Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 209/МА2017/00083

 

                                                         *******ийн нэхэмжлэлтэй

                                                      иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2016/01731/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Жалайр овогтой *******ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч Их монгол овогтой *******

Хариуцагч Боржигон овогтой *******

Хариуцагч Таван жаргалант овогтой ******* нарт холбогдох   

          Түрээсийн төлбөр 22.000.000 төгрөг болон хохирол 5.144.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас:

******* өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2900LC-7 маркийн экскаваторыг ******* сарын 16.000.000 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 11-ниий өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түрээслүүлэхээр гэрээ хийсэн. 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нарт эксковаторыг хүлээлгэн өгч түрээсийн төлбөрийн урьдчилгааг 8.000.000 төгрөгөөр тохирсон боловч мөнгөний боломж тааруу байна гээд 2.000.000 төгрөг өгөөд эксковаторыг авч явсан. 2015 оны 07 дугаар сарын 20 хүртэл чимээ сураггүй болсон тул эксковатор ажиллаж байгаа газрыг хайж Шарын гол суманд очиж ******* уулзахад түрээсийн мөнгийг 2015 оны 08 дугаар 25-ны өдөр өгнө гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* лүү утасдаж техникийг эвдчихсэн Шарын голд айлын хашаанд тавьсан гэж хэлсэн. Энэ тухай сонсоод Шарын гол сум руу очиж техникээ олж, хот руу зөөлгөж засвар хийлгэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч :

Түрээсийн төлбөр болон засвар үйлчилгээний мөнгийг өгнө гэсэн боловч өгөхгүй байх тул гэрээнд заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эксковатар ашигласны түрээсийн төлбөр урьдчилгаанд төлсөн 2.000.000 төгрөгийг хасч 22.000.000 төгрөг, техникийг Улаанбаатар хотруу тээвэрлэсний төлбөр 2.000.000, эксковаторын компьютерийн удирдлагыг сольж засуулсан зардал 1.400.000 төгрөг, аккумлятор авсан үнэ 270.000 төгрөг, түлхүүр багаж хэрэгслийн үнэ 80.000 төгрөг, тос тосолгооны материалын үнэ 914.000 төгрөг, цилиндр сальникийн үнэ 180.000 төгрөг, техникийг авахаар Шарын гол сумруу ирж, очсоны зардал 300.000 төгрөг нийт 27.144.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос:

Түрээсийн гэрээнд юу түрээслэсэн нь тодорхой бус гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй байна. 2016 оны 01 дүгээр сард Б.Ганжигүүр *******ийн өмнөөс хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. нь ******* эксковаторыг авчирч өгсөн боловч ажил хийж амжаагүй байхад эвдэрсэн. Хариуцагч , Ж.Алтанхуяг нар нь нэхэмжлэгчид төлбөр төлөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатараас:

Автомашин түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэрээнд 2015 оны 08 дугаар сар гэж оноо байгаа боловч яг хэдний өдөр гэрээ байгуулсан, машины марк, дугаар, хэний эзэмшлийн машин болох талаар гэрээнд  тусгаагүй байна. ******* нь энэ машины өмчлөгч биш учир түрээслэх эрх бүхий этгээд биш байна. Техникийн бичиг баримт нь гэрээнд хавсаргаагүй байдаг. Автомашиныг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар акт үйлдэнэ гэж гэрээнд заасан боловч хүлээлгэж өгсөн, хүлээж авсан акт байхгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлд түрээслэгчид машин шилжүүлэхэд бичиг баримтын хамт шилжүүлэн өгнө гэж заасан боловч бичиг баримтыг түрээслэгчид шилжүүлж өгөөгүй байдаг. Улсын дугаар, марк, хөдөлгүүрийн дугаар, арлын дугаар, бичиг баримтыг гэрээнд хавсаргаагүй байх тул машин түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасны баримтлан *******ийн гаргасан , Ж.Алтанхуяг, Ч.Хишигсүрэн нараас 27.144.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.000 төгрөгөөс илүү төлсөн 4330 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 293.670 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

            Миний бие , Э.Алтанхуяг, Ч.Хишигсүрэн нарт түрээслүүлсэн эксковаторыг Д.Цэгмэдээс зээлээр худалдан авахаар тохирч, төлбөрийг гүйцэд төлж барагдуулах хүртэл хугацаанд өөрийн эзэмшилд байлгахдаа 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нараас урьдчилгаа 2.000.000 төгрөг хүлээн авч, эксковаторыг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “эксковаторыг хэн хэзээ авсан талаар мэдэхгүй, 2.000.000 төгрөгийн урьдчилгааг хэн өгснийг мэдэхгүй” гэсэн утгатай тайлбар өгсөнийг ойлгохгүй байна. Би , Э.Алтанхуяг, Ч.Хишигсүрэн нарыг таньдаггүй байсан ба эксковаторыг хамтран худалдаж авсан Б.Ганжигүүрээр дамжуулан хүмүүстэй танилцаж, урьдчилгаа 2.000.000 төгрөг авч, машинаа ачуулж явуулсан. Гэрээ хэлцлийг би өөрөө хийсэн учир болсон явдлыг сайн мэдэж байна. Тухай үйл явдалд биечлэн оролцож байсан хүний хувьд хариуцагч нартай түрээсийн гэрээ төлбөрийн талаар ярилцаж, Ж.Алтанхуяг нь Б.Ганжигүүрт түрээсийн төлбөр төлнө гэж ярьж байгааг гар утасны камераар бичиж авсаныг буулгасан CD бичлэг нь одоо ч надад хадгалагдаж байна. Шарын голын уурхайд намайг очиход эксковатор хэвийн ажиллаж байсан. Харин дараа нь МХГ-аас уурхай дээр очиж хариуцагч нарын зөвшөөрөлгүй ажиллаж байна гэсэн үндэслэлээр ажлыг нь зогсоохын тулд манай экскаваторын компьютерийг хурааж авсан гэж *******т ярьсан байсан. Иймд эксковатор түрээслэсэн үйл явдалд огт оролцоогүй итгэмжлэгдсэн төлөөлөгч , Ж.Эрдэнэбаатар нарын “мэдэхгүй, тодорхойгүй байна” гэх тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Ч.Хишигсүрэн Ж.Алтанхуяг нарт холбогдуулж түрээсийн төлбөр 27.144.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Ж.Эрдэнэбаатар, нар зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сард хийгдсэн түрээсийн гэрээнд эрх зүйн талаас нь дүгнэлт хийж, нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн баримтуудыг үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ байна гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн 5 дугаар талд авагдсан ”Автомашин түрээслэх тухай гэрээ” гэсэн баримтаас харвал хариуцагч Ч.Хишигсүрэн Ж.Алтанхуяг нар *******ийн эзэмшлийн “Hyundai Robex 2900LC-7” маркийн эксковаторыг 1 сарын 16.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, урьдчилгааны төлбөрт 2.000.000 төгрөг өгч 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 25 хүртэл авч ажиллуулсан нь хэргийн 49-55 дугаар талд авагдсан Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр, гэрч ийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэргээр нотлогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “Гэрээний аль нөхцлийн утга  нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж зааснаар талуудын хооронд “Түрээсийн гэрээ” нэртэй гэрээ хийгдсэн боловч болсон үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д тодорхойлсон түрээсийн гэрээ нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэх зориулалтаар хийгддэгээрээ эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагдана

Хэрэгт авагдсан гэрээг Ч.Хишигсүрэн төлөөлөн бичгээр байгуулсан байх боловч хариуцагч Ч.Хишигсүрэн, Ж.Алтанхуяг, нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн байх бөгөөд 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар хариуцагчид нь адил тэнцүү үүрэг хүлээх учиртай гэж үзнэ.

Хэргийн 6 дугаар талд авагдсан Ж.Алтанхуяг, Ч.Хишигсүрэн нарын гарын үсэг зурсан “Баталгаа гаргах нь” гэсэн  баримт нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээний нэг тал эд хөрөнгийг ашиглаж байгааг гэрчлэх баримт тул гэрээ байгуулаагүй гэснийг няцаах баримт болно.

Хэргийн 47,48 дугаар талд авагдсан баримт нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг нотлохоос гадна нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй, хөлслүүлсэн эд хөрөнгө нь хэвийн ажиллаж байсан болон дараа нь хүлээн авахад эвдрэлтэй байсан талаар хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлэг, засвар хийснийг нотлох зарлагын баримтууд, тэдгээрийн цаг хугацаагаар нотлогдох бөгөөд хариуцагч Ч.Хишигсүрэн, Ж.Алтанхуяг, нар Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Гэрээ хийгдэх үед нэхэмжлэгч ******* гэрээний эд зүйл болох эксковаторын эзэмшигч байсан болох нь гэрч Д.Цэвэгмидийн мэдүүлэг, мөнгө өгч авсан тухай баримт болон Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч мөн байна.

Иймд өмчлөгч биш этгээд бусдын эзэмшилд эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Хишигсүрэн, Ж.Алтанхуяг, нараас нэхэмжлэлээр шаардсан төлбөрөөс эксковаторыг 45 хоног ашигласны төлбөр 22.000.000 төгрөг, эксковаторын компьютерийн удирдлагыг сольж засуулсан зардал 1.400.000 төгрөг, тос тосолгооны материалын үнэ 914.000 төгрөг, нийт 24.314.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

            “Иргэний хуулийн  318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т тус тус заасныг баримтлан *******ийн гаргасан Ч.Хишигсүрэн, Ж.Алтанхуяг, нараас 27.144.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 242 дугаар зүйлийн 242.11-д тус тус зааснаар хариуцагч  Ч.Хишигсүрэн, Ж.Алтанхуяг, нар тус бүрээс 8.104.667 төгрөг, нийт 24.314.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс 2.830.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтанд “хариуцагч Ч.Хишигсүрэн, Ж.Алтанхуяг, нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 144.625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ 

                                                                                         ШҮҮГЧИД                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Л.АМАРСАНАА