Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 19

 

А.Ан-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Прокурор Б.Одонтуяа Шүүгдэгч А.Ан- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч А.Ан-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдсан гомдлоор А.Ан-д холбогдох 201713000013 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тэс сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Гүүрний хэсгийн **-** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Их мянгад овгийн Алт-ийн Ан-, Регистрийн дугаар: /ИО********/

Шүүгдэгч А.Ан- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ан-ы үйлдлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Их мянгад овогт Алт-ийн Ан-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Ан-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Ан-д оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ан-ы тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Ан-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ан-аас 9.517.600/есөн сая таван зуун арван долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргаж “Туна далай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 100000/нэг зуун мянган/ төгрөгийг гаргаж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарт тус тус олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгөтэй жижиг чулуун шигтгээ 1 ширхэг, хазаарын металл хавчаар 2 ширхэгийг хохирогчид, бусад эд зүйл буюу хазаарын металл жижиг бөгж 42 ширхэг, мөн хазаарын металл том бөгж 115 ширхэг, хазаарын товруу 5 ширхэг, бор шаргал өнгөтэй чулуун хөөрөг 2 ширхэг, шаргал өнгөтэй чулуун жижиг хөөрөг 1 ширхэг, хөөрөгний ногоон өнгийн даалин 1 ширхэг, хөөрөгний ягаан өнгийн толгой 2 ширхэг, метал шагай 4 ширхэг, мөнгөн аяга 7 ширхэг, метал/монетон гэх/ бөгж 2 ширхэг, метал/монетон гэх/ ээмэг 2 хос/нарийн шигтгээтэй ээмэгний өрөөсөн нь ар тал хугархай/, модон иштэй гар хөрөө 1 ширхэг, хадаас сугалагч/төмөр/ 1 ширхэг, төмөр иштэй том сүх 1 ширхэг, модон иштэй том сүх 1 ширхэг, бариулыг хаймараар бүрсэн шар өнгөтэй жижиг сүх 1 ширхэг, улаан өнгийн бариултай бахь 1 ширхэг, шар өнгийн бариултай хадагч 1 ширхэг, улаан шар өнгийн бариултай таслагч 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цахилгаан дрилл 1 ширхэг, ногоон өнгийн төмөр хайрцаг, хазаарын гуулин амгай 1 ширхэгийг тус тус шүүгдэгчид олгож, А.Ан-ы эд хөрөнгө болох 10000000/арван сая/ төгрөгөөр үнэлэгдсэн 21-16 ЗАН улсын дугаартай, Toyota ipsum маркийн, цэнхэр өнгөтэй авто машины битүүмжлэлийг шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг биелэгдэж дуустал хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч А.Ан- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.Ан- би Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн. 1-т Эрүүгийн хавтаст хэрэгт тухайн үеийн зураг, хөрөг хоорондоо зөрүүтэй байдаг. 2-т Хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй, 3-т Эд мөрийн баримтыг нягтлан дүн шинжилгээ хийгээгүй, 4-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 9.600.000 төгрөгний төлбөр, 2 жилийн хорих ял авсандаа гомдолтой байна гэжээ. Шүүгдэгч А.Ан-ы өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлж улмаарЭрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. ...Анх хэрэг гарах үед 2 ш хазаар алдагдсаныг тогтоосон ба гэрч ******* өөр сейфэнд хадгалагдаж байсан зүйлсээс алдагдсан хазаар бусад зүйлийг илрүүлж мөрдөгчид хүсэлт гаргаад байхад 1 хазаарыг алдагдсан эд зүйлсээс хасахгүй байгаа нь эргэлзээтэй байна. Шүүх прокурорын үзлэг хийх зөвшөөрөл олгосон тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Иймд А.Ан- нь барьцаалан зээлдүүлэх газрын /ломбардны/ цонхоор орж барьцааны эд зүйлс хулгайлсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүгдэгч А.Ан-ыг цагаатгаж өгнө үү гэжээ. Шүүгдэгч А.Ан- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийгээгүй хэргийнхээ төлөө 2 жилийн ял авч, 9.000.000 төгрөгний хохирол төлөх болсондоо маш их харамсаж байна. Миний хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэн үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. Шүүгдэгч А.Ан-ы өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч А.Ан-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоож чадаагүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв. Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ямар ямар эд зүйл алдагдсан болох нь бүх хүмүүсийн хэрэгт авагдсан гэрч болон бусад этгээдүүдийн мэдүүлгүүдээр үнэлгээ хийж дүгнэлт гаргуулсан байгаа. Тэгэхэд мөнгөн хазаар болон аягануудын тоо хасагдсан байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан гэрч болон бусад этгээдүүдийн мэдүүлэг байгаа. Тийм учраас алдагдсан болон эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт эргэлзээ бүхий зүйл биш юм. Мөн хазаарын асуудал 2 байж байгаад 3 болсон асуудал ярьж байна. Гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “би хазаараа авмаар байна. Эсхүл хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг хэрэгт байгаа. Энэ талаар дээрх гэрчүүд прокурорын шатанд надтай болон хохирогчтой уулзаж байсан. Хоёр мөнгөн хазаар алдагдсан гэдэг нь тогтоогдсон зүйл байгаа. Таньж олуулах ажиллагааны асуудалд прокурорт хэрэг шилжиж ирж байхад Ан- надад “Мөрдөгч ******* таньж олуулах ажиллагааг хууль бус хийгээд байна” гэж гомдол гаргаж байсан. Уг гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж прокурор тогтоол гаргасан гэж өмгөөлөх тал мэтгэлцэж байна. Энэ бол худал зүйл юм. Бүрэлдэхүүнд оролцсон шинжээч Бямбаноров болон бусад холбогдох этгээдүүдээс тайлбар авч байж шүүгдэгчийн гаргасан гомдлыг шалгасан байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдаанд гэрч ******* тухайн таньж олуулах ажиллагааны процессыг тодорхой хэлж байсан. Мөн нэгжлэг хийх явцад шигтгээ байхгүй байсан гэсэн асуудал яриад байгаа. Нэгжлэг хийх ажиллагааны явцын тэмдэглэлд уг асуудал тусгагдсан. Нэгжлэг хийх явцад Ан- байхгүй байсан. Түүний эхнэр ******* байсан. Тухайн нэгжлэг хийх ажиллагааг хуурамч гэсэн асуудал яригдсан. Уг ажиллагааг тодруулахын тулд анхан шатны шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан *******, ******* нарын оролцуулсан. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зуруулах гэхэд шүүгдэгчийн эхнэр ******* бие нь муудлаа гэх шалтгаанаар гарын үсэг зурж чадаагүй эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд тухайн өдрөө хажуудаа байлгаж байгаад тухайн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг нэг бүрчлэн уншуулж байж гарын үсэг зуруулсан. Мөн гэрч *******ын тухайд “хазаараа таньдаггүй, ямар хазаар байсныг мэддэггүй” гэсэн асуудал ярьж байна. Гэтэл гэрч ******* анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “тухайн хазаарыг *******д зарсан. Зарахдаа *******гийн дүү залууд Отгон сумд 3.6 сая орчим төгрөгөөр зарсан” гэдгээ өөрөө нэг бүрчлэн хэлж байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгт “Би өөрийнхөө хусуурыг эвдэж байгаад хийсэн. Тийм учраас би хазаараа таньж байна. Нэгийг нь би өөрөө авсан нэгийг нь би *******д зарсан” гэсэн зүйл ярьдаг. Өмгөөлөгч ярьж байна прокурор үзлэг, нэгжлэг хийлгэх зөвшөөрөл өгөхдөө үндэслэх хэсэгтэй, тогтоох хэсэггүй байна гэж нэгжлэг хийх нь өөрөө Эрүүгийн хуулийн 24.3-р зүйлд заасан орон байранд нэгжлэг хийх, журам нь 24.1-д заахдаа прокурорын зөвшөөрлөөр журмын дагуу үзлэг нэгжлэг явуулна гэж заасан байдаг. Үүнийг би хууль зөрчсөн хууль бус прокурорын зөвшөөрөл гэж үзэхгүй байна. Мөн 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс шинэ эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн. Ерөнхий прокуророос прокурорын зөвшөөрөл ийм, тийм хэлбэртэй байна гэсэн 2017 оны 08-р сарын 28-ны өдөр Ерөнхий прокурорын тушаалаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны аргачилсан заавар батлагдсан. Тэрнээс өмнө 08-р сарын 10-ны өдөр үйлдсэн тогтоол, 10 сард үйлдэгдсэн нь прокурорын зөвшөөрөл гэсэн 2 өөр байдлаар бичигдсэн байгаа. Тогтоолоор уу, зөвшөөрлөөр үү гэсэн заавар ирээгүй байснаас хуульд заасан журмын дагуу байх ёстой бүх үндэслэлүүдийг тавьж прокурорын зөвшөөрөл хийгдсэн. Энэ нь өөрөө хууль бус ажиллагаа биш юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэдийн манай ломбарданд итгэж барьцаанд тавьсан эд зүйлүүдийн үнийг шүүгдэгч А.Ан-аас нэхэмжилж байна. Хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч А.Ан- нь 2017 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдааны төвийн байран дахь “Туна далай” ХХК-ны барьцаалан зээлдэх газрын цонхоор орж барьцаалан зээлдэх гэрээний эд зүйл болох 9,517,600 төгрөгний үнэ бүхий шинэ цагийн мөнгөн аяга 48 ширхэг, хөөмөл мөнгөн бүс /эмэгтэй хүний/ 2 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн даралт 1 ширхэг, мөнгөн товч 5 ширхэгийг тус тус хулгайлсан болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч С.*******, Г.*******, Г.******* нарын мэдүүлгүүд, 2017 оны 08 сарын 10-ны өдрийн гэрч С.*******аар А.Ан-ыг зургаар таньж олуулсан ажиллагааны, гэрч Г.*******аар мөнгөн хазаарны хавчаар төмрийг таньж олуулсан 2017 оны 09 сарын 04-ний өдрийн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Анхан шатны шүүх А.Ан-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын аль болох шүүгдэгчид ашигтай 2002 оны Эрүүгийн хуулийг сонгон хэрэглэж түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, ял хүнддээгүй байна. Шүүгдэгч А.Ан-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нар нь давж заалдсан гомдолдоо “...Манай амбаарт мөрдөгч М.******* үзлэг хийхдээ миний савхин куртикны кармаанаас 1 ширхэг хазаарын амгай, 2 хавчаар төмөр хураан авсан нь хулгайн эд зүйл биш, мөн тухайн ломбарднаас хулгайд алдсан мөнгөн хазаарын тоо зөрж байгаа...” гэж гомдол гаргасан хэдий ч гэрч Г.******* 1 дүгээр хавтаст хэргийн 000139 дүгээр хуудас, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө “... Би 2016 онд Д.*******ын ломбарданд хазаар тавьсан. Сар болоод очоод авах гэсэн чинь хулгайд алдчихсан байсан. Таньж олуулах ажиллагааны явцад амгай, зуузай тогтоодог хавчаар нь байсан. Манайд аавын минь хэрэглэж байсан гуулин хусуур байсан. Би тэр хусуурны ишийг нь тайрч 2 хавчаар хийсэн болохоор хавчаарыг нь таньсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлгээр тухайн ломбарднаас 2 ширхэг хазаар хулгайд алдагдсан нь барьцааны гэрээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч Г.*******, Д.*******, Л.******* нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ан-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ан-, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ