Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 374

 

 Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт,

аудитын албанд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах”

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0357 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103,1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасныг баримтлан төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай 2018 оны 31-03/54 дугаар актын төлбөрийн хэмжээг 2.177.316 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0357 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон захиргааны акт Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 2018 оны 31-03/54 дугаар актын төлбөрийн хэмжээг 2,177,316 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Миний бие Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03\54 тоот актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шат шатны шүүх адил дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэлээ.

4. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлд дурдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн үндэслэлүүдийн талаар тус бүрд нь дүгнэлт хийсэн. Шийдвэрийн 10 дугаар хуудас маргаан бүхий актад Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э-д олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан талаар ...энэ талаархи нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул төлбөр тогтоосон актын төлбөрийн дүнгээс 2.1 сая төгрөгийг хасаж төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээн дүгнээд “... актын төлбөрийн хэмжээг 2.177.316 төгрөгөөр багасгаж” шийдвэрлэсэн.

5. Давж заалдах шатны шүүх ч хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ...” гэсэн өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6. Миний бие “...актад Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн Эрүүл . мэндийн газрын дарга Б.Э-д олгосон 2.1 сая төгрөгийг оруулан Тусгасан...” үйл баримтыг актыг хүчингүй болгох нэг үндэслэл болгон нэхэмжлэлдээ дурьдсан. Шат шатны шүүх хуралдаанд ч энэхүү үндэслэлээ тодруулан тайлбарласан. Түүнээс биш актаар тавигдсан төлбөрийн хэмжээг 2.177.316 төгрөгөөр багасгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн үүднээс зөв дүгнэлт хийгээгүйн улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргалаа.

7. Актад тавьсан тоо баримт нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тоо баримтаас зөрж байгаа талаар шат шатны шүүхэд тайлбарлаж, давж заалдах гомдол гаргахдаа хүснэгтээр хүртэл үзүүлж тодруулж өгсөн. Хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль бусад хууль, журмын тодорхой заалтуудыг зөрчсөн, санхүүгийн акт ойлгомжгүй, тоо баримт зөрүүтэй зэрэг уг актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл байсаар байхад шүүх актын зөрчилтэй эсэхэд дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл Санхүү хяналт, аудитын алба хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах эрхээ эдлэхдээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, бусдын эрх ашгийг зөрчсөн эсэх, хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг анхаарсангүй. Гагцхүү акт гаргах урьдал нөхцөл болсон шийдвэр гаргасан буруутай гэх үйл ажиллагаанд дүгнэлт хийж “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” л бол акт буруу байсан ч хамаагүй гэх байдлаар хандаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

8. Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0006 тоот шийдвэртэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0357 тоот магадлалтай хэргийг хянаж, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч гомдол гаргав.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч Ч.Э нь “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-03/54 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...актад аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяад олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан, хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсний төлөө төлбөр тавьсан, хууль бусаар мөнгө авсан этгээдээр төлүүлээгүй зэрэг зөрчилтэй акт...” гэж маргасан байна.   

11. Маргаан бүхий, улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31-03/54 тоот актаар, захиргааны буруу шийдвэрээр ажилгүй болсон нэр бүхий 6 иргэний хохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулж шийдвэрлэсэн 41,730,623 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасны дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Э-ээр төлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад хариуцуулж шийдвэрлэжээ.   

12. Шүүхүүд тухайн маргаанд хэрэглэгдэх Захиргааны ерөнхий хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.     

13. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заасан.

14. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ч.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар буюу төсвийн шууд захирагчаар ажиллах хугацаандаа, бүтэц, орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар С.Б, А.Ч, Х.Э, Д.А, У.Б, Б.М нарын 6 албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд шүүхийн шийдвэрээр дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль бус болох нь тогтоогдож, тэдний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговорт нийтдээ 52,496,512 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний улмаас тус тамгын газрын данснаас, ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид нийт 13,678,701 төгрөг, нэр бүхий 4 албан хаагчийн дансанд тус бүр 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тамгын газрын данснаас 24,051,922 төгрөгийг татан авч, нийтдээ 41,730,623 төгрөгийг хохирол барагдуулахад зарцуулсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрүүлсэн дээрх төлбөрөөс 2,177,316 төгрөгийг Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн Б.Э-д олгосон үйл баримтууд тогтоогджээ. 

15. Дээрх байдлаар нэхэмжлэгч Ч.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 6 албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас тэдгээрт ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 41,730,623 төгрөгийг олгохдоо байгууллагын төсвийг нэмж тодотгон, төсвийг үр ашиггүй, илүү зарцуулж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8-д заасныг зөрчсөн, иймд байгууллагад учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг үндэслэн буруутай албан тушаалтан болох Ч.Э-ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 31-03/54 дугаар акт хуульд нийцсэн, энэ талаар 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

16. Нэхэмжлэгчийн “...актад Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э-д олгосон 2.1 сая төгрөгийг оруулан тусгасан үйл баримт нь актыг хүчингүй болгох нэг үндэслэл болгон нэхэмжлэлдээ дурдсан. Шат шатны шүүх хуралдаанд энэхүү үндэслэлээ тодруулан тайлбарласан. Түүнээс биш актаар тавигдсан төлбөрийн хэмжээг 2,177,316 төгрөгөөр багасгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. ...Хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль бусад хууль, журмын тодорхой заалтуудыг зөрчсөн, санхүүгийн акт ойлгомжгүй, тоо баримт зөрүүтэй зэрэг уг актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл байсаар байхад шүүх актын зөрчилтэй эсэхэд дүгнэлт хийсэнгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

17. Учир нь, улсын ахлах байцаагчийн гаргасан, маргаан бүхий 31-03/54 дүгээр актаар албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн С.Б, А.Ч, Х.Э, Д.А, У.Б, Б.М нарын хохирлыг барагдуулахад байгууллагын төсвөөс зарцуулсан 41,730,623 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг маргаан бүхий актаар Б.Э-тай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйн гадна тус актаар тогтоосон төлбөр, тоо баримт ойлгомжтой, тодруулбал актаар ажлаас чөлөөлөгдсөн дээрх, 6 албан хаагчдад тус тамгын газрын данснаас олгогдсон, 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийн 13,678,701 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн 28,051,922 төгрөг, нийт 41,730,623 төгрөгийн хэмжээнд актыг тогтоосон, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус тамгын газраас татан авсан төлбөрөөс 2,177,316 төгрөгийг Б.Э /Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн/-д олгосон байх тул шүүхээс, актаар тогтоосон төлбөрийг 2,177,316 төгрөгийн хэмжээгээр багасгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.  

18. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй, утга найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0357 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА