| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/01546/И |
| Дугаар | 183/ШШ2024/03684 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/03684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.М-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж******* ББСБ ХХК /РД:*****/,
Хариуцагч: Б.Б /РД: ********/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 07 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн амины орон сууцыг иргэн Б.Б******* нь хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг үл хөдлөх эд хөрөнгийг түүнээс гаргуулж, өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч Ж.М*******д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл,
Хариуцагч: Б.Б, ,
Нэхэмжлэгч: Ж.М холбогдох
амины орон сууцны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.М*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н*******,
Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц*******,
Хариуцагч Ж******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.М******* нь хариуцагч Ж******* ББСБ ХХК, Э.Б******* нарт холбогдуулан 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Ж******* ББСБ ХХК-нд өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Ж******* ББСБ ХХК-иас Б.Б*******д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахыг шаардаж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Миний бие Ж.М******* нь 2011 оны 03 сарын 07-ны өдөр №08/11 дугаар Барилгын хөрөнгө оруулалт захиалгын гэрээг С ХХК-ны захирал П. болон Гүйцэтгэх захирал Б.Г нартай байгуулсан. Энэхүү гэрээгээр №0002 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Ү-07 эрхийн улсын бүртгэлийн дугаартай барилгыг Ж.М******* миний хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахаар болсон. Энэхүү гэрээний хөрөнгө оруулалт нь 441 000 000 төгрөг бөгөөд эхний хөрөнгө оруулалт болох 315 000 000 төгрөгийг 2011 оны 03 сарын 02-ны өдөр хоёр дахь хөрөнгө оруулалт болох 63 000 000 төгрөгийг 2011 оны 04 сарын 05-ны өдөр, гурав дахь хөрөнгө оруулалтын 63 000 000 төгрөгийг 2011 оны 05 сарын 05-ны өдөр төлж хөрөнгө оруулалтын дүн нь уг барилгын үнэ байхаар тохиролцож С ХХК-ийн захирал П.ын Голомт банкин дахь харилцах дансанд нь 2011 оны 03 сарын 02-ны өдөр 250 600 ам.доллар шилжүүлсэн. Улмаар 2011 оны 10 сарын 31-ны өдөр С ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2011 оны 10 сарын 31 -ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж №000170906 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Улмаар 2015 оны 04 сарын 01-ний өдөр дээрх хаягт байрлалтай Аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж №0003 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тухайн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр засаж сэлбэж тохижуулсаар арга буюу мөнгө дутахад 2018 оны 06 сарын 26-ны өдөр Ж ББСБ-аас 327 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийг миний бие төлж чадаагүй тул Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн № 183/ШН12019/01225 дугаар шүүгчийн захирамжаар Ж ББСБ ХХК нь 383 080 500 төгрөгийн төлбөрөөс 56 080 500 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 327 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2019 оны 08 сарын 23-ны өдөр 109 000 000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109 000 000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хэргийн хэрэгсэхгүй болгосон. Миний бие дээрх шүүгчийн захирамжаар тохиролцсон төлбөрийг төлөөгүй учир Ж ББСБ ХХК нь Амины орон сууцны өмлөх эрхийн гэрчилгээг Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн газар дээр очиж өөрийн ББСБ-н нэр дээр шилжүүлэн авсан. Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 01225 дугаар шүүгчийн захирамжаар 2019 оны 08 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг Ж ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүйлэхгүйгээр дур мэдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх шүүгчийн захирамжаар дурдсан цаг хугацаанд төлбөрийг төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон тохиролцоо нь шүүгчийн захирамжаар баталгаажсан бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь биелэгдэхгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар надаас төлбөрөө барагдуулах бүрэн боломжтой бөгөөд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлын үүднээс зээлээ төлж өөрийн өмчлөх эрхийг олж авахын тулд өөрийн итгэлт дүү Б.Б*******д хэлж бид харилцан тохиролцож миний ЖББСБ ХХК -аас авсан зээлийг Б.Б******* төлөх, Б.*******ын төлсөн 327 сая төгрөгт би 2020 оны 05 сарын 01 -ны өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж аль аль нь гарын үсгээ зурж, миний өмчлөлийн 4 давхар орон сууцны өмчлөх эрх Ж ББСБ ХХК-аас Б.*******ын нэр дээр 2020 оны 6 сарын 15-ны өдөр шилжсэн. Бид анхнаасаа тус амины орон сууц нь тусгай орц гарцтай тул давхар бүрээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж зарим хэсгийг нь зарж борлуулан Б.*******ын зээлийг төлөх талаар тохиролцсон. Гэвч Б.Б******* нь амины орон сууцыг өөрийн нэр дээр болгож авсны дараагаар зангаа хувирган тухайн амины орон сууцыг өөрийн өмч мэтээр бусдад ярьж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу амины орон сууцнаас намайг хөөх, хямдхан зарахыг шаардаж 2,3 давхруудад өөрөө болон өөрийнхөө хамаатнуудтайгаа амьдарч байгаа болно. Дээр дурдсанаар тус амины орон сууц нь тусгай орц гарцтай тул давхар бүрээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж зарж борлуулан Б.*******ын зээлийг төлье гэхээр уг амины орон сууцны өмчлөх эрх надад байхгүй тул зарж борлуулах Б.*******ын зээлийг төлөх боломжгүй бд байна. Энэ талаар Б.*******ын утас руу нь залгахаар миний утсыг авахгүй, намайг үл ойшоосон байдалтай, уулзахгүй, зугтсаар өдий хүрсэн. Бид анхнаасаа дээрх нөхцөл байдлаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Энэхүү хэлцлээ амаар дараа нь бичгээр тооцоо нийлж 2-лаа гарын үсгээ зурж баталгаажуулсан бөгөөд Б.Б******* нь миний өмчлөлийн амины орон сууцыг чамаас би худалдаж аваагүй Ж ББСБ ХХК-аас авсан гэж маргаан үүсгэсэн. Ийнхүү Б.Б*******тай тохиролцож миний Ж ББСБ ХХК-д төлөх ёстой зээлийг төлж барагдуулсан бөгөөд бидний дунд зээлийн харилцаа үүссэн. Энэхүү зээлийн харилцаа цаашлаад үл хөдлөх хөрөнгийг барьцаалах талаар бидний дунд харилцаа үүсээгүй бөгөөд Б.Б*******д анхнаасаа өөрийн өмчлөлийн амины 4 давхар орон сууцыг худалдаж буй үйлдэл биш гагцхүү Ж ББСБ ХХК-аас авсан зээлээ төлүүлэх зорилготой байсан. Энэхүү зорилгыг алъ аль нь мэдэж байсан бөгөөд бидний тохиролцоо буюу энэхүү үйлдэл нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл бөгөөд миний бие хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүссэн. Дээр дурдсан Б.Б******* бид 2-н тохиролцоо нь өөр хэлцлийг буюу бидний дунд үүссэн зээлийн харилцааг халхавчлах зорилгоор хийсэн уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд 4 давхар 638.71 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Ж ББСБ. ХХК-руу өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Ж ББСБ. ХХК-аас Б.Б******* руу 726.99 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсэж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцааж өгөхийг шаардаж байгаа болно гэсэн.
1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие урьд Ж******* ББСБ ХХК руу өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. Гэвч нотлох баримтад тулгуурлан энэхүү хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно.
Б.Б******* нь надтай харилцан тохиролцсоны дагуу Ж******* ББСБ ХХК-д төлөх миний зээлийг төлж барагдуулсанаар миний бие нь Ж******* ББСБ ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулахдаа тохирсон үүргээ биелүүлсэн байтал Ж******* ББСБ ХХК нь надтай тохирсон зарчмаа зөрчин Б.Б*******д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгснийг, мөн Б.Б******* нь надтай тохиролцсоны дагуу миний өр зээлийг төлсөн ч хэлсэн ярьснаа огт үндэсгүй үгүйсгэж үл хөдлөх хөрөнгийг маань өөрийн болгохоор улайрч буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулсан болно гэжээ.
1.3.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Тухайн маргааныг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх шаардлага байгааг ойлгож, дараах үндэслэлээр агуулгыг өөрчилж байна. Үүнд: 770 м.кв газар болон 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг иргэн Б.Б******* нь хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг үл хөдлөх эд хөрөнгийг түүнээс гаргуулж, өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч Ж.М*******д шилжүүлэхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлйн 9.4.2-д заасны дагуу хариуцагчид даалгах, мөн миний өмчлөлийн өмнө дурдсан амины орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Э.З, Э.Ч нарын гэр бүлүүдийг тухайн барилгаас албадан гаргуулж, амины орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн.
1.4.Нэхэмжлэгч Ж.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна. Уг шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан бөгөөд мөн хоёр дахь шаардлага болох миний өмчлөлийн амины орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Э.З, Э.Ч нарын гэр бүлүүдийг тухайн барилгаас албадан гаргуулж, амины орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн шаардлагаас бол татгалзаж байгаа болно. Маргааны сэдэв бд байгаа орон сууцыг 2011 онд С ХХК-аас хууль ёсны мөнгөөрөө худалдаж авсан. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ж******* ББСБ ХХК-аас 50 000 000 төгрөг аваад, 2017 оны 09 дүгээр сар гэхэд байшингаа ашиглалтад оруулах зорилготой зээл авсан. Байшингаа 2017 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. Тэгээд би энэ байшингаа 10 жилээр гадаадын компанид түрээслэгдэж байсан. Тэр маань бүтэлгүй бд тэгээд би зээлээ төлж чадахгүй байдалд орж эхэлсэн юм. 2019 он бд банк бусад очиход заръя гэхээр үл хөдлөх маань барьцаанд байгаад байдаг. Зээлийн нэмэлт гэрээ хийгээд 2 жил болчихсон юм. Нийтдээ би Ж******* ББСБ ХХК-аас 120 000 000 төгрөг орчим авсан юм. Үүнээс 40 000 000 төгрөгийг нь хүү торгуульд буцаан өгөөд зээлийн шинэчилсэн гэрээ хийгээд 380 000 000 төгрөг болдог юм. Тэгээд би наад хүү, торгуулиа зогсоож болдоггүй юм уу гэсэн шүүхэд өгөөд, эвлэрлийн гэрээ байгуулаад дууссан. Ж******* ББСБ ХХК нь 380 000 000 төгрөгөөсөө 60 000 000 төгрөгийг хассан юм. Тэгээд шүүхийн шийдвэрт байшингаа манай дээр шилжүүл байшинг чинь бид нарт зарж үрэхгүй, 2020 оны 6 дугаар сарын 01-ний дотор зээлээ төлөөд төлөөрэй. Тэгэхгүй бол дуудлага худалдаанд оруулаад байшингаас чинь 327 000 000 төгрөгөө авна шүү гээд гараар хүсэлт бичиж өгөөд Ж******* ББСБ ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн байдаг. Би Э.Б*******, Ж******* ББСБ ХХК нарыг холбож өгсөн юм. Тэгээд би тэрнээс хойш 2020 оны 4 дүгээр сард ер нь д зөвшөөрсөн, Ж******* ББСБ ХХК-тай ярьчихлаа болчихлоо гэсэн тэгээд ерөөсөө би үйл ажиллагаанд ороогүй, тэгээд Э.Б******* өөрийн нэр дээр байшин шилжүүлээд авчхаж байгаа байхгүй юу. Э.Б******* би өөрийнхөө нэр дээр болгоод 7 үл хөдлөх болгоё гэж ярьж байсан юм. Би 90 хувьтай байж байгаад дараа нь 100 хувь болгоод 90 өөрийнхөө нэр дээр болгочихсон гэж хэлсэн. Тэгээд 7 үл хөдлөх болгоод би 2 давхрыг 2 грашаа өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ, эсхүл бүтнээр нь зараад би 3 хувийг хувьдаа мөнгөө авъя, та энд сандрах хэрэггүй дүүдээ итгэж болно гэсэн. Бид хоёр тооцоо нийлээд и-мэйлээр харьцсан байдаг. Э.Б******* би таны нэр дээр үл хөдлөх худалдаж аваагүй, та юу яриад байгаа юм бүүр улайм цайм гудамжнаас зугтаачихсан цагдаад өгсөн чинь гэрээтэй учраас бид нарт хамааралгүй иргэний шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Э.Б******* ямар ч холбоо байхгүй. 2021 оны 05 дугаар сард байшин зараад мөнгөө авна гэхээр нь би тэг тэг гээд тэгсэн миний байшинг 800 000 000 төгрөгөөр зарна гэнэ. Тэгээд би эндээс 600 000 000 төгрөгөө авна танд 200 000 000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд би Э.Б******* чи битгий галзуураад байгаарай Э.Б******* минь 5 шарын байшин чинь одоо 1 м.кв нь 1 100 000 орчим төгрөг болж байгаа байхгүй юу. Тэгээд 2022 оны 3 дугаар сард анх энэ шүүхэд нэхэмжлэл гаргаж миний хэрэг эхлээд л явсан. Би өмч хөрөнгөөрөө хохирчихоод байна. Үүнийг шүүх шийдэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
1.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардлагаа гаргасан. Анх 2011 онд 2 давхар 325 м.кв барилгыг Ж.М******* 441 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Бүтэн баригдчихсан байшинг карказаар нь байхад худалдаж авсан. Дараа нь түүнийгээ 10 жилийн дараа 327 000 000 төгрөгөөр өгчихсөн болж харагдаж байгаа юм. Мөн энэ барилга 2015 он гэхэд 4 давхар, зоорины давхартайгаа 5 давхар 600 гаран м.кв болчихсон байсан. 2015 онд 90 хувийн гүйцэтгэлтэй 600 гаран м.кв-тай болчихсон байсан. Үүнийг Ж.М******* өөрийнхөө хөрөнгөөр ийм болгосон. 2016 онд Ж******* ББСБ ХХК-д барьцаалуулахад 90 хувийн гүйцэтгэлтэй болчихсон байсан. Энэ барилгыг 2016 он 12 дугаар сараас эхлээд 2017 оны 10 дугаар сар хүртэл Ж******* ББСБ ХХК-аас барилгаа 100 хувь болгох гээд, өөрөөр хэлбэл дотор заслыг бүх юмыг нь бүрэн ашиглалтад оруулахад энэ зээлийн хөрөнгийг ашиглаад дуусахад 100 хувь болчихсон байсан. Тэгээд гэрчилгээ авах гэтэл Ж******* ББСБ ХХК барьцаанд байсан учраас болохгүй байсан. Яагаад гэвэл зээлээ төлж байгаагүй учраас Ж.М*******ы нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан нь ойлгомжтой. Ингээд 100 хувийн гүйцэтгэлтэй болгож чадаагүй байсан байна. Тэгээд Э.Б******* гээд залууд байшингаа алдсаны дараа цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, мөрдөн шалгах газраар явж байхдаа үнэлгээ хийлгэсэн. Үүнийг Ж.М******* энэ барилгад үнэлгээ хийлгээгүй, цагдаагийн байгууллага тогто гаргаад үнэлгээ тогтоолгоход 2 900 000 000 төгрөгийг үнэлгээтэй гарсан. Ийм нөхцөлд ямар дүгнэлт гарч ирж байна вэ гэхээр энэ хүн зээлээ төлж чадаагүй байна. Зээлээ төлж чадаагүйгээр Э.Б******* гэдэг хүнтэй танилцаад, уулзаад, тэр хүн зээлийг нь төлж өгөхөөр бд 327 000 000 төгрөгийн өрийг нь Ж******* ББСБ ХХК-д төлөхөөр болсон байна. Ж******* ББСБ ХХК-ийн гол зорилго нь юу байсан бэ гэхээр 327 000 000 төгрөгийн авлагаа авах нь гол зорилго нь байсан. Нэгдүгээрт Ж******* ББСБ ХХК нь зээл барьцааны гэрээг хийхдээ барьцаа хөрөнгийн үнийг заавал бичих ёстой байтал үнийг огт бичээгүй. Ж******* ББСБ ХХК-ийн өөрийнх нь төлүүлэх зээлийн дүн байдаг. 2-3 удаа барьцааны гэрээ, зээлийн гэрээ өөрчлөгдөөд яваад байдаг. 2-3 барьцааны гэрээ байгаа эхний гэрээнд 50 000 000 төгрөг гэж бичсэн байгаа. Үүргийн гүйцэтгэлийн хангуулах үнийн дүн гэдэгт дүн нь байгаа. Зөвхөн өөрийнхөө авах ёстой мөнгөн дүн бичдэг болохоос барьцааны хөрөнгийн үнийг бичээгүй байсан. Ингээд барьцаа хөрөнгийг өөртөө шилжүүлж байгаа тэр процесийн хувьд хууль зөрчсөн гэж хэлэхгүй. Яагаад гэвэл Ж.М*******ы хувьд санаа зовж байсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй. Ж******* ББСБ ХХК ч гэсэн өртэй гараад байж болохгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж байдаг учраас өр ихтэй байгаа учраас Ж******* ББСБ ХХК-д барьцаа хөрөнгөө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд барьцаа хөрөнгөө авсан. Банк бус санхүүгийн байгууллага 327 000 000 төгрөгийг авахын тулд 4 давхар зоорины давхартайгаа 5 давхар, 16 өрөөтэй, 720 гаран м.кв талбайтай байшин шууд авчих санаа зорилго Ж******* ББСБ ХХК-д байгаагүй юм билээ. Би үүнийг юунаас харж байна вэ гэхээр дараа нь Ж******* ББСБ ХХК нь Э.Б*******д байшин шилжүүлэхдээ нөгөө барилгын үнийг 327 000 000 төгрөг гээд арилжааны дүнгээ биччихсэн. Тэгэхээр Ж******* ББСБ ХХК нь зөвхөн авах дүнгээ бичээд байдаг. Барилгын үнийг бичдэггүй, үүнд Ж******* ББСБ ХХК-ийн алдаа байсан. Энэ нь Ж.М*******ыг хохиролд хүргэхэд нөлөөлсөн нэг зүйл гэж бодож байна. Түүнчлэн Э.*******ын хувьд эвлэрлийн гэрээ, арилжааны гэрээ, шүүхийн шийдвэрт зөвшөөрч байна гэдэг нь ер нь энэ хүний хувьд барьцаалагдчихсан юм чинь барьцааны хөрөнгийг нь өгөх ёстой гэж үзсэн. Ер нь асуудал яаж шийдэгддэг вэ гэхээр илүү гарсан мөнгийг өгдөг. Худалдаж борлуулах тохиолдолд банк, банк бус санхүүгийн байгууллага дуудлага худалдаагаар борлууллаа гэж бодоход өөрийнхөө авах ёстой мөнгийг аваад үлдсэн мөнгийг нь буцаан өгдөг хуулийн заалттай Иргэний хуулийн 157 дугаар зүйл, 157.5.4-т заасан байна. Тийм учраас өгөх ёстой байсан. Э.Б******* энэ хөрөнгийн шударгаар олж авч чадсангүй, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авах ёстой. Бид худалдах, худалдан авах гэрээгээр авдаг. Гэтэл ямар ч хүн 327 000 000 төгрөгт, 3 000 000 000 төгрөгийн хөрөнгөө өгөх үү , тэнэг гэхэд арай ч тийм тэнэг байхгүй биз дээ, нэхэмжлэгчийн хувд сэтгэцийн хувьд эрүүл, хүнд их найдаж, итгэж явсны гай, тэгээд яах вэ нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тохиролцоо байсан. Зараад авах эсхүл, 2 давхрыг ав эсхүл зараад би чиний өрийг өгье гэдэг. Үүний нотолгоо нь сүүлийн тооцоо нийлсэн акт байдаг, цаг хугацааных нь хувьд аваад үзвэл 2021 оны 02 дугаар сард тооцоо нийлсэн байдаг. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Тэгэхээр 05 дугаар сарын 01-ний өдрөөс 3 хувийн хүү тооцно гээд өгчихсөн мөнгө юм билээ. Өөрөөр хэлбэл Ж******* ББСБ ХХК-д зээлийг төлсөн өдрөөс, тэр сараас хэлээд сар бүр 3 хувийн хүү тооцохоор тохиролцсон. 327 000 000 төгрөгт нэмээд сар бүр 3 000 000 төгрөгийн хүү авна шүү гээд дараа, дараагийн төлбөр тооцоонд мөн сар бүр хүү авна шүү гээд, тооцоо нийлсэн гээд гаргаар бичсэн, гар бичмэл байгаа Э.Б******* гарын үсгээ үгүйсгээгүй. Тийм баримт байгаа тийм учраас үндсэндээ Ж.М*******ы хэлж байгаа байшингаа буцаан авах нөхцөлтэй байсан гэдэг энэ тайлбарыг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл 3 000 000 000 төгрөгийн хөрөнгийг 327 000 000 төгрөгт авсан, зөрүү нь хэд байх вэ, 2 700 000 000 төгрөг байна. Тэгэхээр энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ өөрөөр хэлбэл Ж******* ББСБ ХХК өмнө хүлээсэн үүргээ төлөхөөр хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу уг зүйлийг олж авсан этгээд Э.Б*******ас, дээрх хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэдэг үндэслэлээр шаардаж байгаа юм. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэдэг заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэвэл нэгэнт нэхэмжлэгч өөрөө энэ хөрөнгийн өмчлөгч гэж үзэж байгаа учраас тэндээс гарах үндэслэл байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2.Хариуцагч Ж******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тухайн зээлийг өөрийнхөө хөрөнгөөр төлж чадаагүй. Тэгээд зээлийн гэрээний дагуу хугацаандаа зээлээ төлөөгүй учраас тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү, хоногоор тооцож хугацаагаар авдаг. Ж******* ББСБ ХХК нь шүүхийн байгууллагад өгсөн өдрөөс, хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоод нийт үнийн дүнг бодоод нэхэмжлэл гаргадаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал Ж.М******* нь Ж******* ББСБ ХХК-аас зээл аваад, авсан зээлээ төлөөгүйн улмаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах эвлэрлийн гэрээг бол 2019 онд Хан-Ууд дүүргийн иргэний хэргийн шүүхэд байгуулаад шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн үйл баримт байгаа. Үүний дагуу зохигчид эвлэрээд, эвлэрсний дараагаар тухайн эвлэрлийн гэрээгээр мөн график зоосон. Тус графикт шүүхийн нэхэмжлэл гаргасан үнийн дүнгээр зээлийг хаахаар тохиролцсон. Гэтэл тухайн өрийг сайн дураараа биелүүлээгүй, сайн дураараа биелүүлээгүйн улмаас хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Ж******* ББСБ ХХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлтээ өгсөн. Тус хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдсан. Үүний дараа Ж.М******* гуай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийнхөө хүсэлтийг өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Ж.М******* үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай байгууллагын нэр дээр үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж, 2019 онд гэрчилгээ олгосон. Маргаан бүхий зүйл нь Ж******* ББСБ ХХК буюу манай байгууллагын өмч болсон. Энд ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл ч юм уу, хэн нэгэн дарамталж шахсан зүйл огт байхгүй. Шүүхийн процесс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессын дагуу явагдаад бид өөрсдийн өмч хөрөнгөө болохоор арилжааны гэрээгээр Э.Б*******д зарсан. Ингэхдээ өмчлөгч өөрийнхөө өмч хөрөнгийг зарахдаа Э.Б*******тай арилжааны гэрээ байгуулаад ингээд арилжааны гэрээгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг Э.*******ын өөрийнх нь эзэмшлийн орон сууцыг тооцож авсан. Ийм үйл баримт байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч эсхүл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гаргаагүй, оролцоогүй. Түүнчлэн энэ маргааны хувьд манайхтай байгуулсан гэрээнүүд нотлох баримтаар авагдсан. 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна. Тэгэхээр манай байгууллага хэн нэгэн этгээдтэй эвлэрлийн гэрээ байгуулчхаад тухайн этгээд эвлэрлийн гэрээний дагуу мөнгөө төлөхгүй байх юм бол удаа дараа утасдана, сануулна, зээлийн эдийн засагч ярина. Ингээд бид нар та төлбөрөө төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэж байна шүү гэдэг тухай бүрд нь сануулаад, тэгээд шүүхэд хандаад албадан гүйцэтгүүлэх хуудас аваад шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлдэг. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц мэдээж манай байгууллагын хүсэлтээр явж байгаа ч гэсэн тусдаа шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэж байгаа процессын ажиллагаа байгаа. Энэ ажиллагаанд нэхэмжлэгч өөрөө хүсэлтээрээ мөнгө төлөхөөс татгалзаад гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснөөр энэ үйл баримт дууссан. Ингээд манайх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болсон гэж үзээд дүгнээд явсан байгаа гэв.
3.Хариуцагч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сард болохоор Э.Б*******тай ирж уулзахдаа өөрийн өмчлөлийн ** ё тоот хаягт байлгах үл хөдлөх хөрөнгөө Ж******* ББСБ ХХК-ийн барьцаанд 327 000 00 төгрөгийн өр төлбөрт алдсан чи үүнийг худалдаад авчих гэсэн. Нэхэмжлэгчийн хэлсний дагуу Ж******* ББСБ ХХК-ийн байгууллагын удирдлагуудтай уулзаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны гэрээгээр шилжүүлж авахаар тохиролцоод 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 584 дугаартай арилжааны гэрээг байгуулаад нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Энэхүү арилжааны гэрээгээр Э.Б*******, Ж******* ББСБ ХХК-д өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар буюу 199 108 000 төгрөгт тооцоод, үлдэгдэл төлбөрүүдийг өөрийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлохдоо орж ирсэн цайвар цэнхэр өнгөтэй RX 350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар буюу 47 000 000 төгрөгөөр тооцоод, мөн хар өнгөтэй Эн Эф Эс 200 маркийн суудлын автомашиныг 80 892 000 төгрөгөөр тооцоод Ж******* ББСБ ХХК-д арилжааны гэрээгээрээ шилжүүлээд байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч Э.Б******* нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, хэлцэл нь хүчин төгөлдөр бгүй. Манай гэрээ хэлцэл банк бус санхүүгийн байгууллагатай байгуулагдсан гэрээ хэлцэл байгаа. Тэгэхээр хуулийн энэ заалтаар ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл тогтоогдохгүй байна. Ж******* ББСБ ХХК, Э.Б******* нарын хооронд байгуулагдсан энэхүү арилжааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ Э.*******ын хувьд шударгаар өмч хөрөнгийг олж авсан үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж хүсэж байна гэв.
3.1.Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан шаардлагатай адилхан нэхэмжлэгч Ж.М*******ы хувьд энэхүү хөрөнгөө анх баригдаж байхад нь амьдарч байсан, одоо ч гэсэн амьдарч байгаа нэг давхарт нь хариуцагч Э.*******ын хувьд гэр бүлээрээ нүүж орсон. Өөрөө Америкийн Нэгдсэн улс руу явах болсон тул түүний эхнэрийн ах дүү нар нь бол орж энэ байранд амьдарч байгаа. Э.*******ын хувьд өөрийн нэг үл хөдлөх хөрөнгө 2 автомашиныг шилжүүлээд арилжааны гэрээгээр шударгаар олж авсан учраас Ж.М*******ыг энэхүү хаягт байрлах барилгын нэгдүгээр давхрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа гэв.
4.Нэхэмжлэгчээс 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №08/11 тоот Барилгад хөрөнгө оруулах тухай гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №08/11 тоот Барилгын хөрөнгө оруулалт захиалгын гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-07 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, С ХХК-ийн тодорхойлолт, талбайн хэмжилтийн акт, гэрэл зураг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01225 дугаар захирамж, гар тэмдэглэл, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/1142 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1993 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2978 тоот Хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, даатгуулагч, тэтгэвэр авагчийн мэдээлэл, Ү ХХК-ийн гэрчилгээ, компанийн дүрэм, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/63 дугаар захирамж, газар эзэмших, ашиглах гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, хавсралт /1хх-ийн 6-44, 90-101, 119-158, 2хх-ийн 19, 43-66, 238-243-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Ж ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ГХ2019/00932 дугаар гүйцэтгэх хуудас, хүсэлт, НШШГГ-ын албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Ү-07 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01225 дугаар захирамж, итгэмжлэл, итгэммжлэл, хариу тайлбар /1хх-ийн 49-50, 74-82, 159, 245, 247, 250, 2хх-ийн 1-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Б.Б*******ас итгэмжлэл, хариу тайлбар, Ү-07 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Арилжааны гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0425, 0426 дугаар итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар /1хх-ийн61, 65-70, 111-114, 176-181, 2хх-ийн 78-80-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр , хариуцагч Б.*******ын хаягнаас харилцсан и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 231100147 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол, Дамно ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус дүүргийн 726.99 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 231100147 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол, Дамно ХХК-ийн үнэлгээ, 2017 оны 3-9 сар хүртэлх барилгын дотоод бүрэн засал, цахилгааны мантаж, халаалт, сантехникийн ажлын материалын санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 191-194, 2хх-ийн 29-30, 72-235, 2хх-ийн 7-68-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.М*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Б******* болон Ж******* ББСБ ХХК-ийг тус тус тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ж******* ББСБ ХХК-д холбогдуулан шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан гэсэн тул нэхэмжлэлийг хариуцагч Б.Б*******д холбогдуулан шийдвэрлэсэн болно.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан Ё тоот хаягт байрлах, 770 м.кв газар болон Ү-07 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг түүнээс буцаан гаргуулж, өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч болох нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч Б.Б******* нь Ё тоот хаягт байрлах, 770 м.кв газар болон Ү-07 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг хууль бусаар өмчлөөгүй, амины орон сууцны өмчлөгч болох Ж******* ББСБ ХХК-иас арилжааны гэрээний дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлж орон сууцыг өмчлөлдөө авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэггүй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
4.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Ж.М*******д холбогдуулан Ё байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Ж******* ББСБ ХХК-нд арилжааны гэрээний дагуу хөрөнгө шилжүүлж хууль ёсоор өмчлөлдөө авсан гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч Ж.М******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшилдээ шилжүүлэн аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нь Ж******* биш болохыг мэдэж байсан, 3 000 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 327 000 00 төгрөгөөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч Ж.М******* хариуцагч Ж******* ББСБ ХХК нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ЗГ0301180115 дугаар зээлийн гэрээ, ЗБ0301180115 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Ж******* ББСБ ХХК нь 327 000 000 төгрөгийг Ж.М*******д сарын 2,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлжээ.
6.2.Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ж.М*******ы өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-07 эрхийн дугаартай 638,71 м.кв талбай бүхий амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн 1 хавтас 23-31 хуудас/
6.3.Нэхэмжлэгч нь хариуцагч Ж******* ББСБ ХХК-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй тул Ж******* ББСБ ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 383 080 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
6.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №183/ШШ2019/01125 дугаар шүүгчийн захирамжаар Ж******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 383 080 500 төгрөгнөөс 56 080 500 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ж.М******* үлдэх 327 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 109 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хэрэв хариуцагч заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд ё тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-07 дугаарт бүртгэлтэй, 638.71 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, УНС улсын дугаартай, Ford edge маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 2F арлын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.5.Гэвч дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч Ж.М******* нь сайн дураар биелүүлээгүй, эвлэрлийн гэрээнд буюу шүүгчийн захирамжид заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ГХ2019/00932 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба Ж.М******* нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаа хөрөнгийг төлбөрт тооцуулахаар хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
6.6.Нэхэмжлэгч Ж.М******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтдээ “...1.Хан-Уул дүүргийн 11 хороо, 6 хэсэг Энхжин хотхоны 20Ё тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-07 дугаарт бүртгэлтэй 638,71 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, 2. УНС улсын дугаартай, Ford edge маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 2F арлын дугаартай автомашиныг төлбөртөө тооцон өгч байгаа тул хөрөнгийг төлбөр авагч Ж******* ББСБ-д шилжүүлж өгнө үү. Төлбөр хүлээн авагчид дээрх хөрөнгийг шилжүүлэхэд Ж.М******* миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэжээ. /хх-ийн 1 хавтас 77-р хуудас/
6.7.Дээрх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/12 дугаар тогтор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон байх ба НШШГГ-ын 2019.10.24-ний өдрийн 1/23297 дугаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгээр “...барьцаа хөрөнгийг төлбөр авагч Ж******* ББСБ ХХК-нд төлбөртөө тооцон өгөхөөр хүсэлт ирүүлсэн байх тул шилжүүлэн бүртгэж гэрчилгээг хуулбарлан хариу ирүүлэхийг” мэдэгдсэн, нэхэмжлэгч Ж.М*******ы барьцаа хөрөнгө болох 638,71 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж******* ББСБ ХХК нь бүртгэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 000760781 дугаарт бүртгэгджээ. /хх-ийн 1 хавтас 78-80-р хуудас/
6.8.Хариуцагч Ж******* ББСБ ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон байх ба 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 0584 тоот арилжааны гэрээг хариуцагч Б.Б*******тай байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
6.9.Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээгээр хариуцагч Б.Б*******, Ж******* ББСБ ХХК нар нь Ё тоот хаягт байрлах 638.71 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуучлалын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 327 000 000 төгрөгт тооцон Б.*******ын өмчлөлд шилжүүлэх, Б.Б******* нь 71,11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 199 108 000 төгрөгт, үлдэгдэл төлбөрт 2011 онд үйлдвэрлэгдсэн цайвар цэнхэр өнгөтэй RX350 маркийн суудлын автомашиныг 47 000 000 төгрөгт, 2016 онд үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй NX200 маркийн суудлын автомашиныг 80 892 000 төгрөгт тус тус тооцож Ж******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
6.10.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Б.Б*******, Ж******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талууд үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг хэн алины өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Б******* бүртгүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******ыг үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж аваагүй, 3 тэрбумын хөрөнгийг 300-гаад сая төгрөгөөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эрхээ шилжүүлж байгаа этгээд болох Ж******* ББСБ ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болохыг мэдэж байсан тул түүний хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шаардаж байна гэсэн.
7.1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ шаардах эрх нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь уг хөрөнгийн өмчлөгч гэдгийг, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг баримтаар нотлох ёстой.
7.2.Гэтэл нэхэмжлэгч Ж.М******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан боловч уг хөрөнгийг Ж******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Ж******* ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ж******* ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг дур мэдэн нэхэмжлэгч Ж.М*******ы зөвшөөрөлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлсэн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч зөвшөөрөл олгож, өмчлөх эрх шилжсэн, мөн нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн талаар гомдол гаргаж, маргаж байгаагүй байна.
7.3.Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй”, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д “эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй” гэж тус тус заажээ.
7.4.Хариуцагч Б.Б******* нь хариуцагч Ж******* ББСБ ХХК-тай байгуулсан арилжааны гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахад уг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Ж******* ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б.*******ыг өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах зорилготой байсан, ББСБ-с авсан зээлийг л төлүүлэх зорилготой байсан гэж тайлбарласан боловч тайлбараа нотлох баримтгүй, хариуцагч Б.Б*******д үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн талаарх баримтгүй байна.
7.5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
7.6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагч Б.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу 3 тэрбумын үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 327 000 000 төгрөгөөр шилжүүлэн авсан, уг хөрөнгийг нэхэмжлэгч нь буцааж авах нөхцөлтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримт, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэсэн боловч хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь эд хөрөнгийн үнийг талууд харилцан тохиролцсон, тооцоо нийлсэн баримт гэдэг нь уг үл хөдлөх хөрөнгийг зарах юм бол ийм зардал төлнө гэсэн тооцоо гэж маргасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэй байсан гэдгийг нотлож үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 327 000 000 төгрөгнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй гэж мэтгэлцсэн.
7.7.Хэрэгт авагдсан 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б*******, М******* нар тооцоо нийлэв гэсэн баримтад “ББСБ зарсан 330 000 000, /2020-05-01-нээс сарын 3 хувийн хүү тооцно/...” гэсэн байх бөгөөд талуудын хэн аль нь гарын үсгээ зурсан талаараа маргаагүй боловч уг баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн төлбөр төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, мөн арилжааны гэрээгээр талууд үнэ тохиролцож өмчлөх эрхийг шилжүүлсэн байна гэж үзэв.
7.8.Иймд нэхэмжлэгч Ж.М*******ы хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан Ё тоот хаягт байрлах, 770 м.кв газар болон Ү-07 дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн, 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг иргэн Б.Б******* нь хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул уг үл хөдлөх эд хөрөнгийг түүнээс гаргуулж, өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч Ж.М*******д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.9.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ж******* ББСБ ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч Ж******* ББСБ ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
8.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Ж.М*******д холбогдуулан ё тоотод байрлах 1 давхарыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
8.1.Нэхэмжлэгч Ж.М******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг чөлөөлөхгүй, хариуцагч нь өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж маргасан.
8.2.Хариуцагч Б.Б******* нь Ж******* ББСБ ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны гэрээгээр маргаан бүхий ё тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авахаар харилцан тохиролцож дээрх гэрээний дагуу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00080 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ё тоот хаягт байршилтай, 726,99 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хавтас хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8.3.Нэхэмжлэгч Ж.М******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөрт өгөх зорилгогүй, зээлийг хаах зорилготойгоор үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгээр шилжүүлсэн, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж маргасан боловч түүний тайлбар нь баримтаар нотлогдоогүй болно.
8.4.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Б.Б******* нь хүчин төгөлдөр гэрээний дагуу Ё тоот хаягт байршилтай 726,99 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул эд хөрөнгийн өмчлөгч болох хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзэв.
8.5.Иймд хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ё байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгч Ж.М*******ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.М*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 889 775.28 төгрөг, хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.М*******аас 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Б*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
a
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М*******ы хариуцагч Э.Б*******д холбогдуулан гаргасан амины орон сууцыг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж, өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ж.М*******д шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 1 дүгээр давхарыг нэхэмжлэгч Ж.М*******ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.М******* нь хариуцагч Ж******* ББСБ ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч Ж******* ББСБ ХХК -нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.М*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 889 775.28 төгрөг, хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.М*******аас 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Б*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН