Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 27

 

            Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгч Ө.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-од холбогдох 1723000940021  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, малчин, Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай ******* овогт Ө-ийн Б- РД:/ИА********/

            Шүүгдэгч Ө.Б- нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Т.Э- болон НИК ХХК-ны эзэмшлийн машинаас дизель түлш, аккумлятор, дугуй хулгайлж нийт 1380600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн орчим иргэн Т.Э- нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн ийн хэсэг **-** тоот хашаанд байсан өөрийн эзэмшлийн **-** ЗАН улсын дугаартай Пусо маркийн машинаасаа делкор маркийн 90 ампертай аккумлятор 2 ширхэгийг мөн тээврийн хэрэгслийн түлш хадгалах савнаас /банк/  30 литр дизель түлш, Хово маркийн **-** ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлш хадгалах савнаас /банк/  50 литр дизель түлшийг алдсан хэргийн үйл баримт нь эд хөрөнгөө алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Т.Э-ын “.... машиныхаа аккумлятрыг харсан чинь алга болсон байсан. Миний машин Пусо маркийн ачааны тэрэг тул 2 аккумлятор ордог юм. Мөн албаны Хово маркийн автомашин манай хашаанд байсан. Зөв талын банкнаас нь 50 литр түлш бас алдагдсан байсан...2 ширхэг аккумлятор ...80 литр түлш алдагдсан байна лээ... Хово машинаас 50 литр, Пуса машинаас... 30 литр түлш алга болсон байсан. Алдагдсан гэх аккумлятор түлш миний эд хөрөнгө байгаа юм. Би өөрөө мөнгөөрөө худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.Д-ын “ ...Машинаа хашаан дотор оруулж тавьсан. Мөн манай хашаанд манай нөхрийн жолооддог Хово машин байсан юм...Пусо машинтай хөдөө явахдаа 60 литр түлш хийж явсан. Үүнээс 20 орчим литр түлшийг нь хэрэглээд машины банкинд  40 орчим литр түлш үлдсэн байх ёстой байсан. Тэр түлшнээс нь 30 орчим литр түлш алдагдсан байсан. Мөн тэр машины гадна талдаа ил харагдаж байдаг 2 ширхэг аккумлятор нь бас алга болсон байсан... Мөн Хово машины зөв талын банкнаас 50 орчим литр түлш алдагдсан... Өөр эд зүйл алдаагүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

2017 оны 11 дүгээр сарын 30-наас 2017 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчим Завхан аймгийн ******* сумын багийн хэсгийн **-** тоотод хашаанд байсан НИК ХХК-ны эзэмшлийн Норд бенз маркийн **-** ЗАН улсын дугаартай автомашин дээр ачсан дугуйг болон тээврийн хэрэгслийн түлш хадгалах савнаас /банк/ 60 литр дизель түлш алдагдсан болох нь тухайн хашаанд өөрийн эзэмшиж байсан автомашинаа тавьж хонуулаад маргааш нь ирэхэд эд зүйл нь алдагдсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М-ын “...Маргааш нь 09 цагийн үед машин дээрээ иртэл машин дээр ачсан байсан нэг шинэ дугуй, банкнаас нь түлш авсан байсан... Триангли гэсэн нэртэй дугуй байгаа, машинд тавиагүй шинэ дугуй байсан. 1 ширхэг дугуй нь 760 мянган төгрөгний үнэтэй юм байна лээ. Түлш нь болохоор 113.400 төгрөгний үнэтэй 60 литр түлш байсан. Байгууллага дугуйны норм дуусаад хангалтаар өгсөн дугуй юм...Би Завхан аймаг дахь нефть хангамжийн салбар компанийн **-** ЗАН улсын дугаартай Норд бенз маркийн авто цистерн автомашин жолооддог юм...60 литр түлш үлдсэн байсан. Хулгайч банкны доод ёроолд байдаг боолт /хүйс/-ийг нь тайлаад юу ч үгүй шавхаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлгээр, хашаанд нь байсан машинаас дугуй болон дизель түлш алдагдсан талаар мэдүүлсэн гэрч Б.М-ын “...Манай хүргэн Д.М-... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны... орой 20 цагийн үед манай хашаанд машинаа оруулж тавиад маргааш өглөө нь 11 цагийн орчим ирээд машин дээр ачсан байсан дугуй алга болсон байна гэхээр нь гараад хартал нэг шинэ дугуй нь алга болсон байсан мөн банкнаас... түлшийг нь авсан байсан. Банкин доор шороон дээр түлш асгарсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх алдагдсан автомашины аккумлятор, дизель түлш, дугуйг шүүгдэгч Ө.Б- шөнийн цагаар эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авсан болох нь яллагдагч Ө.Б-ын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны орчим байхаа... шөнө 04 цагийн үед... гэсэн айлын хашаанд байсан цагаан  саарал өнгийн Пусо маркийн тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумлятор, 20 литр орчим түлш хулгайлж ганцаараа өргөж амарч явсаар байгаад баазад байдаг хашаандаа аваачиж тавьсан. Тэгээд дахиж дизель түлш хулгай хиймээр санагдаад буцаж очоод, пусо маркийн тээврийн хэрэгслийн зөв талын банкнаас нь 20 орчим литр дизель түлш, Хово маркийн тээврийн хэрэгслийн банкнаас нь мөн 20 орчим литр дизель түлш хулгайлсан. Хулгай хийсэн дизель түлшээ хийсэн хуванцар савнуудынхаа бариулуудыг хооронд нь олсоор холбоод мөрөн дээрээ тавиад мөрлөөд замдаа нилээд хэд амарч явсаар байгаад мөн нөгөө хашаандаа аваачиж тавьсан. Хулгай хийхдээ би хашааг нь давж ороод хашааны хаалгыг нь дотор талаас нь онгойлгоод орсон...Би тухайн үед ганцаараа явсан... 2 ширхэг аккумлятороос манай найз гэдэг залуу машины аккумлятор муудаад байна гэж ярихаар нь надад нэг илүү байгаа гээд 1 аккумляторыг нь өгчихсөн байсан юм. 1 аккумлятор нь надад байсан юм... дизель түлшийг 30 литрийг 1 ширхэг, 20 литрийн 2 ширхэг хуванцар савнуудад хийсэн байсан. Би түлшийг нь өөрийнхөө хөдөө байсан машинаа асааж ирээд тэр машиндаа хийгээд хэрэглээд дуусгасан. Дизель түлшийг өөрийн хэрэглэдэг хар өнгийн шланкаар соруулж авч хулгай хийсэн...Би түлш соруулж авч байхдаа болон зөөж байхдаа газар нилээн асгарсан. Бараг 20 орчим литр асгарсан байх. Тэгээд хулгайлсан болон асгарсан түлш нийлээд 80 литр болсон байх...”  гэсэн мэдүүлгээр мөн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр... нэг хашаанд гэдэг... хүний жолоодоод байдаг Норд бенз гэдэг шатахуун тээвэрлэдэг улаан толгойтой, цагаан юнкостой ачааны автомашин зогсож байхыг харсан юм... би тэр шөнө тэр машин байгаа хашааны тэнд явган очоод 02 цагийн орчим тэр хашааг нь давж ороод тэр машины баруун талын түлшний банкийг нь үзсэн чинь онгорхой байхаар нь өөрийнхөө авч явсан 30 литрийн багтаамжтай хуванцар савандаа түлшнээс нь дүүртэл соруулж авсан.  Тэгээд тэр 30 литр түлшээ аваад хашаанаас нь гарч баазад байдаг өөрийнхөө эзэнгүй хашаандаа аваачиж өөр саванд султгаж тавьсан. Дахиж буцаж очоод тэр саваараа дахиж дүүргэж аваад мөн эзэнгүй хашаандаа аваачиж тавьсан. Тэгээд буцаж явж очоод машины юнкос дээр нь байсан 1 дугуйг нь авч машиныг нь дагуулж гулсуулж газар буулгасан. Тэгээд тэр дугуйг газраар түрээд түрж өнхрүүлж, явсан мөрөө хөлөөрөө баллаж явсаар хашаанаас гараад засмал зам хүртэл явсан. Тэндээсээ засмал замаар түрж өнхрүүлж явсаар байгаад нөгөө эзэнгүй хашаандаа аваачиж нуусан...Би тухайн үед ганцаараа явсан. Би явган явсан. Машины дугуйг нь би нуугаад байлгаж байгаа... Түлшийг нь өөрийнхөө машиндаа хийгээд хэрэглээд дуусгасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Ө.Б-ын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүд нь Ө.Б-оос аккумлятор авсан талаар мэдүүлсэн гэрч Г.Л-ийн “...цагаан сарын өмнөхөн 02 сард... би Б-оос машины аккумлятрыг хэд хоног тавиулчих гэж хэлсэн чинь надад нэг илүү байгаа, түүнийг чи түр тавьж байхгүй юу гээд надад 1 аккумлятор өгсөнийг би машиндаа тавьсан... Миний авсан болохоор хар өнгөтай аккумлятор байсан юм. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, гэрч  Г.гээс Делкор маркийн акумлятор хураан авсан тэмдэглэл, яллагдагч Ө.Б-оос Норд бенз маркийн автомашины дугуй 1 ширхэг, делкор маркийн аккумлятор1 ширхэг, 30 литрийн багтаамжтай хуванцар сав-1 ширхэг, 20 литрийн багтаамжтай хуванцар сав 1 ширхэг, 1 метрийн урттай хар өнгийн шланк- ширхэгийг  хураан авсан тэмдэглэлээр болон 2 ширхэг аккумляторыг хохирогч Т.Эрдэнцогтод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 1 ширхэг дугуйг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр батлагдаж байна.

           Шүүгдэгч Ө.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Т.Э-од 507200 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн Үнэлгээ тогтоох комиссын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр, НИК ХХК-нд 873400 төгрөгний хохирол тус тус учирсан нь  Завхан аймгийн ******* сумын үнэлгээний комиссын  2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн  дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь өөр хоорондоо болон агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай   хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн  бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ө.Б- нь хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар учруулсан хохирлоо төлсөн,  хохирол төлбөр нэхэмжлээгүй  болохыг дурдах нь зүйтэй.

              Шүүгдэгч Ө.Б- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр   нууц далд аргаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүй хууль бусаар авч Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгө өмчлөх эрхэд халдаж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ө.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жил тэнсэх  саналыг харгалзан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ө-ийн Б-ыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай

4. Шүүгдэгч Ө.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 литрийн багтаамжтай хуванцар сав-1 ширхэг, 20 литрийн багтаамжтай хуванцар сав 1 ширхэг, 1 метрийн урттай хар өнгийн шланкийг устгасугай.

6.Шүүгдэгчийн өмчлөлийн Hyundai porter маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Ө.Б-од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ