Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 32

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч А.А- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******гаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох 201713000013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* хэсгийн ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн , Регистрийн дугаар: /ИО********/

Шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан буюу бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдааны төв”-ийн байран дахь “Т” ХХК-ийн барьцаалан зээлдэх газрын цонхоор орж барьцаалан зээлдэх гэрээний зүйл болох эд зүйлсийг хулгайлан авсан үйл баримт болжээ. Энэ үйл баримтын улмаас “Т” ХХК-ийн барьцаалан зээлдэх газарт зээлийн гэрээний барьцаанд хадгалагдаж байсан шинэ цагийн мөнгөн аяга 48 ширхэг, хөөмөл мөнгөн бүс/эмэгтэй хүний/ 2 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн даралт 1 ширхэг, мөнгөн товч 5 ширхэг алдагдсан болох нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний маргааш өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны 1430 цагаас 1515 цагийн хооронд холбогдох хүмүүсийг оролцуулсан бүрэлдэхүүнээр тооллого хийсэн баримт, алдагдсан эд зүйлсийн эздийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, тэдэнтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээний хувиудаар тогтоогдож байна. Энэ талаар хохирогч Д.С- мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд ”2017 оны 1-р сарын 23-ны өглөө 10 цаг 30 минутын орчим манай баруун бүсийн ломбарданд ажилладаг хүүхэд утсаар над руу яриад ломбарданд хулгай орсон байна гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ломбардны баруун талын том цонхны салхивчийг хөшиж онгойлгон цонхоор орж төмөр сейфэнд байсан мөнгөн аяга, мөнгөн эдлэлүүдийг хулгайлсан байсан. ...ломбардны хананд суурилуулсан лангуу руу тусгалтай камер ажиллаж байсан. Тэр камерийн бичигчийн залгуурыг оролтоор нь салгаад баруун талд нь ширээн дээр суурилуулсан хяналтын дэлгэцний хажууд байсан хяналтын камерын 20х30 см орчим хэмжээтэй бичигчийг хулгайлсан байна. Ломбардаас шинэ цагийн мөнгөн аяга 48 ширхэг, эмэгтэй хүний хөөмөл мөнгөн бүс 2 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн даралт 1 ширхэг, мөнгөн товч 5 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан...” гэж мэдүүлжээ. Түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны 10 цаг 50 минутаас эхлэн 12 цаг 40 минут хүртэлх хугацаанд хуульд заасан журмаар явуулсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...ломбардны баруун хананд суурилуулсан хоёр цонхны хойд талын том вакум цонхны дээд талын дээшээ сөхөж онгойдог урт нарийхан салхивч онгойсон, ...салхивчны дотор талын урд хэсгийн түгжээ нь сэтэрч унасан, эвдэрсэн байв. Салхивч нь 1м63смХ58см хэмжээтэй. Цонхны доор тавьсан бор хүрэн өнгийн ширээний тавцан дээрээс гутлын мөр 1 ширхэгийг илрүүлэн бэхжүүлж авав. ...Хаалгаар ломбард руу ороход төмөр бор өнгийн хаалганд эвдрэлгүй, түүний дотор модон хаалга байв. Хаалгуудад ямар нэгэн эвдрэлгүй...” гэж тусгагдсан, энэ байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр гэм буруутай этгээд тус барьцаалан зээлдэх газрын цонхны салхивчны түгжээг эвдлэн уг салхивчаар нэвтэрч эд зүйл хулгайлсан нь тогтоогдож байна. Дээрх хэргийг шүүгдэгч А.А- үйлдсэн болох нь хэрэгт авагдсан энэ хэрэгт хамааралтай доорх бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч А.А-ы гэр, амбаарт үзлэг хийх үед илрүүлэн хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хазаарын 2 ширхэг металл хавчаар нь Г.ын уг барьцаалан зээлдэх газарт барьцаанд тавиад алдсан хазаарын хавчаар мөн болохыг, цэнхэр өнгийн жижиг чулуун шигтгээ нь Г.ын С. нэрээр байгуулсан барьцаат зээлийн гэрээний зүйл болох мөнгөн бугуйвчны шигтгээ мөн болохыг Г.Б, Г.А нар хэрхэн таньсан болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Тухайлбал мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр хийсэн нэгжлэгийн үед шүүгдэгч А.А-ы амбаарт байсан цаасан хайрцаган дотор ногоон өнгийн гялгар цаасанд боон гадуур нь наалдамхай тууз/скоч/-аар ороон битүүмжлэн хийсэн хатуу зүйл илэрсэн бөгөөд түүнийг задлахад дотор нь дээрх 2 ширхэг металь хавчаар, жижиг цэнхэр шигтгээ бусад эд зүйлсийн хамт байсныг хураан авсан болох нь нэгжлэг хийх ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч А.А-ы эхнэр Ш. дээрх боодолтой зүйлд үзлэг хийлгэхээс зайлсхийсэн үйлдэл гаргасан болох нь ч тогтоогдож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч Г.Б-аас хуульд заасан журмаар мэдүүлэг авахад “Би 2016 онд С-ын ломбарданд хазаар тавьсан хүн байгаа юм. Тэгээд сар болоод очоод авах гэсэн алдагдсан байсан. Таньж олуулах ажиллагааны үед амгай, зуузай тогтоодог хавчаар байсан. Тэр хоёрыг би таньсан. Манайд аавын минь хэрэглэж байсан гуулин хусуур байсан юм. Би тэр хусуурын ишийг тайрч 2 хавчаар хийсэн юм. Би өөрөө хийсэн болохоор хавчаарыг таньж байгаа.” гэж, Гэрч Г.А-аас хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авахад “Би энэ ломбарданд мөнгөн бугуйвч, мөнгөн даралт, товч тавиад авах гэсэн алга болсон байсан. Тэгээд сүүлд нь эзэн нь олдлоо гэсэн. Тэгээд нэг шигтгээ байна ирээд үз гэж хэлсэн, очоод үзэхэд миний эд зүйлийн шигтгээ мөн байсан. Таньж олуулах ажиллагааны явцад мөрдөгч энэ шигтгээн дотроос аль нь таны шигтгээ вэ гэж асуусан. Дугаарлаад ширээн дээр тавьсан байсан. Хар судалтай, 1.2 хэмжээтэй байсан. Би нэг удаа унагасан юм. Тэгсэн доороо нэг зураастай байсан. Түүгээр таньсан. Наадуул нь өөр, өөр өнгөтэй байсан.” гэж тус тус мэдүүлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед алдагдсан хазаарын тооны талаар өмгөөлөгч маргаж байгаа ч хоёр ширхэг хазаар алдагдсан болох нь барьцааны гэрээ болон хохирогч Д.С-, гэрч Г.Б, Д.С, Л.Д нарын мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед “Прокурор тогтоол, зөвшөөрөл гэсэн хоёр хэлбэрээр нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон. Зөвшөөрөл, тогтоолын тогтоох хэсэгт хаана нэгжлэг хийхийг заагаагүй байхад мөрдөгч, А.А-ы гэр, амбаар зэрэгт нэгжлэг хийсэн” гэх үндэслэлээр нэгжлэг хийх ажиллагаа хууль бус болсон гэж мэтгэлцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орон байр бусад газарт нэгжлэг хийх ажиллагааг нарийвчлан зохицуулахдаа “...энэ хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж зааж нэгжлэгийг хэргийн газрын үзлэг хийх журмын дагуу хийхээр зохицуулсан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.А-ы гэр, бусад газарт нэгжлэгийг хуульд заасан дээрх журмын дагуу хийн, тэмдэглэлд нэгжлэгээр илэрсэн нөхцөл байдлуудыг нарийвчлан тусгаж, нэгжлэгийг явуулсан эрх бүхий албан тушаалтан болон нэгжлэг хийхэд оролцсон этгээдүүд болон хөндлөнгийн гэрчүүд нэг бүрчлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн нэгжлэгийн үед ямар нэгэн маргаан гараагүй, оролцогчдоос ямар нэгэн санал, хүсэлт гараагүй байна. Мөн үзлэгийн үед цэнхэр өнгийн шигтгээ, хазаарын амгайны хавчаар 2ш илэрсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмаар хураан авсан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах бөгөөд энэ хуулийн 1.4 зүгээр зүйлийн 1.34, Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн төрөл буюу шийдвэрт “тогтоол, зөвшөөрөл”-ийн аль аль нь хамаарахаар байна. Мөн Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийг бичих аргачлал, журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.” гэж заасан байх тул улсын яллагчийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэх үед Улсын ерөнхий прокуророос зөвшөөрлийг тогтоол хэлбэрээр олгохоор тогтоож байсан. Дараа нь зөвшөөрөл хэлбэрээр олгохоор тогтоосон. Энэ аргачлалын дагуу зөвшөөрлийг олгосон гэсэн тайлбар”-ыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Ийнхүү шүүгдэгчийн орон байр, бусад газарт хийсэн нэгжлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх тул өмгөөлөх талын дээрх үндэслэлийг хүлээн авах шаардлагагүй. Шүүгдэгч А.А- “Таньж олуулах ажиллагаа явуулахдаа гэрч ыг надаас өмнө өрөөнд оруулж мөрдөгч, шигтгээг д зааж өгсөн учир хууль бус явагдсан” гэж мэдүүлж байгаа ч гэрч Г. шүүх хуралдаанд “Таньж олуулах ажиллагаанд намайг ороход өрөөнд ороод ирсэн байсан.” гэж мэдүүлэн шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Шүүх хуралдааны шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Г.А, Г.Б нарын мэдүүлгийг илүү үнэн, зөв гэж шүүх үнэлэх үндэстэй. Учир нь гэрчүүдэд хууль сануулан хохирогч, шүүгдэгчтэй ямар харилцаатай болохыг тодруулсаны эцэст тэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарга/тэмдэглэлд гарын үсэг зуран/-сан, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж байгаа. Мөн таньж олуулах ажиллагааны явцыг эх сурвалжаар зааж тодорхой хэлж байгаа учраас шүүгдэгч А.А-ы мэдүүлгээс илүү үнэн, зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч А.А- Улаанбаатар хотод мөнгөн хазаар зарна гэсэн 2 залуугийн хазаарыг Нарантуул захын алт мөнгөний дарханд үзүүлэн мөнгөн хазаар мөн гэхээр нь худалдан авч хазаарыг задалж мөнгийг нь Бямбажав гэгчид худалдсан гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгчээ. Мөн түүний амбаараас илрэн хэрэгт эд мөрийн баримтаар худаагдаж ирсэн хазаарын металл жижиг бөгж 42 ширхэг, хазаарын металл том бөгж 115 ширхэг, хазаарын товруу 5 ширхэгийг “Миний задалж зарсан хазаарынх” гэж шүүх хуралдааны үед мэдүүлж байгаа ч шүүхийн шатанд өөрийнх нь хүсэлтээр шинжээч томилоход дээрх металл бөгж, товруунууд мөнгөний металлаар биш зэс, цайрын найрлагатай металлаар хийгдсэн болох нь тогтоогдсон байдлаар шүүгдэгч А.А-ы энэ мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Дээрх нөхцөл байдлууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.А- нь барьцаалан зээлдүүлэх газрын цонхоор нэвтэрч барьцааны эд зүйлүүд болох бусдын эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдож байна. Улсын яллагч, шүүгдэгч А.А-ы үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ мөн зүйл хэсгээр яллаж байна. Гэтэл шүүгдэгч А.А- уг хулгайн гэмт хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдсэн байна. 2015 оны Эрүүгийн хууль буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэхээр заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэм буруутай этгээдэд оногдуулах ял шийтгэлийг тодорхойлохдоо хорихоос өөр төрлийн хөнгөн ял болон хорих ялын хэмжээг 2-5 жил байхаар заажээ. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял хөнгөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч А.А-ы эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд шүүгдэгч А.А-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн түүнийг уг зүйл хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. А.А-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд сүүлийн шинжээчийн дүгнэлт буюу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн 92 дугаартай дүгнэлтээр ХХК-д 9517600 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон байна. Хэдийгээр шинжээчийн энэ дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэлд зарим оролцогчид хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тэмдэглэсэн байгаа боловч дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүй, хохирлын хэмжээний талаар маргаагүй байна. Иймд хулгайн гэмт хэргийн улмаас 9.517.600 төгрөгний хохирол учирсан гэж үзэх үндэстэй бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй, мөн тухайн үнэлгээг гаргасан шинжээчийн ажлын хөлс болох 100.000 төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул хохирол болон шинжээчийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн жижиг чулуун шигтгээ, хазаарын хавчаар гэх 2 ширхэг металл хавчаарыг хохирогчид, бусад эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-ы үйлдлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. ******* овогт А-ийн А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.А-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.А-д оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-ы тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч А.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдсугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.А-аас 9517600/есөн сая таван зуун арван долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргаж “Т” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 100000/нэг зуун мянган/ төгрөгийг гаргаж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарт тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгөтэй жижиг чулуун шигтгээ 1 ширхэг, хазаарын металл хавчаар 2 ширхэгийг хохирогчид, бусад эд зүйл буюу хазаарын металл жижиг бөгж 42 ширхэг, мөн хазаарын металл том бөгж 115 ширхэг, хазаарын товруу 5 ширхэг, бор шаргал өнгөтэй чулуун хөөрөг 2 ширхэг, шаргал өнгөтэй чулуун жижиг хөөрөг 1 ширхэг, хөөрөгний ногоон өнгийн даалин 1 ширхэг, хөөрөгний ягаан өнгийн толгой 2 ширхэг, металл шагай 4 ширхэг, мөнгөн гэх аяга 7 ширхэг, металл/монетон гэх/ бөгж 2 ширхэг, металл/монетон гэх/ ээмэг 2 хос/нарийн шигтгээтэй ээмэгний өрөөсөн нь ар тал хугархай/, модон иштэй гар хөрөө 1 ширхэг, хадаас сугалагч/төмөр/ 1 ширхэг, төмөр иштэй том сүх 1 ширхэг, модон иштэй том сүх 1 ширхэг, бариулыг хаймараар бүрсэн шар өнгөтэй жижиг сүх 1 ширхэг, улаан өнгийн бариултай бахь 1 ширхэг, шар өнгийн бариултай хадагч 1 ширхэг, улаан шар өнгийн бариултай таслагч 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, ногоон өнгийн төмөр хайрцаг, хазаарын гуулин амгай 1 ширхэгийг тус тус шүүгдэгчид олгосугай.

10. А.А-ы эд хөрөнгө болох 10000000/арван сая/ төгрөгөөр үнэлэгдсэн ЗАН улсын дугаартай, Toyota ipsum маркийн, цэнхэр өнгөтэй авто машины битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг биелэгдэж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ