Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00224/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 65 тоотод оршин суух Дооров овогт Володъяагийн Баярмагнай /РД:ТЗ79061814/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багт байрлах Төрийн банкны Дархан-Уул салбарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 5.419.422 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.                                   

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч В.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилд ороод 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Уг асуудлаар  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Төрийн банкны салбараас давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 149 тоот  магадлалаар уг гомдлыг хангахгүй орхиж Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 903 тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнээс хойш Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбараас дахин гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад намайг ажилд аваагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговор 5.419.422 төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банкнаас шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлүүлсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч В.Баярмагнай нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.4-т заасан зохигч ба хэргийн бусад оролцогч түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааг иргэний хэрэг хянан хэлэлцэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байдаг. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзээд энэ шаардлагаар дахин маргаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. В.Баярмагнай нь хоёр шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал, түүнтэй адилтгах орлого нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх талаар тайлбар гаргаж байна. Төрийн банкнаас Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шийдвэрийг гардаж аваад хуульд заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан. Энэ хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үндэслэл бүрдээгүй байсан. Манай талаас гаргасан гомдлыг Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож 149 дугаартай магадлалыг гаргасан. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Төрийн банкнаас хяналтын журмаар гомдол гаргаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай тушаалаар Н.Төгөлдөрсайханыг авсан. Н.Төгөлдөрсайхан нь тухайн үед 3 хүртэл насны хүүхэдтэй тул ажлаас чөлөөлөх боломжгүй байсан. Мөн Н.Төгөлдөрсайхан тухайн үед жирэмсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/383 дугаартай орон тоо хасах тушаалаар Төрийн банкны системийн хүрээнд Төрийн банкны нийт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэх орон тоог хассан. Үүнд нэхэмжлэгч В.Баярмагнайн ажиллаж байсан орон тоо хамрагдсан. Төрийн банкны зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6-д заасны дагуу В.Баярмагнайгийн ажил албан тушаал нь хасагдсан боловч уг албан тушаалтай дүйцэхүйц ажилд буюу теллерээр ажилд авах мэдэгдэл гаргасан. Үүнийг В.Баярмагнай хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцоод 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан. Энэ хугацаанд банк боломжит арга хэмжээг авсан. 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр теллерийн орон тоо гарахад Дархан салбарын захирлын 19 дугаартай тушаалаар В.Баярмагнайг теллерээр ажилд авсан. Иймд банкны зүгээс шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх болон В.Баярмагнайг ажилд нь эгүүлэн авах арга хэмжээг авсан. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг  хүртэл нийт 5 сарын хугацаанд В.Баярмагнай нь туршилтын хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад туршилтын хугацаа дуусахаас 17 хоногийн өмнө ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг бол мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан боловч нэхэмжлэгч хуулиар тогтоогдсон эрхээ зөрчигдсөнийг мэдэх буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд В.Баярмагнай гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэгч В.Баярмагнай нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдэж байгаа. Магадлал хүчин төгөлдөр болсныг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах ёстой байсан. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч В.Баярмагнай нь хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарт холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.419.422 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. /хх 51/

Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас “Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шийдвэрээр В.Баярмагнайгийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тухайн асуудлаар дахин маргах эрхгүй юм. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 3 сарын хугацаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Баярмагнайгийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүнийг Төрийн банкны Дархан-Уул салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч В.Баярмагнайгийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шийдвэрээр В.Баярмагнайг Төрийн банкны Дархан-Уул салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон боловч ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр Төрийн банкны Дархан-Уул сарбарын захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот тушаал (хх 41)-аар В.Баярмагнайг “Теллер”-ийн албан тушаалд томилсон талаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргахгүй байна.

Хэдийгээр хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбарын зүгээс В.Баярмагнайтай тохиролцсоны үндсэн дээр теллерийн албан тушаалд эгүүлэн томилсон ч хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 8 сарын хугацаа өнгөрсний дараа ийнхүү биелүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, эсхүл давж заалдах гомдлыг хянаад гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн магадлал гаргасан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог бөгөөд ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд хариуцах буюу түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацааг багтааж, хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Энэ нь ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсан ба тухайн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч гомдол гаргах нь хуульд заасан түүний эрхийн асуудал мөн боловч ийнхүү гомдол гаргаснаас нэхэмжлэгч талд үүсэх үр дагаврыг тэрээр хариуцах нь зүйтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба үүнд ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хугацаа хамаарна.

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтыг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцдог учраас ажилтны ажилгүй байсан хугацааг түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарч, бодитоор биелэснээр дуусгавар болсонд тооцох юм.

Түүнчлэн хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 3 сарын хугацааны дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогч ажилтанд теллерийн ажлын байрыг санал болгож, ажилтан саналыг хүлээн авсан байхад орон тоо гармагц ажиллуулна хэмээн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон атлаа ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуулийн хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. /хх 27-29, 33, 38, 41/

Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон буюу ажлаасаа үндэслэлгүй халагдсаны улмаас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсонд ажил олгогч буруутай тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч В.Баярмагнайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш түүнийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас гаргуулах нь зүйтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.1-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан.

Нэхэмжлэгч В.Баярмагнайгийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш түүнийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцоолоход /ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 509.214 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалин 509.214/ 21.5=23.684 төгрөг/ нийт 170 хоногийн цалин 4.026.342 төгрөг байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас 4.026.342 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Баярмагнайд олгох нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч В.Баярмагнайгийн ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш түүнийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилд нь томилох хүртэл хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Харин нэхэмжлэгч В.Баярмагнайг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1.393.078 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

Учир нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 903 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй юм.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.720 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4.026.342 гаргуулж, нэхэмжлэгч В.Баярмагнайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1.393.078 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Баярмагнайгийн ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төрийн банкны Дархан-Уул салбарт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.720 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч В.Баярмагнайд олгож, хариуцагч Төрийн банкны Дархан-Уул салбараас улсын тэмдэгтийн хураамжид 79.371 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.  

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ