Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00813

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С-” ХХК-ийн хариуцагч “Э-” ХХК, Ц.Э- нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, хохиролд нийт 64,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, хариуцагч “Э-” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э-, хариуцагч Ц.Э-, хариуцагч нарын өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “С-” ХХК нь “Э-” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурханы дээврийн ажлыг 30,000,000 төгрөгөөр иж бүрэн засварлах, будах ажлыг гэрээ батлагдсан өдрөөс эхлэн хуанлийн 20 хоногт гүйцэтгэхээр тохиролцож, урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн даалгавраар гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэтэл “Э-” ХХК болон Ц.Э- нар нь энэхүү мөнгийг авснаас хойш ажлыг 100 хувь гүйцэтгээгүй, улмаар ажлаа хаяж явсан. Мөн хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, засвар хийхээс өмнөх байдлаас дордсон. Манай компанийн зүгээс ажиллах бүхий л нөхцөлийг хангаж “Э-” ХХК-ийн захиралтай 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж ажлаа хийх талаар сануулгыг дахин өгсөн боловч үр дүн гараагүй. Бид “Э-” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх ажлыг хийлгэсэн. “Э-” ХХК нь өмнөх компанийн ажлыг үзээд шинээр хийх шаардлагатай гэсэн тул дахин санхүүжүүлэн шинээр хийлгэхээс өөр аргагүй болсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу алданги, 4,275,000 төгрөг, гэрээний 4.2.10-т заасны дагуу 40 хувийн торгууль 12,000,000 төгрөг, гэрээний 4.1.7.3-т заасны дагуу Э- ХХК-тай байгуулсан гэрээний хөлс 30,000,000 төгрөг, нэмэлт гэрээний 3,600,000 төгрөг, нийт 64,875,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагч “Э-” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: “Э-” ХХК-ийн зүгээс Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бүрханы дээврийн ажлыг иж бүрэн засварлах, будах ажлыг хийж гүйцэтгэхээр “С-” ХХК-тай гэрээ байгуулаагүй. Ц.Э- нь манай компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн захирал биш тул компанийг төлөөлөх эрхгүй. “Э-” ХХК болон “С-” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй, 15,000,000 төгрөгийг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            3.Хариуцагч Ц.Э-гийн тайлбар, татгалзлын агуулга: “С-” ХХК-ийн захирал Ц.Анандбазартай 2019 оны 06 дугаар сард уулзаж, Жанрайсаг бурхны сүмийн дээврийн засварын ажлыг хийхээр тохиролцсон. “С-” ХХК-ийн оффис дээр очиж, 15,000,000 төгрөг бэлнээр авсан. Дээврийн ажил 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эхэлж Жанрайсаг сүмийн дээвэрт тороосон бэхэлгээ хийж, хуучин будгуудыг хуулан зориулалтын хөвөн даавуун дэвсгэрийг дэвссэн. Сүмийн дээд шовгор оройг будаж дуусах үед 5 м.кв газарт будаг дууссан. Энэ үед бараг 20,000,000 гаруй төгрөгөөр үнэлэгдэх ажил гүйцэтгэсэн тухай Ц.Анандбазарт мэдэгдэж санхүүжилт авах санал гаргасан. Гэтэл ажлаа 100 хувь гүйцэтгээд мөнгөө аваарай гэсэн. Миний бие “Э-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд 52 лааз будаг авч хэрэглэсэн, дараа нь дахин 20 лааз будаг захиалуулж авсан. Энэ нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдоно. Хөрөнгө мөнгөгүйн улмаас ажил зогссон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч санхүүжилт олгоогүй атлаа гуравдагч компанитай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэх үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 232.6-д заасныг баримтлан “Э-” ХХК, Ц.Э- нараас 64,875,000 төгрөг гаргуулах тухай “С-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,320,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            5.а.Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал: Гэрээ байгуулагдах болсон гол үндэслэл, шалтгаан нь “Э-” ХХК-ийн эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Ц.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр үнийн санал өгснөөр эхэлдэг. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт хэсэгт /1хх-10/ талд байгаа талаар дүгнэсэн. Дээрх үнийн санал нь Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг “Э-” ХХК хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн санал байсан. Саналын дагуу “С-” ХХК хүлээн авч “Э-” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээ байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Э-” ХХК-ийн нэхэмжлэл дээр эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Ц.Э-, нягтлан бодогч О.Оюундэлэг нарын гарын үсэгтэй, албан ёсны тамга дарагдсан, Жанрайсаг бурхны сүмийн дээврийн засварын урьдчилгаа төлбөр гэх агуулга бүхий мөнгө хүссэн байгууллагын нэхэмжлэхийг “С-” ХХК-д хүргүүлсэн. Хүргүүлсний дагуу “Э-” ХХК-ийн мөнгө хүссэн нэхэмжлэхийн дагуу эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Ц.Э-т бэлнээр 15,000,000 төгрөг өгсөн байдаг. Мөн “Э-” ХХК-ийн эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Ц.Э- “Хаан банк”-ны дансны хуулгаа хавтас хэрэгт хавсаргаж өгдөг. Дансны хуулганы тодруулсан хэсэгт Жанрайсагийн дээврийн засвар гэсэн агуулгаар гүйлгээ харагдах бөгөөд энэ нь “Э-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э- тухайн ажлыг гардаж гүйцэтгэсэн болохыг харуулсан ба шүүхээс огт дүгнэлт хийгээгүй. Ийм илэрхий гэрээ байгуулах, хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай цугларсан байхад байхад шүүхээс үндэслэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж, мушгин гуйвуулж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг ноцтой зөрчиж шаардах эрх байхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

            5.б.Ц.Э- нь “Э-” ХХК-ийн эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Ц.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр үнийн санал хүргүүлсний дагуу танай байгууллагатай гэрээ байгуулна гэж ирж уулзсан. Нэхэмжлэгчийн зүгээс “Э-” ХХК-ийн захирал гэж ойлгосон. Гэрээ байгуулахдаа ч “Э-” ХХК-ийн захирал Ц.Э- гэж бичиж гарын үсэг зурж, тамга дарсан байдаг. Үүнээс дүгнэхэд иргэн Ц.Э- ч “Э-” ХХК-ийг төлөөлж байсан гэдгээ мэдэж байсан. “Эй уан констракшн  дизайн” ХХК-ийн захирал гэж хүн гарын үсгээ зурж, тамга дарагдсан байсан тул нэхэмжлэгчийн зүгээс компанитай гэрээ байгуулсан гэж ойлгосон. Түүнээс иргэн Ц.Э-тай аливаа хэлцэл огт хийгээгүй болно. Шүүх үүн дээр буруу дүгнэлт гаргасан. Харин талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээнд Ц.Э- гарын үсэг зурсан учир түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Иргэний хуулийн 343, 352, 232, гэрээний 6 дугаар зүйл, гэрээний 4.1.7.2-т “Захиалагч доголдлыг өөрийн хүч хөрөнгөер арилгаж, гарсан зардлыг гүйцэтгэгчээс гаргуулах, гарсан зардлыг нэхэмжлэх”, 4.1.7.3-т “Гүйцэтгэсэн санхжүүжилтийг буцаан нэхэмжлэх” гэж заасны дагуу тус тус хариуцагч нар нь гэрэзний үүргээ биелүүлэлгүй гэрээт хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөлгүй орхиж явсан, нэмэлт  хугацаа тогтоосон боловч гэрээний үүргзэ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхнаасаа “Э-” ХХК болон Ц.Э- нар ажлаа бүрэн хийж, бүрэн хүлээлгэн өгсөн бол бид өнөөдөр 63,839,400 төгрөг зөвхөн дээврийн ажилд зарцуулахгүй байх боломжтой байсан. Шүүх хуралдааны явцад иргэн Ц.Э- урьдчилгаа 15,000,000 төгрөгийг би авсан гэж мэдүүлдэг. Авсан мөнгөөрөө “Э-” ХХК-ийн эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Ц.Э- БНХАУ-аас будаг захисан 5 ажилтны цалин хөлсийг өгсөн талаар Хаан банкны дансны хуулгаа хавтаст хзрэгт гаргаж өгч тайлбарласан. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг үнэн зөв дүгнээгүй. Хариуцагч нар нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, бид өнөөдөр ямар хэмжээний ажил хийсэн талаар ямар ч дүгнэлт гаргах боломжгүй. Шүүхээс анхан шатны баримт ч байхгүй ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй Ц.Э-гийн өөрийн санаанаас зохиож бичсэн цаасыг үндэслэж нэг талд хэт үйлчилсэн шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах зарчмыг баримтлаагүй шийдвэр болсон. Энэ мэтчилэн бодит байдал дээр ах дүү 2 үгсэн хуйвилдаж ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр авсан хэдий ч ажлаа огт хийгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүйн улмаас бусдыг хохироох байдлыг шүүхээс анхаарч үзээгүй. Шүүх ямар ч нотлох баримтгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хэдий хэмжээний ажил хийсэн нь тодорхойгүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний талаар огт дүгнэлт өгөөгүй. Нөгөөтэйгүүр шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт, хамааралгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэж шийдсэн нь үндэслэлгүй байна. Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргаж байхад шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 115 дугаар зүйл болох эзэнгүй эд юмсыг олж авах, 115.2.3 хуульд огт байхгүй заалт, 116 гээгдэл эд хөрөнгө, 118 дарагдмал үнэт зүйл зэрэг хамааралгүй заалтыг баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Ямар төрлийн харилцаа үүссэн бэ гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой. Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг бурхны дээврийн засварын ажлыг хийлгэхээр Ц.Э-д санал тавьсан байдаг. Ц.Э-д мөнгө байгаагүй учраас санхүүжилт олох шаардлагатай байсан. Хамба лам “С-” ХХК-ийн захирал н.Анандбазартай холбогдсон байдаг. “С-” ХХК-аас 30,000,000 төгрөгийн хандив, “Э-” ХХК-аас 6,000,000 төгрөгийг гаргаж уг засварын ажлыг гүйцэтгэхээр болсон байдаг. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тодорхой дүгнэсэн. Ц.Э- нь “Э-” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийсэн. 15,000,000 төгрөгийг ямар учраас буцааж шаардаж байгаа вэ гэдэгт маргадаг. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 5 хүн засварын ажил хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөнгө байхгүй байсан учраас ажлыг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болоод ажил зогссон. Ц.Э- нь 22,160,000 төгрөгийн засварын ажил хийсэн гэдгээ баримтаар нотолсон. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан хандивын харилцаа бий болсон. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Э-” ХХК-тай гэрээ байгуулж, 30,000,000 төгрөг төлөөд уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг. Гандантэгчилэн хийдийн лам н.Сугардорж гэх хүний гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Уг мэдүүлэгт “Э-” ХХК будгийн ажлыг үргэлжлүүлэн хийсэн” гэсэн байдаг бөгөөд шинээр ажил хийсэн гэж хэлээгүй. “Э-” ХХК-д 30,000,000 төгрөг өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй. “Э-” ХХК уг ажлыг шинээр эхлүүлэн гүйцэтгэсэн гэдэг үйл баримт нотлогдоогүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа төлөөлөх эрхтэй байан эсэх талаар дүгнэлт хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлага болох алданги торгуулийн асуудал яригдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК, Ц.Э- нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, хохиролд нийт 64,875,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “С-” ХХК нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд дэх Жанрайсаг бурхны сүмийн дээврийн иж бүрэн засварын ажлыг 30,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх, хариуцагч “Э-” ХХК нь гэрээт ажлыг гэрээ батлагдсан өдрөөс эхлэн ажлын 20 хоногт багтаан бүрэн гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь ажлын хөлсний урьдчилгаанд 15,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 174-176-р тал/. Дээрх гэрээнд нэхэмжлэгч “С-” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч Ц.Алтантариа, хариуцагч “Э-” ХХК-ийг төлөөлж захирал гэх Ц.Э- нар гарын үсгээ зуржээ.  

 4.а.Улмаар талууд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, хариуцагч “Э-” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр будгийн ажлыг эхлүүлэх, ажлыг заасан хугацаанд эхлүүлээгүй тохиолдолд хоног тутамд 100,000 төгрөгийн торгууль төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 11-р тал/

4.б.Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, “урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 4,275,000 төгрөг, торгууль 12,000,000 төгрөг, дээрх ажлыг бусдаар гүйцэтгүүлсний ажлын хөлс 30,000,000 төгрөг, нэмэлт гэрээний дагуу торгууль 3,600,000 төгрөг, нийт 64,875,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна” гэснийг хариуцагч “Э-” ХХК нь эс зөвшөөрч “гэрээнд гарын үсэг зурсан Ц.Э- нь компанийг төлөөлөх эрхгүй, манай компани нь нэхэмжлэгч “С-” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж, хариуцагч Ц.Э- нь ““С-” ХХК-тай харилцан тохиролцож Гандантэгчилэн хийд дэх Жанрайсаг бурхны сүмийн дээврийн иж бүрэн засварын ажлыг хийхээр болсон, тус компаниас 15,000,000 төгрөг бэлнээр авч, миний бие мөнгө нэмж 20,000,000 гаруй төгрөгийн ажил гүйцэтгэсэн, гэвч нэхэмжлэгч нь нэмэлт санхүүжилтийг олгоогүй, мөн гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй” гэж тус тус тайлбарлажээ. /хх-ийн 144, 164-165-р тал/

            4.в.Хариуцагч Ц.Э- нь “Э-” ХХК-ийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг байх бөгөөд тус компанийн захирлаар Ц.Э- бүртгэлтэй байна. /хх-ийн 103-110-р тал/.

             4.г.Хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч “С-” ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж маргаж байх боловч дээрх гэрээ байгуулагдах цаг хугацаанд нэхэмжлэгч “С-” ХХК-д хүргүүлсэн хариуцагч “Э-” ХХК-ийн үнийн санал, нэхэмжлэх зэрэгт тус компанийн захирал Ц.Э- гарын үсгээ зурсан, эдгээр баримтууд нотолгооны ач холбогдолтой. /хх-ийн 10, 2хх-ийн 137-р тал/.

4.д.Тодруулбал, хариуцагч “Э-” ХХК-ийн захирал Ц.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийн нэхэмжлэхэд гарын үсэг зурсан байх бөгөөд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан тул хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч “С-” ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Харин Ц.Э-гийн хувьд нэхэмжлэгч “С-” ХХК-тай иргэний хувиар гэрээний харилцаанд ороогүй, хариуцагч “Э-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар төлөөлөн гэрээ байгуулсан байх тул үүрэг зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлыг Ц.Э-д хариуцуулах үндэслэлгүй.

4.е.Нэхэмжлэгч “С-” ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 15,000,000 төгрөг төлснийг хариуцагч Ц.Э- зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.5-д “2-р үеийн санхүүжилт 30% болох 9,000,000 төгрөгийг засварын ажлыг 80% дуусгаж, захиалагчийн хяналтын инженерт хянуулж, шилжүүлэх бөгөөд нэмэлт зардлыг гүйцэтгэгч өөрөө санхүүжүүлнэ” гэж, 3.6-д “Эцсийн санхүүжилт 20% болох 6,000,000 төгрөгийг 100% түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж, актаар бүрэн хүлээлгэн өгсний дараа төлөх”-өөр тохиролцжээ. /хх-ийн 164-165, 174-р тал/

4.ё.Хариуцагч “Э-” ХХК нь гэрээний 3.5, 3.6-д зааснаар гүйцэтгэсэн ажлыг захиалагч буюу нэхэмжлэгч “С-” ХХК-д хянуулж 2, 3-р үеийн санжүүжилтийг авах эрхтэй болсон гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

4.ж.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан хэдий ч талууд хуульд заасан гэрээ цуцлах журмыг баримтлах учиртай. Өөрөөр хэлбэл, аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д гэрээ цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, улмаар нэхэмжлэгч “С-” ХХК нь “Э-” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, дээрх дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлж, актаар хүлээн авсан байна. /хх-ийн 12-16, 90-95-р тал/

4.з.Хариуцагч Ц.Э- нь дээврийн засварын ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Жанрайсаг бурханы сүмийн дээврийг завсарлах ажилбарын жагсаалт, бараа материал худалдан авсан дансны хуулга, дараа тооцооны хүснэгт, төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж, Б.Цолмонбаяраас гэрчийн мэдүүлэг авахуулсан боловч дээрх баримтууд нь ажлыг 90 хувь гүйцэтгэсэн гэдгийг эргэлзээгүй нотолсон баримтууд биш байна. /хх-ийн 120-123, 142-143, 166, 2хх-ийн 40-44, 2хх-ийн 161-162-р тал/

4.и.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч “Э-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг дүгнүүлэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, зөвлөх инженер У.Ёндон, Б.Жаргал, төсөвчин Т.Энхтүвшин нарыг шинжээчээр томилсон боловч шинжээч нар нь “Э-” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажил, түүнийг бүрэн хуулж засварын ажлыг дахин шинээр эхлэн гүйцэтгэсэн гэх “Э-” ХХК-ийн ажлуудыг ялгах боломжгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 22, 30-31, 34-р тал/

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч “С-” ХХК нь гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч “Э-” ХХК-д хүргүүлэлгүйгээр гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн “Э-” ХХК-аар гүйцэтгүүлсэнтэй холбоотойгоор хариуцагч татгалзлаа нотлох боломжгүй болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч “Э-” ХХК-ийг тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн үйл баримтыг нэхэмжлэгч “С-” ХХК үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан урьдчилгаа 15,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг хариуцагч “Э-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, үлдэх 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Алданги 4,275,000 төгрөг, торгууль 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагуудын тухайд талууд алданги тооцох хувь хэмжээг гэрээний 4.1.6-д “0,1 хувь” гэж, 4.2.9-д “0,3 хувь” гэж өөрөөр тусгасан. Нөгөө талаар анзын төрөл болох алданги, торгуулийг давхардуулан ногдуулж гэрээний үнийн дүнгийн 40 хувиар торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй. /хх-ийн 175-р тал/

6.“Э-” ХХК-д төлсөн ажлын хөлс гэх 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд ажил гүйцэтгэгчид хөлс төлөх нь нэхэмжлэгч “С-” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг байх тул дээрх төлбөрийг гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

7.Нэмэлт гэрээний дагуу торгууль 3,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын байгуулсан нэмэлт гэрээнд “будгийн ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эхлүүлээгүй тохиолдолд 1 хоног тутамд 100,000 төгрөгийн торгууль” төлөх тухай тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсгийн агуулгад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, торгууль гэдэг нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг хэлдэг бөгөөд нэхэмжлэгч нь 3,600,000 төгрөгийг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхой бус байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Иймд алданги, торгууль, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8.Нэхэмжлэгч “С-” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,320,887 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 838,562 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч “Э-” ХХК-аас 134,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С-” ХХК-д олгох нь зүйтэй. /хх-ийн 3-р тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч  “Э-” ХХК-аас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 57,375,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Э-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “...56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... 1,320,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “1,320,887 төгрөгөөс 482,325 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 838,562 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Э-” ХХК-аас 134,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С-” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                                       ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ                                                                                                                         Г.ДАВААДОРЖ