Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 903

 

                          

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгдэгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Б.Чимгээ,

Иргэдийн төлөөлөгч Л.Золжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржханд, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

Гэрч Т.Хангинах,

Шүүгдэгч  А.Ө , түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ө д холбогдох эрүүгийн 2017 2501 0495 дугаартай хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ байсан, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 5, хэрэг хариуцах чадвартай, Нарваанчин овогт Алтанхуягийн Өлзийсайхан.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А.Ө  нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "Очирдагинас" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, “Очирдагинас” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө  мэдүүлэхдээ: ”…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржханд мэдүүлэхдээ: “…Манай компанид нягтлангаар ажиллаж байсан А.Ө  нь 2014 оноос 2017 оны 1 дүгээр сарын 1 хүртэл удаа дараа санаатайгаар давтан үйлдлээр 328.804.786 төгрөгийг завшсан байсан. Энэ хэргийг шүүхэд өгсөнөөс хойш 200 саяаар “Кристал таун” дахь байрыг авахад “2 граш байна, грашаа өгөөч” гэхэд өгөлгүйгээр одоо өгөх гээд байгаа ийм байдал харагдаж байна. Би анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд А.Ө ы дансанд нь 400 сая гаруй төгрөг байна гэж хэлэхэд шүүх цагдаагийн байгууллага тоохгүй байсан. Энэ хэрэгт юу ч битүүмжилэхгүй явсаар байгаад сая шүүх хурал боллоо гэхэд мөнгө гаргаж өгч байна. Магадгүй шүүхэд нөлөөлж хэргээ шийдүүлсэн. Бид нар тэгээд давж заалдаад шүүх хурал боллоо гэхэд л мөнгө гарган өгдөг. Шүүгдэгч гэм буруугаа мэдсэн гэсэн хэрнээ бид нарыг ямар санаатайгаар ингээд чирэгдүүлээд яваад байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэг тодорхой болсон байхад яагаад удаад байсныг ойлгохгүй байна. Одоо 31.804.786 төгрөгийн хохирол үлдсэн байна. Мөн хүү алдангийг жич нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Хангинах мэдүүлэхдээ: “….А.Ө  бид 2 төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Анх 2009 онд ”Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-ийг төгсөхөд нь би хамаатныхаа хүүхдийн амьдралыг дээш нь татах үүднээс няраваар ажилд авсан. Тэгээд манай байгууллагад 9 жил ажилласан. Тэгээд ерөнхий нягтлангийн хэмжээнд хүрч ажилласан. 2009-2016 оныг дуустал ажилласан. Сүүлийн 3 жилд албан тушаалаа урвуулан ашиглаж эрх мэдлээ хэтрүүлж залилан мэхлэх маягаар компанийн мөнгөн санхүүгээс бэлнээр өөртөө мөнгө завшиж эхэлсэн. Энэ завшсан үйл ажиллагааг бол бид нар 2016 оны 12 сард мэдсэн. Тухайн үедээ А.Ө тай уулзаад тохиролцоход бүх үнэнээ хүлээсэн. Ер нь А.Ө  нь маш сайн ажиллаж байсан. Би компанийн бэлэн мөнгөнөөс аваад байгааг мэдээгүй. 2013-2016 он дуутал бол компанийн санхүүгийн байдал эрс хүндэрсэн. Компани бол ашиггүй ажиллаж 330 сая төгрөгийн хохиролд орсон. Энэ үед бид нар банкнаас 500 сая төгрөгийн зээл авч эргэлтийн хөрөнгийн зээл авч байсан. Энэ завшсан байдал санхүүгийн тайлан дээр харагдаж өгдөггүй байсан. Бүх эрх мэдэл А.Ө д байсан. Мөн ажилчдын цалин болон бэлтгэн нийлүүлэгч нарт шилжүүлдэг байсан. Эхний ээлжинд унааны мөнгөн дээр эхлээд 100 мянган төгрөг авдаг байсан бол сүүлдээ 800.000 төгрөг авдаг болсон байсан. Сүүлдээ 4-5 удаа мөнгө шилжүүлэхэд мэдэгдэхгүйгээр авдаг байсан. Ажилчдын сүүлийн цалин дээр 1.500.000 нийт сард 3.000.000 авдаг байсан. Бэлтгэн нийлүүлэгч нарт шилжүүлэх мөнгөнөөс 5-10 сая төгрөг үргэлж авдаг байсан байна лээ. Бэлтгэн нийлүүлэгч нартай А.Ө  өөрөө тооцоо нийлдэг байсан. Би А.Ө аас ”тооцоо нийлж байна уу” гэхэд ”бид нар өрөнд ороод байна банкнаас зээл авах шаардлагатай байна” гэж хэлдэг байсан. Энэ 3 жилийн хугацаанд компани бол ямар ч ашиггүй ажиллаж ирсэн байдаг. Зөвхөн зардлаа нөхөөд явдаг байсан гэв.   

 

Мөн мөрдөн байцаалтад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэрч С.Сүрэнчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-67-72, 78-79/, гэрч П.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-80-81/, “Очирдагинас” ХХК-ний санхүүгийн шалгалт хийсэн акт /1хх-108-109/, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, хавсралт /1хх-136-151/, гэрч П.Төгсжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-82-83/, гэрч Ц.Бандицэрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-101-103/, шүүгдэгч А.Ө ы иргэний бүртгэлийн лавлагаа болон хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-171-173/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /1хх-197/, Автотээврийн Үндэсний төвийн албан бичиг /1хх-199-202/, орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-204/, шүүгдэгч А.Ө ы гаргасан хүсэлт /1хх-205/, гэрч П.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-80-81/, эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1хх-152/, шинээр 9 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Ө  нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "Очирдагинас" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, “Очирдагинас” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Доржхандын өгсөн: “…А.Өлзийсайхан нь анх 2008 оны 12 дугаар сард манай компанид туслах нягтлангаар ажилд орж байсан юм. Манай нөхөр Т.Хангинахын нагац эгчийн нь охин байгаа юм. 2014-2016 оны хооронд ажилчдын цалин бичихдээ ажлаас гарсан хүмүүсийн нэр дээр хий цалин бичих, бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх мөнгийг захирлаас болон надаас бэлнээр авч дундаас нь авах, унааны зардал мөнгийг илүү бичих зэргээр 333.954.300 төгрөгийг завшсан нь илэрч, өөрөө удаа дараа мөнгө завшиж байснаа зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн. Манай компаний санхүүгийн дотоод шалгалтаар анх илрүүлж завшсан мөнгөнийхөө өрөнд өөрийн эзэмшлийн “Кристал таун”-д байрлалтай 4 өрөө байраа 200 сая төгрөгөнд бодож өгсөн. Одоо үлдэгдэл 133.954.300 төгрөг төлөх дутуу байгаа. 2017 оны 2 дугаар сард дансаар нэг удаа 5 сая төгрөг шилжүүлсэн. Өрөндөө авсан байрыг харилцан тохироод л авсан тэр үед ББСБ-д 50 сая төгрөгийн барьцаанд тавиад 27 сая төгрөг үлдсэн байсныг А.Өлзийсайханы нөхрийн нэр дээр бүртгэлтэй Ланд 100 маркийн машиныг нь заруулж байж барьцаанаас нь чөлөөлүүлээд нэр дээрээ авсан байснаа бэлтгэн нийлүүлэгч П.Оюунчимэгт өгөх мөнгөнийхөө оронд өгсөн. Одоо П.Оюунчимэгийн нэр дээр байгаа. Манай компанийн санхүүгийн албыг А.Өлзийсайхан хариуцдаг, түүний шууд удирдлага уг нь би байгаа юм. Ажил үүргийн хуваариар бол би хяналт тавих ёстой юм. Компанийн маркетинг төлөвлөлтийн албыг Ж.Айбек хариуцдаг ба А.Өлзийсайханы удирдлаган дор 2 тооцооны нягтлан, 1 нярав ажилладаг. Гэтэл миний итгэлийг ашиглан мөнгө завшсан байсан. Ажилчдын цалин бол гарснаараа л олгогдож байсан. Зөвхөн цалингийн хөлийн дүн дээр 500.000-аас 1 сая төгрөг нэмж бичээд авдаг болохоор ажилчдад хохирол учраагүй. Бэлтгэн нийлүүлэгч нарт болохоор мөнгөн хохирол учраагүй, зөвхөн цаг хугацааны хувьд сунжрах компанийг өртэй мэт харагдуулах байдал гарсан, баримтуудыг засаж ашигладаг байсан юм билээ. Бэлтгэн нийлүүлэгч нарт мөнгөн дүнгээрээ хохирол учраагүй, манай компани л хохирсон. Би бэлэн мөнгө өгдөг нь буруу болсон юм” гэв. /1хх-67-72/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч С.Сүрэнчимэгийн өгсөн: “…Би 2017 оны 1 дүгээр сарын    18-ны өдөр А.Өлзийсайханаас ерөнхий нягтлан бодогчийн ажлыг авсан. А.Өлзийсайхан нь компанийн ажилчдын цалин болон унааны зардлын хүснэгтэнд ажлаас гарсан хүмүүсийн нэрийг оруулж нэгдсэн дүнг захиралд өгөхдөө программдаа нууж танилцуулдаг байсан нь илэрсэн. Мөн бараа бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгийг компаниас өгөхдеө кассын баримтаар захирал ерөнхий нягтландаа өгдөг байсныг А.Өлзийсайхан цааш нь дутуу өгч байсан нь бараа хүлээн авсан баримт болон кассын баримтын мөнгөн дүнгийн зөрүү дээрээс харагдаж байгаа. Нийт 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсанаа А.Өлзийсайхан хүлээн зөвшөөрсөн” гэв. /1хх-н 78-79/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч П.Оюунчимэгийн өгсөн: “…Би 2012 оноос эхлэн  "Очирдагинас" ХХК-д бараа нийлүүлж байгаа. Ингээд бэлтгэн нийлүүлсэн барааныхаа мөнгөнд 2017 оны 2 дугаар сард “Кристал таун” хотхонд 4 өрөө байрыг 200 сая төгрөгөнд бодож авсан. Уг байр нь "Очирдагинас" ХХК-ны захирал Т.Хангинахын нэр дээр байсныг 5и шилжүүлж авсан. Одоо миний нэр дээр байгаа. Одоо тус компаниас 30-40 сая төгрөгийн авлагатай.” /1хх-80-81/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч П.Төгсжаргалын өгсөн: “…2015 оноос “Очирдагинас” ХХК-д хамтран ажиллах мах нийлүүлдэг болсон. Түүнээс хойш байнгын харьцаатай ажиллаж ирсэн. Энэ хугацаанд би мах нийлүүлдэг түүнийг санхүүгийн албаны А.Ө  захирлаасаа бэлэн мөнгө авч миний 5017134962 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлдэг байсан. Хоёр талаасаа мах нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Махны үнэ ханшийг тухайн өдрийн зах зээлийн ханшаар өгч авалцсан гэсэн. Түүнээс тогтсон ханш байхгүй. А.Ө  гэдэг нягтлан бодогч эмэгтэй захирлаасаа бэлэн мөнгө аваад миний данс руу шилжүүлдэг….Ямар нэг өр авлага байхгүй. А.Ө  мах нийлүүлсэн падаан дээрээ ажиллаад компанийхаа мөнгийг завшсан юм байна лээ. Миний падаан дээр илүү бичээд дундаас нь завшсан юм шиг байна лээ.” /1хх-82-83/ гэх мэдүүлэг, 

 

 Мөн байцаалтад гэрч Ж.Айбекын өгсөн: “…Би “Очирдагинас” ХХК-д 2014-2016 оны хооронд ажилчдын цалин, унааны мөнгө бараа бэлтгэн нийлүүлэгчдийн тооцооноос их хэмжээний мөнгө дутаад зөрүү гараад байна гэж ерөнхий менежер Ж.Доржханд мэдээд компанийн ажилчдын цалин унааны мөнгөний хүснэгтийг шалгахад цалингийн хөлийн дүнд зөрүү гарч ирсэн. Ингээд 2017 оны 1 сард байгууллагын дотоод санхүүгийн шалгалтыг ерөнхий менежер Ж.Доржхандаар ахлуулсан санхүүгийн албан дарга миний бие, нягтлан бодогч С.Сүрэнчимэг нарын бүрэлдэхүүнтэй шалгалт явуулахад цалин унааны мөнгөний хүснэгт, кассын баримтууд бараа бэлтгэн нийлүүлэгчдийн бараа нийлүүлсэн орлогын падаан, харилцах дансны хуулга, бэлэн мөнгөний баримт, өглөг авлагын журнал зэрэг компанийн санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн үзэж шалгаж тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ө  нь 2014-2016 оны хооронд компанийн ажилчдын цалин, унааны мөнгө, бараа бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгө зэргээс нийт 333 сая гаран төгрөгийн хохирлыг учруулсан нь дээрхи баримтуудаар тогтоогдсон.” /1хх-90/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч Т.Хангинахын өгсөн: “…А.Ө  нь анх сургууль төгсөөд ирсэнээс хойш дагалдан нягтлангаар авч ажиллуулж байсан. 2014 оноос хойш А.Ө  нь нягтлангаар ажиллах хугацаандаа ажилчдын унааны мөнгөнөөс, дараа нь ажилчдын цалингаас, мөн бараа бэлтгэн нийлүүлэгчдийн шилжүүлсэн бэлэн мөнгө зэргээс мөнгө завшиж байсан байна лээ. Энэ нь 2017 оны 1 сард дотоод санхүүгийн шалгалтаар манай байгууллага мэдсэн. Энэ шалгалтаар 2014-2016 оны 12 сар хүртэл ажилчдын цалин, унааны мөнгөний нийт дүнд мөнгө нэмж манай байгууллагад 42.051.570 төгрөг, мах бэлтгэн нийлүүлэгчдэд шилжүүлэх тооцоог дутуу шилжүүлэн ирсэн барааны тооцоонд тооцоо нэмж орлогдож 2014-2016 оны хооронд нийт 291.902.730 төгрөг нийт 333.954.300 төгрөгийг ахлах нягтлан бодогч А.Ө  нь манай байгууллагад учруулаад байна….Санхүүгийн шалгалт явуулсан эхний дүнг гаргасаны дараагаар А.Ө  нь мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулах талаар бичгээр баталгаа гаргаж өгсөн. Үүндээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Кристал таун Их Монгол” улсын гудамж 801 дүгээр байрны 1509 тоот хаяганд байрлах 111.75 мкв талбайтай 4 өрөө байрыг 200.000.000 төгрөгөөр бодож уг байрыг миний нэр дээр шилжүүлсэн. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр манай компанийн данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн өөрөөр хохирол төлөгдөөгүй байгаа. Одоо манай компани ахлах нягтлан бодогч А.Ө ы учруулсан хохиролд 128.954.3000 төгрөгийн нөхөн төлөөгүй.” /1хх-92-93/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч Л.Дуламсүрэнгийн өгсөн: “…Би “Очирдагинас” ХХК-тай 2013 оноос эхлэж олон жил хамтран харьцаж байна.  Мах нийлүүлдэг гэрээтэй ажилладаг. Мах нийлүүлэх ямар нэгэн тогтсон үнэ ханш байхгүй. Тухайн өдрийн үеийн зах зээлийн ханшаар махаа нийлүүлдэг. Би байнга мах нийлүүлдэг учраас олон удаа мах нийлүүлдэг. А.Ө  гэдэг нягтлан хүүхнээс махныхаа мөнгийг бэлнээр ч дансаар ч авдаг байсан. Одоо надад компанитай болон А.Ө тай ямар нэгэн өр авлага байхгүй. Бусад асуудлыг сайн мэдэхгүй.” /1хх-99/ гэх мэдүүлэг,

 

Мөн байцаалтад гэрч Ц.Бандицэрэнгийн өгсөн: “…Би хувиараа “Очирдагинас” ХХК-тай хамтран ажиллаж мах нийлүүлдэг юм. Нягтлан бодогч А.Ө ыг танина. Мах нийлүүлдэг гэрээтэй. Тогтсон ханш гэж байхгүй. Махаа нийлүүлээд бэлэн мөнгөө хэд хоногийн дараагаар А.Ө аас бэлэн болон бэлэн бусаар дансаар мөнгөө авдаг байсан. Нягтлан А.Ө тай тооцоо нийлдэг байсан. Одоо надад компанитай болон А.Ө тай ямар нэгэн өр авлага байхгүй.” /1хх101-102/ гэх мэдүүлэг,

 

-"Очирдагинас" ХХК-ны Санхүүгийн шалгалт хийсэн 2017 оны 2 дугаар сарын    13-ны өдрийн 13/01 тоот актад:

Тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Ө  нь нийт 33.954.300 төгрөгийн хохирол дээр 2016 оны 1 сараас 12 сарын 31-ний өдрийн байдлаар сарын 2% буюу жилийн 24% хүү тооцож 414.103.332 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоож байна.” /1хх-108-109/,

  

-“Эс эм аудит” ХХК-ны шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17/03/10 дугаартай:

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очирдагинас” ХХК-ний нягтлан бодогч А.Ө  нь 2014 оны 5 дугаар сарын 15-наас 2017 оны 1 дүгээр сарын 7-ны хооронд албан тушаалаа урвуулан ажилчдын цалин хөлс 38.590.056 төгрөг, унааны мөнгө 2.988.800 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчдийн мөнгийг шилжүүлэхдээ 291.902.730 төгрөгийг дутуу шилжүүлэх, бүртгэл дээр нь бараа материалыг нэмж орлого авч баримт бичиг зориудаар худал материал бүрдүүлэн нийт 333.481.586 төгрөгийн хохирол учруулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг 13 дугаар зүйл, 13.6, 13.7, мөн 20 дугаар зүйл 20.2.5, 20.2.6, 20.2,9, 20.2.13-д зэрэг заалтуудыг зөрчсөн байна.” /1хх-120-121/ гэх дүгнэлт,

 

-Шүүхийн   шинжилгээний   үндэсний   хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтэд:

Дээрхи дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шинжилгээгээр цалин болон унааны зөрүү нь 41.602.056 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн тооцооны зөрүү нь 287.202.730 төгрөг болж нийт хохирлын хэмжээ нь 328.804.786 төгрөг байна.” /1хх-136-138/ гэх дүгнэлт,

Дүгнэлтийн А.Ө д холбогдох хохирлын нэгтгэл /1хх-139-150/,

 

-Эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /1хх-151-152/,  

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8/961 тоот албан бичиг /1хх-н 197/,

-Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх-199-202/,

-А.Өлзийсайханы "Очирдагинас" ХХК-нд гаргаж өгсөн баталгаа бичиг /1хх-205/,

-“Очирдагинас” ХХК-ний захирлын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А.Ө ыг нягтлан бодогчоор ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал /1хх-171-173/,

-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /1хх-166/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Ө  нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "Очирдагинас" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2014-2016 оны хооронд касснаас зарлагадсан бэлэн мөнгийг харилцагч нарт дутуу олгох, ажилчдад олгохоор тооцсон цалин болон унааны мөнгөний хүснэгтийн хөлийн дүнг нэмэгдүүлэн бичиж касснаас илүү мөнгө авах зэрэг аргаар 328.804.786 төгрөгийг завшиж, "Очирдагинас" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч А.Ө д 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “хөрөнгө завших” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрч байх тул шүүгдэгч А.Ө ы үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийцүүлэн зүйлчлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Энэ нь шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч А.Ө  нь хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч А.Ө  нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл "Очирдагинас" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 328.804.786 төгрөгийг завшиж, "Очирдагинас" ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан хэдий ч 2015 онд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх шинж нь тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд байгаагүй тул шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн, шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ө д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.             

 

Шүүхээс шүүгдэгч А.Ө ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс А.Ө д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 328.804.786 төгрөгийг нөхөн төлөх төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Ө  нь хохирогчтой харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Кристал таун” 804 дүгээр байрны 1509 тоот 111,75 мкв байрыг хохирол 200 сая төгрөгийн хохиролд тооцож өгсөн ба 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Очирдагинас” ХХК-д 5.000.000 төгрөгийг “ХААН” банкны дансаар шилжүүлж өгсөн, мөн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 7.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 85.000.0000 сая төгрөгийг тус тус нөхөн төлж нийт 297.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Шүүх хуралдаанд 1.805.000 төгрөгийн хохирол төлсөн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 328.804.786 төгрөгөөс үлдсэн 30.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Ө аас гаргуулж хохирогч байгууллага “Очирдагинас” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэм хорын хохирлын 128.804.786 төгрөгийг үлдэгдэл дээр 328.804.786 төгрөгийг 2014-2016 онд ашигласан мөнгөний хүү болох 121.894.335 төгрөгийн нэхэмжилсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас хүний амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан” хохирол биш гэж үзсэн тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй учир хэлэлцэхгүй болгохоор тогтов.

 

Шүүгдэгч А.Ө  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй бөгөөд

хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч А.Ө д 2015 онд шинэчлэн найруулсан 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч А.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар А.Ө ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Ө д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Ө аас 30.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага болох “Очирдагинас” ХХК-д олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Доржхандын нэхэмжилсэн 121.894.335 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, А.Ө  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ө д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ө д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Э.ЧИНГИС

 

ШҮҮГЧИД                                     Н.БААСАНБАТ

 

                                                            Д.МӨНХТУЯА