Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 440

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч Д.Г, шүүгдэгч Т.Ц, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Т-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903003170210 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хэсэг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Т-ийн Ц-ыг.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.27 хувийг согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн эцсийн буудалд байрлах дэлгүүрийн урд замд Ниссан Вингроүд маркийн 33-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Г-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Ц-: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Г-: “...Би энэ хэрэг гарахаас өмнө эрүүл саруул байсан. Тухайн өдөр дэлгүүрээс ногоо авах гэж гараад мөнгөө мартсан байсан. Мөнгөө авах гэж гараад дайруулсан. Ц намайг дайрчихаад зогсохоор нь эмнэлэг рүү хүргэж өгөх гэж байна гэж бодож байтал цонхоороо харчихаад зугтаагаад явсан. Тэгээд манай хүүхдүүд ирээд цагдаад дуудлага өгсөн. Ц-ыг голын эргэн доор нуугдсан байхад нь олж авсан. Ц-ын ээж нь эмчилгээний зардалд 250,000 төгрөг өгье гэж хэлээд дансаа өгчих гэхээр нь дансаа өгөхөд 200,000 төгрөг шилжүүлсэн байсан. Өөрөөр эмчилгээний зардалд туслалцаа үзүүлээгүй. Ц-ын ээж нь биед сайн гээд эмийн ургамал авч өгсөн, би тэрийг нь хэрэглээгүй байгаа. Би эмчилгээний зардалд болон сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хашааны буланд, тэр хавьд байдаг Саарлаа гэх хочтой залуу халамцуу зогсож байхаар нь би хажууд нь очоод тамхи асаах санаатай “гал байна уу” гээд асуусан чинь тэр залуу гал гаргах гээд дээлнийхээ энгэрийг ухаад зогсож байтал бид хоёрын баруун талаас гэнэт машин ямар нэгэн чимээ өгөлгүй шууд орж ирээд бид хоёрыг мөргөж унагаагаад цаашаа хашаа мөргөөд зогссон. Би машины зүүн талд нь унасан, харин Саарлаа машины урд хашаанд ороод унасан байсан. Би “юу болов” гээд хартал манай Шувууны хойд хэсэгт согтуу Баяраа хочтой Ц Ниссан Вингроүд маркийн машин жолоодоод ганцаараа явж байсан, тэгээд ухраад шууд зогссон. Би Ц-ыг “бууж ирэх нь дээ” гэж бодтол зогсож байснаа хөдлөөд зугтаагаад явчихсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би дэлгүүр дээрээ байхад урд талд хүчтэй чимээ гарсан. Би цонхоор харахад Ганбаа ах хөлөө жийгээд газарт барилгын хашааны өнцөг дээр сууж байсан. Нэг саарал өнгийн комби машин дэлгүүрийн үүдээр өнгөрөөд явсан. Сайн харахад манай энд байдаг Баяраа гэх хүний машин байсан. ...Би дэлгүүрийн үүдэн дээр гараад Ганбаа ахыг “сууж бай, би цагдаа эмнэлэг дуудъя” гэж хэлээд дуудлага өгсөн...” /хх-ийн 34-35/ гэсэн,

 

Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө цагийг нь тодорхой мэдэхгүй байна, 09 цаг 30 минутын үед Ц тал шил архи барьчихсан манайд халамцуу орж ирсэн ба сандарсан байдалтай “найз нь машинаараа Ганбаа ахыг мөргөчихлөө, сандарсандаа гэрийн хашаанд машинаа тавьчихлаа” гээд орж ирсэн. Тэгэхээр нь би “солиотой юм шиг зогсохгүй яагаад хаяад ирэн юм бэ” гэсэн чинь “сандарсандаа шууд машинаа хашаанд оруулаад тавьчихлаа” гэж байсан. ...манайд орж ирэхдээ халамцуу архи үнэртэж байсан...” /хх-ийн 36/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Ё.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...33-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний хүү Т.Ц унадаг. Өглөө 7 цаг өнгөрч байхад Ц манайд орж ирээд машины түлхүүр ширээн дээрээс аваад хүүхүдээ цэцэрлэгт хүргэж өгнө гээд аваад гарсан. Би өөрөө түлхүүрээ өгсөн. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй, 10 цагийн үед Ц машинаа жолоодож хашаанд оруулж тавиад өөрөө цаашаагаа гэр лүү гээ орж байгаа харагдсан. Ц-ыг ирсэнээс хойш нэг цагийн дараа эргүүлийн хоёр цагдаа ирээд Ц хаана байна гээд асуугаад орж ирсэн. Хэрэг хийсэн хүн өөрөө хохирлоо төлөх байх, би тэтгэврийн зээлтэй учир мэдэхгүй байна...” /хх-ийн 31/ гэсэн,

 

Шүүгдэгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 15 минутын үед би 33-67 УНЛ улсын дугаартай машиныг жолоодоод эхнэр, хүүхдүүдийн хамт гэрээс гарсан. ...Би  эхнэр, хүүхдүүдээ ажил, сургуульд нь хүргэж өгөөд гэрлүүгээ харих гээд явж байхад Шувууны хуучин эцэс нэг гараа өргөөд зогсож байхаар би зогссон чинь Шинэ эцсийн буудал руу хүргээд Алтанбулаг явах унаанд сууна гэж байсан. Тэгээд би тэр хүнийг Шувууны шинэ эцсийн буудал хүргэж өгөхөд тэр хүн өврөөсөө 0,5 литрийн архи гаргаж ирээд Алтанбулаг явах унаа иртэл хоёулаа энийг хуваагаад ууья гэхээр нь би зөвшөөрч бид хоёр тэр архийг миний машин дотор хуваагаад уусан. Тэгээд архиа ууж дуусаад тэр хүнийг тэнд үлдээгээд би гэрлүүгээ харих гээд машинаа унаад явж байтал шинэ баригдаж байгаа эмнэлгийн хашааны буланд Ганбаа ах, Саарлаа хоёр тамхи татаад зогсож байсан. Тэр хоёроос тамхи авах санаатай тэр хоёрлуу дөхөөд очтол машины голд байсан гар утас дуугараад утсаа авах гэж тонгойгоод буцаад хартал хашааны буланд зогсож байсан, Ганбаа ах Саарлаа хоёрыг мөргөөд хашаа мөргөөд зогссон. Тэгээд би ухраад согтуу байсан болохоор сандарсандаа зугтаасан. Тэгээд би тэр чигээрээ яваад гэрийн хашаанд орж машинаа тавиад гадаа хашаанд аав, ээж хоёр гражийн үүдэнд юм хийгээд зогсож байхаар нь ээжид машины түлхүүр өгөөд гэрлүү орж хөргөгчинд дээрээс нь жоохон уучихсан нэг шил архи байсаныг авч гараад манай урд талын гудамжинд байдаг Ц-гийнд ороод болсон ослын талаар хэлээд архиа хувааж уусан. Тэгээд би осол болсон газарлуу очиж харах гээд явж байтал Ганбаа ахын хүүхэд нь тааралдаад барилцаж авсан тэрнээс хойш сайн юм санахгүй байгаа тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан...” /хх-ийн 65-66/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-8/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа /хх-ийн 19/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №4012 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлтэд: 1. Д.Г-ын биед баруун шилбэний тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 47/ гэсэн,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 170 дугаартай магадлагаа: “Жолооч Т.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 52-53/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хохирогч Г.М-ийн “...Гомдол санал байхгүй тул шүүх хуралд оролцохгүй. Цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 90/ гэсэн хүсэлт,

- Шүүгдэгч Т.Ц-ын хувийн байдалтай холбоотой цагдаагийн ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны лавлагаа /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй сэхэх хураангуй лавлагаа /хх-ийн 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, шүүхийн шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 70/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 73/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.27 хувийг согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн эцсийн буудалд байрлах дэлгүүрийн урд замд Ниссан Вингроүд маркийн 33-67 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Г, Г.М нарыг мөргөж, Д.Г-ын эрүүл эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг,

дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа- алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Г, гэрч З.Ц-, иргэний хариуцагч Ё.Т нарын болон шүүгдэгч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны № 2031, 2032, 4012 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор заажээ.

Шүүх шүүгдэгч Т.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялд дүйцүүлэн оногдуулсан хорих ял дээр нэмж, дээрх нийлмэл гэмт хэргүүдэд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоов. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд баруун шилбэний тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалтай  холбоотой баримт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 250,000 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 90-р хуудасны ар тал/ ба шүүхийн шатанд хохирогч Д.Г цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой 3 сая төгрөг нэхэмжилнэ гэснийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ын биед хүндэвтэр хохирол учирсан боловч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж ирүүлээгүй, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай хуулийн зохицуулалт байхгүй тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна. Харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой болон сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1903003170210 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Т.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №380001 дугаартай эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Т-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-гийн Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн Т-гийн Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №38.... дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь хохирогч Д.Г-ад эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Т.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Д.АЛТАНЖИГҮҮР