Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: ”Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       Хариуцагч: ОАТХ-т холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0009/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАТХ-ээс тус компанийн 2011-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар актаар 28,233,091.6 төгрөгийн төлбөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актаар 22,318,450.9 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, ногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Ийнхүү 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж ирсэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь манай компанийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа юм. Зөрчлийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийтгэврийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан. Манай компани дээрхи актуудын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан. Манай компанийн гаргасан зөрчлийн актаар тогтоосон төлбөрөөс 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд тавьсан 22,318,450.9 төгрөгийн төлбөр, 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд тавьсан 26,150,726.3 төгрөгийн төлбөрийн хамгийн сүүлийн зөрчил гаргасан хугацааг тоолж эхлэх хугацаа нь 2014.02.10-ны өдөр юм. Энэхүү зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа 2019.02.10-ны өдөр дууссан байна. Бид ОАТХ-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2, 1.5 дахь заалтын дагуу дээрх биелэгдээгүй актын төлбөрийг шинэ хуулийн дагуу бүртгэн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/111 албан бичгээр боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Улмаар 2019.01.31-ний өдрийн 06/19 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2019.02.18-ны өдрийн 10/462 дугаар албан бичгээр Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Энэхүү хариу бичгүүд нь манай байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, ногдуулсан шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан заалтад хамрагдах эрхийг хууль бусаар зөрчиж байна. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдан гарснаас хойш Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим энэхүү хуулийг татварын Улсын байцаагчийн актаар тавьсан зөрчлийг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т хамруулж өршөөн хэлтрүүлж ирсэн. Иймд Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 Татварын алба болон татварын Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй, 72.1.2-д татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад, 72.2-д Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул ОАТХ-ийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар актаар 28,233,091.6 төгрөгийн төлбөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актаар 22,318,450.9 төгрөгийн төлбөрөөс 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд тавьсан 22,318,450.9 төгрөгийн төлбөр, 2012-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд тавьсан 26,150,726.3 төгрөгийн төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг ОАТХ-т даалгаж өгнө үү” гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын Улсын байцаагчид 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 тоот актаар 28,233,091.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулж 4,504,234 төгрөг төлсөн, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 тоот актаар 22,318,450.9 төгрөгийн төлбөрийг хариуцуулж 100,000 төгрөг төлсөн байгаа бөгөөд тус актуудаар тогтоогдсон төлбөр 45,947,308.5 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Татварын ерөнхий хуулийн 57.1.2-д хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног багтаан төлбөрийг төлөхөөр хуульчилсан байдаг. Нэхэмжлэлд актын төлбөрийг төлөөгүй байгаа гэж дурдсан боловч татвар төлөгч нь 2015, 2016, 2017 онуудад хариуцуулсан актуудын төлбөрөөс барагдуулалт хийсэн байна. Үүнээс үзэхэд холбогдох актуудыг зөвшөөрөн төлж байсан гэж үзэх үндэслэлтэй болно. Зөрчлийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан 2017 оноос өмнө үйлдэгдсэн татварын Улсын байцаагчийн актуудыг хууль буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл, боломж ч байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд ногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ хэмээн заасан байдаг. “Т” ХХК-д ногдуулсан акт нь Зөрчлийн тухай хууль гарахаас өмнө тогтоогдсон акт юм. Иймд хуулийг буцаан хэрэглэж, актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгч дээрх хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж, гүйцэтгэж ажиллах ёстойг заасан. Татварын албаны хэмжээнд жилд Татварын ерөнхий газраас баталсан төлөвлөгөө, хөндлөнгийн мэдээлэл, бусад байгууллагын мэдээллийн дагуу шалгах шаардлагатай аж ахуйн нэгжийн тоо тодорхой гарч ирдэг. Ерөнхий төлөвлөгөөг Татварын ерөнхий газраас баталж аж ахуйн нэгжийг сонгодог. Уг сонголтод орсон аж ахуйн нэгж зөрчилтэй бол акт үйлдэгддэг. Өнөөдрийн байдлаар татварын алба хагас жилдээ 100 гаруй, өмнөх жилд 100-200, 200 дээш хэмжээний акт тавигдаж байна. Акттай холбоотойгоор ямар нэгэн үндэслэл шалтгаанаар 100 хувь төлбөрийн акт барагдахгүй байна. Акттай холбоотой төлбөр бусад аж ахуйн нэгжид ч байгаа. Хууль бүх аж ахуйн нэгжид эрх тэгш үйлчлэх, аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгохгүй байхаар батлагдсан. Бусад төрийн байгууллагууд 2014, 2015, 2016 оны хуулийг буцаан хэрэглэхэд хууль зүйн талаасаа ойлгомжгүй учир дутагдалтай байдал үүсч байгаа юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах эрхийг хүндлэх нь зүйтэй. Гэхдээ “Т” ХХК өөрт хуулиар олгогдсон үүргээ биелүүлэх ёстой. “Т” ХХК нь хүү, торгуулийг хасах талаар өмнөх жилүүдэд татварын албанд хүсэлт гаргаж байсан. Татварын хэлтсээс нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд тодорхой хариуг өгсөн. Нэхэмжлэгч “Т” ХХК-д хуульд заасан хугацаанд төлбөрийг төлсөн тохиолдолд дээрх байдал үүсэхгүй байсан. Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар “Т” ХХК-тай холбогдуулан Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хуралдаанаар “Т” ХХК-ийг үүргээ биелүүлэх шаардлагатай гэсэн тогтоол гарсан. Нэхэмжлэгчийн дурдсанчилан 4-5 жилийн хугацаанд төлж барагдуулах хугацаа байхад “Т” ХХК татварын өрийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг төлж барагдуулах санаачлага гаргаагүй. Харин “Т” ХХК актыг хүчингүй болгох, хугацааг хойшлуулах арга хэмжээг тасралтгүй хийж байсан. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс үүргээ учир дутагдалтай хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх, 2015, 2016 оны актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Т” ХХК нь ОАТХ-т холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар актаар тогтоосон 28,233,091.6 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актаар тогтоосон 22,318,450.9 төгрөгийн төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

“ОАТХ-ээс “Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай актаар 16,923,800.4 төгрөгийн нөхөн татвар, 5,077,140.2 төгрөгийн торгууль, 6,232,151 төгрөгийн алданги, нийт 28,233,091.6 төгрөгийн төлбөр /Хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас/;

2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын Улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар 12,399,139.4 төгрөгийн нөхөн татвар, 3,719,741.8 төгрөгийн торгууль, 6,199,569.7 төгрөгийн алданги, нийт 22,318,450.9 төгрөгийн төлбөр /Хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас/-ийн акт тус тус гаргажээ.

ОАТХ-ийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай акт болон 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актуудыг эс зөвшөөрч “Т” ХХК нь маргаж байгаагүй бөгөөд эдгээр актууд нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Харин нэхэмжлэгчээс Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулах талаар маргаан үүсгэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан зохицуулалт нь “Т” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн талаар татварын хууль, тогтоомж зөрчсөн зөрчилд хамаарахгүй болно.

Хууль буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн зөрчил шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох, алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байх-аар хариуцлага хүлээлгэдэг байсан нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд хэвээр байгаа бөгөөд хуучин хуулийн зохицуулалт болох хариуцлагын арга хэмжээ нь шинэ хуулийн зохицуулалтаар хөнгөрөөгүй, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт агуулаагүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шинээр батлагдаж хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хууль нь “Т” ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх, улмаар ...шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдол гэдэг үндэслээр Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ гэж зааснаар “Т” ХХК-д оногдуулсан шийтгэл хэвээр үйлчлэх бөгөөд энэхүү зөрчил нь ОАТХ-ийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актуудаар тус тус тогтоогдсон гэж үзнэ.

Харин “Т” ХХК-ийн татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хамаарч байх тул тухайн зөрчилд оногдуулсан торгууль /торгууль, алданги/-ийн арга хэмжээг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 /Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ/, 10 дугаар зүйлийн 10.1 /...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ...захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна/, 10.2 /Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна/ дахь заалтуудын дагуу өршөөлд хамруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд тунхагласан төрийн үйл ажиллагааны тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцнэ.

Тодруулбал, ”Т” ХХК-ийн татварын хууль, тогтоомж зөрчсөн зөрчил нь ОАТХ-ийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай акт, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тус тус тогтоогдсон, тухайн зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан байх тул татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай актаар оногдуулсан 5,077,140.2 төгрөгийн торгууль, 6,232,151 төгрөгийн алдангийг, мөн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар оногдуулсан 3,719,741.8 төгрөгийн торгууль, 6,199,569.7 төгрөгийн алдангийг өршөөлийн хуульд хамруулж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Харин татвар төлөгч “Т” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул дээрх актуудаар тогтоосон нөхөн татвар болох татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай актаар тогтоосон 16,923,800.4 төгрөгийн нөхөн татвар, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тогтоосон 12,399,139.4 төгрөгийн нөхөн татварыг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудыг баримтлан “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ОАТХ-ийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай актаар тогтоосон төлбөрийг 11,309,291.2 /торгууль 5,077,140.2 төгрөг, алданги 6,232,151 төгрөг/ төгрөгөөр, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тогтоосон төлбөрийг 9,919,311.5 /торгууль 3,719,741.8 төгрөг, алданги 6,199,569.7 төгрөг/ төгрөгөөр тус тус багасгаж, “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаартай акт, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаартай актаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Хариуцагч ОАТХ- нь “Т”ХХК-ийн дээрх актаар тогтоосон төлбөл зохих татварын өр, төлбөрөөс нийт 21.228.602.7 /хорин нэгэн сая, хоёр зуун хорин найман мянга, зургаан зуун хоёр төгрөг, далан мөнгө/ төгрөгийн төлбөр /торгууль, алданги/-ийг татварын мэдээллийн баазаас хасч тооцох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Т”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАТХ-ээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.УУГАНЦЭЦЭГ