Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2017/00116

 

 “Энхжин инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2017/00134/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 662 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч “Энхжин инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Боржигин овогтой *******т холбогдох   

          70.560.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “38.347.950 төгрөг гаргуулах”  сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, П.Нэргүй,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос:  

Дархан-Уул аймгийн Энхжин инвест ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байсан ******* нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр машин барьцаалж 45.000.000 төгрөгний зээлийг *******д олгосон. Уг зээлээс 15.000.000 төгрөг нь *******гийн данс руу, үлдэгдэл мөнгөнөөс *******ын данс руу 20.000.000 төгрөг, 9.980.000 төгрөгөөр тус тус орсон байдаг. Ингээд энэ зээл төлөгдөхгүй явсаар барьцаанд тавьсан ******* улсын дугаартай автомашиныг хүү, алдангид нь тооцоод нийт 7.000.000 төгрөгөөр бодож Улаанбаатар хотын толгой компани болох Энхжин-инвест ХХК нь машиныг хурааж авсан. Үлдэгдэл мөнгөн дээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Энхжин инвест ХХК-ийн Дархан салбарын захирал ******* үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 42.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ингээд *******гээс зээлээ төлөхийг Энхжин инвест ХХК нь удаа дараа шаардахад би энэ зээлийг төлөхгүй. Энэ зээлийг ******* авсан. Би 7.000.000 төгрөгөөр машинаа хураалгасан учир надад төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед толгой компанийн байгуулсан байгууллагын дотоод дүрэм, журмаар Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь 20.000.000 төгрөгөөс дээш зээлийг олгох ёсгүй, хоёрдугаарт хэрвээ зээл олговол дандаа машин барьцаалж байхаар журам дээрээ тусгасан. Гэтэл тухайн үед захирлаар ажиллаж байсан ******* байгууллагын дүрэм, журмыг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглаж *******д урьд авсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 45.000.000 төгрөгийн зээл төлөгдөөгүй учраас дахин гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж *******аас хүү 7.561.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг, нийт 70.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэжээ.

Хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас:

Нэхэмжлэлийн шаардлага болох 70.560.000 төгрөг нь 42.000.000 төгрөгийн  үндсэн зээл, 21.000.000 төгрөгний алданги, 7.560.000 төгрөгний хүү зэрэг 3 тусдаа үнийн дүнг нэгтгээд 70.560.000 төгрөг болсон байдаг. *******тэй 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийсэн. ******* нь удаа дараа Энхжин Инвест ХХК-ийн төв салбараас зээл авч байсан найдвартай зээлдэгч юм. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан зээлээ 2016 оны 02 дугаар сар хүртэл төлөгдөж байсан. Гэтэл 2016 оны 01 сард нь захирал Гэрэлт-Од *******т бүх зээлээ нэгтгээд гэрээ хийчих гэж хэлсэн. Зээл Дархан салбарын захиралтай ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр хувийн данснаас хувийн данс руу ордог. Гэтэл Улаанбаатар хотын толгой компаниас Дархан салбарын данс руу мөнгө орж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд *******гийн эзэмшлийн 3 өрөө байрыг нь барьцаанд авах талаар захиралтайгаа ярилцаж зөвшилцөөд захирлаас нь бүх захиран зарцуулах, эрхийг нь өөр дээрээ шилжүүлж авахаар хийгээрээ гэж хэлсэн. ******* хэлснийхэн дагуу үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Дараа нь захирал *******т хэлэхдээ чи ******* гэгчтэй нийлээд байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Энэ үйлдлийг чинь шалгуулна гээд 2016 оны 02 дугаар сард үүрэгт ажлыг нь хийлгэхгүй, булааж авсан. Ингээд үнэн учрыг нь олохоор Цагдаагийн газарт гомдлоо гаргаж, шалгагдаж эхэлсэн ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй.  Яагаад үндэслэлгүй вэ гэхээр 42.000.000 төгрөгний зээл нь 45.000.000 төгрөгний зээлийн гэрээнд дээр үндэслэж хийгдсэн гэрээ юм. Уг зээлийн гэрээний төлөлтийг Цагдаагийн байгууллагад хандах хүртэл буюу 2016 оны 02 дугаар сар хүртэл төлсөн. Мөн Тоёото Камри загварын ******* улсын дугаартай машиныг 15.000.000 төгрөгөөр тооцож уг зээлэндээ суутгаж авдаг. Дээрээс нь *******ын нэр дээр шилжиж очсон  миний 21.000.000 төгрөгний үнэтэй ******* улсын дугаартай Toyota Camry маркийн машины гэрчилгээг шилжүүлж аваад захиран зарцуулсан. Дээрх хоёр машин Энхжин инвест ХХК-ийн нэр дээр шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  хүсэлттэй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдагдснаар худалдах, худалдан авах эрх зүйн баримт бичиггүйгээр тухайн автомашиныг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлээс болж Toyota Camry маркийн 21.000.000 төгрөгийн үнэ бүхий машины мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсан. Энхжин инвест ХХК нь *******аас маргааны үнэн учрыг олтол хашаан дотроо машин байлгана гэж хэлж машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан. Уг маргаан Цагдаагийн газраар шалгагдаж байхад буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бусдад зарж захиран зарцуулах эрхийг нь шилжүүлсэн байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж автомашинаараа хохирч байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Toyota Camry маркийн 21.000.000 төгрөгийн үнэ бүхий машиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар Энхжин инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдуулан гаргасан  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр зээл 42.000.000 төгрөг, хүү 7.560.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг нийт 70.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Энхжин инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбараас машины үнэ 21.000.000 төгрөг, ажилласан хугацааны урамшуулал 17.000.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 347.950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Энхжин инвест” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 510.750 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 347.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтанаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлтэй маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байхад шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бодитойгоор үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна.

Мөн *******ын гаргасан сөрөг нэхэмжлэл нь “Энхжин инвест” ХХК-ийн Дархан салбарт ямар ч хамааралгүй, Улаанбаатар хотод байрлах толгой компанид хамааралтай маргаан байхад хэргийг харъяалал зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч гаргасан нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                 ХЯНАВАЛ:

            Шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь  зүйтэй.

Шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй байна.

Үүнд:

1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад  хэргийг  шийдвэрлэжээ.

“Энхжин инвест” ХХК-ийн  ерөнхий захиралаас  гүйцэтгэх захирал М.Мөнхцэцэгт   шүүхэд  төлөөлөх  итгэмжлэл  олгогдоогүй байхад  компанитай холбоотой  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-ийг  зөрчсөн.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  62 дугаар зүйлийн  62.1-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг  үндэслэл болдог.

Хэрэг үүсгэснээс хойш  нэхэмжлэлийн  бүрдүүлбэр хангагдаагүй гэх шалтгаанаар хэргийг  хэрэгсэхгүй болгох  боломжгүй  боловч  нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг  тодруулах ажиллагааг хийгээгүйг буруу гэж үзнэ.

2.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой биш байхад хэргийг  шийдвэрлэснээр эрх зүйн маргааныг хууль зүйн  үндэслэлтэй   хянан шийдвэрлэсэн гэж үзэхэд  учир дутагдалтай  байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний  үүрэг үндсэн зээл 42.000.000 төгрөг, хүү 7.561.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг нийт 70.560.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн  шаардлага нь  зээлийн гэрээний  үүрэгтэй холбоотой  шаардлага байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд:

2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр олгосон  зээлээс 15.000.000 төгрөг нь н.*******гийн  \зээлдэгч\ данс руу, 29.980.000 төгрөг *******ын  данс руу орсон, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь үл хөдлөх хөрөнгө барьцаалж 42.000.000 төгрөгийн зээлийн гэрээ  байгуулсан, “Энхжин инвест” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь 20.000.000 төгрөгнөөс дээш зээлийг олгох ёсгүй, зээлийн барьцаанд  машин л барьцаалж байх журамтай,  ******* нь байгууллагын  дүрэм журмыг зөрчиж эрх мэдлээ  урвуулан ашигласан  гэж   дурджээ.

Зохигчдын хооронд тодорхой эрх  үүргийг үүсгэсэн , шаардах эрх, хүлээх  үүргийн  агуулгыг тодорхойлсон шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй эрх зүйн харилцааг  эрх зүйн маргаантай  харилцаа гэж  үзнэ. Тэгвэл  дээрх шаардах  эрх нь хөдөлмөрийн харилцаа, зээлийн харилцаа  хоёрын  аль нь болохыг хэрэгт авагдсан нотлох баримтын  хүрээнд  тодорхойлох боломжгүй  байна.

3.Сөрөг нэхэмжлэл хуульд нийцээгүй  талаар:

Сөрөг нэхэмжлэлийг  зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргаж болно. Мөн  сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох, нэг шүүх хурлаар хамт хэлэлцэх  бололцоотой байна.

Хариуцагч *******ын  гаргасан  21.000.000 төгрөг, ажилласан хугацааны  урамшуулал  17.000.000 төгрөг  гаргуулах сөрөг нэхэмжлэлийг энэ хэргийн нэхэмжлэгч биш “Энхжин инвест” ХХК-ийн Ялалт авто ломбардын Дархан дахь салбараас  нэхэмжилсэн байна.

Сөрөг нэхэмжлэлд “Энхжин инвест” ХХК-ийн Дархан салбарын эрхлэгч О.Содболд гэх этгээдээс  тайлбар ирүүлсэн баримтыг  хэрэгт  авчээ.

Шүүхийн  дээрх хууль зөрчсөн алдаа нь  шийдвэр хүчингүй  болох  үндэслэлүүд мөн тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хангах нь зүйтэй гэж  давж заалдах шатны  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА                                                            

                                                  ШҮҮГЧИД                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.ЭНХЖАРГАЛ