Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0199

 

2018 оны 3 сарын 28 өдөр             

Дугаар 221/МА2018/0199

Улаанбаатар хот

“Пи” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Пи” ХХК-д хобогдох хэсгийг  1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Пи” ХХК 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлийн бүртгэлийн --------- дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Хонгор, Баянгол сумдын нутгийн Баян-Уул нэртэй 11288.17 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга нараас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналын авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авахаар 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6/7083 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүлсэн байна.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Хонгор, Баянгол сумдын нутагт байрлах “Баян-Уул” нэртэй газарт 11288.17 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж гаргасан --------- дугаартай өргөдөлд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай, Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9 дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дээрх саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “Пи” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих” гэж заасан хуулийн заалтыг шүүх үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Пи” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дэмжихгүй санал өгсөн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын саналууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 52, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 29 дүгээр шийдвэрээр тус тус хүчингүй болгож, шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Ашигт малтмалын тухай хууль /2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан бөгөөд нэгэнт хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон саналууд нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон байх тул дээрх зохицуулалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай оршиж буй аймгийн Засаг дарга нараас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ...”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12.-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж заасны дагуу хэлэлцэн ирүүлсэн саналыг үндэслэн дахин шийдвэр гаргах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ... шийдвэрлэвэл зохино” гэж дүгнэсэн байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд хуульд заасан үндэслэлээр үүссэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэх талаар саналаа Засаг даргаас ирүүлсэн тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга тохирох шийдвэр гаргах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга бусад хууль тогтоомжоор үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол байгааг үндэслэж дэмжихгүй санал ирүүлсэн тохиолдолд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэн зохих шийдвэрийг гаргаж болохоор байна.

Хариуцагчийн гомдлын “Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан. Иймд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй гэх” үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байхад уг заалтыг үндэслэж гарсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх хуулийн дээрх заалтыг хүчин төгөлдөр үйлчилж байх үед үүссэн байх тул Засаг даргын санал хууль бус байсан гэдэг нь тогтоогдвол тухайн үед үйлчилж байсан хуулийн зохицуулалтын дагуу шийдвэр гаргах ёстой. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх дахин шинэ акт гаргах хугацааг тогтоохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.12-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх боломжит хугацааг тооцоогүй байх тул уг хугацааг 6 сар болгон өөрчилж, шүүх холбогдох хуулийн заалтыг буруу бичсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0054 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “Пи” ХХК-д холбогдох хэсгийг 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 3 дахь заалтын “1 /нэг/” гэснийг “6 /зургаа/” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ