Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 877

 

Д.Х, Д.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч, хохирогч Д.Хын өмгөөлөгч А.Нацагдорж,

шүүгдэгч, хохирогч Д.П, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Д.П, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Х, Д.П нарт холбогдох эрүүгийн 1806063720287 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................., 1971 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 21а байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /....................../;

2. ............................. 1981 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 66 дугаар байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Д.Х, Д.П нар нь 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Х, Д.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Х, Д.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Пыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Д.Х, Д.П нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Д.Хаас 674,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Пт олгохоор, хохирогч Д.Х, Д.П нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х, Д.П нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Х, Д.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Д.П, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр, Д.Баттулга нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэхүү шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дугаар зүйлд “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэж, 1-д “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-д “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасныг тус тус зөрчиж шийтгэх тогтоолыг гаргасан. Учир нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед яллагдагч Д.Х нь Д.Пыг толгойгоо угаагаад зогсож байхад нь “...Чи эмэгтэй хүн шиг алаа ямар удаан угаадаг юм бэ...” гэх зэрэг бүдүүлэг үг хэлээр доромжилсон байдаг. Түүний хариуд Д.П “...та нас намбатай хүн байж ийм зүйл ярьж байгаагаасаа ичихгүй байна уу, өдий насны хүн байж биеэ зөв авч яваач” гэж хэлчихээд эргээд хартал Д.Х шууд Д.Пын хамар руу нь гараараа цохиод авсан байдаг. Тухайн үед Д.П шууд газар унахад нь Д.Х нүүр нүдгүй зодож, толгой, цээжин хэсэг рүү цохиж Д.Пыг ухаангүй болгосон байдаг. Түүний дараа удахгүй цагдаа ирж, тэр оройгоо шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон байдаг. Гэмтлээр хамар хугарч, амьсгалж ч чадахаа больж, толгой өвдөж хамрын хагалгаанд орохоор болж гэмтлийн хөнгөн зэрэг гэж гарсан. Энэхүү үйл явдлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад Д.П хангалттай тодорхой тайлбарлаж, бодит үйлдлээр хүртэл үзүүлсэн. Мөн хавтас хэргийн 42-43 талд авагдсан тухайн үйл явдлыг нүдээр харсан ганц насанд хүрээгүй гэрч Б.Балжинням хүртэл гэрчилсэн. Мөн тухайн хэрэг учрал болох үед саунд байсан зохион байгуулагч, үйлчлэгч, бие үрэгч гэх хүмүүс Д.Пыг Д.Хын биед гэмтэл учруулаагүй гэдгийг хангалттай тодорхой гэрчилж, гэрчийн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгдөг. Гэтэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа эдгээр гэрчийн мэдүүлэг, бодит нөхцөл байдлыг тайлбарлуулж, нотлох баримтыг шинжлэн судалсан атлаа бодит байдалд нийцээгүй шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад Д.Пыг гэм буруутай гэж үзэж, Д.Пыг Д.Хын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтийг гаргасан байна.

Д.П Д.Хын биед хөнгөн зэргийн гэмтлийг учруулаагүй болохыг нотолж, гэм буруугүй болох талаар: Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад Д.П нь Д.Хын чихний хэнгэргийг цоолох хэмжээний үйлдлийг гаргаж, цохисон гэдгийг нотлох баримт байхгүй. Зөвхөн Д.Х л өөрийнхөө гэм бурууг хаацайлах зорилгоор мэдүүлэг өгөхдөө “Д.П намайг цохисон” гэж мэдүүлдэг өгч, улмаар хэрэг учрал болсноос 10 гаруй хоногийн дараа өөрийнхөө өмнө нь цоорхой байсан, эсхүл цоолсон байж болзошгүй гэмтэлдээ шинжээчийн дүгнэлт гаргуулж, чихний хэнгэрэг цоорхой гэдэг гэмтлийн зэргийг тогтоолгосон байдаг. Шинжээч эмч Ундармаагийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1079 дугаартай дүгнэлтээр “...Д.Хын биед гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт үүссэн...” гэсэн дүгнэлтийг гаргуулсан. Мөн өөрийн найз гэх тухайн үед хэрэг учрал болоход байгаагүй Н.Батхүрэлээр мэдүүлэг өгүүлсэн. Н.Батхүрэл гэх гэрч нь Д.Хын биед ил харагдах гэмтэл байгаагүй, чих нь улайсан байсан гэдэг мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх Д.Пын гэм бурууг дээрх нотлох баримтуудад үндэслэж гэм буруутай гэж үзэж, ял оногдуулж байгаа нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогоогүй байхад, мөн гэрч Н.Батхүрэл нь чухам Д.Хын аль чих нь улаалттай байсан гэдгийг нотолж хэлээгүй байхад худал шинжээчийн дүгнэлт, худал гэрчийн мэдүүлэгт үндэслэж Д.П гэм буруутай гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Д.Х Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед Д.Пыг толгойн тус газар нь цохиж, улмаар шалан дээр унахад нь өшиглөж байсан гэдгийг энэхүү хэргийг нүдээр харсан гэрч Б.Балжинням гэрчлээд байхад шүүх түүнийг үнэлээгүй. Мөн Д.П Д.Хыг огт цохиогүй болохыг мэдүүлэгтээ тайлбарлаад байхад “Та Д.Х руу дайрч байсан гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгч байсан. Энэнд чинь цохиогүй гэх баталгаа алга” гэх асуулт асууж, улмаар хийсвэр дүгнэлт хийгээд байгаа нь хэрэгт авагдсан баримтанд тулгуурлаж хэргийг шийдээгүйг харуулж байна. Хэрэгт чухал ач холбогдол бүхий, гэм буруугийн асуудалд нөлөөлөх гэрчийн мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үеийн бодит нөхцөл байдлыг хөндлөнгийн байр сууринаас харсан, ээлжээр ажиллаж байсан насанд хүрээгүй гэрч Б.Балжиннямын мэдүүлэгт “Д.Х нь Д.Пыг 2-3 удаа цохисон, Д.П нь Д.Хыг нэг ч удаа цохиогүй, гар хүрээгүй” гэж мэдүүлээд байхад үүнийг анхаарч үзсэнгүй. Мөн хавтас хэргийн 6 дугаар хуудсанд байх Д.Пын гомдолд, хавтас хэргийн 13-14 талд хохирогч Д.Пын мэдүүлэг, хавтас хэргийн 15-17 талд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, хавтас хэргийн 21-23 талд гэрч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг, хавтас хэргийн 24-26 талд гэрч Б.Цолмонгийн мэдүүлэг, хавтас хэргийн 35-37 талд Ц.Баасанжавын гэрчийн мэдүүлэг, хавтас хэргийн 40-41 талд М.Отгонсүрэнгийн мэдүүлэг, хавтас хэргийн 42-43 талд гэрч Б.Балжиннямын мэдүүлэг, хавтаст хэргийн 44-45 талд гэрч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг, хавтас хэргийн 54 талд Д.Хын фото зураг /2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед/, хх 103-104 талд Д.Пын ялагдагчаар өгсөн мэдүүлэг, хх 135-136 талд Д.Мөнхцэцэгийн дахин авсан мэдүүлэгт “...Д.Хыг Д.П огт цохиогүй, тухайн үед Д.Х биед гэмтэл шарх байгаагүй, цагдаа нар ирэхэд ч Д.Х цохиулсан гэдэг зүйлийг огт яриагүй...” гэх мэдүүлэг, хх 141-142 талд Д.Мөнхцэцэгийн дахин өгсөн мэдүүлэгт “...Д.Х гэрч Н.Батхүрэлтэй хамт явж байгаад Цагдаагийн ерөнхий газраас ярьж байна, чи худал мэдүүлэг өгсөн байна гэж дарамталж ярьсан...” тухай тайлбар мэдүүлэг зэргээр Д.Хын биед Д.П гэмтэл учруулаагүй болохыг нотолж байгаа. Дээр дурдсан нотлох баримтуудаар Д Хүрэлбаатарын биед Д.Пын гэмтэл учруулаагүй гэдэг нь нотлогдож байхад хэзээ, үл мэдэгдэх чихний хэнгэрэг цоорхой гэдэг худал дүгнэлтийг Д.Х нь үйл явдал болсноос хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 29-нөөс хойш 8 дугаар сарын 6-нд гомдол гаргаж гаргуулан авсныг үндэслэж хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн зарчмыг алдагдуулж, хэргийн бодит байдлыг олж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд үл нийцнэ. Шүүх Д.Пыг гэм буруутай гэж үзэн дүгнэлт гаргахдаа зөвхөн Д.Х, түүний хамаарал бүхий найз Н.Батхүрэлийн худал мэдүүлэг, хэзээ үүссэн гэмтэл гэдгийг тогтоож чадаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм буруутай гэж Д.Пыг үзсэн нь дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр хэрэгт дүгнэлт хийсэн.

Д.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хийсэн дүгнэлтийн талаар: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед яллагдагч Д.Х үг хэлээр доромжилж, хэрүүл өдөн Д.Пын биед гэмтэл учруулсан байдаг бөгөөд харин Д.П нь Д.Хын биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй, биед нь ч хүрсэн үйлдлийг гаргаагүй, харилцан зодолдоогүй байхад харилцан бие биедээ гэмтэл учруулсан гэж гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажлыг Д.Х 300 цаг, Д.Пыг 400 цаг хийлгэхээр ял оногдуулсан. Ингэхдээ шүүх Д.Пыг эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгийг нь харгалзан үзсэн болохыг дүгнэжээ. Гэтэл Д.П нь мөрдөн байцаалтын шат шүүхийн шатанд “Сандай” худалдааны төвд худалдааны бизнес хувиараа эрхэлдэг болохыг хангалттай тодорхой илэрхийлснийг шүүх анхаарч үзээгүй, ялын бодлогыг хэрэгжүүлсэн. Нэгэнт хүний биед хөнгөн гэмтэл санаатайгаар өдөөн турхирах үйлдлийг эхэлж гарган үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Д.Хт 300 цаг нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулсан. Гэтэл бусдад хэл амаар доромжлуулж, улмаар эрүүл мэндийн хувьд хохирч, хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгүүлж, одоогийн байдлаар баримтаар нотлогдоод байгаа эмчилгээний зардал нь 674.000 төгрөг болсон хохирогч Д.Пт чухам ямар үндэслэлээр 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл ногдуулж байгааг тайлбарлалгүйгээр шүүхийн шийдвэрийг гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох шалтгаан нөхцөлийг дүгнэлгүйгээр гарчээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолын Д.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Тухайн хэрэг учрал болох үед саунд үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан зохион байгуулагч, үйлчлэгч, бие үрэгч гэх хүмүүс Д.Пыг Д.Хын биед гэмтэл учруулаагүй гэдгийг хангалттай тодорхой гэрчилж, гэрчийн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгдөг. Гэтэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа эдгээр гэрчийн мэдүүлэг, бодит нөхцөл байдлыг тайлбарлуулж, нотлох баримтыг шинжлэн судалсан атлаа бодит байдалд нийцээгүй шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад Д.Пыг гэм буруутай гэж үзэж, Д.Пыг Д.Хын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтийг гаргасан. Д.П Д.Хын биед хөнгөн зэргийн гэмтлийг учруулаагүй болохыг нотолж, гэм буруугүй болох талаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад Д.П нь Д.Хын чихний хэнгэргийг цоолох хэмжээний үйлдлийг гаргаж, цохисон гэдгийг нотлох баримт байхгүй. Зөвхөн Д.Х л өөрийнхөө гэм бурууг хаацайлах зорилгоор мэдүүлэг өгөхдөө “Д.П намайг цохисон” гэж мэдүүлэг өгч, улмаар хэрэг учрал болсноос 10 гаруй хоногийн дараа өөрийнхөө өмнө нь цоорхой байсан, эсхүл цоолсон байж болзошгүй гэмтэлдээ шинжээчийн дүгнэлт гаргуулж, чихний хэнгэрэг цоорхой гэдэг гэмтлийн зэргийг тогтоолгосон байдаг. Шинжээч эмч Ундармаагийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1079 дугаартай дүгнэлтээр “...Д.Хын биед гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт үүссэн...” гэсэн дүгнэлтийг гаргуулсан. Мөн өөрийн найз гэх тухайн үед хэрэг учрал болоход байгаагүй Н.Батхүрэлээр мэдүүлэг өгүүлсэн. Н.Батхүрэл гэх гэрч нь Д.Хын биед ил харагдах гэмтэл байгаагүй, чих нь улайсан байсан гэдэг мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүх Д.Пын гэм бурууг дээрх нотлох баримтуудад үндэслэж гэм буруутай гэж үзэж, ял оногдуулж байгаа нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар Д.П нь Д.Хын биед гэмтэл учруулсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон үйлдлээс шалтгаалсан гэмтэл Д.Х учирсан гэдгийг тогтоогоогүй байхад, мөн гэрч Н.Батхүрэл нь чухам Д.Хын аль чих нь улайлттай байсан гэдгийг нотолж хэлээгүй байхад худал шинжээчийн дүгнэлт, худал гэрчийн мэдүүлэгт үндэслэж, нотлох баримт гэж үзэж Д.П гэм буруутай гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Д.Х Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед Д.Пыг толгойн тус газар нь цохиж, улмаар шалан дээр унахад нь өшиглөж байсан гэдгийг нүдээр харсан гэрч Б.Балжинням гэрчлээд байхад шүүх түүнийг үнэлээгүй. Мөн шүүгч Д.П Д.Хыг огт цохиогүй болохыг мэдүүлэгтээ тайлбарлаад байхад “та Д.Х руу дайрч байсан гэдэг тайлбар мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгч байсан. Энэ чинь цохиогүй гэх баталгаа алга” гэх асуулт асууж, улмаар хийсвэр дүгнэлт хийгээд байгаа нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж хэргийг шийдээгүй. Хэрэгт чухал ач холбогдол бүхий, гэм буруугийн асуудалд нөлөөлөх гэрчийн мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үеийн бодит нөхцөл байдлыг хөндлөнгийн байр суурьнаас харсан, ээлжээр ажиллаж байсан насанд хүрээгүй гэрч Б.Балжинням, гэрч Д.Мөнхцэцэг, Б.Цолмон, Ц.Баасанжав, М.Отгонсүрэн, Б.Балжинням, Д.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Д.Хын фото зураг /2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед/, Д.Пын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Д.Мөнхцэцэгээс дахин авсан мэдүүлэгт “Д.Хыг Д.П огт цохиогүй, тухайн үед Д.Хын биед гэмтэл шарх байгаагүй, цагдаа нар ирэхэд ч Д.Х цохиулсан гэдэг зүйлийг огт яриагүй...” гэсэн нь Д.Хын биед Д.П гэмтэл учруулаагүй болохыг нотолж байгаа. Дээр дурдсан нотлох баримтуудаар Д Хүрэлбаатарын биед Д.Пын гэмтэл учруулаагүй гэдэг нь нотлогдож байхад хэзээ үл мэдэгдэх чихний хэнгэрэг цоорхой гэдэг худал дүгнэлтийг Д.Х нь үйл явдал болсноос хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 29-нөөс хойш 8 дугаар сарын 6-нд гомдол гаргаж гаргуулан авсныг үндэслэж хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн зарчмыг алдагдуулж, хэргийн бодит байдлыг олж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд үл нийцнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолын Д.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Пын өмгөөлөгч Д.Хишигбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдөр нийгэмд нэг байдал үүссэн байна. Хүнийг зодчихоод өөртөө өмнө нь үүссэн гэмтэл эсвэл гэмтэл учруулчихаад тэр гэмтэл дээрээ дүгнэлт гаргуулж харилцан зодоон болсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчилж өгөөч гэдэг. Болсон процесс гэмт хэрэг нь ерөөсөө ийм л байдаг. Өнөөдөр Д.П нь хүнд зодуулсан байж гэмт хэрэгтэн болоод байж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйл байдаг. Үүнийг прокурорын шатанд ерөөсөө тогтоогоогүй. Тухайн саунд байсан хүмүүсээс ганц Балжиннямаас л мэдүүлэг авсан байдаг. Үүнд мөрдөгч болон прокурор хангалтгүй ажилсан гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан сиди байгаа. Үүнийг шүүгч та бүхэн дахин шалгаж үзнэ үү гэж хүсэж байна. Батхүрэлийг нэгдмэл сонирхолтой этгээд гэдгийг гэрч Цолмонгийн сүүлд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Яагаад гэвэл Батхүрэл, Хүрэлбаатар нар нь хамт явж байгаад Цолмонг дарамталсан байдаг. “Цагдаагийн газраас ярьж байна. Танай ажилчин Балжинням та хоёр яагаад худал мэдүүлэг өгөөд байдаг юм” гэх зэргээр дарамталсан. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан дөрвөн нөхцөл байгаа. Тухайн нөхцлүүдийг зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Хавтас хэрэгт сиди болон гэрч Д.Мөнхцэцэг, Б.Цолмон, Ц.Баасанжав, М.Отгонсүрэн, Б.Балжинням нарын мэдүүлгүүдээр Д.Пыг гэм буруугүй гэдгийг нотолж байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Д.Х гэдэг хүнийг цохисон зүйл байхгүй. Энэ хүнд зодуулчихаад илүү ял авсандаа маш их гайхаж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед цохиулсанаас болоод ухаан алдсан талаар гомдолд дурдсан шиг зүйл хавтас хэрэгт авагдаагүй байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 9646 дугаартай дүгнэлтэд “Хүрэлбаатарын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гарсан. 2018 ны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1079 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд мөн хөнгөн гэмтэл гэдгийг баталж өгсөн. Шүүгдэгч Д.П нь хариу үйлдэл хийж гэмтээсэн болох нь нотлогдсон. Мөн Д.П нь цохиулаад ухаан алдаж унасан гэдэг. Гэтэл энэ тухай хавтас хэрэгт байдаггүй. Гомдолд дурьдсан гэрч Балжиннямын мэдүүлэгт “Би халуун усны өрөө рүү ороход Хүрэлээ гээд ах Пүүжээ ахыг цохиж байхыг нь харсан. Пүүжээ ах газар уначихаад Хүрэлээ ах руу “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд дайраад байсан. Тэр үед Хүрэлээ ах “чи цаашаа бай л” гээд түлхэж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд Пүрэвжав нь цохиулснаас болж ухаан алдаж хэвтэж байсан байдал болоогүйг нотолж байна. Мөн гэрч Цолмон “юу болов” гээд намайг ороход Пүүжээ ах “энэ намайг доромжлоод цохичихсон” гэж хэлж байсан гэх” мэдүүлгүүдээс үзэхэд ухаан алдаж унасан гэж огт болоогүй үйл явдлыг болсон мэтээр зохиож бичсэн байна. Дараах байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо Хүрэлбаатарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял гэж шийдвэртээ тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т заасан шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно гэх заалтыг зөрчсөн тул нийтэд тустай ажил хийх ялыг торгох ял болгож өгнө үү.” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шинжээчийн дүгнэлт, Д.Хын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Батхүрэлийн мэдүүлэг авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр Д.Хын бие тухайн цаг хугацаанд гэмтлийн гаралтай сонсгол бууралт үүсжээ гэж тогтоосон байдаг. Д.Хын чих улайсан байсан талаар Батхүрэл мэдүүлсэн байдаг. Бусад байсан хүмүүсээс мэдүүлэг авах гэж ажиллагаа явуулж, хэд хэдэн удаа даалгавар бичиж явуулсан байдаг. Гэтэл сауны онцлог байна. Тухайн саунд үйлчлүүлж байгаа хүмүүс хаягаа бичиж ордоггүй юм байна. Тиймээс тэдгээр хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр шүүх хуралдаанд өмгөөлөгч нар хавтас хэрэгт байхгүй зүйлийг ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан. Одоо нэгэнт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас давж заалдах шатны шүүх эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэх байх гэж бодож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Д.Х, Д.П нар нь 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Намъянжү” саунд хоорондоо маргалдан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Пын “...үл таних залуу “эмэгтэй хүн шиг алаа ямар муухай угаадаг юм бэ” гэхээр нь харсан чинь цуг явж байсан бололтой залуучууд байсан ба шоолоод инээлдээд байхаар нь би “та нар ч гэсэн адилхан алаа ингэж угаадаг биз дээ, юунд олон нийтийн газар ингэж хүн доромжилдог юм бэ” гээд толгойгоо угаагаад дээшээ харсан чинь үг дуугуй цохиод газар унагаасан. Намайг цохисон залууг нэг залуу цаашаа салгаад аваад явсан ба цус гоожоод босож ирээд “та нар хар даа, энэ хүн намайг ингээд цохичихлоо, яаж байгаа юм бэ та нар хараа биз дээ” гэсэн чинь тэнд байсан 3-4 залуучууд “бид нар юу ч хараагүй” гээд инээлдээд байсан. Тэгээд би аргаа бараад “намайг зодчихлоо” гэсэн чинь манай эхнэр болон сауны үйлчлэгч нар ирээд тэр залууг “та яагаад дандаа ингэж байдаг юм бэ” гээд намайг цааш коридор руу авч яваад “наад хүнтэйгээ битгий хамаагүй ярь, цагдаа дуудаад өгсөн нь дээр” гээд үйлчлэгч эмэгтэй сауны захирал руугаа яриад “нөгөөдөх чинь ирээд манай үйлчлүүлэгчийг зодчихлоо” гэсэн. ...” /хх 13-14/,

хохирогч Д.Хын “...Пүрэвжав эхлээд миний баруун талын чих рүү нэг удаа, чихний ар тал дээд доод хэсэгт нэг нэг удаа, зүүн мөр рүү нэг удаа цохиж, зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. ...” /хх 29/,

гэрч Д.Мөнхцэцэгийн “...Би тухайн өдөр эмэгтэй саунд ээлжийн ахлахаар гарч байсан. 21 цагийн үед манай ажлын Цолмон гэх охин “Мөөгий эгчээ эрэгтэй саунд зодоон болоод байна” гээд хүрч ирэхээр нь би хүний бие үрэх үйлчилгээ хийж байсан бөгөөд шууд гарч болохгүй байсан тул “чи очоод салгачих, би араас чинь очье” гэхэд Цолмон буцаж ирээд “Мөөгий эгчээ дийлэхгүй байна” гээд хаалга нээхэд эрэгтэй саунд хүмүүс орилолдож сонсогдсон. Тэгээд би хувцас солих өрөөнд хувцсаа солиод эрэгтэй саунд ороход хувцас солих өрөө тэр чигээрээ цус болсон байсан. Гэтэл Бямбаа өөдөөс цус асгарчихсан гарч ирсэн. Би “цусыг цэвэрлэ” гэж ажилчиддаа хэлээд Бямбаагаас “ямар хүнтэй муудалцсан юм бэ” гэж асуухад эрэгтэй душны хаалгыг нээгээд заатал Хүрэлээ гэж хүн бассейнд сууж байсан. Тэгэхээр нь би Хүрэлээд “та дандаа хэрүүл гаргах юм, дандаа орж ирдэг байж” гээд хэлтэл Хүрэлээ “ална шүү пизда минь” гээд орилоод байсан. ...” /хх 22-23/,

гэрч Б.Цолмонгийн “...Би ажилтай байхад 22 цагийн үед эрэгтэй саунд Бямбаа ах орилоод эхэлсэн. Би эмэгтэй саун ороод бүгд ажилтай байна, чи ороод болиулчих гэхээр нь би саун ороход Бямбаа ах цус болчихсон байсан. Тэр үед эхнэр нь надаар маникюр хийлгээд гарах гээд хувцсаа өмсөж байх хооронд Бямбаа ах дахиад шүршүүрт орох гээд ийм асуудал болсон. Тэгээд би ороод алхахад Хүрэлээ ах цаана сууж байсан. Би юу болсон талаар асуухад тэр хүн намайг “алаа ямар сонин угаадаг юм бэ” гэж доромжлоод цохичихлоо гэж хэлсэн. ...” /хх 24-25/,

гэрч М.Отгонсүрэнгийн “...Би хувцсаа солиод үүдний өрөө рүү гарч байхад эрэгтэй саунд манай нөхөр “чи намайг цохидог нь яаж байгаа юм бэ” гээд орилоод байхаар нь би нөхрийнхөө дууг сонсоод гүйгээд очтол манай нөхрийн хамар далийгаад цус гарсан байсан. Тэгээд би “хүүе хэн цохьчихсон юм бэ” гэхэд цаанаас нь өндөр том биетэй настай хүн гарч ирээд “хэн цохьсон юм бэ, наадах чинь өөрөө газар халтираад унасан” гээд инээхээр нь би “та хөгшин хүн байж яасан сонин юм бэ, халтирч унасан хүний хамар ингэж мурийхгүй, цагдаа дуудна” гэхэд дууд дууд наад тэр цагдаа чинь ямар хамаатай юм бэ” гээд байсан. ...” /хх 40-41/,

насанд хүрээгүй гэрч Б.Балжиннямын “...Би ажлаа хийгээд алчуурандаа гараад эрэгтэй халуун усны өрөө рүү ороход Хүрэлээ гээд ах Пүүжээ ахыг цохиж байхыг нь харсан. Тэр үед Пүүжээ ах газар унасан байсан. Пүүжээ ах Хүрэлээ ах руу “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд дайраад байсан. Тэр үед Хүрэлээ ах “чи цаашаа байл даа” гээд түлхэж байсан. …” /хх 42-43/,

гэрч Н.Батхүрэлийн “...би Хүрэлбаатар дээр очоод “та яаж байгаа юм бэ” гэтэл Хүрлээ ах “наад хүн чинь аймар бааштай юм байна, миний чих рүү цохиод тэгэхээр нь би алгадчихлаа” гээд хэлж байсан. Тэгээд Пүрэвжав руу чихээ харуулж байсан. Пүрэвжавын хамар хавдсан байсан. Хүрэлбаатарын зүүн чих нь улайсан байдалтай байсан. ...” /хх 107-108/ гэх мэдүүлгүүд,

Амбулаторийн картаас: “2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Д.Хт хийсэн УНТЭ-ийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт гадна чихний хэлбэр хэвийн, отоскопид: зүүн чих суваг үрэвссэн, цус гарсан байдалтай, хатаж тав тогтсон, хэнгэргэн хальс ар дээд квадрат орчим цуурсан, тойроод цус хурсан байдалтай. Аудиограммд /сонсголын бичлэг/: өндөр авиан дээр сонсгол буурсан. Онош: гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэргэн хальсны цууралт, сонсголын бууралт” гэсэн тэмдэглэл /хх 75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9305 дугаартай “...Д.Пын биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9646 дугаартай “...Д.Хын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1079 дугаартай “...Д.Хын биед гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цууралт, сонсголын бууралт үүсчээ.     Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 92-93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1312 дугаартай “...Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9305 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гарсан 1050 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Д.Пын биед тухайн үед хамрын ясны хугарал, таславчний мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /хх 97/ гэсэн дүгнэлтүүд,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 54-57/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Х, Д.П нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х, Д.П нарын бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Хт тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний буюу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Пт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан байх боловч шүүгдэгч Д.Х, Д.П нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх үед хэргийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир тэднийг ялаас чөлөөлөх хуулийн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Д.Х, Д.П нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.Х, Д.П нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Д.П, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                   Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ