Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 588

 

 Б.О-, Ц.Б-, Г.Э

     нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Р.Пүрэвлхам, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, Д.Нямдорж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 691 дүгээр магадлалтай, Б.О-, Ц.Б-, Г.Э нарт холбогдох 201501000187 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 06-нд Архангай аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б б овогт Б-н О-,

2. Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-н Б-,

3. Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 08-нд Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер механик, гадаад худалдаа, гаалийн удирдлагын мэргэжилтэй, ***,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, О овогт Г-н Э-.

Б.О- нь нийтийн албан тушаалтан буюу **  газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр гаалийн улсын ахлах байцаагч Г.Э-ыг Замын-Үүд дэх ***-т улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай, газрын *- П.Д-г улс хоорондын шуудан илгээмжийн *-аар шилжүүлэн томилох тухай, *- Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын *-аар шилжүүлэн томилох тухай **  газрын даргын тушаалуудыг гаргуулсны хариуд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ц.Б-ээс 500,000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б-, Л.О- нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан,

Ц.Б- нь өөрийгөө Улаанбаатар хот дахь Гаалийн газрын *-аар, мөн өөрийн эхнэр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын *- П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн ***-аар тус тус шилжүүлэн томилуулах тухай **  газрын даргын дээрх тушаалуудыг гаргуулахын тулд Б.О-т 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

Г.Э нь Замын-Үүд дэх ***-т *-аар шилжүүлэн томилох тухай **  газрын даргын дээрх тушаалыг гаргуулсны төлөө Б.О-т Л.О-, Ж.Б- нараар дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ц.Б-, Г.Э нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Б.О-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Ц.Б-, Г.Э нарыг албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, Г.Э нарыг тус бүр 1 жил хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-, Г.Э нарт тус бүр оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, түүнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.О-ийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 1,500,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-, Ц.Б-, Г.Э нарт холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Энэ хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хооронд нийт 2 жил 6 сарын хугацаанд үргэлжилж байна. Эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтад үндэслэж гарсан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлчлүүлэгч болон өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдээгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хүсэлтийг шүүхүүд хүлээн аваагүй бөгөөд энэ хэрэгт Л.О-, Ж.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулахаар дурдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй.

Учир нь Б.О- нь өөрийн мэдүүлэгтээ хахууль авсан болохоо хүлээн мэдүүлээгүй, анхны мэдүүлэг авахдаа мөрдөгч эрүү шүүлт тулгасан талаарх гомдлыг шалган шийдвэрлэхдээ гомдол гаргагч болон гомдолд холбогдогчоос тайлбар авснаас өөр ажиллагаа хийгээгүй, энэ хэрэгт шалгагдаж үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болгогдсон хүмүүсийн зөрүүтэй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримтаар нотлогдсон мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд **  газрын дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасныг өмгөөлөгч хангалттай няцааж хэлэлцүүлсэн үндэслэлийг шүүх анхаарч дүгнээгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан **  газрын дүрмээр тогтоосон тодорхой ямар үүргийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь нотлогдоогүй юм.

Харин ч Захиргааны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг албан тушаалын хувьд Б.О- хүлээгээгүй, өөр албан тушаалтан тухайлбал, Захиргааны зөвлөлийн нарийн бичгийн дарга шууд хариуцдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Мөн шүүхээс гаалийн байцаагч нар өөртөө “ажлын нөхцөл сайжруулах, төв зам дагуу ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн, авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Гаалийн байцаагчийг сэлгэн ажиллуулах журам нь хуулиар зөвшөөрөгдсөн захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд хамаарч байгаа бөгөөд үйлчлүүлэгч Б.О-ийн ажиллаж байсан хугацаанд тогтмол хийгдэж ирсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

Харин энэ хэргийн тохиолдолд гаалийн байцаагч нарыг шилжин ажиллуулснаар цалин хөлс буурсан байдал тогтоогдсон байхад шүүхээс хийсэн “төв зам дагуу ажиллах” гэсэн дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажлын журмаар цугларсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох тухай заалт бий.

Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “Гэмт хэргийг далд аргаар үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй бол гүйцэтгэх ажил явуулна” гэж заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтын хүрээнд манай хэргийн тохиолдолд гүйцэтгэх ажил явагдсан гэж прокурор тайлбарладаг ч үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд явагдаагүй, түүнийг нөхөн гүйцэтгэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх анхаарсангүй.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаар захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх үүргийг шүүхэд хариуцуулаагүй байна. Иймд хуульд заасан ажиллагааг зохих шатанд нь гүйцэтгэж, оролцогчийн эрхийг хангах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Гэтэл прокурор 2017 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд хэргийг хянах явцдаа “Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга” гэх баримтыг нөхөн үйлдэж, дуу дүрсний бичлэгт шинжилгээ явуулсан шинжээчээс мэдүүлэг авч, зарим яллагдагчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгон улмаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүхээс “танилцуулга гэх баримт урьд яллах дүгнэлтэд дурдагдаагүй" гэж үндэслэлгүй дүгнэсэн байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч үндэстэй тайлбар гаргаагүйг анхаарахыг хүсье.

Зөвхөн яллах зорилгоор хэрэгт авагдсан дуу-дүрсний бичлэгүүдэд өөрчлөлт оруулж дахин шинжилгээ явуулсан, хахуулийн гэх эд зүйл, мөнгөний хэмжээг янз бүрээр дүгнэн буруутгасан, хэрэгт өгсөн мэдүүлгийг гагцхүү яллах зорилгоор үнэлсэн зэрэг ач холбогдолтой бусад асуудлыг хянуулахыг хүснэ.

Иймд үйлчлүүлэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул түүнийг цагаатгаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч гомдол бичив.

Магадлалын тодорхойлох хэсгийн 2-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарт эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилсон эсэхийг бүрэн гүйцэд шалгуулахаар дүгнэснийг бүхэлд нь дэмжиж байгаа учир энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний бие анхан шатны шүүхээс эхлээд 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд прокурор “Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга” гэх баримтыг хуульд заасан журмын дагуу үйлдээгүй тухай хангалттай илэрхийлж ирсэн. Энэ бол хамгийн ноцтой үйл баримт гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ баримтыг хуучин хуулийн нэрээр нөхөж үйлдсэн прокурорын хууль бус үйлдлийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлээгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байгаад шүүх дүгнэлт хийх ёстой байх. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн  шатанд мөнгөн дүн маш олон удаа өөрчлөгддөг. Энэ  асуудлаар гүйцэтгэх ажил явуулж, шийдвэрлэх боломж нь нээлттэй байсан боловч хуулийн дагуу явагдаагүй гэдэг нь баримтаар нотлогддог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах журам зөрчигдсөн. Иймд  Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах тухай гомдлыг дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Бадамханд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Ц.Б-, Б.О- нартай хүнлэг бус, хэрцгий хандаж авсан сэжигтний мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Б-, Б.О- нарыг өглөө авч очоод 14-16 цагийн турш ямар ч хоолгүй залхааж, дарамталж мэдүүлэг нь авсан нь нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны дуу-дүрсний бичлэгтэй ноцтой зөрж байхад нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх ажлын арга хэмжээний танилцуулга гэсэн баримтад мөнгөний талаар дуу болон ярианы бичлэгт байхгүй зүйлийг оруулж, хуурамчаар бүрдүүлсэн асуудлыг шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг зөрчсөн. Мөн “Гүйцэтгэх ажлын арга хэмжээний танилцуулга” гэх баримтыг нөхөн бүрдүүлэхдээ шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль зөрчсөн. Сидинд үзлэг хийсэн гэх баримтаар “дугтуйтай мөнгө” гээд сидинд байхгүй зүйлийг оруулж ирсэн. Хөндлөнгийн гэрчээр Авилгатай тэмцэх газрын үйлчилгээний ажилтнуудыг оруулсан бөгөөд гэрчийн мэдүүлэгтээ баримттай бараг танилцаагүй гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгч авах эрхийг нь ноцтой зөрчсөн. Ар гэртээ мэдэгдэх, өмгөөлөгч авах хүсэлтийг анхны мэдүүлэгтээ хэлсэн бөгөөд “өмгөөлөгч хэрэггүй, хэлсэн үгийг чинь бичнэ” гээд гарын үсэг зуруулсан нь миний үйлчлүүлэгчийн мэдүүлгээр нотлогдож байдаг. Мөн сэжигтний мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй гэсэн шаардлагыг анхаарч үзээгүй. “Ц.Б- 500,000 төгрөгийг өгсөн” гэх сэжигтэн Б.О-ийн мэдүүлэг байгаа бөгөөд өөр баримт байхгүй байхад ялласан нь үндэслэлгүй юм. Дээр дурдсан зүйлүүдийн улмаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269  дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж, хуулийг буруу хэрэглэсэн. Эдгээр байдлуудыг харгалзаж, Ц.Б-т холбогдох хэргийг цагаатгаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэсэн заалтуудыг шүүх анхаарч үзсэнгүй. Хахуулийн гэмт хэрэг бол тодорхой эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг. Авилгын эсрэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан. Энэхүү конвенцийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд эд хөрөнгө гэж материаллаг буюу материаллаг бус, үл хөдлөх болон хөдлөх, биет болон биет бус бүх төрлийн хөрөнгө, түүний эрх ашиг, ашиг сонирхлыг гэрчилсэн эрх зүйн баримт бичиг буюу актыг хэлнэ гэсэн байдаг. Эд зүйлийг өгсөн нь эсэх нь нотлогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Олон Улсын конвенцийн хэм хэмжээг баримтлаагүй. Иймд Ц.Б-т холбогдох хэргийг цагаатгаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч С.Чулуунбаатар хэлсэн саналдаа “Бусад өмгөөлөгч нарын гомдолтой санал нэг байна. Г.Эын хувьд  зүйлчлэл тохироогүй гэдгийг олон удаа хэлж, хүсэлт гаргаж байсан юм” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэгт хахууль өгөхөд зуучилсан гэх Л.О-, Ж.Б- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн. Л.О-, Ж.Б- нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байсан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт заасан шинжийг агуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй учраас Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүдэн шүүсэн асуудал энэ хэрэгт хамааралгүй бөгөөд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дээд шатны прокурорт нь хандаж, шийдвэрлүүлэх боломж байсан. Тиймээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.О-т оноосон ялын хувьд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй буюу шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Энэ үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаахад татгалзах зүйлгүй. Иймд Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан гомдлыг үндэслэн Б.О-, Ц.Б-, Г.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.О-ийг нийтийн албан тушаалтан буюу **  газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүйгээр Г.Эыг Замын-Үүд дэх ***-т улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай, П.Д-г улс хоорондын шуудан илгээмжийн *-аар шилжүүлэн томилох тухай, Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь ***-аар шилжүүлэн томилох тухай **  газрын даргын тушаалуудыг гаргуулсны хариуд Ц.Б-ээс 500,000 төгрөгийн, Ж.Б-, Л.О- нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Ц.Б- нь өөрийгөө, мөн өөрийн эхнэр П.Д-г *-аар тус тус шилжүүлэн томилуулах тухай **  газрын даргын дээрх тушаалуудыг гаргуулахын тулд Б.О-т 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

Г.Э *-аар шилжүүлэн томилох тухай **  газрын даргын тушаалыг гаргуулсны төлөө Б.О-т Л.О-, Ж.Б- нараар дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй талаар дүгнэлт хийж уг шийдвэрийг хүчингүй болгон хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглох тухай зарчим нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд тусгагдсан зарчим төдийгүй олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бөгөөд ямар ч тохиолдолд хөндөж, дордуулж үл болох, хүний язгуур эрхийг хамгаалсан, заавал хэрэгжих хүчин чадал бүхий хэм хэмжээ байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх зарчим, түүний агуулга нь дээр дурдсан эрх зүйн эх сурвалжуудад тусгагдсан хэм хэмжээний агуулга, үзэл санааны цар хүрээгээр илэрхийлэгддэг ойлголт юм.           

Гэтэл 201501000187 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч нараас мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд нь хохирол учруулах арга хэрэгсэл хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, дарамталж мэдүүлэг авсан гэх буюу дээр дурдсан зарчим зөрчигдсөн байж болзошгүй талаарх оролцогч нарын удаа дараагийн гомдолд дурдсан зүйлсийг хянан шалгах, холбогдох шалгалт явуулах талаарх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 267 дугаар магадлалын заалтыг хангаагүй, шүүхийн шийдвэрийг байгууллага, албан тушаалтан биелүүлэх ёстой хуулийн заалт зөрчигдсөөр байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ийм ч учраас тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 691 дугаар магадлалд өмнөх магадлалын заалт биелэгдээгүй байгааг дахин хөндөж, холбогдох шалгалтыг зохих ёсоор хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг хянан үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан тодорхой үндэслэл, журмын заалтыг хангагдсан эсэхэд дүгнэлт хийхийн зэрэгцээ дээр дурдсан нийтлэг зарчмуудын агуулгад нийцсэн эсэхийг хянан үзэх үүрэгтэй байдаг тул хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрчлэн, түүний дотор мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцоход дээрх шаардлага нэгэн адил тавигдах ёстой.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт хавсаргаагүй атлаа прокуророос яллах нотлох баримт болгож хэдийд, хэрхэн хийгдсэн эх сурвалж тодорхойгүй дуу бичлэгийн дискийг, тэмдэглэлийн хамт хавсаргаж ирүүлсэн, харин 2017 оны 10 дугаар сарын 27-нд дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ дээрх баримтат мэдээлэл нь гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүн байсан гэж тайлбарласан танилцуулгыг нөхөн хавсаргаж ирүүлсэн байхад анхан шатны шүүх үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, уг ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг шалгаж, үнэлж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэрт энэхүү зөрчил нөлөөлжээ.

Тодруулбал, уг хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа хийгдсэн эсэх, хэрэв хийгдсэн бол энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийн зарчимд нийцэж явагдсан эсэх, хууль ёсны дагуу явагдсан болох нь тогтоогдсон бол уг ажиллагааны үр дүнг эрүүгийн хэрэгт нотлох баримтын хэмжээнд тооцож болох шаардлагын хэмжээнд нийцэхээр баримтат мэдээлэлд хувирган хэрэгт хавсаргасан эсэх, эдгээр ажиллагааны үнэн бодит байдалд шүүх өөрөө хянан үзэж дүгнэлт хийх төдийгүй, хуульд заасан хэмжээний хүрээнд нягтлах боломжийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт олгоогүй байгаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдлыг үгүйсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлээр мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох асуудлыг зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох...”, 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй ...мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно.” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хавтаст хэрэгт тусгагдсан нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажилтай холбоотой бүх баримт, мэдээлэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн эсэхийг хянах асуудал шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд нээлттэй бөгөөд яллаж буй тал уг асуудлыг шүүхэд танилцуулах үүрэгтэй болохыг тодорхойлсон гэж үзнэ.

Учир нь, хавтаст хэрэгт тусгагдсан л бол төрийн нууц, түүний бүх зэрэглэлд хамаарах мэдээлэл агуулсан эсэхээс үл хамаарч Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан, хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүх нь тухайн хэрэгт холбогдох бүх ажиллагаа, нотлох баримттай танилцах, уг нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг хянах эрхтэй бөгөөд энэ нь “Шүүх эрх мэдэл”-ийн хувьд төрийн зүгээс хийгдсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах үндэс, суурь болно.

Мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт хавтаст хэрэгт тусгагдсан тохиолдолд уг баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт мэдээлэлтэй холбогдсон хэргээ шийдвэрлүүлэх гэж буй этгээд, түүний өмгөөлөгч зайлшгүй танилцах эрхтэй бөгөөд зөвхөн шүүх танилцаж, мэтгэлцээний нэг талд танилцуулагдаагүй “нууцлагдсан баримт”-ыг хэргийг хянан шийдвэрлэхэд ашиглаж хэрхэвч болохгүй.

Мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтыг цуглуулах, бэхжүүлэхээс бусад буюу шалгах, үнэлэхэд тавигдах шаардлага нь бусад нотлох баримтад тавигдах нийтлэг шаардлагатай ижил түвшинд байх ёстойг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн мөрдөн шалгах нууц ажиллагаанаас гадна гүйцэтгэх ажлын баримт хууль ёсны болохыг тогтооход уг ажиллагаа “Гүйцэтгэх ажлын тухай хууль”-д заасан зорилго, зарчимд нийцсэн эсэх, гүйцэтгэх ажил явуулах үндэслэлд хамаарч байгаа эсэх, хууль болон зөвшөөрөлд заасан ажиллагаа явуулах хүрээ, бүрэн эрхийн дотор тус тус хийгдсэн эсэх зэрэг ажиллагааг зайлшгүй хянаж байвал зохино.

Дээрх үндэслэлүүд нь мөрдөн шалгах нууц ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд нийцсэн байх, мөн түүнчлэн шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулийн заалтын агуулга, эрх зүйт төрийн суурь шаардлагаас үүдсэн үндэслэл мөн.

Үүний зэрэгцээ, дээрх суурь ухагдахуунуудын агуулгын үүднээс авч үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байна.” гэдгийг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх болон буруутгагдаж буй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс нууцлахыг илэрхийлэхгүй, харин хэргийн бусад оролцогчид, хөндлөнгийн этгээдээс нууцлах агуулгаар тайлбарлан хэрэглэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлтийг энэ удаа эцэслэн хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.    

Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх дээрх байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гомдлыг хэсэгчлэн хангаж, уг гомдлын “...Б.О-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул түүнийг цагаатгаж өгөхийг хүссэн” агуулгатай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 691 дүгээр магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР         

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН