Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00867

 

...........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00836 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...........ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .................-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай тухай иргэний хэргийг нэхэмжжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 684 дугаар тогтоолоор Голден-Инвестмент ХХК, ..........., Х.Тайшир нараас 460,502,416 төгрөгөөр гаргуулж Мон-Цемент Билдинг Материалс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг .................-т албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байрны 000 тоот, 61,67 м.кв талбайтай, 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 134,764,552 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, /16064/ Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байрны 000 тоот 61,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 134,764,552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 684 дугаар тогтоолоор Голден-Инвестмент ХХК, ..........., Х.Тайшир нараас 46,502,416 төгрөгөөр гаргуулж Мон-Цемент Билдинг Материалс ХХК-д олгож шийдвэрлэсэн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгч ...........ийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байрны 000 тоот хаягт байрлах, 61,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 021250320 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/21250320 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч ...........оос үнийн санал авахад 250,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагчаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул БЭСГЭ ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 134,764,552 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч ........... болон төлбөр авагчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-171/22502, 4-171/22503 тоотоор тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-5033685 дугаартай Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байрны 000 тоот хаягт байрлах, 61,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн БЭСГЭ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...........ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байрны 000 тоот хаягт байрлах, 61,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,764,552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шинжээчийн үнэлгээг 30 хувиар бууруулан 94,335,186 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор орон сууцыг 94,335,186 төгрөгөөр дуудлага оруулахаар тогтоосон. Уг асуудалтай холбоотойгоор хурал завсарлаж үнэ бууруулан 94,335,186 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, үнэ бууруулсан эрхтэй этгээд мөн эсэх, уг этгээдийн үнэ бууруулахаар тогтоосон хурлын тэмдэглэл зэрэг шаардлагатай баримтыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг захирамжийн биелэлтэд хангагдаагүй байхад, мөн нэхэмжлэлийн шаардлагын гол зүйл болох шинжээчийн үнэлсэн 134,764,552 төгрөгийн үнэлгээ хуулийн хувьд эрх зүйн чадамжгүй болсон нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ........... нь хариуцагч .................-т холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол (16064) Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 61,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 134,764,552 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2020/00684 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1078 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дугаар шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж Голде-Инвестиентс ХХК-аас 458,054,195.86 төгрөг гаргуулж Монцемент билдинг материалс ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, (14230) Нарны замын гудамж, 62 байр, 1608 тоот хаягт байршилтай (А блок) нийт 138,58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай, Ү-2203034484 дугаар бүхий улсын бүртгэлтэй 000531252 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 хд-92 байр, 43 тоот хаягт байрлах Х.Тамирын өмчлөлийн 98,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, Ү-2206010044 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000530635 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол (16064) Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, ...........ийн өмчлөлийн 61,67 м.кв талбай бүхий Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг .................-т даалгаж шийдвэрлэсэн байна. (хх-ийн 12-18)

1.в. Төлбөр төлөгч Голден-Инвестмент ХХК дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 415 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн .................- 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээрх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 684 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 2,9)

 

.................- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол (16064) Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, ...........ийн өмчлөлийн 61,67 м.кв талбай бүхий Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/21250320 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/21250320 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. (хх-ийн 40-43)

 

1.г. Мөн хариуцагч байгууллага өмчлөгч ...........оос төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 250,000,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч Монцемент билдинг материалс ХХК зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 44-45) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/315 дугаар тогтоолоор БЭСГЭ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

 

Шинжээч БЭСГЭ ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол (160064) , Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 67 дугаар байр, 000 тоот орон сууцны зах зээлийн үнийг 134,764,552 төгрөгөөр тогтоожээ. (хх-ийн 50-56)

 

1.д. Хариуцагч .................- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу БЭСГЭ ХХК-ийн дээрх үнэлгээг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4-171/22502 дугаар мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч ........... мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 1-2, 78)

 

1.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

БЭСГЭ ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах 3 орон сууцыг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Давж заалдах гомдлын талаар

2.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх... хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШЗ2022/01390 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэснийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/356 дугаар албан бичгээр .................-т хүргүүлсэн байна. (хх-ийн 63, 69-70)

 

.................- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээс өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/11 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан тул төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу 94,355,186 төгрөгөөр тогтоосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн тул хариуцагч шинжээчийн үнэлгээг 30 хувиар бууруулан 94,335,186 төгрөгөөр үнэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээг 70 хувиар тооцон доод үнийг тогтоож байгаа тул үнэ бууруулахаар тогтоосон хурлын тэмдэглэл зэрэг баримт байх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ