Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 617

 

           Т.Ц-т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 440 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 856 дугаар магадлалтай, Т.Ц-т холбогдох 1903003170210 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Т-н Ц-.

Т.Ц- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.27 хувийг согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн эцсийн буудалд байрлах дэлгүүрийн урд замд “Ниссан Вингроүд” загварын 33-67 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Г-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэм мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөл бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Ц-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Т.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул...“ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндсэн гол агуулга бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1-д заасан заалтыг хэрэглэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдол байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх гомдлыг ял хөнгөрүүлэх тухай гомдол гэж нэрлэн гуйвуулсан байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд Т.Ц-ын хувийн байдалтай холбоотой шинээр гаргаж өгсөн нотлох баримтад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 754 дугаар шүүхийн шийдвэрийг хавсаргасан гэсэн ба энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд шинээр өгсөн зорилго нь шүүхийн шийдвэрээр Т.Ц- нь бага насны 5 хүүхэдтэй гэдгийг л гол нотлох зорилготой өгсөн. Учир нь Т.Ц-ын хүүхдүүд нь ээжээрээ овоглосон байсан, мөн шүүгдэгч эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүйн улмаас нотлох баримтаар хуулийн хүрээнд бага насны олон хүүхдүүдтэй гэдэг нь харагдахгүй байсан, мөн давж заалдах шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн 5 хүүхдийн төрсний гэрчилгээгээр ээжээрээ овогтой байгаа нь харагдана.

Уг шүүхийн шийдвэрээр 2009 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.У, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү П.Ш, 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин П.Ш, 2014 оны 09 дүгээр 11-ний өдөр охин П.Т, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр охин Ц.М нарын эцэг Т.Ц- мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр юм. (шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт бичигдсэнээр насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, ... эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ ... гэсэн байдаг)

Ингэж давж заалдах шатны шүүх хуулийг буруу ойлгон хэрэглэж, уг иргэний хэргийн шийдвэрийг Т.Ц-ын эсрэг хар баримт болгон ашиглаж, архины хамааралтай болсон тул гэж дүгнэж, шүүхийн шийдвэрээр архины хамааралтай болсныг яг заан тогтоосон мэтээр илт гуйвуулан дүгнэж, шүүхийн шийдвэрийг магадлалынхаа үндэслэл болгож, хэт нэг талыг барьж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлтэд бүрэн хүрч байна. Энэ олон нялх нойтон хүүхдүүдийг өсгөхөд мэдээж аавын оролцоо, дэмжлэг, тусламж байгаа, хүүхдүүдийнх нь заяа түшээсэй гэдэг үүднээс өгсөн баримт юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэл болгосон байна.

Магадлалын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахаар зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал, ...боловсролын байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх шударга ёсны зарчмыг алдагдуулж гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахдаа түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр архины хамааралтай гэж бас л давхардуулан дахин тооцож, өөрөөр хэлбэл гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, сайн дураар хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байхад нь дахин иш татаж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж магадлалын үндэслэл болгож байгаа нь мөн л хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх хорих ялыг эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэхээс татгалзах үндэслэл болсон архины хамааралтай болсон гэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан согтуурсан, мансуурсан үедээ гэж хэргийн үндсэн шинжээр хуульчлагдан орж ирж байгаагаас харахад давж заалдах шатны шүүхийн шинээр дүгнэсэн архины хамааралтай болсон гэдэг дүгнэлт уг зүйл хэсэгт хамаараад байхад дахин давхардуулан тооцох үндэслэл болохгүй гэж ойлгож байна.

Иймээс Т.Ц-ын эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд архины хамааралтай гэх давж заалдах шатны шинээр гаргасан дүгнэлт нь дахин тооцогдон дүгнэгдэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тодруулбал хэрэв Т.Ц- согтуу биш үедээ уг гэмт хэргийг үйлдсэн бол эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл (торгох ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ял) авах боломж байсан. Гэвч согтуурсан гэдгээрээ хүндэрч зүйлчлэгдэж байхад дахин архины хамааралтай гэж нэмж, шинээр хүндрүүлэн дүгнэж байгаа нь үндсээрээ буруу юм.

Нөгөө талаар хавтаст хэрэгт хохирогчоос эмчилгээний нотлох баримт авагдаагүй бөгөөд Т.Ц- нь сайн дураар 250,000 төгрөг төлсөн нь хохирогч Д.Г-ад учирсан хохирлын хор уршиг арилсан гэж хавтаст хэрэгт авагдсан баримтаар (хуулийн хүрээнд) үзэж болох ба анхан шатны шүүх энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй шийдвэрлэсэн байна.

Иймээс Т.Ц- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 2 жил /үлдэх ялыг/ хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү.

Мөн Т.Ц-т оногдуулсан торгуулийн ялыг тусад нь хэвээр үлдээх, эсвэл торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хорих ялд нэмж нэгтгэснийг мөн (эрх зүйн байдлыг дээрдүүлэн) тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирогч Д.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хорих ялтай дүйцэхүйц торгуулийн ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 250,000 төгрөг төлсөн. Хохирогч эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй. Цаашид гарах эмчилгээний болон сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийтгэх тогтоолд дурдсанаас үзэхэд хор уршиг бүрэн арилаагүй, хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Ц-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Т.Ц- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан заалтыг зөрчиж явган зорчигч Д.Г-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасныг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Т.Ц-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. 

Анхан шатны шүүх Т.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх асуудлын талаарх заалт нь заавал хэрэгжүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш бөгөөд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл, журамд нийцүүлэн шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.      

Харин Т.Ц-т анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг давж заалдах шатны шүүх дүгнэн хууль зүйн үндэслэлтэй байгааг дурдан хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зөв байх боловч үүнийг тайлбарлахдаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн баримтыг шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах байдлаар дурдаж буй нь учир дутагдалтай байгааг үүгээр тэмдэглэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 440 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 856 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц-ын өмгөөлөгч Д.Саранчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                             

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН