Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2022/00039

 

К.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00182 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Е-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн *** багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар-т холбогдох,  

(1) Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөгийг буцаан гаргуулах, (2) Цахилгаан хүчдэл хангалтгүй байгаагаас болж цахилгаан хэрэгсэлд учирсан хохирол 310000 төгрөг гаргуулах,

(3) Стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахыг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт даалгахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч К.Е, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Миний бие К.Е нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын *** тоот хаягт байнгын оршин сууж байгаа бөгөөд 2018 оноос хойш цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллагын цахилгаан эрчим хүчний хангалт стандартад нийцэхгүй байгаа талаар гомдолтой байгаа.   

1.2. Энэ тухай Цахилгаан шугам сүлжээний газарт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бичгээр өргөдөл, гомдол гаргасан. Уг өргөдөлдөө Эрчим хүчний тухай хуулийн 29.1.1-т зааснаар “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах” гэсэн заалтыг зөрчин хэрэглэгчийг хохироож байгаа тухай, мөн стандартад нийцсэн эрчим хүчээр хангаж өгөх, хэрэв хангаж чадахгүй бол мөн хуулийн 30.1.5-т “эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэж заасны дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн буюу 50%-аар чөлөөлж өгөх тухай хүсэлт гаргасан.

1.3.  Өргөдлийн хариуг нэхэж очиход таны өргөдөл алга болсон байна дахиж өргөдөл бичиж өгнө үү гэхэд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахиад бичиж өгсөн.

 

1.4. Бүтэн хоёр жилийн дараа 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өргөдлийн хариуг бичгээр өгсөн бөгөөд “зөвхөн оройн цагийн оргил ачааллаас бусад үед хүчдэлийн түвшин хэвийн байгаа” гэсэн ямар ч үндэслэлгүй хүн доромжилсон хариу өгсөн. Уг хариуг өгөхөөс өмнө Цахилгаан шугам сүлжээний газрын ажилтнууд ирж хэд хоног хүчдэлийн хэмжилт хийхэд хүчдэл их уналттай стандарт шаардлагыг хангахгүй байсанд өөрсдөө маш их гайхаж байсан.

1.5. Гэтэл өргөдлийн хариу бичигт цахилгааны хүчдэл хэвийн гэсэн тайлбар өгч хэрэглэгч биднийг доромжилсон. Мөн хариу бичигт таны өргөдөлд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хариу хүргүүлсэн гэж дурдсан. Надад ямар ч бичгээр хариу өгөөгүй, хэрэв өгсөн бол төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчийн цахилгааны хангамжийг Эрчим хүчний тухай хуулийн 32.2.1-т зааснаар яагаад түдгэлзүүлээгүй вэ гэдэг асуулт гарна. Ер нь иргэдээс гаргасан өргөдөл гомдолд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн 16.1-т зааснаар 30 хоногийн дотор хариу өгөх ёстой гэж заасан байхад 2 жилийн дараа хариу өгч байгаа нь тухайн байгууллагын удирдлага ажилдаа хэрхэн хандаж байгаа, мөн хэрэглэгчийг яаж үл тоомсорлож байгаагийн тод жишээ юм.

1.6. Миний бие өргөдлийн хариуг хангалтгүй гэж үзэн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган цахилгааны хүчдэлийн хэмжилтийг хийлгэн дүгнэлт гаргуулан авсан. Үүний зэрэгцээ миний бие айл бүрийн хэрэглээ болсон цахилгааны тестерээр 2 /хоёр/ долоо хоног тасралтгүй цаг тутамд хэмжилт хийж үр дүнг гар утасныхаа камераар татан авч баталгаажуулсан. Үр дүнд итгэлтэй байхын тулд нэг биш хоёр тестерээр зэрэг хэмжилт хийсэн.

1.7. Цахилгааны хүчдэл хангалтгүй байдгаас цахилгаан плиткагаар хоол хийх боломжгүй байдаг тул газ худалдан авч хэрэгцээгээ газын плиткагаар хангадаг ба 2019 оны 9 дүгээр сарын 18-аас 2021 оны 9 дүгээр сарын 30-ыг хүртэлх хугацаанд нийт 652,100 төгрөгийн газ худалдан авсан. Үүнээс 15 удаагийн бэлэн бусаар 542,600 төгрөг, 3 удаагийн бэлнээр 109,500 төгрөг. Бэлэн бус тооцооны баримт болгон 5099421155 тоот харилцах дансны хуулгыг хавсаргав. Харин бэлэн тооцооны хувьд жилд дунджаар 9 удаа буюу 1.3 сар тутам цэнэглэлт хийдэг болохоор үлдсэн 3 сарыг бэлнээр тооцоо хийсэн гэж үзэв. /3*36,500=109,500/

1.8. Цахилгааны хүчдэл хангалтгүй байгаагаас болж 1 /нэг/ ширхэг хэрэглээний усны автомат насос, 3 /гурван/ ширхэг хэрэглээний усны автомат насосын баллон, 1 /нэг/ ширхэг ставлизатор бас бус цахилгаан бараанууд эвдэрсэн.

1.9. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 тоот тогтоолоор айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан Эрчим хүчний сайдын "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам” батлагдсан. Энэхүү түр журмын 3.2 дах заалтад "... төрөөс хариуцах эрчим хүчний хэмжээг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй ижил хэмжээгээр тооцно” гэж заасны дагуу цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог зохицуулах ёстой.

1.10. Гэтэл аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас ирсэн нэхэмжлэлийн Засгийн газраас хариуцан төлсөн дүн нь өмнөх оны мөн үеийн дүнгээс бага байна. Миний тооцоогоор 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар дуусталх хугацааны төрөөс хариуцан төлөх цахилгааны төлбөрөөс нийт 112,907 төгрөг дутуу хасагдсан.

1.11. Иймд Цахилгаан шугам сүлжээний газраар нийт 1,075,657 төгрөгийг төлүүлэх, мөн 112907 төгрөгийн цахилгааны төлбөрийг хасаж тооцох шийдвэр гаргаж өгнө үү. Үүнд:

Нийлүүлж буй цахилгаан эрчим хүч нь стандартын шаардлагыг хангахгүй байгаа учраас Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5-т зааснаар “...дутуу цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа тул өргөдөл гаргаснаас хойших хугацааны цахилгааны төлбөрийн үлдэгдэл 50% болох 765,657 төгрөгийг буцааж төлүүлэх /2021 оны 7 сарын 05-ны өдрийн байдлаар/, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30.1.5-т заасны дагуу цахилгааны хүчдэл дутуугаас болж шатсан эвдэрсэн цахилгаан бараануудын үнэ нийт 310,000 төгрөгийн хохирлыг барагдуулах, цэвэр усны вакум насос 150,000 төгрөг, насосын баллон 3*20.000=60.000 төгрөг, ставлизатор 100,000 төгрөг, нийтдээ 310,000 төгрөг/, дутуу хасагдсан 112,907 төгрөгийг цахилгааны төлбөрөөс хасаж тооцохыг даалгах/

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:    

2.1. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хэрэглэгч нь хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаар хангагч, хэрэглэгчийн харилцаа үүсдэг. Үүний дагуу тус иргэн Өлгий сумын *** тоот хаягаар манай газартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй байгаа тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл (хэрэглэгчийн эрх, үүрэг)-ийн 30.1.5-д заасан төлбөр, хохирлыг хариуцах үндэслэл бүрдэхгүй байна.

2.2. Иргэн К.Е-с стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаагүйгээс цахилгаан хэрэгсэл шатаж хохирол үүссэн гэх асуудлыг өргөдөлд дурдаагүй байгаа бөгөөд хэрэглэгчдийн дуудлага, мэдээлэл, горим ажиллагааг хариуцдаг диспетчерийн өдөр тутмын тэмдэглэлд АТП-85 дэд станцаас тэжээгдэж буй хэрэглэгчдээс цахилгаан хэрэгсэл шатсан асуудлаар гомдол гаргаж байсан тухай тэмдэглэл байхгүй байгаа тул манай газар (хангагч байгууллага)-ыг үйл ажиллагаанаас шалтгаалан хэрэглэгчийг хохироосон гэж үзэх нотлох баримт байхгүй байна.

2.3. ЦШСГ-т аймгийн нийт хэрэглэгчдийг цахилгаанаар зохицуулалттай хангах, түгээх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 3-5 жилийн хугацаатай олгодог ба Эрчим хүчний тухай болон Монгол Улсын холбогдох бусад хуулиудын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-аас импортоор оруулж ирсэн ЦЭХ-ийг Увс аймгийн Улаангом хотод байрлалтай Баруун бүсийн эрчим хүчний системийн Өлгий 110/35/10кв-ын дэд станцаас аймгийн төвд 10кв талаас 10/6кв-ын шилжүүлгийн трансформатор дамжуулж авдаг. (Аймгийн төвийн шугам сүлжээ 6 кв учраас) сумдад 35кв-ын сүлжээгээр дамжуулан цахилгаан түгээж борлуулдаг. Аймгийн төвд цахилгаан авч буй 10/6кв-ын 2х4000 ква чадалтай трансформаторын чадал нь хэтэрч (аймгийн хэрэглээ нэмэгдсэн) хүчин чадал нь хүрэлцэхгүй болсон учраас ЭХЯ болон ЭХЗХ, ББЭХС-д асуудал тавьснаар 2018 оны 9 дүгээр сард Улсын төсвийн хөрөнгөөр 10/6кв-ын 2х8000 ква чадалтай трансформатораар шинэчилсэн. Уг трансформаторыг шинэчилсэн үеэс аймгийн төвийн хүчдэлийн бууралт ажиглагдаж эхэлсэн. Энэ тухай ББЭХС болон ЭХЗХ-нд албан тоот явуулсан. Үүний дагуу ЭХЗХ-оос 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлын хэсэг томилогдон ирж ажиллаж аймгийн шугам сүлжээний тоноглол, дэд станц, 6кв-ын хуваарилах байгууламжид хэмжилт хийн дүгнэлт хийсэн. Манай газар 9 зүйл бүхий зөвлөмж гаргаж өгсөн. Бид уг зөвлөмжийн дагуу хийгдэх ёстой шугамын хөндлөн огтлолыг нэмэгдүүлэх, трансформаторын ачааллыг хөнгөлөх, нэмж шинээр дэд станц барих ажлыг орон нутгийн удирдлагуудад тавьж шат дараалан хэрэгжүүлж байна. Гэвч хүчдэлийн түвшин төдийлөн нэмэгдэхгүй ачаалал ихтэй үед хүчдэл буурсан гомдол гарсаар байна. 2020 онд Бөхөн уулын чиглэлийн цахилгаан хангамжид хуучин 10/6 кв-ын 4000 ква чадалтай трансформаторыг тавьснаар хүчдэл нь сайжирсан. Одоо Ховд голын цаад талын 6, 9,10-р багийн хэрэглэгчдийн оройн цагаар ачаалал нэмэгдэх үед захын хэрэглэгчдэд хүчдэл буурч байна. Ер нь бидний зүгээс шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх дэд станцуудын ачааллыг тэнцвэржүүлэх хөнгөлөх ажлыг хийж байна. Гэвч хүчдэлийг ББЭХС-ийн 110/65/10 кв-ын дэд станцаас тохируулдаг учраас бидний зүгээс хүчдэлийг нэмэгдүүлэх боломжгүй байна. Эрчим хүчний хуулийн хуулийн дагуу 2021 оны 10 сарын 10-аас 11 сарын 08 хүртэлх хугацаанд “Элит Эрчим хүч” ХХК-аас манай байгууллагад Эрчим хүчний аудит хийсэн. Уг аудитын дүгнэлтэд мөн энэ талаар дүгнэлт гаргаж хөрөнгө оруулалт хийж шинээр 10кВ-ын шугам татахаар дэд станцуудыг шинэчлэх талаар санал зөвлөмж гаргасан. Сүүлийн үед аймгийн ЦЭХ ББЭХС-ээс ойр ойрхон тасарч байгаа хүчдэлийн түвшинг хэвийн хэмжээнд барих талаар зохион байгуулалтай арга хэмжээ авагдана. Иймд манай байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх бүх ажлыг хийж байна. Хүчдэлийг ББЭХС-ээс тохируулдаг учраас хүчдэл дан ганц 10 багт К.Е-н гэрт биш нийтдээ буурах явдал байгаа. Нөгөө талаар иргэн К.Е нь эрчим хүчээр хангах гэрээ хийгээгүй учраас эрчим хүчээр хангагдах эрхгүй. Бидний зүгээс хүчдэлийн түвшин стандарт хэмжээнд хүргэж чадахгүй ББЭХС-ээс хамаарч байгаа тул цаашид 50%-ийн хөнгөлөлттэй эрчим хүчээр хангах боломжгүй.

2.4.Иймд иргэн К.Е-н 2021 оны эхний 10 сард хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс төр хариуцах төлбөрийг өмнөх онд хэрэглэсэн цахилгааны төлбөрийн дүнгээр буюу нийт 768068.98 (долоон зуун жаран найман мянга жаран найман) төгрөгийн төлбөрийг 2021 оны эхний 10 сард бүрэн хөнгөлөлтөд хамруулсан бөгөөд үүн дээр шөнийн төлбөрийг нэмж илүү хөнгөлөлт тооцсон байгаа тул тус иргэний нэхэмжилж буй төлбөрийг эргэн төлөх боломжгүй. Жич: Сүүлийн жилүүдэд аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай холбоотой хүчдэлийн уналт үүсэж байгаа нь зөвхөн манай газрын шугам сүлжээний хүчин чадлаас хамаарахгүй баруун бүсийн нэгдсэн системийн горим тохируулгаас шалтгаалж байгаа боловч цаашид хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангах асуудлаар холбогдох ажлуудыг манай байгууллагын зүгээс шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллахаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар тооцоо судалгаа хийлгэн ажиллаж байна. Мөн манай газраас шалтгаалахгүй хүчдэлийн түвшинг буурч, цахилгаан эрчим хүчний тасралт гарч байгаа ч үүнийг бууруулах талаар арга хэмжээ авхуулахаар Эрчим хүчний зохицуулах хороо, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг ажиллуулан горим тооцоо хийлгэж дүгнэлт гаргуулан шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэхээр холбогдох эрх бүхий байгууллага, аймгийн Засаг даргын орлогч зэрэгтэй уулзалт хийн ажиллаж байгааг үүгээр уламжилж байна.

2.5. Нэхэмжлэгч К.Е нь Баян-Өлгий аймгийн ЦШСГ-тай цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй. Цаашид ч гэсэн гэрээ хийх боломжгүй. К.Е нь З.Б-ийн хашаа байшинг худалдан авсны дараа манай байгууллагад ирж цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээгээ шилжүүлэн байгуулах тухай хүсэлт гаргах ёстой. Хэрэв хүсэлтийг гаргасны дараа манай байгууллагын боловсруулсан гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн иргэнтэй гэрээ хийж, эрчим хүчээр хангах ёстой. К.Е-н хувьд цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхгүй бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/00182 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Е-н цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөг болон эвдэрсэн цахилгаан хэрэгслийн хохирол 310000 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е-г стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100566 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Е-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.2. Миний бие К.Е нь цахилгааны төлбөр болон хүчдэлийн стандарттай шаардлагатай холбоотойгоор анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх нь цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50%-ийг буцаан төлүүлэх тухай байсан. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-рт эрчим хүчний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон гэж үзээд Иргэний хуулийн 196 дугаар зүйл болон 243 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Нэгэнт гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бол гэрээний эрх, үүргүүдийн нэг нь хангагч хэрэглэгчийг стандартад нийцсэн эрчим хүчээр хангах гэсэн Эрчим хүчний тухай хуулийн 29.1.1-т заасан заалт юм.

4.3. Мөн хуулийн 30.1.5-т “эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” гэж заасны дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн буюу 50%-аар чөлөөлөх гэсэн заалтаар албадан төлүүлсэн цахилгааны төлбөрийн 50%-аас миний бие чөлөөлөгдөх ёстой гэж ойлгож байна.

4.4. Гэтэл шүүх бүрэлдэхүүн тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-рт хангагч байгууллага болох Цахилгаан шугам сүлжээний газартай хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанарын талаар хэрхэн тохиролцсон тухай нотлох баримт байхгүй, мөн эрчим хүчний үнийг төлөхөөс татгалзаагүй сайн дураар төлсөн гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

4.5. Бүх ахуйн хэрэглэгчидтэй байгуулах гэрээ нэг стандарт байх ёстой. Хангагч-хэрэглэгчийн хооронд байгуулах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний 1-р зүйлийн 1-т “хэрэглэгчийг стандарт шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангана” гэж заасан. Ахуйн хэрэглэгчидтэй ялгаатай гэрээ байгуулахгүй нь ойлгомжтой. Иргэний хуулийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа нийлүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу бүх ахуйн хэрэглэгчидтэй нэг стандарт загварын гэрээ байгуулах ёстой. Нэгэнт шүүх гэрээ байгуулсан гэж үзсэн бол гэрээний 1.1-т заасан эрх үүргийн хүрээнд стандартад нийцсэн эрчим хүчээр хангах гэдгийг анхаарах ёстой байсан.

4.6. Цахилгаан шугам сүлжээний газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 135 тоот албан бичгээр “олон жил дутуу төлж ирсэн цахилгааны төлбөрийн үлдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл төлөхгүй бол Эрчим хүчний тухай хуулийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн цахилгаан хангамжийг түдгэлзүүлэх болно” гэсэн мэдэгдэл өгч мөн өдөр цахилгаан хангамжийг хязгаарласан учраас миний бие яах аргагүй төлбөрөө хийж шүүхэд гомдлоо гаргасан. Шүүхийн шийдвэр гарах хүртэл төлөхгүй байх биш, өнөө үед нэг өдөр ч цахилгаангүйгээр амьдрах боломжгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Цахилгаан шугам сүлжээний газрын энэхүү албан бичиг нь хавтаст хэрэгт байгаа.

4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь буюу 765,657 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

                5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. К.Е нь Цахилгаан шугам сүлжээний газартай анх эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулаагүй. Айлын хашааг худалдаж авч, амьдраад эхэлсэн. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-т зааснаараа хэрэглэгч нь өөр хүн байсан. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулсан иргэн, аж ахуй байгууллагыг ашиглагч буюу хэрэглэгч гэж үзнэ. Урьд нь хэрэглэж байсан иргэний нэр дээр ашиглаж байсан гэдгээ тайлбарласан. Тухайн эзэмшигч нь өөрөө нэхэмжлэх эрхтэй байсан. К.Е-н хувьд нэгэнт гэрээ байгуулаагүй, тухайн этгээдээс итгэмжлэл аваагүй учраас  эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

5.2. Стандарт эрчим хүч хангалтгүй байсан тул цахилгаан тоног төхөөрөмж шатсан зүйл ярьж байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.5-т эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан  чанарын үзүүлэлт хангаагүй бол бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэх тухай хэрэглэгчийн эрхийг зааж өгсөн. Гэхдээ шүүхээс К.Е-г хэрэглэгч мөн гэж тогтоосон. Цахилгааны ачаалал нь манай аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал гэдгийг хариуцагч байгууллагаас зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаа 220 вт хүчдэл нь 120, 110 болсон тохиолдол байхгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харагдаж байгаа. Хамгийн доод хэмжээндээ 180 болж унаж байсан нь мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт байна.

5.3. Эрчим хүчний төлбөр тооцоотой асуудлыг Эрчим хүчний тухай хуулийн 31.2-т нарийвчлан заасан.  Давж заалдах гомдолтой холбоотой нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            6. Анхан шатны шүүхийн шүүхийн хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

            6.1. Нэхэмжлэгч К.Е нь энэ хохирлыг авах үндэслэлгүй байна гэж бодож байна. Яагаад гэвэл өөрийн нэр дээр гэрээ байхгүй байна. Тухайн хохирол гарсан үед мэргэжлийн хяналтын газрын ажилчид очиж шалгасан байна. Мэргэжлийн хяналтын газрын ажилчид ч буруугүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

8. Нэхэмжлэгч К.Е нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Цахилгаан Шугам Сүлжээний газарт /цаашид “ЦШСГ” гэх/ холбогдуулан “цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь болох 765657 төгрөгийг буцаан гаргуулах болон бусад” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “нэхэмжлэгч цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй байгаа тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл (хэрэглэгчийн эрх, үүрэг)-ийн 30.1.5-д заасан төлбөр, хохирлыг хариуцах үндэслэл бүрдэхгүй байна.  Стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаагүйгээс цахилгаан хэрэгсэл шатаж хохирол үүссэн талаар манайд хандаж байгаагүй. Нэхэмжлэгч К.Ень Баян-Өлгий аймгийн ЦШСГ-тай цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй. Цаашид ч гэсэн гэрээ хийх боломжгүй. К.Е нь З.Б-н хашаа байшинг худалдан авсны дараа манай байгууллагад ирж цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээгээ шилжүүлэн байгуулах тухай хүсэлт гаргах ёстой. Хэрэв хүсэлтийг гаргасны дараа манай байгууллагын боловсруулсан гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн иргэнтэй гэрээ хийж, эрчим хүчээр хангах ёстой. К.Е-н хувьд цахилгаан эрчим хүч хэрэглэх эрхгүй бөгөөд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангуулахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ нь хэрэглэгч К.Е-д хэрэглэгчийн шинэ код /1223037/ олгож, бүртгэлд авсан 2013/10/30 өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчээр хангаж, хэрэглэгч К.Е нь цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлж байсан нь нотлогдож байна. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтаар гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хүчээр хангах үүргийг хангагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ хүлээсэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй боловч хэрэглэгч буюу нэхэмжлэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн байна. Иймд хангагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ нь эрчим хүчээр хангаж, хэрэглэгч К.Е хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлснөөр эрчим хүчний гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон гэж үзэх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд эрчим хүч хулдалдах худалдан авах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, хууль зөрчөөгүй.

          

10. Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ нь нэхэмжлэгч К.Е-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй гэж тайлбарлах боловч Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтаар 2013 оны 10 дугаар сарын 30-аас эхэлж эрчим хүчээр хангаж, нэхэмжлэгч К.Е нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар эрчим хүчний төлбөрөө төлж байсан үйл баримт тогтоогджээ.

 

11. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд үүрэг хүлээсэн этгээд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, нэхэмжлэгч К.Е нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэй боловч хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 04-07-002/153 дугаартай дүгнэлт, цахилгааны хүчдэлийг хэмжсэн хэмжилтийн зургууд, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон байна. /хавтаст хэргийн 5, 8-11 дэх тал/

 12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 1 дэх шаардлага болох Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас цахилгааны төлбөрт төлсөн мөнгөний 50 хувь буюу  765657 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч (хэрэглэгч) К.Е нь хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанарын талаар хариуцагч (хангагч) Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газартай хэрхэн тохиролцсон талаар нотлох баримт байхгүй, тухайн хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлөхөөс татгалзаагүй сайн дураар төлсөн, хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлсний дараа 50 хувь буюу 765657 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч К.Е-н нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс гадна Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэглэгч К.Е нь хангагч байгууллага үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж эрчим хүчний төлбөрийн 50 хувийг төлөхгүй байсан нь түүний ЦШСГ-ын даргад 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гаргаж байсан хүсэлт /хавтаст хэргийн 15 дахь тал/, цахилгааны төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цахилгааны хязгаарлалт хийхийг хангагч байгууллагаас сануулж байсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд цахилгааны хязгаарлалтаас үүдэлтэйгээр цахилгааны үлдэгдэл төлбөрөө төлсөн хэрэглэгчийн нөхцөл байдал нь түүний шүүхэд хандаж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтад дурдсан төлбөрөө буцаан гаргуулах шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нь саад болохгүй.

13. Нэгэнт хангагч байгууллага болох Баян-Өлгий аймгийн ЦШСГ нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтаар хүлээсэн “Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах” үүргээ биелүүлээгүй тул хэрэглэгч К.Е нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтаар “Эрчим хүчээр хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх” эрхтэй буюу хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө бүгдийг, эсвэл зарим хэсгийг нь төлөхгүй байх эрхтэй.

Нэхэмжлэгч К.Е нь 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 05-ны хооронд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн 50 хувь болох 765657 төгрөгийг хариуцагч  Баян-Өлгий аймгийн ЦШСГ-ын шаардлага, шахалтаар төлсөн болох нь Баян-Өлгий аймгийн ЦШСГ-ын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаартай,  2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цахилгаан хангамжийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлээр /хавтаст хэргийн 16, 21, 43 дахь тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн  2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн эрчим хүчний төлбөрийн 50 хувь болох 765657 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Эрчим хүчний тухай хуулийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь үндэслэлтэй бөгөөд хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт зааснаар  хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй тул “дурдсан хугацааны эрчим хүчний төлбөрийн 50 хувийг төлөхгүй” гэж өөрийн үзэмжээрээ татгалзсан, түүнчлэн уг хэрэглэсэн эрчим хүчний 50 хувь нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 765657 төгрөг болох талаар хариуцагч тал анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэтгэлцээгүй, үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хангаж шийдвэрлэв.

14. Хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ нь “Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан заалт нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан тусгай гэрээтэй онцгой хэрэглэгчтэй хамааралтай, манай байгууллагатай тусгай гэрээтэй хэрэглэгч байхгүй” гэж тайлбарлах боловч Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Тариф болон гэрээний үнэ нь эрчим хүчний хангамжийн дараах үзүүлэлт болон бусад хүчин зүйлээс хамааран тодорхой бүлэг хэрэглэгчийн хувьд ялгаатай байж болно” гэж, мөн хуулийн  27.6.1-27.6.6-д зааснаас үзэхэд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтын үйлчлэлд ахуйн хэрэглэгч хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

15. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчдийн “хариуцагч буруугүй” гэх дүгнэлт хууль зүйн болон бодит үндэслэлд нийцээгүй байна. Учир нь хариуцагч стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд тус үүргээ зөрчсөн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон хэрэглэгчийн хувийн тэмдэглэл, зургаар тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн ЦШСГ-аас 765.657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Е-д олгож, хэрэглэгч К.Е-г стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахыг хангагч байгууллага Баян-Өлгий аймгийн ЦШСГ-т үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвдэрсэн цахилгаан хэрэгслийн үнэ 310.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,  2 дах заалтын “... 7.1.1 ...” гэсний дараа “7.1.2” гэж, нэмж “70.200 төгрөг” гэснийг “93125 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч К.Е-н давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.926 төгрөгийг шүүгчийн захирамжаар К.Е-д буцаан олгосугай.

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                   

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК 

ШҮҮГЧ                                                                       М.НЯАМБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ