Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2022/00007

 

Ш.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00944 дүгээр шийдвэртэй,

 

нэхэмжлэгч *** дүгээр багт оршин суух, Ш.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/14 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн танилцуулснаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б\14 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай.  

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ш.М нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б\571 дугаартай захирамжаар анх Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\71 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Ц сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс бүр томилогдон одоо хүртэл ажиллаж байна.  

2. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж Ш.М-д удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн.

3. Ш.М нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн. Ш.М нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

4. Гэтэл Ш.М нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б\14 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.М нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

5. Ажил олгогчийн маргаан бүхий 2021 оны Б\14 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн, хууль бус эрхийн акт гэж үзэж байна.

6. Иймд уг захирамжийг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Уг нэхэмжпэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байна. Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/204 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажпын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилэд хяналт шалгалт хийхээр болсон.

2. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг надад танилцуулсан.

3. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч  нь хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, коронавируст халдварын тархалтын түвшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулахаар гаргасан дэлгэрэнгүй судалгаа байхгүй, зайн сургалтыг хүүхдийн халдварын хоцрогдлыг илрүүлэн, цогц хөгжлийг тасралтгүй дэмжихэд эцэг эх асран хамгаалагчидтай хамтран ажиллаагүй, онцгой нөхцөлд ажиллах үед багш, ажилтны ажпын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, эрхлэгчийн тушаал гарах естой мөртлөө тушаал гаргаагүй, цэцэрлэгийн багш, хүүхэд сургалт үйл ажиллагааны үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовуурь мэдэгдсэн үед анхны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн боловч түр тусгаарлах байранд байж болох хэрэгслүүд бүрэн бүтэн бус, цэцэрлэгийн анги танхимд халдваргүйжүүлэлтийн ажил хийх график гаргаагүй ба анги бүлгийн өдрийн дэглэмийг гаргаж, батлуулж өлгөөгүй, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй, хоолны цэс боловсруулсан боловч авсан дээж нь хоолны цэсийн дагуу хийгдээгүй өөр хоолны дээж байсан ноцтой зөрчил гаргасан, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тушаалын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилж ажиллуулаагүй, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

4. Урьд өмнө Ц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажпын хэсэг тус хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн хичээл, сургалт, үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдалд хяналт шалгалт хийхэд теле хичээлд 106 хүүхэд хамрагдах ёстой байснаас зөвхөн 33% нь хамрагдсан, хоцрогдол арилгах талаар төлөвлөгөөт ажил хангалтгүй, халдвар хамгааллын ажил хангалтгүй огт халаалт байхгүй, хүүхэд хүлээж авах ямарч боломжгүй байсан, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ хагас дутуу байсан зэрэг зөрчил тогтоогдож байсан. Тухайн үед Засаг даргаас цэцэрлэгийн эрхлэгчид сануулга өгч, эдгээр зөрчлийг арилгахыг үүрэг болгож байсан гэдгийг дурдаж байна.

5. Иймд Засаг даргын зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын сануулах шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

6.Нэхэмжпэгч Ш.М-ийн“...ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн ...маргаан бүхий захирамж бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн...” гэсэн үндэслэлээр Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулан тухай” Б/14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00944 дүгээр шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Мийн гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/14 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож,   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр болсон.

2. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 27-28 өдөр танилцуулсан.

3. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн эрхлэгч шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, Коронавируст халдварын тархалтын түвшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулахаар гаргасан дэлгэрэнгүй судалгаа байхгүй, зайн сургалтыг хүүхдийн халдварын хоцрогдлыг илрүүлэн, цогц хөгжлийг тасралтгүй дэмжихэд эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаагүй, онцгой нөхцөлд ажиллах үед багш, ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, эрхлэгчийн тушаал гарах ёстой атлаа тушаал гаргаагүй, цэцэрлэгийн багш хүүхэд сургалт үйл ажиллагааны үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовуурь мэдэгдсэн үед анхны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн боловч түр тусгаарлах байранд байж болох хэрэгслүүд бүрэн бүтэн бус, цэцэрлэгийн анги танхимд халдваргүйжүүлэлтийн ажил хийх график гаргаагүй ба анги бүлгийн өдрийн дэглэмийг гаргаж батлуулж өлгөөгүй, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй, хоолны цэс боловсруулсан боловч авсан дээж нь хоолны цэсийн дагуу хийгдээгүй өөр хоолны дээж байсан ноцтой зөрчил гаргасан, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тушаалын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилж ажиллуулаагүй, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

4. Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00944 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Ц сумын цэцэрлэгийн эрхлэгч нарт шалгалт хийгдсэн.

2. Шалгалт хийх удирдамжийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр баталж, 9 дүгээр сарын 11, 12-нд шалгалт хийсэн.

3. Шалгалтын дүнг 2021 оны 9 дүгээр сарын 13-нд илрүүлсэн.

4. Ц сумын Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн  320 дугаар албан тоотоор шалгалтын дүнг хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.М-д хүргүүлсэн.

5. Өмнөх Т.К нэхэмжлэлтэй хэрэгт энэ нотлох баримтын гаргаж өгөөгүй байсан.

6. Т.К нэхэмжлэлтэй хэргээс ялагдсаны дараа худлаа хуурамч нотлох баримт гаргаж өгсөн.

7. Хэрэв зөрчлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-нд илрүүлж, Засаг дарга мэдсэн бол 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/310 тоот албан бичигтэй хамт хурлын тэмдэглэлийг хүргүүлсэн байх ёстой.

8. Зөрчлийг илрүүлснээс хойших хугацаа тоологдох ёстой. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг баримтлан зөв үндэслэлтэй шийдвэр гаргасан.

9. Тиймээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00944 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

2. Нэхэмжлэгч Ш.М нь Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Нэхэмжлэгч Ш.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь хариуцагч Ц сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  үндэслэлээ  “Засаг дарга албан тушаалд томилогдсон цагаас эхлэн Ш.М-д удаа дараа ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн. Ш.М нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.М нь дээд шатны  байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй  үнэлэгдсэн гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажил олгогчийн маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцээгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн, хууль бус эрхийн акт гэж үзэж байна” гэж тайлбарлажээ.

 

4. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч  “Уг нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд: Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А\204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр болсон. Ажлын хэсгээс хяналт шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг надад танилцуулсан. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, Коронавируст халдварын тархалтын түвшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулахаар гаргасан дэлгэрэнгүй судалгаа байхгүй, зайн сургалтыг хүүхдийн халдварын хоцрогдлыг илрүүлэн, цогц хөгжлийг тасралтгүй дэмжихэд эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллаагүй, онцгой нөхцөлд ажиллах үед багш, ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, эрхлэгчийн тушаал гарах ёстой атлаа тушаал гаргаагүй, цэцэрлэгийн багш хүүхэд сургалт үйл ажиллагааны үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовуурь мэдэгдсэн үед анхны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн боловч түр тусгаарлах байранд байж болох хэрэгслүүд бүрэн бүтэн бус, цэцэрлэгийн анги танхимд халдваргүйжүүлэлтийн ажил хийх график гаргаагүй ба анги бүлгийн өдрийн дэглэмийг гаргаж батлуулж өлгөөгүй, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ хийгээгүй, хоолны цэс боловсруулсан боловч авсан дээж нь хоолны цэсийн дагуу хийгдээгүй өөр хоолны дээж байсан ноцтой зөрчил гаргасан, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тушаалын дагуу дотоод хяналт шалгалтын багийг шинэчлэн томилж ажиллуулаагүй, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжихээр зохион байгуулж байгаа ажил байхгүй, онцгой нөхцөл байдалд ажиллах үед болон багш ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал гаргаж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон... гэж шүүхэд маргасан байна.

 

            5. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/14 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.9, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дахь заалт, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/58 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн, цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг танимаар зохион байгуулах түр журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/292, А/525 дугаар хамтран тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ны үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг тус тус үндэслэн Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Мийг дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

           

    6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга 2021 оны 9 сарын 08-ны өдрийн №А/204  дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар тус сумын ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 11-ний өдрүүдэд сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн сургалт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болох нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А-ны 2021 оны 9 сарын 08-ны өдөр баталсан “Хяналт-Шалгалтын удирдамж” болон 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №03 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон.

 

    7. Хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №03 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд гарсан алдаа дутагдлын талаар нэг бүрчлэн шалган тогтоосон ба сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №01/320 дугаартай албан бичгээр ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хяналт шалгалтын дүнг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлж, гарсан алдаа, дутагдлыг бүрэн арилгаж, цаашдаа анхааран ажиллахыг даалгажээ.

    8. Ажил олгогч Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.Мийн гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №03 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”, Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №01/320 дугаартай албан бичгээр нотлогдсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан бөгөөд Ц сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ш.М-ийн гаргасан гэх зөрчлийг ажил олгогчоос илрүүлсэн өдрийг 2021 оны 9 дугаар сарын 09-ний өдрөөр тооцож, энэ өдрөөс сахилгын шийтгэл ногдуулах нэг сарын хугацааг тоолоход, ажил олгогч нь ажилтны гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчилд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу 15 хоногоор хэтрүүлж  сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн байна.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ц сумын Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт, шалгалтын дүнг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан учраас Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тухайн хяналт шалгалтын дүнтэй танилцсан, мэдсэн, тиймээс хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж тоолно” гэж тайлбарлаж, мөн өдрийн огноотой хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгч, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

 11. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан, харин ажил олгогч мэдсэнээс хойш, эсхүл түүнд мэдэгдсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчлаагүй. Ажил олгогчийн өөрийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хяналт, шалгалтаа явуулж, тус шалгалтын дүнг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ц сумын Засаг даргад танилцуулсан, мэдэгдсэн гэх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь ажил олгогчийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотойгоос гадна хуульд зааснаар ажилтны гаргасан гэх зөрчлийн талаар ажил олгогч мэдсэн, эсхүл түүнд мэдэгдсэн өдрөөс биш, харин зөрчлийг илрүүлсэн өдрөөс эхэлж хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хуульчилжээ. 

 

12.  Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                       

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ