн группт байдаг эцгийгээ асран халамжилдаг. Эцэг маань өндөр настай, энд хоригдсоныг мэдээд бие нь эрс дордож байна. Түүнийг асран халамжлах хүнгүй хэцүү байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж хуульд заасан хөнгөн ялыг оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Ж.Бямбадэлгэрийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан гэж үзэж байна.

Ялтан Ж.Бямбадэлгэр нь шийтгэх тогтоолд эрхэлсэн тодорхой ажилгүй гэж бичигдсэн боловч Ж.Бямбадэлгэр нь чөлөөт уран бүтээлч, дуучин хүн юм. Үүнийгээ нотолж өөрийн бие даасан цомог гаргасан.

Ж.Бямбадэлгэр нь ам бүл 5, бага насны охин, эхнэр, өөрийн эцэг, эхийн хамт амьдардаг. Эхнэр Д.Мөнхтуяа нь ажилгүй, группт байдаг. Мөн өөрийн төрсөн эцгээ асран халамжилдаг, ганцаараа гэр бүлээ авч явдаг. Ж.Бямбадэлгэрийн аав нь 2 удаа харвасан, хүнд өвчтэй, түүний асрамжинд байдаг.

Ж.Бямбадэлгэр нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол төлбөргүй зэрэг дээрх байдлуудыг харгалзан үзэж  шүүхээс оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.    

 

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Бямбадэлгэрийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд хор аюул ихтэй гэмт хэрэг, иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

Ж.Бямбадэлгэр нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидриканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2609 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “ЧД1ЦХ” гэж хаягласан шээсэнд ТНС /каннабис/ илэрсэн, ТНС /каннабис/ 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх 75-76/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2610 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “2610 ЧДЦХ-1” гэж хаягласан бор өнгийн дугтуйн дотор гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл нь 4.5692 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ, шинжилгээнд ирүүлсэн “2610 ЧДЦХ-1” гэж хаягласан бор өнгийн дугтуйн дотор гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлд Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн, Делта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-88-89/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 366 дугаартай шинжээчийн “...Ж.Бямбадэлгэр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна, одоогоор Ж.Бямбадэлгэр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэг үгүй байна, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, Ж.Бямбадэлгэр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэж шинж тэмдэг илрэхгүй байна, Ж.Бямбадэлгэрт мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байгаа учир СЭМҮТөвд эмчлэх шаардлагагүй, Ж.Бямбадэлгэрт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, Ж.Бямбадэлгэрт мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолтын шинж илэрэхгүй байгаа тул шинжилгээгээр тодруулах шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлт /хх 81-84/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/, мансуурах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестр ашигласан тухай тэмдэглэл /хх-10/, Ж.Бямбадэлгэрийн биед үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-11/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэв журмын офицер, дэслэгч К.Депудатын бичсэн итгэх хуудас /хх-12/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-20/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-22/, эд зүйлийн үнэлгээ /хх-31/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х -58-59/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-60/, ялтан Ж.Бямбадэлгэрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдол бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Ж.Бямбадэлгэр нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидриканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй 4.5 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, биедээ хадгалсан, мөн уг бодисыг өөрөө татаж хэрэглэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Ж.Бямбадэлгэр нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "тетрагидроканнабинол"-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “каннабис” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Ж.Бямбадэлгэрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Ж.Бямбадэлгэрт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, тогтоосон байна.

 

Анхан шатны шүүхээс Ж.Бямбадэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь түүний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Иймд ялтан Ж.Бямбадэлгэр, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Бямбадэлгэр, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                     ШҮҮГЧИД                                                      Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ