Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0198

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Л нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ж.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 тоот шийдвэрийг эс зөвшөөрч "нотлох баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн" гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх дараахь үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дурджээ. Үүнд:

1. “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-д заасныг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг батлагдсан төлөвлөгөөний 4 дэх хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд хэсгийн 7-д "Нацагдорж 5 дугаар багт 0, 1, 2 гудамжинд "гудамж төсөл" зориулалтаар дахин төлөвлөлтөөр газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байна" гэжээ.

Гэтэл энэ нь 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд "Нацагдорж 5 дугаар багт 0, 1, 2 гудамжинд дахин төлөвлөлт хийхээр оруулсан байна. Дахин төлөвлөлтөөр Нацагдорж 5 дугаар багийн баригдсан байгаа 1, 2 дугаар гудамжинд өөрчлөлт оруулан төлөвлөлт, зураглал хийх байтал “Дахин төлөвлөлт” нэрийдлээр дээр Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн газарт давхцуулан 0 гудамжийг шинээр үүсгэн иргэдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж байна.

2. “Төв аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар "... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд эзэмшүүлсэн..." гэх үндэслэлээр иргэн Ж.Б нарт газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна" гэжээ.

 Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчин Зуунмод сумын 2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дахин төлөвлөлт хийгдээгүй Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн газар дээр "2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн" гэсэн үндэслэлээр нэр бүхий 9 иргэнд газар эзэмшүүлсэн гэх боловч уг захирамж байхгүй бөгөөд А/15 дугаар захирамж нь “ШТТ” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшүүлэх тухай агуулгатай сумын архивт байгааг шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

Мөн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоолоор баталсан Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд "Стадионы урд дахин төлөвлөлт" хийх гэж тусгасан боловч дахин төлөвлөлтийн зураглал хийгдээгүй, иргэдэд эзэмшүүлэхээр заагаагүй газарт 2015 онд хашаа, байшингийн суурийг нь цутган иргэдтэй гэрээ байгуулан төлбөр тооцож авсны дараа 2016 онд "2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн" газар олголт хийж, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн тусгаж иргэдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дугаар заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

З. “3уунмод сумын 2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг "дахин төлөвлөлт" гэх байдлаар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс гадна маргаан бүхий газрын урд талын эгнээнд Зуунмод сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар иргэн Н.С, 500 мкв газрыг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/210 дугаар захирамжаар С.О, В.Сү, А.Л нарт тус бүр 500 мкв газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн атлаа иргэн Ж.Б-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-д "газар, өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална" гэж заасантай нийцэхгүй байна" гэж шүүх дүгнэсэн.

Гэтэл энэ нь Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гудамж төслийн хүрээнд "УА" цэцэрлэгийн авто зам барихтай холбогдон газар чөлөөлөлтөд орсон айл, өрхийн газрыг нөхөн олгох хэлбэрээр шилжүүлэх дахин төлөвлөлтийг аймгийн Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн газрын урд хэсэгт хийхээр сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан боловч нэхэмжлэлд дурдагдсан 10 иргэнд шинээр гудамж үүсгэн, төлөвлөгөөнд тусгалгүй “Жишиг хотхон” байгуулах төсөл нэрийдлээр Биеийн тамир, спорт хорооны эзэмшил газрын хүүхдийн тоглоом суурилуулахаар төлөвлөгдсөн байршилтай давхцуулан иргэдээс хуульд заагаагүй хэлбэрээр мөнгөн төлбөр тооцон авч газар олголт хийсэн байдаг.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамжийн хавсралтаар 9 иргэнд газар олгосныг 10 иргэнд болгон өөрчлөн 2016 оны 02 дугаар 23-ны өдрийн А/32 дугаар захирамж гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

4. Маргаан бүхий газрын урд талын эгнээнд Зуунмод сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар иргэн Н.С, 500 мкв газрыг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/210 дугаар захирамжаар С.О, В.С, А.Л нарт тус бүр 500 мкв газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Учир нь гудамж төслийн хүрээнд "Унагалдай андууд" цэцэрлэгийн авто зам барихтай холбогдон газар чөлөөлөлтөд орсон айл өрхүүд болно.

Дээрх үндэслэлүүдээр хууль бус захирамж гаргасан Зуунмод сумын Засаг даргыг хариуцагчаар татан оролцуулаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр са рын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дуудлага худалдаагаар олгоогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг шууд эзэмшүүлж, өмчлүүлсэн аймгийн болон Зуунмод сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ж.Б нарын 10 иргэнд ахуйн зориулалтаар 0,47 га газар эзэмшүүлж шийдвэрлэсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамж багтсан бөгөөд нэхэмжлэгчээс Төв аймгийн Засаг даргын 2017 оны А/110 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргажээ.

 1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж газрын харилцааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлсноос үзэхэд, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.

Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 4 дэх хэсгийн 7 дахь хэсэгт Нацагдорж 5 дугаар багт 0, 1, 2 гудамжинд “гудамж төсөл”-ийн зориулалтаар дахин төлөвлөлтийн техникийн нөхцөлтэйгөөр газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн нь дээрх хуулийн заалттай нийцсэн бөгөөд энэ талаар талууд тайлбар гарган маргаагүй байхад “дахин төлөвлөлт нэрийдлээр Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн газарт давхцуулан “0” гудамжийг шинээр үүсгэн иргэдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн Төв аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Биеийн тамир, спортын хорооны эзэмшлийн 123952 м.кв газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасч, баруун зүүн талд нэмж, кадастрын зураглалд өөрчлөлт оруулан, хэмжээг багасгалгүй 123952 м.кв газрыг тус хороонд эзэмшүүлж шийдвэрлэсэн бөгөөд “маргаан бүхий газартай гуравдагч этгээдийн газар давхцалгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Нацагдорж 5 дугаар багт 0, 1, 2 гудамжинд “гудамж төсөл”-ийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн, уг газарт Зуунмод сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Жишиг хотхон” байгуулах төслийг дэмжиж, төсөл хэрэгжүүлэгч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан, үүний дагуу Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Г, “ТБЗ” ХХК-ийн захирал З.Т нар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний зүйл болох “Жишиг хотхон” байгуулах төслийн хүрээнд хийгдсэн 8 айлын барилгын суурь, хашааг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээн авсан, уг хүлээн авсан нэг байшингийн суурь болон хашааг нэхэмжлэгч Ж.Б 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай “Хамтран ажиллах гэрээний нэмэлт” гэрээний дагуу 7.000.000 төгрөгөөр худалдан авсан байна.

Улмаар уг хашааны 500 м.кв газрыг Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ж.Б-д эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000610378 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан төдийгүй уг газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар тогтоолоор сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий 500 м.кв газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлсэн бөгөөд уг газар нь дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх газарт хамаараагүй байна.

 Үүнээс үзвэл Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...2016 онд “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар олголт хийж, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн тусгаж, иргэдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

3. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамжаар “ШТТ” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар 1200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ж.Б-д Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг А-0-2 тоотод байрлах 500 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэр биш байна.

Харин 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ж.Б нарын нэр бүхий 10 иргэнд 0,47 га газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар захирамжийн хавсралтаар 9 иргэнд газар олгосныг 10 иргэнд болгон өөрчлөн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамж гаргасан нь хууль бус” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн хариуцагчаас иргэн Н.С, С.О, Ю.С, А.Л нарт тус бүр 500 м.кв газрыг эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/144, А/210 дугаар захирамжуудыг хүчингүй болгоогүй хирнээ уг газрын ард талын эгнээнд байрлах 500 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/110 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрагаа ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Ж.Б-с Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Зуунмод сумын Засаг даргын аль нэг захирамжтай маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хууль бус захирамж гаргасан Зуунмод сумын Засаг даргыг хариуцагчаар оролцуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 123/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН