Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 375

 

   “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0429 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: 1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудыг баримтлан Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай актаар тогтоосон төлбөрийг 11,309,291.2 /торгууль 5,077,140.2 төгрөг, алданги 6,232,151 төгрөг/ төгрөгөөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тогтоосон төлбөрийг 9,919,311.5 /торгууль 3,719,741.8 төгрөг, алданги 6,199,569.7 төгрөг/ төгрөгөөр тус тус багасгаж, Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай акт, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2. Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтэс нь Т ХХК-ийн дээрх актаар тогтоосон төлбөл зохих татварын өр, төлбөрөөс нийт 21.228.602.7 /хорин нэгэн сая, хоёр зуун хорин найман мянга, зургаан зуун хоёр төгрөг, далан мөнгө/ төгрөгийн төлбөр /торгууль, алданги/-ийг татварын мэдээллийн баазаас хасч тооцох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0429 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.2, 10.7-д заасныг тус тус баримтлан Т ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дүгээр актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Т ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 221/МА2019/0429 магадлал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт:..хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлэхээр зохицуулсан боловч нэхэмжлэгч нь 2015 оны 200015433, 2016 оны 200015481 дүгээр актуудаар тогтоосон зөрчилтэй маргаагүй, нөхөн татвараа төлөөгүй, уг актуудтай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.06-ны өдрийн 870 дугаар тогтоолоор дээрх 2 актаар ногдуулсан өр төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүхийн зүгээс 9.919.311,5 төгрөгийн шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх боломжгүй төдийгүй татварын мэдээллийн баазаас хасахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна... гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн 200015433 дугаартай актын 11.309.291,2 төгрөгийн торгууль алдангийг магадлалд дутуу шийдвэрлэсэн.

5. “Т” ХХК анхнаасаа 2015 оны 200015433, 2016 оны 200015481 дүгээр актуудын зөрчлийн талаар маргаагүй бөгөөд зөвхөн Татварын байгууллага болон шүүхийг хуульд заасан боломжоор тэгш хангахыг хүсэн нэхэмжлэл гаргасан билээ. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчиж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

6. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн асуудал бол татварын албаны мэдээллийн баазад бүртгэлтэй өрийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү өр дотор татварын улсын байцаагчийн 2 актаар тогтоосон өр орсон байгаа бөгөөд татварын албанаас шүүхэд өр нэхэмжилсэн юм. Өршөөлийн хууль гарахаас өмнө Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим болон Иргэний хэргийн танхимын тогтоолтой татварын өрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тогтоол гарган торгууль, хүү, алдангийг хүчингүй болгож энэ талаар татварын байгууллага хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль зөрчин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.06.06-ны өдрийн 870 дугаар тогтоолыг үндэслэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг дээд шүүхийн тогтоолоос доогуур үнэлж байгаа нь илт хууль бус байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 221/МА2019/0429 магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

9. Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Т” ХХК-ийн 2011-2014 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг үндэслэн, татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар актаар 28,233,091.6 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дүгээр актаар 22,318,450.9 төгрөгийн татварын төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

10. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дүгээр актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.5 дахь заалтын дагуу актаар тогтоосон төлбөрийг, уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөөгүй, ...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэстэй” гэж тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгчийн үндсэн хүсэл зориг нь дээрх, татварын улсын байцаагчийн 200015433, 200015481 дүгээр актуудыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тогтоосон, хуульд заасан энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заажээ.

12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Т” ХХК нь дээрх, татварын улсын байцаагчийн 2015 оны 200015433, 2016 оны 200015481 дүгээр актуудтай холбогдуулан Орхон аймгийн Татварын хэлтэст 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03/19 тоот албан бичгээр “... биелэгдээгүй актын төлбөрийг шинэ хуулийн дагуу бүртгэн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргахад, тус татварын хэлтсээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/111 тоот албан бичгээр “...холбогдох актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариу өгсөн, мөн Татварын ерөнхий газарт 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/19 тоот албан бичгээр гомдол гаргахад, тус газар нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10/462 тоот албан бичгээр “...татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар актаар зөрчил тогтоогдсон, зөрчил шалгах ажиллагаа хийгдэж дууссан тул Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зөрчлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” гэсэн хариу өгсөн. Түүнчлэн, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00870 дугаар тогтоолоор, дээрх 2 актаар тогтоосон төлбөрийг нэхэмжлэгч “Т” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эдгээр нөхцөл, байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн дээрх актуудыг мэдсэн атлаа тухайн үедээ маргаж байгаагүй байна.

13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн 2015 оны 200015433, 2016 оны 200015481 дүгээр актуудтай маргаж, хуульд заасан хугацаанд татварын маргаан таслах зөвлөл болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй атлаа энэхүү нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасныг дээрх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

14. Дээрх байдлаар нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, улмаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг залруулалгүй шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. 

15. Ийнхүү хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0429 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дүгээр актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА