Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 597

 

Д.Х-, Д.П- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч, хохирогч Д.П-ын өмгөөлөгч С.Хишигбаяр, шүүгдэгч, хохирогч Д.Х-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 877 дугаар магадлалтай, Д.Х-, Д.П- нарт холбогдох 1806063720287 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, хохирогч Д.П- болон түүний өмгөөлөгч С.Хишигбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д-н Х-,

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ***, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Д-н П-.

Д.Х-, Д.П- нар нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “**” халуун усны газар хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-, Д.П- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х-ыг 300 цаг, Д.П-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Х-аас 674,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П-т олгуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт "Шүүгдэгч Д.Х-, Д.П- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Д.П-, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч Д.П- болон түүний өмгөөлөгч С.Хишигбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт “Д.Х-, Д.П-ын ...гэмт хэрэг үйлдсэн болох нь ....нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.” гэжээ.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр дээрх шүүхийн дүгнэсэн үйл баримт үгүйсгэгддэг. Тодруулбал Д.П-ын гаргасан өргөдөл, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Д.М, Б.Ц, Ц.Б, М.О, Б.Б нарын мэдүүлгүүдээс үзвэл Д.П- нь Д.Х-ыг цохиогүй, тиймээс Д.Х-ын биед хөнгөн хохирол учруулах боломжгүй юм. Харин Д.Х- нь бусдыг илтэд хүндэтгэн хүч хэрэглэн Д.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Мөн магадлалын тодорхойлох хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Х-, Д.П- нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ” гэжээ.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “**” сауны эрэгтэй сауны өрөөнд болсон үйл явдлыг тухайн тус саунд үйлчлэгч насанд хүрээгүй гэрч Б.Б гэрчлэхдээ “ мөрдөгч П- гэх хүн Хүрлээ гэх хүнд гар хүрсэн асуудал болсон уу гэж асуухад, Үгүй тийм цохьсон зүйл асуудал болоогүй” гэдэг.

Шүүгдэгч Д.Х- анх цагдаагийн байгууллагад 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдөр чихний гэмтлийн талаар мэдүүлдэгүй. Харин 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр чих дүнгэнэсэн талаар мэдүүлдэг. Хэрэг болсон өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа чихний гэмтлийн талаар мэдүүлж байхад тухайн гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр шинжээчийн 1079 тоот дүгнэлтээр “мохоо зүйлийн үйчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” байхаар заасан байтал хоёр шатны шүүх эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэх боломжгүй болгосон. Учир нь шинжээчийн дүгнэлтийг гэрч Б.Б-н мэдүүлэг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл болсон хэргийг гэрчлэх гэрч мэдүүлэхдээ Д.П- Д.Х-ыг цохиогүй гэж байхад хэрэг болсон гэх газарт байгаагүй шинжээч тухайн цаг үед болсон гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд шинжээчийн дүгнэлтийг гагцхүү үнэн баримт гэж үзэх боломжгүй юм.

Улсын ерөнхий прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 5/19 тоот тогтоолоор хэргийг хянавал яллагдагч Д.Х- нь ** саунд иргэн Д.П-ыг усанд орж байхад нь зодож биед нь хөнгөн хохирол учруулсан талаарх баримтууд авагдсан байна. Харин Д.П- нь Д.Х-ыг зодож гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн байдаг. Тухайн тогтоол гарснаас хойш хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийг дахин мэдүүлэг авч Н.Б гэдэг хүнээс шинээр мэдүүлэг авсан байдгаас өөр ажиллагаа хийгдээгүй. Тухайн гэрч Н.Б нь хэрэг болсон цаг хугацаа тухайн үед байгаагүй шүүгдэгч Д.Х-ын найз болох тул Д.П-ын эсрэг мэдүүлэг өгсөн байдаг.

Тодруулбал Улсын ерөнхий прокурорын 5/19 тоот Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолын үндэслэл арилаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж хоёр шатны шүүх шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл мөрдөн байцаалт нь ганцхан шүүгдэгч Д.Х-ын мэдүүлгийг нотлохыг оролдсон. Гэтэл Д.Х-ын мэдүүлэг нь гэрч Б.Б-н мэдүүлгээр үгүйсгэгддэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй байсаар байхад 2 шатны шүүх түүний мэдүүлгийг тогтвортой, үнэн байна гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож Д.П-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Д.П-ын өмгөөлөгч С.Хишигбаяр хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс Д.П-ыг гэм буруутайд тооцож, 400 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд маргаан байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй байхад Д.П-ыг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.П-, Д.Х- нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон асуудлыг Д.Х- тайлбарлахдаа “Д.П- намайг цохисон, улмаар зүүн чихний хэнгэрэг цоорсон” гэдэг. Д.П-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан фото зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Өнөөдрийг хүртэл хамар нь мурийлттай явж байна. Д.Х- энэ хэргийг үйлдсэн гэдэг нь хэд хэдэн баримтаар тогтоогддог. Д.Х- нь Д.П-ыг өдөж, хэл амаар доромжилж энэ байдалд хүрсэн гэдгийг харсан гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд тэдний  мэдүүлгээр Д.П-, Д.Х-ыг цохиж биед нь халдсан зүйл байхгүй гэдэг нь харагдаж байна. Тухайн нөхцөл байдлыг харж байсан насанд хүрээгүй гэрч н.Балжинням мэдүүлэхдээ “П ах газар унасан байсан. Х ах П ахыг цохиж байсан. П ах Х ахыг нэг ч удаа цохиогүй” гэдэг. Энэ гэрчийн мэдүүлгийг шүүх огт дүгнээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1079, 9646 дүгнэлтүүдийг худал гарсан гэж үзэж байна. Учир нь хэрэг болсон даруйд Д.Х- шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж гомдол гаргаагүй бөгөөд 21 хоногийн дараа өөртөө гэмтэл учруулаад дүгнэлт гаргуулсан. Тийм учраас Д.П-ыг гэм буруугүйд тооцож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Д.Х-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан хэлсэн саналдаа “Д.П- нь Д.Х-ын биед халдсан болох нь өөрийн болон гэрч н.Батхүрэлийн мэдүүлгээр нотлогдоно. Зүүн чихний хэнгэрэг цоорсон асуудал нь урьд нь үүсэх ямар ч боломжгүй гэмтэл юм. Тийм учраас шүүгдэгч, хохирогч Д.П-ын өмгөөлөгчийн цагаатгуулах талаар гомдол нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Д.Х-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Харин Д.П-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Д.Х-ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон боловч Д.П- учруулсан гэдэг нь нотлогдоогүй байна. Тийм учраас Д.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Цагаатгагдсан этгээд Д.П-ын өмгөөлөгч С.Хишигбаярын гаргасан гомдлыг үндэслэн Д.П-, Д.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Х-, Д.П- нар нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “**” халуун усны газарт хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар шалгаж үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалал, маргаан зодоонд оролцсон хүмүүсийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримтад тулгаарлан үйл баримтыг өрөөсгөл байдлаар тогтоож дүгнэсний улмаас Д.П-ын гэм буруугийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд нөлөөлсөн байна.

Тодруулбал, “**” халуун усны газраар үйлчлүүлж байхдаа  П.Х- нь бусдын хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц хүнд хэлбэрийн хараалын үг хэллэг ашиглан, хүний бие эрхтэний төрх байдал, үйл хөдлөлийн талаар олон хүний өмнө Д.П-ын нэр төрийг нь илтэд гутаах байдлаар хүндээр доромжилсны улмаас хэрүүл маргаан өрнөж, харилцан бие биенээ цохиж аль алиных нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Тухайн үед гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож дүгнэлгүйгээр, хууль бус өдөөн турхиралт хийж, үргэлжлүүлэн бусдын эрх чөлөөнд халдаж буй үйлдэл болон уг өдөөн турхиралтын эсрэг хандан хийж буй үйлдлийг адилтган үзсэний улмаас бие биенийхээ эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэж хоёуланг нь гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд учир дутагдалтай болсон байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн обьектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэвэл Д.Х- нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхийг зөрчин, үйлчилгээний газар хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчиж, өөрийн бүдүүлэг зан авираар түрүү барьж, бохир бүдүүлэг үг, хэллэг хэрэглэн, хүмүүсийн дунд хүний сэтгэл зүйд эмзэг нөлөөлж болохуйц нөхцөл байдалд Д.П-ын бие эрхтэн, үйл хөдлөлийн байдлыг дүрслэн доог тохуу болгож, илтэд тохуурхан доромжилсон байх бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн улмаас Д.П-ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, улмаар уг доромжлолыг эсэргүүцэж хариу үйлдэл хийх сэдэл, шалтгааныг бүрдүүлсэн байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж бол анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт байдаг бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.

Хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаварыг үүсэх анхдагч нөхцөлийг бүрдүүлж байгааг зөв тодорхойлж, эрх зүйн суурь зориулалт нь иймэрхүү зүй бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг анхааран үзэж дүгнэлт хийх нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийхээс зайлсхийх, хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг болно.   

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй. Харин ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюул ямагт бага байдаг тул хууль тогтоогч энэхүү үндэслэлийг харгалзан эрүүгийн эрх зүйн бодлогоор хамгаалагдах харилцааны хэм хэмжээ, түүнд хамаарах гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.             

Хууль тогтоогчийн зүгээс санаа сэтгэл цочрон давчдсан үедээ хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлоогүй байгаа нь Д.П-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл болох бөгөөд ийнхүү шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ гэж дүгнэлээ.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд Д.П-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Д.П- болон түүний өмгөөлөгч С.Хишигбаяр нарын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож Д.П-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 877 дугаар магадлалд “Прокуророос Д.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН