Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2017/00085

 

*******гийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

                                                                                                                                                 Хэргийн индекс: 135/2017/00224/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 435 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул  салбарт холбогдох    

           “ажилгүй байсан хугацааны цалин 5.419.422 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай” иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Т.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч *******гаас:

 Би Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилд ороод 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Уг асуудлаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Төрийн банкны салбараас давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 149 тоот магадлалаар уг гомдлыг хангахгүй орхиж Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 903 тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнээс хойш Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбараас дахин гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад намайг ажилд аваагүй.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговор 5.419.422 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Төрийн банк,  ******* нараас:

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзээд энэ шаардлагаар дахин маргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ******* хоёр шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал, түүнтэй адилтгах орлого нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх талаар тайлбар гаргаж байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Төрийн банкнаас хяналтын журмаар гомдол гаргаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай тушаалаар *******ыг авсан. ******* нь тухайн үед 3 хүртэл насны хүүхэдтэй мөн жирэмсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/383 дугаартай орон тоо хасах тушаалаар Төрийн банкны системийн хүрээнд Төрийн банкны нийт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэх орон тоог хасагдсаж *******н ажиллаж байсан орон тоо хамрагдсан. Төрийн банкны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6-д заасны дагуу *******гийн ажил албан тушаал нь хасагдсан боловч уг албан тушаалтай дүйцэхүйц ажилд буюу теллерээр ажилд авах мэдэгдэл гаргасан. Үүнийг ******* хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцоод 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан. Энэ хугацаанд банк боломжит арга хэмжээг авсан. 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр теллерийн орон тоо гарахад Дархан салбарын захирлын 19 дугаартай тушаалаар *******г теллерээр ажилд авсан. Иймд банкны зүгээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх болон *******г ажилд нь эгүүлэн авах арга хэмжээг авсан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд ******* нь туршилтын хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад туршилтын хугацаа дуусахаас 17 хоногийн өмнө ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч ******* нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдэж байгаа. Магадлал хүчин төгөлдөр болсныг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах ёстой байсан. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 435 дугаар  шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4.026.342 гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1.393.078 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төрийн банкны Дархан-Уул салбарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.720 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас улсын тэмдэгтийн хураамжид 79.371 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн  тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх дүгнэхдээ ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан нь буруутай байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн үүнийг шийдвэрийн үндэслэл болгон, энэ байдалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй мэтээр дүгнэлт, тайлбар хийж хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн үдэслэлээс харагдаж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох ерөнхий зарчмыг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан шүүхэд дүрс бичлэгийг “CD” хэлбэрээр гарган ирүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч дүрс бичлэгийг бичгийн хэлбэрт оруулаагүй байсан тул шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад уг дүрс бичлэгт  үзлэг хийж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах байдлаар нотлох баримтыг үнэлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд  шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”  гэснийг зөрчсөн. ******* ажилгүй байсан  бүх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговроо нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй, шаардлага гаргаагүй байхад хариуцагч Төрийн банкийг үүрэгтэй мэтээр ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

            Нэхэмжлэгч *******  хариуцагч  Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарт  холбогдуулан   2016 оны  04 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  хүртэл  ажилгүй байсан хугацааны  цалин  5.325.982  төгрөг  гаргуулах шаардлага гаргасныг  хариуцагч  эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэр  2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр  хүчин төгөлдөр болсон, Төрийн банкны гүйцэтгэх захирлын  А\383 дугаартай  орон тоо хасагдах тушаалаар  *******гийн ажлын орон тоо хасагдсан, гэсэн ч  өмнөх ажил албан тушаалтай дүйцэх  ажил буюу  теллерээр  ажилд авах мэдэгдэл гаргасан, энэ хугацаанд банк боломжит арга хэмжээг авсан,  ******* нь  давж  заалдах шатны шүүхийн магадлалыг  хүчин төгөлдөр болсноос  хойш   3 сарын дотор  гомдлоо гаргах ёстой байсан,  хөөн хэлэлцэх хугацаа  дууссан гэж үзэж  байна гэж   маргажээ.

            Хэргийн үйл баримтаас  үзэхэд  *******г  Төрийн банкны Дархан-Уул  салбарын  захирлын  2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалаар  харилцагчийн  үйлчилгээний  мэргэжилтэний ажлаас  чөлөөлсөн бөгөөд  ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг шүүхэд гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06  дугаар сарын 15-ны  өдрийн  903 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж заалдах  шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр магадлалаар   анхан шатны  шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр  болсон байна.

            Шүүхийн  шийдвэрийг Төрийн  банкны Дархан-Уул салбар   биелүүлж,  2017 оны  02 дугаар сарын 15-ны өдөр  хуучин Дархан тооцооны төвийн  теллерийн ажилд  томилжээ.

            *******г  ажил,   албан тушаалд  эгүүлэн тогтоосон учраас  Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн  69.1-д  зааснаар   ажилгүй байсан   бүх хугацаанд  урьд авч байсан  дундаж цалин хөлстэй  тэнцэх  олговроо  шаардах эрхтэй,  энэ эрхийн дагуу гаргасан нэхэмжлэл  бүхий иргэний хэргийг,

            Анхан шатны  шүүх  нэхэмжлэлийн  шаардлагын зарим  хэсэг  2016 оны 06 дугаар сарын 15-наас  2017 оны  02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх  ажилгүй байсан хугацааны  цалин олговор  4.026.342  төгрөгийг хариуцагчаас   гаргуулж, харин  2016  оны  04 дүгээр  сарын 01-нээс  2016 оны 06 дугаар сарын 15  хүртэлх хугацааны   цалин олговор 1.393.078 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   эс зөвшөөрч  давж заалдах журмаар   гомдол гаргасан  байна.

            Давж заалдах гомдлын үндэслэлд  “...шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр  зүйлийн 129.1-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч .******* шүүхэд дүрс бичлэг ирүүлсэнийг  нотлох баримт шинжлэн судлах явцад шүүх хуралдааны  тэмдэглэлд тусгах   байдлаар  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар үйлийн 48.1-ийг  зөрчсөн  гэж  дурджээ.

            Нэхэмжлэгч ******* ажил, албан тушаалд буцаан тогтооосонтой холбоотойгоор ажилгүй  байсан хугацааны  цалин олговор  гаргуулах  шаардлага  гаргажээ.

            Анхан шатны  шүүх   Хөдөлмөрийн тухай хуулийн  129 дүгээр зүйлийн 129.1-д  заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар  дүгнэлт хийсэн.

            Хөдөлмөрийн тухай хуулийн  129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн   хугацаа нь  хөдөлмөрийн гэрээний талуудын  хооронд  маргаан үүссэн  нөхцөлд  хөдөлмөрийн маргаан таслах  комисст  гомдол гаргах  хугацаа  юм. Энэ нэхэмжлэл   Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2-т  зааснаар  шүүхээр  шийдвэрлэх  маргаан тул 129 дүгээр зүйлийн 129.1-д  заасан хөөн хэлэлцэх хугацаа  хамаарахгүй.           

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.371 төгрөгийг төрийн сангийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ           

                                                                                          ШҮҮГЧИД                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ