Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2022/00015

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ2022/00097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 9 сарын 05-ны өдөр “Хас банк” ХХК-иас 50 сая төгрөгийн зээл аваад 46 сая төгрөгийг *******д сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Банкнаас мөнгөө аваад бэлнээр нь хүлээлгэж өгсөн бөгөөд гэрээ хийе гэж байснаа урьд өмнө нь надаас мөнгө зээлж хүүгээ төлж байсан илтгэлцлээ бодоод бичгээр гэрээ хийгээгүй. ******* нь тохирсон ёсоороо сар болгон 1 840 000 төгрөгийн хүүгээ төлж байсан. Цар тахалтай холбоотойгоор банкны хүү төлөлтийг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч банк хүү төлөх хугацааг хойшлуулах боломжгүй, харин үндсэн төлөлтийг 6 сараар хойшлуулсан. Ингээд *******аас 2021 оны 01 сараас 6 сар хүртэл зээлийн хүүнд нэг сая төгрөгийг хасаад 840 000 төгрөгийн хүүг төлүүлж байсан. 2021 оны 7 сараас эхлэн банкинд үндсэн зээл хүүгийн хамт төлөх болсон тул 2021 оны 7 сараас эхлэн ******* 1 840 000 төгрөгийн хүүгээ төлж эхэлсэн. Гэтэл 2021 оны 8 сард зээлийн хүүгээ төлөөд түүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй байгаа...

Ингээд 9 сараас эхлэн мөнгөө төлөхийг шаардахад “би ер нь чамд 46 сая төгрөгөөс чинь илүү мөнгө төлсөн, одоо мөнгө төлж чадахгүй” гэх болсон. Энэ хооронд миний бие банкинд 2021 оны 9-11 саруудад хүүгээ төлж чадахгүй болж зээлээс зээлийн хооронд явж, хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцааж зээлээ төлж  байна.  Энэ хүн мөнгөө төлөхгүй болсноос болж би өч төчнөөн мөнгөөр хохирч байгаа учраас үндсэн мөнгө болох 46 сая төгрөгийг 40 сая төгрөг болгож багасгах боломжгүй тул банкны хүүнд төлж хохирсон 3 500 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ.

Иймд *******аас үндсэн зээл 46 000 000 төгрөг, банкны хүү төлж хохирсон 3 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гаас 46 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Сар бүр хүүгээ төлж яваад боломжтой үедээ үндсэн мөнгөө өгөхөөр тохирсон. 2021 оны 08 сарыг хүртэл нийт 42 320 000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 49 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өмнө төлсөн 42 320 000 төгрөгтэй нийлээд 91 820 000 төгрөг төлөх шаардлагатай болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрч сар бүр хүүгээ төлж байсан тул энэ талаар маргах зүйл байхгүй. Тухайн үед Дэлгэрмаа гэрээ байгуулна гэсэн бол би гарын үсэг зурах л байсан. Өмнө бид хоёр бие биендээ мөнгө зээлж зээлүүлж байсан учраас гэрээ хийгээгүй. 2020 оноос хойш буюу “Ковид-19” цар тахлаас шалтгаалан улсын хил хаагдсан тул миний валютын худалдаа эрхэлдэг ажил зогссон байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг бодоод Дэлгэрмаагаас 46 сая төгрөгийг багасгаж өгөөч л гэж гуймаар байна. 40 сая төгрөг болгож багасгаж өгвөл би энэ мөнгийг ямар ч байсан төлж барагдуулна. Хүний мөнгийг авсан юм чинь төлөх нь үнэн. Гэвч энэ өвчний нөхцөл байдлыг харгалзан үзээд төлбөрийг багасгаж өгөөч гэж хүсмээр байна. Харин зээлийн хүүнд төлсөн гэх 3 500 000 төгрөгийг төлөх боломжгүй, төлөх боломж ч байхгүй гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 46 000 000 /дөчин зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 387 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 138/ШЗ2021/02713 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн бичелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг зохигч талуудад мэдэгдэж,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “...*******гаас мөнгө авсанаас хойш дөрвөн сарын дараа Ковид-19 өвчин гарч хөл хорио тогтоож байсан. Үндсэндээ одоог хүртэл үйл ажиллагаа хэвийн болоогүй байна. Хил хаалттай болохоор миний эрхэлдэг бизнес хаалттай хэвээр байна. Энэ нөхцөл байдлыг ******* ойлгохгүй байгаад гомдолтой байна. Би ажил хийж чадахгүй, мөнгөө эргэлдүүлж ашиг олж чадахгүй байгаа ч энэ хоёр жил шахуу хугацаанд Дэлгэрмаад сар бүр хүүг төлж 42.320.000 төгрөг төлсөн байдаг.

Шүүхээс намайг хүүг төлсөн *******гаас буцаан нэхэмжлээгүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Би шүүхэд тайлбар гаргаж өгөхдөө бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд төлсөн хүүг үндсэн төлбөрөөс хасуулж тооцуулна гэсэн тайлбар гаргасан. Гэтэл шүүх энэ тайлбарыг анхаараагүй дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн нь бодит нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Миний хувьд бичгээр гэрээ хийгээгүй хүү төлсөнг хасахгүй бол үндсэн төлбөр гэх үүргээс багасган 40.000.000 төгрөг төлөх талаар санал гаргасан. Нэхэмжлэгч ******* багасгахгүй гэх үндэслэлээр шүүхээс үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж 46.000.000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан ба би үүний 6.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд миний бичгээр гэрээ байгуулаагүй төлөгдсөн 42.320.000 төгрөгийн хүү төлсөн нь маргаан байхгүй тул энэ мөнгөнөөс үндсэн үүргийн тодорхой хэмжээг гүйцэтгэснээр тооцон шүүхийн шийдвэрээр тогтоосон 46.000.000 төгрөгийг 6.000.000 төгрөгөөр багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “... ******* нь үндсэн зээл 46 000 000 төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй учир 46.000.000 төгрөгөө төлөх ёстой. Надад 42 320 000 төгрөгийн хүү төлсөн гэдэг худлаа.

Би үнэхээр Халтарчулууны хэрэглэсэн зээлийг төлөх ёстой. Халтарчулуун хийдэг юм аа хийж байгаа. Зээл авахуулаад эртний үнэт эдлэл авсан нь ч өөрт нь байгаа. Хил нээчихвэл юу байхав дор нь төлчихнө гэдэг боловч одоо ингэж янз бүрийн зүйл хэлж төлбөл зохих төлбөрөөсөө хасуулах гээд байгааг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учир хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 46 000 000 төгрөг, банкны хүү төлж хохирсон 3 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие 2019 оны 9 сарын 05-ны өдөр “Хас банк” ХХК-иас 50 сая төгрөгийн зээл аваад 46 сая төгрөгийг *******д сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ******* нь тохирсон ёсоороо сар болгон 1 840 000 төгрөгийн хүүгээ төлж байсан. ... Энэ хүн мөнгөө төлөхгүй болсноос болж би өч төчнөөн мөнгөөр хохирч байгаа учраас үндсэн мөнгө болох 46 сая төгрөгийг 40 сая төгрөг болгож багасгах боломжгүй тул банкны хүүнд төлж хохирсон 3 500 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ. *******аас үндсэн зээл 46 000 000 төгрөг, банкны хүү төлж хохирсон 3 500 000 төгрөг, нийт 49 500 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэжээ.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт болох 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хас банкны Дорнод салбартай байгуулсан 1220026519 тоот ”Зээлийн гэрээ”-гээр нэхэмжлэгч ******* нь тус салбараас 50,000,000.00 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 22.68 хувийн хүүтэй авсан нь зээлийн гэрээ зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх 5-21/

Мөн нэхэмжлэгч нь зээлдэгчийн гаргасан баталгаа гэж “Иргэн Халтарчулуунд 2019 оны байдлаар 46 сая төгрөг зээлдүүлсэн ба 2021 оны 4-р сарын байдлаар 46 сая төгрөг үлдсэн байна. Өнөөдрөөс хойш сарын 4 хувийн хүүтэйгээр 46 сая төгрөгнөөс бодож авна. Зээлдүүлсэн Дэлгэрмаа, зээлсэн Халтарчулуун. 2021.4.4” гэсэн гар бичмэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******гаас 46 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Сар бүр хүүгээ төлж яваад боломжтой үедээ үндсэн мөнгөө өгөхөөр тохирсон. 2021 оны 08 сарыг хүртэл нийт 42 320 000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад 49 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өмнө төлсөн 42 320 000 төгрөгтэй нийлээд 91 820 000 төгрөг төлөх шаардлагатай болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: “...2020 оноос хойш буюу “Ковид-19” цар тахлаас шалтгаалан улсын хил хаагдсан тул миний валютын худалдаа эрхэлдэг ажил зогссон байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг бодоод Дэлгэрмаагаас 46 сая төгрөгийг багасгаж өгөөч л гэж гуймаар байна. 40 сая төгрөг болгож багасгаж өгвөл би энэ мөнгийг ямар ч байсан төлж барагдуулна. ...Харин зээлийн хүүнд төлсөн гэх 3 500 000 төгрөгийг төлөх боломжгүй..." гэж тайлбарлажээ.

Хариуцагч *******ы *******гийн дансанд мөнгө шилжүүлснийг нотолсон ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн хүүнд нийт 36 320 000 төгрөг төлсөн байна. /хх 59-70/

3.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь “Хас банк”-ны Дорнод салбараас 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 22.68 хувийн хүүтэй зээлж, уг мөнгөнөөс 46,000,000 төгрөгийг *******д сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 46,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхдээ сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, амаар харилцан тохиролцсон гэж тайлбарладаг бөгөөд үүнийг хариуцагч ******* үгүйсгээгүй.

Тэрээр нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлдүүлснээс хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “...2021 оны 4-р сарын байдлаар 46 сая төгрөг үлдсэн байна. Өнөөдрөөс хойш сарын 4 хувийн хүүтэйгээр 46 сая төгрөгнөөс бодож авна.” гэж бичсэнийг хүү төлөхөөр баталгаа гаргаж өгсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, мөн зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заажээ.

Хэдийгээр зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгчийн тайлбарласнаар хариуцагч ******* нь 36 320 000 төгрөг төлсөн, хариуцагч нь 40,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн уг 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх “...хариуцагч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ******* банкны хүүгээ төлөхийн тулд бусдаас мөнгө зээлэх, эсхүл хариуцагчтай тохирсон хүүгээс илүү өндөр хувийн хүүтэйгээр бусдаас мөнгө зээлж, бусдад мөнгө төлсөн бол үүнийг нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирол гэж үзэх боломжтой. ... нэхэмжлэгч нь хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж бусдаас мөнгө зээлсэн гэх боловч энэ талаарх бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч 3 500 000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирол шаардах эрхээ шүүхэд нотолж чадаагүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч *******ы “үндсэн зээлээс 6 000 000 төгрөгийг багасгаж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч хангасан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ШШ/2022/00097 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “ ... 46 000 000 төгрөгийг ...” гэснийг “... 40 000 000 төгрөгийг...” гэж, “... 3 500 000 төгрөгийг ...” гэснийг “... 9 500 000 төгрөгийг...” гэж,

2 дахь заалтын “ ... 387 950 төгрөгийг ...” гэснийг “... 357 950 төгрөгийг ...” гэж тус тус өөрчилж,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                             Ж.ДОЛГОРМАА