Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00029

 

  М.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2022/00119 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **** багт оршин суух  М.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух А.Т-д холбогдох,

Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,291,000 /гурван сая хоёр зуун ерэн нэгэн мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч Б.Даулетжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Хариуцагч А.Т нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0,66 промилль хувийн согтолттой үедээ **** БӨТ улсын дугаартай УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож миний эзэмшлийн УАЭ-31512 маркийн **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж авто осол гаргасан зөрчил үйлдсэн.

1.2. Уг зөрчлийн хэргийн улмаас миний тээврийн хэрэгслийн зүүн талын урьд крыло гэмтсэн, салхины шил хагарсан, хүрээ нь гулзайсан, зүүн талын хойд халга капот, зүүн талын гадна толь, зүүн талын дотор шанаа нь дотогш рулийн гол шахагдсан, бүхээг /кабин/-ийн зүүн талын урьд болон хойд хаалганы завсраар дотогш шахагдсан зэрэг эвдрэл гэмтэл үүссэн.

1.3. Энэ нь шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дүгээр дүгнэлтээр нотлогдоно. Хариуцагч А.Т тухайн үед миний тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр үнэлж авах гэж байгаад татгалзаад уг тээврийн хэрэгсэлд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд гарах зардлыг бүрэн төлж өгөхөөр амласан байсан.

1.4. Гэтэл энэхүү зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа хариуцагч миний тээврийн хэрэгслийг завсарлаж өгөөгүй. Иймээс миний бие өөрөө уг тээврийн хэрэгслийн засварлах боломжгүй эд ангиудыг шинээр солиулах /тухайлбал кабин солиулах... г.м/ зэрэг засвар хийлгүүлсэн ба үүнд нийт 5,191,000 төгрөгийн зардал /хохирол/ гарсан. Үүнийг гэм буруутай этгээд болох хариуцагч А.Т-с нэхэмжилж байна.

1.5. Иймд хариуцагч А Т-с гэм хорын хохиролд 5,191,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. А.Т би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ өөрийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож иргэн М.Тийн “УАЗ-31513” маркийн тээврийн хэрэгслийг шүргэж авто осол гаргасан нь үнэн.

2.2. Уг ослыг тухайн үед Ногооннуур сумын Цагдаагийн тасгийн ажилтан Ж.Т зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, надад хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.3. Эвдэрсэн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч М.Т-ийн эцэг А.М-н нэр дээр бүртгэлтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн хуучин машин байсан, мөн капот, зүүн талын хойд хаалганы самбар, зүүн талын дотуур шанаа зэрэг эд ангиудыг засварлах, зүүн талын урьд крыло, урьд салхины шил, шилний хүрээ, зүүн урьд хаалга, бүхээг гадна толь зэрэг эд ангиудыг засварлах боломжгүй учир шинээр солино гэж 2021.01.07-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгасан байсан.

2.4. Харин зөрчил гаргасны дараа А.Т би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч А.Т-ийн ХААН банк дахь харилцах дансанд нь 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар А.Т нэхэмжлэлдээ огт дурдаагүй байсан.

2.5. Машины бүхээг иж бүрнээр солиулсан байна, үүнд: 2,500,000 төгрөг зарцуулсан гэж ойлгож байна. Түүний зөрүү мөнгө нь 600,000 төгрөгийг төлөх боломжтой гэж ойлгож байгаа ба илүү нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэдгээ дурдаж, хариу тайлбар гаргаж байна.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2022/00119 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч И овогт А.Т-с эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,110,000 /хоёр сая нэг зуун арван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт М.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,181,000 /нэг сая нэг зуун наян нэгэн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-с 48,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч А.Т , түүний өмгөөлөгч Т.Бахыт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. А.Т  нь 2020 оны 12 дугаар сард өөрийн УАЗ маркийн тээврийн хэрэгслээр М.Т-ийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг шүргэн зам тээврийн осол гаргасан зөрчил үйлдсэн нь үнэн. Тухайн үед Авто тээврийн төвийн хяналтын мэргэжилтнээс “Тэврийн хэрэгслийн капот, зүүн талын хойд хаалганы самбар, зүүн талын дотуур шанааг засварлаж, зүүн талын урьд крыло, урьд салхины шил зүүн урьд хаалга, хаалганууд болон шилгүйгээр бүхээг. гадна толь зэргийг шинээр хийх шаардлагатай” гэж дүгнэсэн.

4.2. Гэтэл “Ашидбилгүүн” компаниас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо “Бүхээгийг бүтнээр солих шаардлагагүй" хэмээн үзэж уг тээврийн хэрэгслийн 2 ширхэг хаалга, хаалганы хүрээ, хавтас толь, салхины шил, капот, зүүн талын шанаа-багана зэрэг эд ангиудыг засварлах солиход 1.450.000 төгрөг шаардлагатай” гэж тодорхойлон мөн будах зардалд З00,000 төгрөг, өнгө гаргахад материалын зардал 90,000 төгрөг эд анги солиход ажлын хөлсөнд 70,000 төгрөг, нийт зардал 1.910.000 төгрөг гарна гэж тооцсоны дагуу А.Т  нь 1.900.000 төгрөгийг А.М-т төлж барагдуулсан.

4.3. Харин түүний дараа А.М  нь тээврийн хэрэгслийн капотыг тусад нь үнэлсэнгүй, бид гэмтэл учирсан машинд өөр машины бүхээгийг авч суурилуулсан гэж маргаан үүсгэж А.Т-с 5.191.000 төгрөг гаргуулахаар шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талаас УАЭ-31512 маркийн тээврийн хэрэгслийн бүхээгийн үнэ болон түүнийг суурилуулахад гарах зардлыг тодорхойлох, мөн 2002 онд үйлдвэрлэгдсэн УАЭ-31512 маркийн зах зээлийн ханшийг тогтоолгох зорилгоор шинжээч томилж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч “М Э” ХХК-аар үнэлгээний тайлан гаргуулсан.

4.5. Үнэлгээний тайлангаар иргэн М.Т-ийн УАЗ-469 маркийн, 1762 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6.300.000 төгрөгөөр, бүхээгийн үнэ 1.500.000 төгрөг, бүхээг суурилуулах ажлын хөлс 600.000 төгрөг байна гэж үнэлсэн.

4.6. Гэтэл анхан шатны шүүх дээрх маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ үнэлгээний 2 өөр компанийн үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо “А Б” ХХК-ны гаргасан үнэлгээ нь сүүлд нь гаргасан “М Э” ХХК-ны үнэлгээтэй шууд давхацсан байгааг анхаараагүй. Тээврийн хэрэгслийн бүхээг гэдэг нь өөрөө иж бүрэн эд анги бөгөөд үүнд 4 ширхэг хаалга шилтэйгээ, урд хойд шил, 2 ширхэг толь, 2 ширхэг крыло, капот, тент зэрэг эд ангиуд багтах нь ойлгомжтой. Түүнээс гадна эд анги солих, өнгө гаргахад зарцуулахад материал болон ажлын хөлс 370.000 төгрөг орсон  байгааг анхаараагүй. Тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 6.300.000 төгрөг гэж тодорхойлсон байхад хариуцагч Л.Т нь  4.010.000 төгрөг /1.900.000+2.110.000/ төлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.  

4.7. Харин бид төлөгдөөгүй байгаа үнийн зөрүү болох 200.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж ойлгож байна. Тээврийн хэрэгслийг засварлахад гарах ажлын хөлсөнд гэхэд 970.000 төгрөг төлж байгаа нь амьдралын бодит үнэнд нийцэхгүй байна. Уг нь эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгслийн  зүүн талаас шүргэхэд урьд хойд 2 хаалга, крыло, урьд салхины шил, капот гэмтэж эвдэрсэн ба өөрөөр хэлбэл бүхээгийн 50 хувь нь гэмтсэн гэж үзэж болох ба харин бусад эд ангиудад ямар нэгэн гэмтэл учраагүй байгаа зэргийг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад огт анхаараагүй байна.

4.8. Иймд анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, буруу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: “Нэхэмжлэгч М.Тийн хохирлын талаар сонслоо. Үүнд: Анх холбогдогч А.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохоор гэм буруутайд тооцож байна. Бас хохирогч М.Т-ийн хүссэн хохирлын хэмжээг бүрэн барагдуулж өгөөгүй юм байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул гомдлын зарим хэсгийг хүлээн авч, үлдсэн хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Шүүх хэрэгт талуудаас цуглуулсан болон хуульд заасан журмын дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Хариуцагч А.Т  нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн ** багийн нутаг дэвсгэр, 13 дугаар гүүр явах замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Уаз-3303 загварын **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үед нэхэмжлэгч М.Т-ийн жолоодож явсан Уаз-31512 загварын **** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зүүн талаар нь шүргэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу Уаз-31512 загварын 1762 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд (1) зүүн талын урьд крыло эвдэрсэн, (2) урьд салхины шил хагарч, (3) хүрээ нь гулзайсан, (4) зүүн талын урьд хаалга эвдэрсэн, (5) зүүн талын хойд хаалга эвдэрсэн, (6) капот эвдэрсэн, (7) зүүн талын гадна толь хагарсан, (8) зүүн талын дотор шанаа дотогшоо хүрд рүү шахагдан орсон, (9) бүхээг буюу кабин зүүн талын урьд болон хойд хаалганы завсраар дотогшоо шахагдан орсон зэрэг 9 төрлийн эвдрэл, гэмтэл тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 14-26 дахь тал)

4. Нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан дээрх 9 төрлийн эвдрэл гэмтлээс “(6) капот эвдэрсэн, (5) зүүн талын хойд хаалга эвдэрсэн, (8) зүүн талын дотор шанаа дотогшоо хүрд рүү шахагдан орсон” гэх 3 төрлийн гэмтлүүдээс бусад, үлдсэн 6 төрлийн эвдрэл, гэмтлийг засварлах боломжгүй буюу “солих шаардлагатай” болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд гагцхүү “(9) бүхээг буюу кабин зүүн талын урьд болон хойд хаалганы завсраар дотогшоо шахагдан орсон” гэх эвдрэл, гэмтлийг бүхээг буюу кабиныг солих аргаар сэргээн засварлахдаа “хаалганууд болон арын шилийг оруулаагүй” талаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тухайлан тусгасан байна. (хавтаст хэргийн 23 дахь тал)

5. Гэтэл анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэлтэй эд ангийн үнийг тогтоосон “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний дүгнэлттэй хуульд заасан журмаар харьцуулан үнэлээгүй зөрчил гаргажээ. “А Б” ХХК-ийн үнэлгээ тогтоосон уг шинжээчийн дүгнэлтийн агуулга нь тээврийн хэрэгслийн засах болон солих эд ангийн үнийг тогтоох байтал мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр эвдрэл, гэмтэлтэй эд ангийг солих, эсхүл засах аргаар сэргээн засварлах эсэхийг ялгамжтайгаар, нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн бүхээгийг 4 хаалгыг нь оруулахгүйгээр солих шаардлагатай талаар урьдчилаад тогтоосоор байхад уг тээврийн хэрэгслийн бүхээгтэй холбоотой эд ангийг задалж “Багана зүүн дунд 140000 төгрөг, шилний багана зүүн урьд 75000 төгрөг, багана зүүн урд 75000 төгрөг” зэргээр “бүхээгийг засах аргаар” сэргээн засварлахаар үнэ тогтоосон хэсгийг хамтад нь буюу “АБ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийг бүхэлд нь /нийт дүн 1.910.000 төгрөг/ үнэлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг бодит байдлаар нь, харьцуулж үнэлэх журмыг зөрчсөн байна.

6. Тодруулбал, зөрчлийн хэргийн улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан засах болон солих аргаар сэргээн засварлах эвдрэл, гэмтлийг Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр нарийвчлан тогтоохдоо “бүхээг буюу кабин нь зүүн талын урьд болон хойд хаалганы завсраар дотогшоо шахагдан орсон” гэх эвдрэл, гэмтэл тогтоогдсон талаар тусгаж, уг эвдрэлийг “бүхээг буюу кабиныг солих” аргаар сэргээн засварлана гэж тогтоосон байхад “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний дүгнэлтэд тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг сэргээн засварлах үнэлгээг тогтоохдоо засах болон солих эд ангийн үнэ тогтоох байтал мэргэжлийн шинжээчдийн “солих аргаар сэргээн засварлахаар”  тогтоосон тээврийн хэрэгслийн эд ангийг “засах аргаар сэргээн засварлахаар” эд ангийн үнэ тогтоосныг шүүх нотлох баримтаар хэрэглэсэн нь хуульд заасан журамд нийцээгүй.

7. Түүнчлэн шүүх Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд бүхээг буюу кабиныг солих аргаар сэргээн засварлахдаа “хаалганууд болон арын шилийг оруулахгүй” талаар тусгасныг анхаарахгүйгээр хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар кабины үнэлгээ тогтоосон “М Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг бүхэлд нь /нийт дүн 2.100.000 төгрөг/ үнэлэхдээ нотлох баримтыг бодит байдлаар нь, харьцуулж үнэлэх журмыг мөн зөрчжээ. Иймээс энэ талаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “...шүүх үнэлгээ давхардсан байгааг анхаараагүй. Тээврийн хэрэгслийн бүхээг гэдэг нь өөрөө иж бүрэн эд анги бөгөөд үүнд 4 ширхэг хаалга шилтэйгээ ... зэрэг эд ангиуд багтах нь ойлгомжтой” гэх давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй гэж дүгнэв. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг тогтоохдоо “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон гэх 1.910.000 төгрөг дээр “М Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон 2.100.000 төгрөгийг нэмж, үүнээс нэхэмжлэгчийн хариуцагчаас хохирлын төлбөрт тооцож авсан 1.900.000 төгрөгийг хасаж, үлдсэн 2.110.000 төгрөгийг хариуцагч А.Т-аас гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгохоор шийдвэрлэсэн.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан хариуцагч А.Т  нь уг гэм хорыг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх, хариуцан арилгах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан солих болон засах аргаар сэргээн засварлах эвдрэл, гэмтлүүдийг ялгамжтай тогтоосон Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг эвдэрсэн, гэмтсэн эд ангийн үнэлгээг тогтоосон “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн болон “М Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлтүүдтэй тус тус харьцуулан дүгнэж, хариуцагчийн төлбөл зохих, нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг дараах байдлаар тогтоов.

10. Автотээврийн төвийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн бүхээг буюу кабиныг солих аргаар /хаалганууд болон арын шилийг оруулахгүй/ сэргээн засварлахаар тогтоосон тул “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон 1.910.000 төгрөгийн үнэлгээнээс бүхээгийг засварлахтай холбоотой гарсан үнэлгээ буюу “багана зүүн дунд 140000 төгрөг, шилний багана зүүн урьд 75000 төгрөг, багана зүүн урд 75000 төгрөг” нийт 290.000 төгрөгийг хасаж, үлдсэн 1.620.000 төгрөг дээр  “М Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр тогтоосон Уаз-31512 загварын тээврийн хэрэгслийн бүхээгийн үнээс 4 хаалганы үнийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр хассан дүн /1.500.000 - 4 х 190.000/ 740.000 төгрөг, бүхээгийг солих зардал 600.000 төгрөгийн тус тус нэмж, хариуцагч А.Т нэхэмжлэгч М.Т-д учруулсан бодит хохирлын хэмжээг /1.620.000+740.000+600.000/ 2.960.000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна. Үүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид хохиролд тооцож төлсөн 1.900.000 төгрөгийг хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 1.060.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 2.231.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцнэ.

11. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Холбогдогч Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохоор буруутай гэж үзэж байна. Бас хохирогч Т-ийн хүссэн хохирлын хэмжээг бүрэн барагдуулж өгөөгүй юм байна” гэсэн дүгнэлт бодитой, үндэслэлтэй байх тул харгалзаж үзсэн болно.

12. Хариуцагчийн хүсэлтээр, шүүхийн журмаар бүрдүүлж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бүхээгийн үнээс хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд 4 хаалганы үнийг хасаж тооцсон бөгөөд зүүн талын 2 хаалганы үнэ “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд тусгагдсан /тийм учраас 190.000 төгрөгөөр үнэлж бүхээгийн үнээс хассан/ буюу нийт 1.620.000 төгрөгийн үнэлгээнд орсон, баруун талын 2 хаалга эвдрэл, гэмтэлгүй учир Автотээврийн төвийн шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн бүхээг буюу кабиныг солих аргаар сэргээн засварлахдаа хаалганууд болон арын шилийг оруулахгүй гэжээ. “М Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээс үзвэл, бүхээгийг 1.500.000 төгрөгөөр үнэлэхдээ 4 хаалгыг оруулж тооцсон нь харьцуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна.

13. Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс эвдэрсэн тээврийн хэрэгслийн эд анги солих, өнгө гаргахад зарцуулах материалын болон ажлын хөлс 370.000 төгрөгийг давхардуулан олгосон гэх давж заалдсан гомдол үндэслэлгүй байна. “А Б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон будах зардалд 300.000 төгрөг, эд анги солих ажлын хөлсөнд 70.000 төгрөг, нийт  370.000 төгрөгийн ажлын хөлс нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засах болон солих аргаар сэргээн засварлахад гарах зайлшгүй зардлууд мөн бөгөөд шүүх уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байна. Түүнчлэн “М Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр тээврийн хэрэгслийн зөвхөн бүхээгийг солих засварын ажлын хөлсийг 600.000 төгрөгөөр тооцож, үүнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нотлох баримтыг бодитоор нь үнэлэх зарчимд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 130/ШШ2022/00119 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2.110.000 /хоёр сая нэг зуун арван мянган/” гэснийг “1.060.000 /нэг сая жаран мянга/” гэж, “1.181.000 /нэг сая нэг зуун наян нэгэн мянга/” гэснийг “2.231.000 /хоёр сая хоёр зуун гучин нэгэн мянга/” гэж, 2 дахь заалтын “48.710” гэснийг “29.990 /хорин есөн мянга есөн зуун ер/” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусдад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.Т болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагч А.Т-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК